“Хойч үедээ үлдээх орд газрыг хасахыг санаархаж байна”

УИХ-ын гишүүн Г.Уянгатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого УИХ-ын чуулганаар хэлэлцэгдэж байна. Таны хувьд энэхүү бодлогод ямар байр суурьтай байгаа вэ?
-“Шударга ёс” эвсэл энэ тогтоолын төсөлд өндөр ач холбогдол өгч байгаа. Яагаад гэвэл, аль ч нам, эвслийн амлалтын гол нь газар шороо, ашигт малтмал, Оюутолгойтой холбоотой асуудал байсан. Үүгээр ард түмний дэмжлэгийг авч гарч ирсэн. Тэр тусмаа “Шударга ёс” эвсэл үүн дээр онцгой байр суурьтай байгаа юм. Тиймээс Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого дээр төсөв хөрөнгө гарган эрдэмтэн мэргэдийг дайчилж, нэлээд удаан суулган бие даасан баримт бичиг гаргасан. Би энэ баримт бичгийг тусгуулах үүрэгтэйгээр ажлын хэсэгт орсон. Эцсийн дүндээ суурь үзэл санаагаараа ажлын хэсэгтэй санал нийлэхгүй байгаа. Нэг үгээр хэлэхэд, эвслийн бодлого зөрчилдөж байгаа.
-Тухайлбал ямар зүйл дээр зөрчилдөж байгаа юм бол?
-Юу гэвэл, хэд хэдэн үндэслэлээр тайлбарлаж болно. Нэгдүгээрт, энэ салбарт төрийн оролцоог аль болох хязгаарлах гэсэн бодлогыг ажлын хэсэг барьсан. Миний хувьд үүнийг эсэргүүцэж байгаа. Яагаад гэвэл, өнөөдөр энэ салбарт Монголын өөрийн гэсэн үндэсний хөрөнгөтнүүд томорч чадаагүй, төрж гарч амжаагүй байхад төрийн оролцоог давхар хязгаарлана гэдэг нь гаднынхнаар бодлогоо бариулна гэсэн үг. Яг өнөөдөр энэ салбарыг гадаадын хөрөнгө оруулалттайгаар хамгаалж байгаа нөхцөлд төрийн оролцоог хязгаарлана гэдэг бол үнэхээр байж болохгүй заалт. Хувийнхан, тэр тусмаа гадныхан Монголын ард түмний өмнө эрдэс баялгийг үр дүнтэй ашиглах, цаашдын хөгжил, ирээдүйн үр хүүхдэд санаа зовж, сайн сайхнаар хэрэгжүүлэх үүргийг хүлээгээгүй. Харин үүнийг Монголын төр үеийн үед байгаад, оршин тогтнож байгаа цагт хүлээх ёстой. Энэ үүргээсээ бултаж, займчуулан төрийн оролцоог аливаа асуудалд хязгаарлах нь буруу гэсэн зарчмын том байр суурьтай байна.
Дээрээс нь ашигт малтмалыг дэс дараатай, бодлоготойгоор ашиглая. Тодорхой хэмжээний орд газар, ашигт малтмалыг ирээдүй хойчдоо нөөцөлж үлдээх ёстой. Хэдийгээр үүнийг нэг өгүүлбэрээр оруулсан боловч чуулганы үеэр маш их эсэргүүцэлтэй тулгарч, хүмүүсийн янз бүрийн лобби явж байх шиг байна. Өөрөөр хэлбэл, энэ заалтыг хасах шинжтэй байна л даа. Тэгэхээр ийм зүйлд санаа нийлэхгүй байгаа юм. Нөгөөтэйгүүр эвслийн барьж байгаа байр суурь, миний хувьд бол Оюутолгой шиг том, он удаан жил ашиглах ордод гарцаагүй түүнийг дагасан хөнгөн үйлдвэр, нийгмийн дэд бүтэц, бүтээн байгуулалт байх нь чухал. Томоохон суурингуудыг бий болгосноор Монгол Улсын бүсчилсэн хөгжил, төвлөрлийг сааруулах бодлоготой уялдана. Тэгэхгүйгээр өнөөдрийнх шиг хэдэн мянган эрчүүдийг уурхайд аваачихаар гэр бүл салалт бий болоод байгаа юм. Тэгээд 30 жилийн дараа ухаад аваад явахаар 100 жил онгорхой нүх үлддэг байж болохгүй. Тухайн газарт төлөвлөрсөн суурин бий болгож, цогц бодлого нь Монгол улсын төрийн бодлого байх ёстой. Харин үүнийгээ бодлогоороо тодорхойлъя гэж байгаа.
-Тэгвэл ажлын хэсгийнхэн үүний эсрэг байгаа гэсэн үг үү?
-Ажлын хэсэг хувийнхан, хөрөнгө оруулагчид ийм үүрэг хүлээлгэх хэрэгтэй гэж байгаа. Энэ бол хувийнханд хүлээлгэх үүрэг биш, буруу заалт. Ийм мэт зарчмын зөрүү байгаа учраас бид Эрдэс баялгийн бодлогыг дэмжих үү, үгүй юү гэдэгт эргэлзэж байна. Харин үүнийг бид ирэх долоо хоногт бүлгийн хуралдаанаараа авч үзэх байх.
-Та зарчмын зөрүүтэй саналтай байгаа учраас УИХ-ын чуулганд нэрээ оруулахаас татгалзсан хэрэг үү?
-Тийм ээ. Би ажлын хэсгээс УИХ-ын чуулганд оруулж байгаа нэгдмэл саналд нэрээ оруулахаас татзалсан. Яагаад гэвэл, эсрэг байгаа учраас ийм байр суурь барьсан. Ер нь эрдэс баялгийн бодлого батлагдаагүй байхад хажуугаар нь алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх болон Түгээмэл тархацтай хууль, мөн Газрын тос, Урт нэртэй хуулийг зэрэгцүүлэн оруулж ирэх ёсгүй юм. Дэс дараалалтайгаар эхлээд бодлогоо батлах нь зөв шийдэл.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ