Нутгийнхаа чулууг нүүлгээд дуусч байна-44


Тиймээс энэ талаар Гаалийн ерөнхий газрын Хууль эрх зүйн хэлтсийн ахлах байцаагч Ч.Тамираас дараах тодруулгыг авлаа.
-Манай сонин “Нутгийнхаа чулууг нүүлгээд дуусч байна” цуврал сурвалжлагыг хүргэж байгаа. Ер нь байгалийн чулууг улсын хилээр гаргахад ямар хяналт тавьдаг вэ?
-Хуульд заасны дагуу чулуу болон чулууны дээжийгэрх бүхий байгууллагын зөвшөөрлийн үндсэнд,хязгаартайгаар улсын хилээр нэвтрүүлэх барааны жагсаалтад багтаасан байдаг. Өөрөөр хэлбэл, мэргэжлийн хяналтын байгууллагаас авсан экспортын гэрчилгээ, экспортын мэдэгдэл, эрдэс баялгийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрөлтэйгээр хилээр гаргадаг. Хэрэв эдгээр бичиг баримтыг бүрдүүлээгүй бол Гаалийн байгууллага тухайн чулууг гаалийн хилээр нэвтрүүлэхгүй байх, зөрчилтэй бол хураан авах эрх зүйн зохицуулалттай. Зөвшөөрөлтэйгээр хилээр гарахад татварынхан байгалийн нөөц ашигласны төлбөр болох 2.5 хувийн татварыг авдаг. Харин Гаалийн байгууллага үйлчилгээний хураамж гэж үндсэн мэдүүлэг тутамд 7000 төгрөгийг хураадаг.
-Өнгөт чулууг хууль бусаар хил гаргах гэж байгаад баригдсан тохиолдол бий юу?
-Энэ он гарснаас хойш гаалийн байгууллага 2800 зөрчил илрүүлсэн байдаг. Үүнээс 100 орчим нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй зөрчил байгаа. Чулууг улсын хилээр хууль бусаар гаргах гэж байсан 2-3 зөрчлийг илрүүлсэн. Гаалийн Ерөнхий газрын харьяа Буянт-Ухаа дахь гаалийн газар, Замын-Үүд дэх гаалийн газар, Шивээхүрэн дэх гаалийн газар дээр ийм зөрчлийг илрүүлж байсан. Ялангуяа Шивээхүрэнгийн гааль дээр ийм төрлийн зөрчлийг нэлээд их хэмжээгээр илрүүлээд хууль хяналтын байгууллагад шилжүүлэхэд үзмэн мана, эрдэнийн чулуу эсэх нь мэдэгдэхгүй байгалийн чулуу маягтай чулуунууд ч байсан. Үүнээс гадна Монголд зочилж ирсэн гадаадын жуулчид сонирхлоороо 2-3 кг ч юм уу бага хэмжээтэй чулуунуудыг авч гарах гэж оролддог. Мэдээж танай нутгийн чулууг дурсгал болгож авч явж байна гэх зэргээр тайлбар хийдэг л дээ. Гэхдээ нөгөө экспортын гэрчилгээ, зөвшөөрөл байхгүй бол бид нэг ширхэг чулуу ч байсан хурааж авдаг.
-Дорноговь аймгийнхны хувьд Хатанбулаг сумын Ханги-Мандалын боомтоор хууль бусаар чулуу гаргаад байна гэсэн мэдээллийг өгөөд байна. Энэ боомт дээр ийм зөрчил илэрч байв уу?
-Сайншандын Гаалийн газар дэргэдээ Ханги-Мандалын боомттой. Тус боомт дээр гаалийн ахлах байцаагч, салбарын эрхлэгч, гаалийн улсын байцаагч, хэрэг зөрчлийн байцаагчид ажилладаг. Хэрэв хууль бус үйлдэл байгаа бол илрүүлэх үүрэгтэй л ажиллаж байгаа. Одоогоор чулуутай холбоотой хууль бус үйлдэл илэрлээ гэсэн мэдээлэл ирээгүй байна.
-Бид жишээ болгон Дорноговь аймгийн Айраг сумын байдлыг сурвалжилсан л даа. Ингэхэд одоогоос 4-5 жилийн өмнөөс чулуу түүж эхэлсэн. Түүнчлэн хил онгойх үеэр 4-5 тонн чулуу явдаг гэсэн мэдээллийг өгөөд байна. Орон нутгийн удирдлагууд, байгаль орчны байцаагчид нь хүртэл халаглаж байсан. Тэгэхээр Ханги-Мандалын боомт дээр зөрчил илрээгүй гэдэг сонирхолтой санагдаад байна?
-Сэтгүүлчдэдчулуу гараад байна гэсэн мэдээлэл байгаа юм байна. ГЕГ-ын дарга удирдлагуудхүртэл тус боомт дээр очиж ажиллаж байсан. Сайншандын гаалийн газартжоншны гаалийн хяналт бүрдүүлэлтих хийгдэж, экспортод гардаг шүү дээ. Албан ёсны зөвшөөрөлтэй аж ахуй нэгжийн олборлосон жоншийг гаалийнхны хяналтан дор ачуулдаг. Бид өдөр бүр боомтуудаас мэдээлэл авч байдаг. Шаардлагатай тохиолдолд удирдах ажилтнууд томилж ажиллуулдаг. Хэрэв үнэхээр тийм хүн тэдэн килограмм чулууг хууль бусаар хилээр гаргах гэж байна, гаргалаа гэсэн баримт байвал бид маш хурдан шалгаж болно. Сэтгүүлчдийг оролцуулаад Ханги-Мандалын боомт дээр ажиллаж болно. Энэ тал дээр гаалийн байгууллага нээлттэй ажилланаа.
-Жоншин дор эд зүйл нууж хилээр гаргах боломжтой юу?
-Гаалийн байцаагчид жоншийг хянаж байж тээврийн хэрэгсэлд ачуулдаг. Шуудайнд хийх үед нь хяналт тавьдаг. Шуудай бүрээс дээж авч жоншных нь агуулгад лабораторийн дүгнэлт гаргуулдаг. Тээврийн хэрэгсэлд ачих үед нь хяналт тавина. Дараа нь ломбо тавина. Ингээд хилээргарахад нь гаалийнхан лац ломбыг нь шалгадаг.Гэхдээ нэг зүйлийг хэлье. Нэг эрсдэл бий. Өнгөрсөн жил манай Гаалийн байгууллагын удирдлагууд өөрсдөө нэг зүйлд эрсдэл тооцсон. Жонш нэрийн дор хууль бусаар бараа гараад байгаа юм биш биз гэж. Тухайн үеийн Гаалийн байгууллагын удирдлагаас өөрсдөө энэ талаар тагнуулын байгууллагад мэдээлэл өгөөд шалгуулахад жонш гэж мэдүүлсэн барааны цаана самар нуун гаргаж байсан ньилэрсэн. Самар бол улсын хилээр гаргахыг хориглосон бараа шүү дээ.Энэ зөрчлийг гаалийн байгууллага өөрсдөө мэдээлэл өгч шалгуулаад 19 чингэлэг самрыг хууль бусаар гаргах гэж байсныг илрүүлсэн. Жонш ачиж байсан компаниуд жоншныхоо цаад талд цайруулсан самрыг нуугаад гаргаж байхад нь мэдээллэсэн.
-Чулуу ч гэсэн иймэрхүү байдлаар гарч байж болох юм биш үү?
-Магадгүй. Иймэрхүү байдлаар гардаг байж болзошгүй гэж сэтгүүлчийн үүднээс хардаж болно.
НЭМҮҮ ӨРТӨГ ШИНГЭСЭН БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛДВЭРЛЭХ БОЛОМЖ БИЙ
Нутгийнхаа чулууг гадагш нь зөөж байхаар дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж байгааг Айраг суманд байх “Говь нутгийн чулуу” хоршоо харуулж байгаа юм. Тус хоршоо нь өнгөт чулуу ашиглан хөөрөг, шатараас эхлээд төрөл бүрийн бэлэг дурсгалын зүйлсийг гараар урлаж байгаа юм. Одоогоор хийсэн зүйлсээ Хамрын хийдэд байх дурсгалын дэлгүүрт худалдаалдаг гэнэ. Байгалийн чулуугаас нэг ч төгрөгийн татвар авч чадалгүй гадагш нь алдаж байхын оронд ийм чулууны цех хэд хэдийг байгуулж, дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, аялал жуулчлалын салбарт хөрөнгө оруулах том боломж уг нь байгаа юм. “Говь нутгийн чулуу” хоршооны үүслийн тухайд Тогтвортой бичил уурхай төслийн хүрээнд бичил уурхайчдад орлогын хоёрдогч эх үүсвэр бий болгох замаар “Үнэт чулуу”-ны засал чимэглэлчийн сургалтыг 12 хүнд явуулж, орон нутагт ажын байр бий болгох боломж байгааг харуулжээ. Сургалтад хамрагдсан залуус цехээ хоршоо болон өргөжүүлж, нутгийнхаа брэнд болсон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна. Гэвч орон нутагт нь аль өнгөтэй, өөдтэй чулуу нь ченжүүдийн гарт орчихдог болсон учраас түүхий эд нь олдохгүй зовлон бас байдаг тухай хоршооны дарга Н.Нарантөгс бидэнд ярьсан юм. Тэд хятадууд шиг гоёмсог чулууг үнэ хаяж авч чадахгүй, авсан ч түүгээрээ хийсэн бүтээгдэхүүн нь түүхий эдийнхээ өртгийг гүйцэхгүй болохоор арга байдаггүй гэсэн.
Ийнхүү говь нутгийн чулуу хэрхэн хилээр гарч байгаа болон байгаль орчинд яаж нөлөөлж буйг, чулуугаа ашиглан дотооддоо бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж байгааг цуврал сурвалжлагаараа хүргэлээ. Цаашид “Зууны мэдээ” сонин энэ сэдвийг орхилгүй асуудлыг үргэлжлүүлэн хөндсөөр байх болно.
Б.СОЛОНГО
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ