Занарын гараагаа зөв эхлүүлчих юмсан

Занарын талаар монголчууд бид саяхныг хүртэл ойлголтгүй байлаа. Алт, нүүрс, зэс, газрын тос гэх хуруу дарам хэдхэн баялгийн хэмжээнд эргэлдэж ашиг орлогыг нь тооцож байснаас биш занар гэх зүйлд анхаарал хандуулж байсангүй.
ОХУ-аас бензин шатахууны 100 хувийн хараат байсан социализмийн үеэс л газрын тосноос өөр шатахуун үйлдвэрлэж болох боломжийг судалж эрж хайж байжээ. Тухайн үеийн Сайд нарын зөвлөлийн тогтоолоор хайгуулын баг томилон ажиллуулсны үр дүнд занар гэх баялгийн нөөцийг анх олж тогтоож байсан түүхтэй аж.
Тухайн үед дэлхийн улс орнууд занарыг биш газрын тосыг илүүд үзэн хэрэгцээгээ хангаж байсан бол эдүгээ энэ байдал өөрчлөгдөөд байна. Газрын тосны нөөц дэлхий даяар багасаж байгаа, өртөг зардал ихтэй гээд өөр боломж, нөөцийг судалж эхэлсэн нь шатдаг занар дээр тогтоод байна. Монгол ч бас дэлхийн энэ сонголттой хөл нийлүүлж, шатдаг занараа эргэлтэд оруулах талаар ярьж эхэллээ.

Шатдаг занарын нөөц бүхий хотгорууд
1980 оны эхээр 20 тэрбум тонн нөөцтэй гэж тогтоож байсан бол эдүгээ 400 дахин их болохыг Америкийн геологчдын судалгаагаар урьдчилсан байдлаар тогтоогоод байна. Гэхдээ энэ бол шатдаг занар тархсан талбайн дөнгөж 19 хувьд тогтоогдсон нөөц. Тэгэхээр бүрэн хэмжээнд нөөцийг нь тогтоочихвол Монгол Улс маань нүүрс, зэсийн ордуудаас гадна энэ баялгаараа дэлхийд тэргүүлэх боломжтой.
Манайд шатдаг занарын 60 шахам орд, илэрц бий. Үүний гол хэсэг нь Дундговь, Дорноговь, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий, Төв, Өвөрхангай, Баянхонгор зэрэг аймгийн өргөн уудам нутаг дэвсгэрийг хамардаг. Энэ нь Монголыг шатдаг занараар дэлхийд өрсөлдөх боломжтой гэсэн таамгийг нэмэгдүүлээд байгаа юм. Саудын Араб газрын тосны нөөцөөрөө дэлхийд тэргүүлдэг. Газар дороос нь оргилон байдаг энэ баялгийнхаа үр шимээр ард түмэн нь халгиж цалгисан баян тансаг амьдарч буй. Харин одоо монголчууд бид шатдаг занар гэх “чулуу”-гаараа арабуудын түвшинд амьдрал ахуйгаа дээшлүүлэх боломж бас нээгдэх гэж байна.
Харин энэ баялгийнхаа гарааг яаж зөв эхлүүлэх вэ?
Хар алтаа дэлхийн зах зээлд дэлгэснээр олон улс орны хөрөнгө оруулагчдын анхаарлыг бид татаж чадсан. Харамсалтай нь энэ баялгийнхаа галт тэргийг гараанаас анх хөдөлгөхдөө туршлагагүй, бодлогогүй бас хэт бардам, омголон хандсанаас нүүрсний зах зээлд унаж, босон өнөөдрийг хүртэл хөл дээрээ бүрэн тогтож амжаагүй л байна. Харин одоо нүүрснээс илүү Монголыг тэтгэж магадгүй занар гэх энэ “чулуун алт”-ыг ашиглах гарааг зөв тавьчих юмсан.
Америкийн “Жейни ойл”, Францын “Тотал” компани, үндэсний МАК болон “Нарантуул” гээд хэд хэдэн компани шатдаг занарын төсөл хэрэгжүүлэх саналтай байгаа. Үүнийг ашиглах нь байгаль орчинд аюултай газар доор “галав юүлнэ” зэрэг сөрөг талуудыг нь дөвийлгөн, мэддэг, мэддэггүй улстөрчид өнөөх л маргаан мэтгэлцээнээрээ холион бантан хутгаж эхэлсэн. Хамгийн сүүлд л гэхэд, УИХ дээр Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогыг хэлэлцэх үеэр зарим нэг гишүүн хэлэлцэж буй асуудлынхаа учир холбогдолд анхаарал хандуулаагүйгээс “занарыг ашиглахгүй” гэдэг дээр кнопоо бөөндөж орхисон. Уг нь занараа эргэлтэд оруулаад, боловсруулаад эхэлбэл ганц энэ баялгаас бензин, шатдаг хий, онгоцны болон дизель түлш зэрэг монголчууд биднийг насаараа хараат байсан шатахууны импортоос ангижруулах боломжтой юм билээ. Гэтэл төрийн зарим түшээ ийнхүү үл дэмжсэн нь шатахуун импортлогчдын лообий шургаллаа гэсэн хардлага ч төрүүлээд амжсан. Энэмэтчилэн монголчуудын хувьд хамгийн эмзэг асуудал болох шатахууны хараат байдлыг арилгах боломжийг зарим нэг хэт мэдэмхий “геологич”, “лообийчин” түшээд эхнээс нь ийнхүү буруу тийш нь залуурдчих магадлал өндөр байна.
Тавантолгой, Оуютолгойн ордыг анх эргэлтэд оруулж, УИХ-аар гэрээ, хэлэлцээрийг нь ярьж эхлэх үеэр манай улстөрчид яаж байлаа даа. Бүгд геологич болж, тооны машин дээр тоо уралдуулж, том том ашиг, орлого ярьдаг байсан. Тэгсэн хэрнээ хөрөнгө оруулагчдад ажиллах боломжийг нь бүрэн олгож, итгэл хүлээлгэж чадаагүй. Үүний гор нь одоо хүртэл үргэлжилж Тавантолгой нь тав байтугай ганц ч хөрөнгө оруулагчгүй, Оюутолгой нь өнөөдрийг хүртэл гялайж, гялтайх ашиг орлогогүй л байна. Гуйгаад, гүйлдээд байсан өнөө хөрөнгө оруулагчид нь аргаа бодож эхэлцгээсэн. Харин шатдаг занар олборлоход ийм алдаа гаргахгүйгээ улстөрчид маань эрх биш мэддэг болсон баймаар.
Манайд энэ төслийг хэрэгжүүлэхийг сонирхож буй хамгийн том хөрөнгө оруулагч нь одоогоор Америкийн “Жени Ойл Шейл Монголиа” гэх компани байна. Тэд Монголд занарын иж бүрэн хайгуул судалгаа явуулж, үнэлгээний ажлаа дуусгаад, шатдаг занараас бензин, дизель түлш зэрэг эцсийн бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр барих төлөвлөгөөгөө Монголын эрх баригчдад санал болгоод буй. Зөвхөн энэ үйлдвэртээ дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулна гэсэн мэдээлэл байна. Энэ бол Оюутолгойн нийт хөрөнгө оруулалтын 60 хувь гэсэн үг. Өөрөөр хэлбэл шатдаг занар боловсруулах энэ үйлдвэрийг барьж ашиглалтад оруулах хэмжээнд манай төр, засаг дэмжиж чадвал Хөөтийн ордод хэрэгжих энэ төсөл Оюутолгойн дараа орох хамгийн том хөрөнгө оруулалт болох ирээдүй байна.
Хөөтийн төслийн ТЭЗҮ-д бичсэнээр занар боловсруулаад эхэлбэл жилд 6700 тонн сайн чанарын шатахуун үйлдвэрлэх аж. Мөн байгалийн хий ч гаргаж авах юм байна. Ганцхан энэ ордыг ашиглалтад зөв оруулж, эхнээс нь гарааг нь сайн тавьж чадвал Монголын нийт шатахууны хэрэгцээг хангахаас гадна экспортлох ч боломжтой гэжээ. Сайхан мэдээ. Харин энэ том бүтээн байгуулалтын нөгөө талд байгаль орчны асуудал заавал яригдах ёстой. Үүнд л манай төрийн түшээд ухаанаа уралдуулах хэрэгтэй байна. Хаанахын, ямар техник, технологи ашиглавал Монголын газар нутагт, нүүдэлчин аж ахуй, байгаль орчинд ээлтэй байх вэ, байгаль орчны нөхөн сэргээлтэд ямар шаардлага, шалгуур тавих вэ гэдгээ эхнээс нь оновчтой зөв тодорхойлоход одооноос анхаарал хандуулах хэрэгтэй байна. Шатдаг занарыг ашиглах нь нэгэн зууны тэртээгээс ашиглаж, хэрэглэж сурсан нүүрстэй адилгүй. Бидний хувь цоо шинэ салбар. Тиймээс энэ шинэ бас ирээдүйтэй баялгаа эхнээс нь зөв голдиролд оруулж чадах эсэх нь эрх баригчдын гарт байна.
Д.Оюун-Эрдэнэ

3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ