Алтны хууль алдаатай юуюу

УИХ-ын чуулганаар Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичгээс эхлээд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Газрын тосны тухай, Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай зэрэг уул уурхайн салбарын олон хууль батлагдахаар ар араасаа орж ирж байгаа. Зарим гишүүдийн хувьд яаравчлан батлах ёсгүй бөгөөд дэс дараалалтайгаар батлах ёстой гэсэн байр суурьтай байгаа. Ийм Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийн талаар гишүүд болон тус салбарынхны байр суурийг тоймлон хүргэе.

УИХ-ын гишүүн Г.Уянга

“Алтны тухайд нухацтай хандах ёстой. МАН-ын гишүүдийн барьж байгаа байр суурь буруу биш. Дараагийн үр дагаврыг тооцох хэрэгтэй. Алтыг ингэж их хөнгөлөө гэхэд олборлож байгаа бүх бүтээгдэхүүнээ тушаана гэсэн баталгаа байхгүй. Энэ баталгааг хэн гаргаж өгч байгаа юм, яахаараа яаран сандран эрдэс баялгийн бодлоготойгоо оруулж байна гэдэг процесс нь хардлага төрүүлэх байгаа юм. Зөвхөн валютын нөөц бүрдүүлэх асуудал биш юм шиг байна. Сөрөг хүчин үүн дээр илүү сайн байр сууриа илэрхийлж байгаа. Тэднийг үгийг илүү сонсох хэрэгтэй байх. Миний хувьд эрдэс баялгийн бодлогоо баталсны дараа алтны хуульд анхаарал хандуулах асуудлын нэг”

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ

“Байгаль орчны экологийн тэнцвэрийг хадгалж, баялгаа ард түмэндээ тэгш хуваарилуулахын төлөө өмнөх УИХ-д цөөнх, олонхи гэлгүй хамт тэмцэж, асуудлаа тавьдаг байсан. Гэтэл хамт явж байсан хүмүүс өөрсдөө олонхи болчихоод баримталж буй байр суурь нь 180 градус эргэснийг ард иргэд харж байгаа. Ганцхан жишээ хэлэхэд, Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах асуудлыг ярьж, УИХ-ын баталсан 57 тогтоолд нийцүүлэхийг шаардаж байсан хүмүүс өнөөдөр "Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд сайжруулах зүйлээ хийсэн" гэж арагшаа ухарсан. Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх хуулиар алтны компанид хөнгөлөлт үзүүлэх асуудлыг ярьж байгаа. Харин "Нөөц ашигласны татварыг Оюутолгойд таван хувиар тогтоох нь буруу" гэж тэмцэж байсан хүмүүс өнөөдөр 2,5 болгоё гэж байна. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жил 445 тэрбум төгрөгийг Оюутолгойгоос авна гэж хуульчилсан байсан. Тэгэхээр 2,5 хувь болгохоор зэстэй хамт гарч байгаа 1830 тонн алтны 50 тонн буюу багаар бодоход хоёр тэрбум ам.долларын хөнгөлөлтийг Оюутолгойд үзүүлнэ гэж яриад байх жишээтэй. Наад талдаа Монголдаа алтаа авч үлдмээр байна гэж байгаа. Энэ бол зөв. Гэхдээ алтаа авч үлдэхдээ хөнжлийнхөө хэрээр хөлөө жийнэ гэгчээр валютын нөөцөөр тодорхой хувийг байршуулна шүү дээ. Монгол Улс байгаа мөнгөнийхөө 10 хувьд алтаа нөөцлөх боломжтой. Гэтэл хамаг юмаа тавиад авах нь өөрөө эрсдэлтэй болно”

Уул уурхайн яамны сайд Д.Ганхуяг

“Алтны зах зээлийн үнэ өсөөд байхад манай улсад олборлосон алтны хэмжээ буурч байгаа. Үүний гол шалтгаан нь гэнэтийн ашгийн албан татварын хууль батлагдсанаар татвараас зайлсхийвэл хууль бусаар олборлосон алтны хэмжээ нэмэгдсэн, урт нэртэй хууль гарч энэ хуулийг хэрэгжүүлэх зорилгоор 2012 зургадугаар сарын 5-нд Засгийн газрын 194 дүгээр тогтоол гарснаар энэ хуульд хамрах талбайн хэмжээ нэмэгдэж 1336 тусгай зөвшөөрөл эзэмшигч, аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулах боломжгүй болсонтой холбоотой. 2011 оноос ашигт малтмалын өсөн нэмэгдэх нөөц ашигласаны төлбөрийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр борлуулалтын орлогоос 10 хувийн төлбөр авахаар болсон ба энэ ашгаас тооцвол 30 орчим хувь болох юм”

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл

“Миний хувьд Алтны хяналтын хууль гэж гаргая гэсэн саналтай байгаа юм. Энэ хуульд ноцтой дутагдал байгаа. Өөрөөр хэлбэл, нөөц ашигласны татварыг 2,5 хувь болгоё гэсэн. Бид үүнийг зөвшөөрөхгүй. Нөгөө талдаа Оюутолгойг дэмжих байдалтай байгаа юм. Хамгийн гол нь 1840 тонн алтыг авахдаа нөөц ашигласны татварыг 2,5 болгоод бууруулчих юм бол бид юу ч үгүй үлдэнэ. Тухайн алт зэснээс доогуур үнэтэй юм шиг болоод алга болно гэсэн. Тиймээс алтыг их ухаж авах шаардлага байхгүй гэж бодож байна. Яагаад гэвэл, тэгж авлаа гэхэд гадагшаа гараад алга болчих учраас байгальдаа байж байх нь зүйтэй юм. Харин экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх замаар валют их олж авах юм бол алттайгаа тэнцэх учир айлтгүй л зүйл”

УИХ-ын гишүүн А.Тлейхан

“Алтны худалдааг ил тод болох, хяналтыг сайжруулна, олборлолтыг чангатгана гэдэг зөв. Монгол Улс алттай, баялагтай орон. “Алт” хөтөлбөр гэж 1990 оноос гаргаад үндсэндээ үр дүнд хүрэхгүй байна. Алтаа олборлодог ч Монголд наалдахгүй гадагшаа гараад явж байгаа. Үүнийг хаах гэсэн зүйл гэж ойлгоод байгаа. Хуулийг зарчмын хувьд дэмжиж байгаа. Гэхдээ энэ хуулийг дагаж орж ирсэн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр таван хувь байсныг 2,5 болгож буулгана гэдэгт эсэргүүцэж байгаа юм. Яагаад гэвэл энэ хууль гарснаар Оюутолгойд хамаатай болно. Өөрөөр хэлбэл, 1800 тонн алтыг нь бодоод үзэхээр Оюутолгой компани гурван тэрбум ам.долларын хөнгөлт авахаар болчихоод байгаа юм. Гурван тэрбум ам.долларыг Оюутолгойд бэлэглэж болохгүй гэж үзээд хил гаалиа чангатгаад алтаа гадагшаа гарахгүй байх асуудлыг ярих нь зүйтэй”

“Алтан Дорнод” компанийн захирал Т.Ганболд

Алтны татварын хэмжээг багасгасанаар далд эдийн засгийг ил болгох асуудал юм. Төр үүнээс 7.5 хувийн орлого алдаад байгаа юм шиг улс төржиж байна. Амьдрал дээр 10 кг алт олборлоход 7.5 хувийн татвараа бүрэн авсан дээр эсвэл 50-100 кг алт Монгол банкинд тушаагдаж үүнээс 2.5 хувийн татвар авах ашигтай гэдэг сонголт байна. Уг нь манай улсын Төв банкны алтны нөөц нэмэгдэх нь эдийн засагт төгрөгийн баталгаа өгөх учиртай. Олборлосон алтаа бүрэн худалдаж авснаар улсын сан хөмрөгт 92.5 хувийн ашиг олно. Өөрөөр хэлбэл улс бага татвар аваад байгаа юм шиг боловч цаанаа улсын эдийн засаг, төгрөг тогтвортой байх үндэс юм. Эх орон, байгаль орчиндоо хайртай юм бол урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журам, алтны худалдаан ил, тод байдлыг бүрдүүлэх хуулийг дэмжих ёстой гэж бодож байна”

Б.Тэмүүлэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ