Ажлын садаа Ардын намынхан

Парламентад Ардын намынхан сөрөг биш сөрөх хүчин болж ажилладаг гэдэг. Энэ нь ч илт анзаарагдах болсон. Ил далд янз бүрийн хэлбэрээр илэрдэг. Асуудал орж ирэхэд шантаажлах бол хэвийн үзэгдэл. Үүн дээр нь ирцэнд нөлөөлж, түүнийгээ шалтаг болгох байдал нэмэгдэж. Өнгөрсөн долоо хоногт ялангуяа “тэгвэл ингэнэ” гэсэн болзол тавьж, түүгээрээ барьцаа хийх тактикт шилжсэнээ харуулав. Зарим хуулийн төсөлд өөрсдийнх нь байр суурь өөр байгаа учир олонхи ирцээ бүрдүүлэх ёстой гэх шаардлага, тулгалт маягийн зүйл хэлээд сууж байна. Үнэндээ өнгөрсөн жилүүдэд засгийн эрх барьсан туршлагатай, 90 гаруй жилийн түүхтэй том намаас ийм өчүүхэн хандлага гарна гэж хэн бодох билээ.
Ашиг сонирхлын үүднээс асуудалд хандаж, түүнийгээ бусдын буруу мэтээр ойлгуулах гэж хичээж буй. Нөгөө талаас ялагдлын шокноосоо МАН-ынхан гарах цаг болсон байтал хошуугаа унжуулаад гомдож суугаа нь хэр удаан үргэлжлэх юм бол.

2014 оны төсөв батлахад МАН-ынхан сөрөг хүчин гэдгээ ухаарч тэгтлээ гэдийж суугаагүй. Гэсэн ч дараа жил төсвийн гүйцэтгэл эсвэл төсвийн тодотгол ярих үеэр “огт мэдэхгүй”, “ёстой тийм юм хараагүй” гэж ирээд муучилж мэдэх л барьцгүй хүмүүс. Эрхбиш улсын төсөв юм болохоор хэл амгүй ойлголцоод тэд ажилласан байх. Гэтэл төсвөөс гадна чухал хуулийн төсөл байгааг тэд нэг л мартаад байх шиг. Парламент бол зөвшилцлийн танхим гэж МАН-ын бүлгийнхэн нэг биш удаа удаа хэлсэн. Тэгсэн мөртлөө олонхи ирцээ бүрдүүлбэл л бид хуралдаа орно гэчихээд дээгүүр харан суугааг ойлгоход бэрх. Урьд өмнөх парламентад сөрөг хүчин нь ирцээр барьцаалж, хуралдаа суусан ч байнга өөлж, муулж, гоочилж ажиллаагүй. Сөрөг хүчин шиг ажиллаж чадахгүй байгаагийн гай хэр удаан үргэлжлэх нь тодорхойгүй. Хуралдаа ирсэн нь хэрүүлийн байдалтай хуралдсан болж, бүх асуудлыг болохгүй, бүтэхгүй, та нар чадахгүй байна гэсэн өнцгөөс тайлбарлаж буй нь өөрсдийг нь өөдгүй болгож харагдуулдгаа мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй байх шиг.

Анхнаасаа л МАН-ынхан эрх хүүхэд шиг аашилж парламент дахь ажлаа эхлүүлсэн. Хуулийн хугацаанд багтаж бүлэг байгуулах хүсэлтээ уламжлаагүй, намынхаа хурлыг хуралдуулаад явсан нь үнэн. Шинэ бүрдсэн парламент Анхдугаар чуулганаа хийх гэж хэдэнтээ оролдож, зөвхөн МАН-ынхныг хүлээж багагүй хугацаа өнгөрүүлсэн гээд эхнээс нь дурдвал ажиллах гэж биш, асуудал үүсгэж, шалтаглаж, ажилд саад болох гэж парламентад МАН суугаа гэж ойлгох хангалттай үндэслэл. Бүлэг байгуулах хүсэлтээ хуулийн дагуу өгөөгүй учраас Байнгын хороонд харьяалагдах гишүүдийн тоо цөөн байхаас өөр аргагүйд хүрээд буй. Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж Цэцэд хандсан. Гэвч Үндсэн хууль зөрчөөгүйг тогтоов. Цөөнхийн бүлгийн нэг гишүүн нэг л Байнгын хо­роонд харьяалагдах хуулиар олгогд­сон боломж байгаа. Гэвч сүүлийн үед Байнгын хорооны ирцэнд бүртгүүлж буй МАН-ын гишүүдийн тоо ганц хоёроос хэтрэхгүй байдалтай. Бусад намын бүлэг нь хурлынхаа ирцийг бүрдүүлж, хэлэлцэх асуудлаа урагшлуулъя гэж аргадах нь холгүй байгаа бололтой.

АН-ын бүлгийн дар­га Д.Эрдэнэбат нэгэн ярилц­лагадаа “Зарим хуулиудад хан­даж байгаа олонхи болон цөөн­хийн хандлага өөр байна. Шууд хэлбэл Ардын нам отон тоглолт хийгээд байна. Сүүлийн үед Ардын намынхан сөрөг хүчин гэхээсээ илүү отон тоглогчид болж хувирсан. Тэд "Олонхийн ирц хүрэхгүй бол бид хуралдаа суухгүй" гэсэн юм яриад сууж байна. Бид улс орны хөгжлийг урагш нь явуулах юмсан гэж зүтгээд байдаг. Энэ төрд үнэмлэхүй биш ч гэлээ олонхи болсныхоо хувьд "Шударга ёс" эвсэлтэй хамтарч Засгийн газраа байгуулж, шинэчлэл хийхээр зорьж явна. Энэ шинэчлэлийг хийхийн тулд хуучирсан арга барилаар явмааргүй байна. Тиймээс бид бодлогын цоо шинэ замыг сонгож, түүгээрээ ажлаа ахиулахыг хичээж байна. Гэвч харамсалтай нь энэ замд Ардын намынхан саад болж, улс орныг хөгжүүлэхийн эсрэг зогсч байна гэж ойлгогдож байгаа” гэсэн.

Засгийн газраас бараг 3-4 сарын өмнө өргөн барьсан хэд хэдэн төсөл одоо болтол гацаанд бий. Уг нь ойлголцолд хүрчихвэл Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн төслийг хэлэлцээд баталчих боломжтой. Элс, хайрга гэх мэт барилга, замд өргөн ашигладаг ашигт малтмалын зөвшөөрөл, хайгуул, олборлолт цэгцэндээ орох учиртайсан. Бүтээн байгуулалтын хамгийн чухал бүтээгдэхүүнийг хаа дуртай газраасаа авч, голын хөндийг нураахгүй, уулын хормойг сэтлэхгүй байх гэхчлэн олон ач холбогдолтой төсөл. Гэвч Ардын намынхан цаад үр дүнг нь тооцож үзэлгүй, бүтээн байгуулалт хийлгэхгүй гэсэн санаа агуулаагүй байгаасай гэж найдъя.

Алтны худалдаанд ил тод байдал бүрдүүлэх тухай хуулийн төсөлд ярьж байгаа ганцхан асуудал нь Оюу толгойн татварыг бага тавилаа гэхээс өөр зүйл хөндөөгүй. Алтны нөөц бүрдүүлж, нутаг дэвсгэртээ авч үлддэг байхаар энэ хуулийг боловсруулсан гэж тайлбарласан. Татварыг бага тавьж байж алтаа гадагш нь урсгахгүй Монголбанкинд худалдаж авна гэж тооцолсон. Хоёр хөршөөсөө өндөр татвар тогтоочихвол төв банкиндаа алтаа авч чадахгүй байдалд хүрнэ гэж үзсэнийг зөвхөн Оюу толгойн алтаараа жишээ татаж, хойш чангаасаар шинэ онтой золгох нь. 2.5 хувийн татвар бага байна нэмж таван хувь болго гэсэн МАН-ын бүлгийн шахалт яваа. Энэ нь эргээд Оюу толгойн алтыг авч үлдэх гэсэн биш дараа дараад нь аль нэг компаниас хараат болоод, өөр бусад хуулийн төсөлд нөлөөллөө үзүүлдэг болчихыг үгүйсгэх аргагүй.

Зөвхөн хоёр хуулийн төсөлд жишээ авч харахад Ардын намын бүлгийнхэн санаатайгаар хойш сууж буй нь тодорхой байна. Гэтэл эдгээр нь улс орныирээдүй хойч, бүтээн байгуулалтыг харсан чухал асуудал байдаг. Тэгэхээр яалт ч үгүй МАН-ынхан зориудаар отон тоглолт хийгээд байна гэж ойлгогдоно. Магадгүй дахиад өөр асуудал оруулж ирлээ гэхэд тэдэнд таалагдахгүй бол буруу хараад суучихвал яах вэ гэсэн болгоомжлол үүсгэж байна. Гомдлоо барьж дийлэхгүй байгаа Ардын намынхан хэдий болтол улсын ажлыг санаатайгаар гацааж, сөрөх хүчний дүрдээ хэт орох вэ. Хариулж хэлэх боломжгүй эл асуудал парламентын хайран цагийг дэмий үрсээр ...

Эх сурвалж: Ардчилал сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ