Д.Сарангэрэл: Би Монгол HD телевизийг үздэггүй л дээ

УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлтэй ярилцлаа.


-Сэтгүүл зүйн тогоонд ямар их бужигнаан болж буйг та андахгүй мэдэж байгаа байх. Саяхан МҮОНРТ-ийн захиралтай холбоотой маргаан дэгдсэн. Удалгүй Монгол HD телевизийн бэлтгэсэн нэвтрүүлгээс болоод хэвлэлүүд мэдэгдэл гаргаад эхэллээ. Ер нь юу болоод байна вэ?
-Хэвлэлийнхний дунд ийм маргаан гараад байна. Сонин хэвлэлээс харахад “Гацуурт”-ын гэх тодотголтой Л.Чинбатын телевиз л хэрүүлийн алим шидсэн бололтой юм. Миний авсан мэдээллээр Монгол НD телевизийн ажилтан хэд, хэдэн сонин, телевиз, сайтуудад “Макдональдсын салбар Монголд нээгдэх гэж байна. Энэ талаар сурвалжлага хийж өгөөч” гэсэн хүсэлт тавьсан юм билээ. Ингэхдээ мэдээний үнийг утсаар лавлаад тэмдэглэж авсан байгаа юм. Тэгээд л хэвлэл мэдээллүүд өгсөн мэдээллийн эх сурвалжийг шалгахгүй цацдаг, захиалгат мэдээ, материалын ханш нь ийм үнэтэй байдаг гээд өөрийнхөө телевизээр байнга яриад байгаа юм байна. Би Монгол HD телевизийг үздэггүй л дээ. Сониноос л энэ телевизийнхны хийсэн үйлдлийг уншаад гайхлаа. Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөн 46 жилийн түүхэнд болж байгаагүй хачирхалтай үйлдлийг Монгол HD телевизийнхэн үзүүллээ. Уран бүтээлчдийг бүхэлд нь буруутгах нь өрөөсгөл л дөө. Өөрийгөө ухаантай гэж бодсон нөхөр л ийм юм сэтгэсэн хэрэг. Аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа сурталчилмаар байна гээд хэвлэл мэдээллийн байгууллагад хандахад “Үгүй, чамд эргэлзэж байна” гэж хэвлэлийнхэн хэлэхгүй нь тодорхой. Тэгээд ч чихэнд чимэгтэй мэдээллийг хэвлэлийнхэн шүүрээд л авдаг. Монгол HD телевизийн энэ авирыг манай топ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр оролдож жаахан ч гэсэн дээшээ гарах санаа гэж ойлгож байна. Эсвэл манайд орж ирээд удаагүй ч олны хөлд дарагдсан KFC-ийн эсрэг Макдональдсыг оруулж ирэх мэтээр өрсөлдөгчийнх нь захиалгаар хийсэн үйлдэл гэж ойлгохоор байна. Аль нь ч байсан хууль зөрчсөн үйлдэл. Өөрийн нэр хүндийг өсгөх зорилгоор ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага,аж ахуйн нэр хүндийг гутаах нь Шударга өрсөлдөөний тухай хуулиар хориотой. Захиалгаар бусдын нэр хүндэд халдах ч хориотой. Хуулийн асуудалд хуулийн дагуу л хандаж шийдэх хэрэгтэй. Зар сурталчилгааны үнэн бодит байдлын төлөөх хариуцлагыг зарлуулсан хувь хүн, аж ахуйн нэгж хариуцдаг. Хэрэв Макдональдс нээгдэх мэдээлэл худлаа бол хариуцлагыг нь энэ телевиз бас хүлээнэ. Хэвлэлийн салбарт 20 жил ажилласан, Монголын сэтгүүлчдийн байгууллагын Ерөнхийлөгчөөр хоёр удаа сонгогдон ажиллаж байсан хүний хувьд Монгол HD телевиз мэргэжлийн том алдаа гаргаж, ёс зүйгүй авирласанд харамсч байна. Монгол HD телевиз шударга өрсөлдөөнийг сонгосонгүй. Буруу замаар явж нэр хүндээ алдлаа. Нэр хүндийг сэргээхэд амаргүй. Ёс зүйн алдааны хамгийн том урхаг нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэр хүндийг унагахад салбарынх нь нэг салаа мөчир нь оролцсонд байгаа юм. Мэргэжлийн бус хүмүүс сэтгүүл зүйн салбарт ажиллах нь мэргэжлийн үнэ цэнийг маш их алдагдуулдаг гэдгийг бодитоор харууллаа.

-Монголын сэтгүүлчдийн эвлэлийг “Унтаа байдалтай үйл ажиллагаа явуулж байна” гэж шүүмжлэх хүн цөөнгүй байна. Энэ байгууллага бэлгэдлийн чанартай үйл ажиллагаа явуулж байна гэдэгтэй та санал нийлэх үү?
-Миний хувьд Сэтгүүлчдийн эвлэлийг дажгүй ажиллаж байгаа гэж дүгнэдэг. Тулхтай, туршлагатай, чадварлаг уран бүтээлч хүн энэ байгууллагыг тэргүүлж байгаа. Боломж нь бага, хүлээлт ихтэй байдаг учраас шүүмжлэлд өртөнө л дөө. Гол нь сэтгүүлчид хамтарч ажиллах нь чухал. Эв нэгдэлтэй, бие биенээ дэмждэг, том эрх ашгийн төлөө нэг дуу хоолойтой байж л бид амжилтанд хүрнэ. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл уран бүтээлчдийнхээ эрх ашгийг хамгаалах, ёс зүйн алдаа гаргавал дүгнэлт гаргаж, зөвлөгөө өгөх үндсэн үүрэгтэй. Удахгүй Монгол HD телевизийн үйлдэлд дүгнэлт хийж олон нийтэд мэдээлэх байх. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нийгмийн сэтгэл зүйг хөтөлдөг хариуцлагатай салбар учраас нэр хүнд нь өндөр байх учиртай. Тэдгээрийн хоорондох зөрчил маргаан салбарын нэр хүндэд халтай учраас дээрх асуудлыг хурдан зөв шийдэх хэрэгтэй. Үндсэн үүргийнхээ хүрээнд сэтгүүлчдийг нийтэлснийх нь төлөө барьж хорьдог Эрүүгийн хуулийн зарим зүйл заалтыг засч залруулахад Сэтгүүлчдийн эвлэл УИХ-тай идэвх санаачилгатай ажиллах шаардлагатай байгаа. Мөн уран бүтээлчдийн хөдөлмөр, бүтээлийг төр, засгаар үнэлүүлэх, сэтгүүлчдийн цалин хөлс, нийгмийн асуудалд ч анхаарал тавьж үйлдвэрчний байгууллагын чиг шугамаар ажиллахыг цаг үе нэхээд байгаа юм.

-Саяхан Ерөнхийлөгч хэвлэл мэдээлэл, бизнесийнхэнтэй зангиагүй уулзалт хийсэн. Энэ үеэрээ хэвлэлийнхнийг улстөрчидтэй найзлахаасаа илүү бизнесийнхэнтэй ойр дотно бай гэж зөвлөсөн байна лээ. Энэ хэр сайн зөвлөгөө вэ?

-Ерөнхийлөгчийн зөвлөгөөг зөв гэж бодож байгаа. Гэхдээ энэ нь “Бизнес эрх лэгчидтэй найзлаад бай” гэсэн үг биш л дээ. Тэдний үйл ажиллагааг дэмж гэж ойлгосон. Улстөрчдийг дэмжлээ гээд гийг үүлж байгаа юм огт алга. Харин ч нийгмийг хагаралдуулах, хэв лэл мэдээллийн хэрэгслийг хариуцлагаг үй, ёс зүйгүй сэтгүүл зүй рүү түлхэж байна. Улстөрчдөөс хол байх хэрэгтэй л дээ. Зарим сонин цөөн хэдэн улстөрчийн тухай өдөр алгасахгүй мэдээ материал бэлтгэж байна. Надад бол санаа зовмоор санагддаг. Улстөрчид хэвлэл мэдээл - лийн хэрэгслийг ашиглаж ашиглачихаад ад шоо үздэг. Бүх буруу гаа хэвлэлийнхэн рүү чихдэг. Тийм байхад улстөрчдөд юунд нь тал засаад байдаг юм. Салбарынхантай нь яриагүй байж хэвлэл мэдээллийг цэгцлэх 10 орчим хууль гаргахаар улстөрчид ярьж байна. Хуулийг гаргахын тулд салбарын уран бүтээлчид, олон нийтийн оролцоог хангах учиртай. Сэтгүүл зүйн үйл ажиллагааг зохицуулсан олон хууль тогтоомж байх тус маа төрийн оролцоог хэвлэл, мэдээллийн салбарт нэмэгдүүлэх үр дагавартай учраас энэ асуудалд болгоомжтой хандах ёстой. Эс тэгвээс төр, засгийн мэдлээс хэвлэл мэдээллийн хэрэгслийг гаргасан 1998 оны “Хэвлэлийн эрх чөлөөний тухай” хуулийн түүхэн ач холбогдол алдагдах аюултай.

-Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг эргүүлээд татчихсан. Одоо чимээ сураг нь ч сонсогдохоо болчихлоо?
-Ямар асуудлаар хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатайг сонин, телевиз, радио, FM, сайт, сэтгүүлийнхэн хамтдаа ярилцаад бодлогоо гаргая. Эс бөгөөс салбарын тогоог мэдэхгүй хүмүүс бидний өмнөөс санаа зовсон дүр үзүүлээд бизнес хийгээд гүйлдээд байна. Энэ чинь бидний өөрсдийн муугийнх шүү дээ. Тэгээд гэнэт хуулийн төсөл хэлэлцэхээр “Гал гарлаа” гэж хашгиралдаад байх нь утгагүй. Бид чинь хүй нэгдлийн үеийн хүмүүс биш шүү дээ. “Хэвлэлийн эрх чөлөөний тухай ” хуулийн төсөл салбарын бодит байдалд нийцэхгүй, бүрдчихсэн хамт олныг бутаргах, удирдлага уран бүтээлчдийн хооронд үл ойлголцол үүсгэх тийм төсөл байсан. Жирийн сэтгүүлчдийн эрх ашигт нийцэж байгаа гэж төсөл санаачлагчид нь тайлбарласан. Хэвлэл мэдээллийн байгууллагууд компани, аж ахуйн нэгжийн хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа бизнесийн нэг л салбар. Бусадтай адил татвар төлнө, ажлын байр бий болгоно. Ард түмнээ мэдээллээр хангах төрийн үүргийг хуваалцдаг. Хэвлэл мэдээллийн эздийн нэрийг тодорхой болгоно, эзэмшдэг хувь хэмжээг нь нийтэд зарлана гээд л сүржигнэх юм. Энд нууц юм байхгүй. Татварын газар бүх мэдээлэл нь байж л байгаа.Ер тийм л хэрэгтэй байгаа юм бол бүх бизнес эрхлэгчдийн нэрс, хаана, хэн, ямар хувьцаа эзэмшдгийг зарла л даа. Утгагүй, бүдүүлэг сонсогдохгүй байна гэж үү.

-Сүүлийн гурван долоо хоногийн чуулганы ирц үнэхээр хангалтгүй байлаа. “Удахгүй хурууны хээгээр бүртгэж эхэлнэ” гэж УИХ-ын дарга З.Энхболд хэлсэн. Миний санаж байгаагаар та үүнийг санаачилсан хүний нэг. Төрийн ажилд хандаж байгаа гишүүдийн хандлагын талаар ямар бодолтой явдаг вэ?
-Гишүүн сайд олон байгаа нь УИХ-ын чуулганы ирцэд их нөлөөлдөг. Ажил нь давхцаад хуралдаа суухгүй байх тохиолдол бий. УИХ-ын чуулганаа шалтгаанг үй тасалдаг гишүүд цөөхөн дөө. Төрийн түшээгийн хувьд гадаг шаа, дотогшоо явах, төр,олон нийтийн ажилд зайлшгүй оролцох, иргэд, сонгогчидтой уулзах гээд ажил мунддаггүй. Гишүүд ирэхээр арга хэмжээгээ эхэлнэ гээд хүлээгээд байх тохиолдол ч байна шүү дээ. Гэхдээ 76 гишүүний санаа оноог шингээсэн, олон ургальч үзэлд тулгуурлаж, амьдрал ахуйд таарсан энгийн ойлгомжтой ард иргэд, улс орны эрх ашигт нийцсэн хууль тогтоомж гаргах нь төрийн түшээдийн үндсэн үүрэг учраас гишүүдийн оролцоо, ирц чухал. Тиймээс С.Бямбацогт нарын бидний хэдэн гишүүд хурууны хээгээр ирц бүртгэдэг байх хуулийн төсөл санаачилсан. Энэ удахгүй ажил хэрэг болох нь.

-Хурууны хээгээр бүртгэдэг боллоо гээд гишүүдийн идэвх сайжрах болов уу?
-Сайжирна. УИХ-ын даргын хэлж байгаагаар хөшүүрэг, меха низм бодож байгаа юм билээ. Тухайлбал, ирсэн дарааллаараа асуулт асууж, үг хэлнэ. Түрүүлж ирсэн гишүүд бүлэг дотроо дуртай суудлаа сонгож суух гээд заалтууд яригдаж байгаа юм байна лээ. Хамгийн гол нь олон нийтийн өмнө тухайн гишүүн хуралдаа хэр оролцож байгаа нь ил болох нь. Тэгэхээр байдал өөрчлөгдөх байх л даа.

-Харин та чуулганы хуралдаанд хэр идэвхтэй оролцдог вэ. Ер нь үг хэлж харагдахгүй юм. Иргэд таныг сэтгүүлч гэдэг өнцгөөс хардаг байж болох юм?

-Хэлэлцэж байгаа асуудлаар үзэл бодлоо илэрхийлж л байгаа. Манайх бүлэг дээрээ хуулийн асуудлаа сайн ярьж санаа бодлоо нэгтгэдэг. Энд үгээ хэлнэ. Байнгын хороон дээр ч тэр боломж нь нээлттэй. Би ярихын тулд ярьж, асуухын тулд асууя гэж боддоггүй л дээ. Телевизийн сэтгүүлч мэргэжилтэй болохоор үргэлж ярьсаар ирсэн. Ярихад асуу дал байхгүй.

-УИХ дахь эмэгтэй гишүүдээр сонин сайхан юутай вэ. Цаашид хамтдаа хийхээр төлөвлөж буй ямар ажил байна вэ?
Манай эмэгтэй бүлгийн гишүүд сонингүй байна гэж үгүй. Хөдөө гадаа яваад ирсэн нэг нь хүртэл мэдээллээ хуваалцдаг. Улстөржихгүй. Нийгмийн өмнө тулгарч байгаа ямар асуудлаар хуулийн төсөл санаачлах вэ, ямар идэвхтэй үйл ажиллагаа явуулах вэ гээд л хоорондоо ярилцана. “Архины хяналтын тухай” хуулийн төсөлд санаа оноогоо ярьсан. Сургууль, цэцэрлэг, эмнэлгийн асуудлаар төрийн цогц бодлого хэрэгжүүлэх тал дээр эмэгтэй гишүүд бодож санаж явна. 40-өөс дээш насны эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурь, хүүхдийн хүмүүжил, хамгаалал гээд олон асуудлаар ажиллахаар ярьж төлөвлөж байгаа. Хамгийн сүүлд гишүүдийн шинэ жилийг зардал багатай хийх талаар зөвлөлдлөө.

-УИХ-д эмэгтэйчүүдийн төлөөлөл ороод өмнөх байдалд дорвитой өөрчлөлт орсонгүй гэж үзэх хүмүүст ямар хариулт хэлэх вэ?
-Энэ бол зүй ёсны хандлага. Жендер гэж 20 гаруй жил ярьж ойлгуулж олон нийтийн зүгээс дэмжлэг авч Монголын парламентын түүхэнд байгаагүй олон буюу 11 эмэгтэй өнгөрсөн сонгуулиар УИХ-д орж ирсэн. Өмнөх парламент гуравхан эмэгтэй гишүүнтэй байсан. Эмэгтэй гишүүд энэ талаар ч саяхан ярилцсан. Бидний үйл ажиллагаанаас цаашид улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэх эсэх нь ихээхэн хамаарах учраас хариуцлагатай, үлгэр дуурайлтай, ажил хэрэгч байх ёстой гэдгээ манай эмэгтэйчүүд ухамсарладаг. Чадалтай, дайчин эмэгтэйчүүд УИХ-д олон байгаа болохоор цаашид сонгогчдынхоо итгэлийг алдахгүй ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна.

-Ерөнхийлөгч УИХ-ын гишүүдтэй хаалттай уулзсан. Хаалттай болсон учраас олон нийтийн сонирхлыг маш их татаж байна. Хурлаар чухам ямар асуудал ярьсан бэ?
-Айхтар нууц зүйл яриад хаалттай болсон хэрэг биш л дээ. Гол нь гишүүдийг улстөржихгүй, сонгогчдод нөлөөлөх зорилгогүй, үнэн голоосоо ухаалаг төр рүү хэрхэн шилжих, улс орны нийгэм, эдийн засгийн байдлын талаар байр сууриа илэрхийлээсэй гэсэн үүднээс хэвлэлээс хаалттай уулзалт хийлээ гэж ойлгосон. Улс орны хөгжил, ард иргэдийн амьдрал ахуйг өөд нь татах, бизнест ээлтэй орчин бүрдүүлэх, улстөрийн зөвшилцлийн асуудал уулзалтын гол сэдэв байсан.

-УИХ, Засгийн газрыг үйл ажиллагаагаа хангалттай явуулж чадахгүй байна. Төр дампуурлаа гэж чуулганы танхимд хэлэх гишүүн ч байна. Дотор нь суугаа хүний хувьд та ямар байр суурьтай байна вэ. Р.Амаржаргал гишүүнээс эхлээд үзэл бодлоо тодорхой илэрхийллээ шүү дээ?
-Ер нь төр засгийн үйл ажиллагаанд байнга хяналт тавьж, шүүмжлэлтэй хандаж байх нь эрүүл үзэгдэл. Дээр их мэдэл төвлөрч байгаа учраас хяналтгүй төр хаашаа ч хазайж мэдэх аюултай. Үүнд дөрөв дэх засаглал, иргэд, олон нийтийн хяналт хамгаас чухал. Цалин, тэтгэвэр, тэтгэмж амьдралын хэрэгцээг хангаж чадахгүй байгаа гаас иргэд бухимдалтай байна. Хэлж байгаа үг, хийж байгаа үйлдэл нь зөрөөд байхаар төр засагт итгэл алдраад байна. Төгрөгийн ханш унаж, долларын ханш өсч, бараа бүтээгдэхүүний үнэ тэн гэрт хадчихаад байхад үгүй ээ, нэмэгдээг үй гээд байхаар чинь яаж төр засгийг шүүмжлэхгүй байх юм. Монгол хүн бүр 3.5 сая төгрөгийн гадаад өртэй болсон гээд судлаачид хэлээд байхад монгол хүн хилэгнэх нь зүйн хэрэг. Бизнес эрхлэгчдээ дэмжихгүй дарамталж, ард иргэдээ хагалж хуваагаад байхаар итгэл алдрах нь ойлгомжтой. Шорон орон, хууль шүүхээр айлгаж далайлгаад байхаар эмзэглэх нь аргагүй. Түрүүчээсээ гишүүд эрх баригчдын буруутай үйл ажиллагаатай эвлэрч чадахгүй болоод парламентаас татгалзахад хүрч байна. Харин хүчээр аваад үлдчихлээ. Р.Амаржаргал гишүүн Ерөнхий сайд байсан богино хугацаандаа зоригтой шийд лүүд олон гаргаж, дорвитой өөрчлөлт хийж байсан чадварлаг улстөрч гэдгийг мэднэ. Татгалзаж байгаа үндэслэл нь ч ард иргэд төр засгаас хийхийг шаардаж байгаа алхмууд. Хувь хүний гэхээсээ илүүтэй нийгмийн шаардлага гэсэн үүднээс Р.Амаржаргал гишүүний асуудалд хандаж хүлээн авч, гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтийг нь өөрөөр татуулсан бол зөв байх байсан гэж хувьдаа бодож байлаа. Ингэлээ гээд УИХ-ын нэр хүнд унаад байх зүйлгүй, харин ч эсрэгээрээ харагдах магадлал өндөр. Хүчээр авч үлдэж байгаа нь хувь хүний сонголтонд тоомжиргүй хандаж олонхиороо хүч түрэмгийлсэн үйлдэл, хөгжил дэвшлээс татгалзаж байгаа мэт харагдаж байна.

-Та орон нутагт ажиллаад ирсэн. Иргэдийн аж амьдрал ямархуу байна вэ?
-МАН-ын XXVII Их хурлын бодлого шийдвэрийг гишүүд, дэмжигчдэдээ танилцуулахаар хангайн бүсэд намын Удирдах зөвлөлийн гишүүдтэй Орхон, Хөвсгөл, Булган аймагт ажиллаад ирсэн. Гишүүд дэмжигчид, нутгийн иргэдтэй уулзаж санаа бодлыг нь сонсохын зэрэгцээ сөрөг хүчний хувьд УИХ дахь МАН-ын намын бүлэг өнгөрсөн хугацаанд хэрхэн ажиллаж байгаа талаар иргэдэд мэдээлэл өглөө. Гадаад өрийн босгыг дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувиас хэтрүүлэхгүй байх, оюутны 70 мянган төгрөгийг үргэлжлүүлэн олгох, цалин тэтгэвэр тэтгэврийг нэмэгдүүлэх чиглэлд УИХ дахь МАН-ын бүлгийн хатуу байр суурь баримталсан. Үүний хүчинд иргэдэд ээлтэй шийдвэр гаргуулж чадсанд уулзсан хүмүүс талархалтай хандаж байсан. Цаашид үйл ажиллагаагаа улам эрчимжүүлж ард иргэдийнхээ талд дуу хоолойгоо хүчтэй өргөхийг хүсч байна. Ялангуяа бизнес эрхлэгчид элдэв дарамт шахалтгүй, чөлөөтэй ажиллах боломжийг бүрдүүлэхэд анхаарал хандуулахыг төрийн түшээдэд уламжилж байна. Энэ чиглэлд ямар хууль, тогтоомж санаачилж болох тухай бид ярилцаж байгаа. Удахгүй ажил хэрэг болгоно. Орон нутагт ажиллахад бараа бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадаж, амьдрах аргагүй болсныг иргэд гашуун үнэнд тулгуур лан ярьж байна. Өргөдлийн байнгын хорооны гишүүний хувьд Р.Бурмаа гишүүнээр ахлуулсан төлөөлөгчид БНСУ-ын Парламент иргэдийнхээ өргөдөл гомдол, санал хүсэлтийг хэрхэн шийдвэрлэдэг туршлагыг судалсан. Орон нутаг, хилийн чинадад ажилласан томил гоонууд төр засгийн шийдвэрт ир гэдийн санаа бодлыг тусгахад ач холбогдолтой ажил байлаа гэж бодож байгаа. УИХ-ын чуулганы хуралдаанд ч бодит байдлыг мэдээлж холбогдох сайд дарга нараас асууж тодруулж, хийж хэрэгжүүлэх гэж үйл ажиллагаанд нь тусгуулахыг хичээж байна. Иргэд, сонгогчидтой байнга уулзаж санаа бодлыг нь сонсож байх нь гишүүний үүргээ биелүүлэхэд чухал ач холбогдолтой учраас энэ чиглэлээр түлхүү ажиллана гэж бодож байна.

-Иргэдтэй уулзахаар тэдэнд учирч буй бэрхшээлийг илүү ойлгодог шүү дээ. Та нарт ч гэсэн бодит байдлыг ярьсан байх?
-Бизнес эрхлэгчдийг дэмжих тухайд хэдэн үг хэлье. Өнөөдөр төрийн албанд 200 гаруй мянган хүн ажиллаж байна. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд 600 мянга давсан ажлын байр бий болгосон байна. Тэд төрөөс үндсэндээ дэмжлэггүй. Тэгсэн атлаа ажлын байр бий болгох, ядуурлыг бууруулах төрийн чиг үүргийг биелүүлээд явж байна. Том гавъяа. Төр засаг тэдний өмнө бөхөлзөж бүхий л талаар дэмжих учиртай. Гэтэл Ерөнхийлөгчийн хэлснээр “Хамгийн дарлагдсан ард түмэн бизнес эрхлэгчид” болчихоод байна. Судалгаагаар 42 хувь нь “төр бидний ажилд саад бүү бол, хэрэгтэй үед л тусал” гэсэн байна. Ийм байхад Ерөнхийлөгч “бизнес эрхлэгчдээ дэмж” гэх нь зүйн хэрэг. Сая хөдөө орон нутагт ажиллахдаа бизнес эрхлэгчидтэй уулзсан. Дараа нь хоол хоолойгоор давахгүй байсан. Тийм л дарамтыг төр засаг бизнес эрхлэгчдэд учруулж байна шүү дээ. Хэдэн бодит баримт хэлье. Хөвсгөл аймагт бизнес эрхэлдэг эмэгтэй хоёр жилийн өмнө НӨАТ төлдөг болж. Гэтэл энэ жил татварын шалгалт орж ирээд яагаад өмнө нь НӨАТ-д ороогүй юм гээд таван жилийн өмнөх бүх юмыг нь ухаад бөөн юм болсон байх юм. Барилгын материалын бизнес эрхэлдэг эмэгтэйн түүх бүр эмгэнэлтэй. Машин цемент арайхийж Хятадын хилээр оруулж ирсэн байгаа юм. Гэтэл эрсдэлийн албаны шалгалтад орох нь тэр. Удалгүй цагдаа ирээд “Цементэн дотор чинь хар тамхи нуусан байна” гээд аваад явсан гэнэ. Цагдаагийнхан сар шалгаад “Өө, цемент л байсан байна шүү дээ ” гэснээр энэ хэрэг дуусчээ. Ийм олон хоног цагдаагийн үүд сахиж цаг хугацаа, хөрөнгө мөнгөөрөө хохирсон байна. Тэр эмэгтэй Л.Энх-Амгалан, О.Содбилэг бид гуравт “Амьдармааргүй санагдсан” гэж хэлэхийг чихээрээ сонссон. Өөр нэг жишээ энд дурдъя. Мухлагтаа дөрвөн компот зарах гэтэл хоёрыг нь дээжийн шинжилгээнд авсан байна. Энэ мэтчилэн жилдээ татвар, мэргэжлийн хяналт, нийгмийн даатгал гээд өчнөөн шалгалт ордог. Маш олон тайлан, баримт нэхдэг. Ядаж чиглэлийнхээ дагуу ажиллахгүй, нийгмийн даатгал, мэргэжлийн хяналт нь ороод удаагүй байсан татварын шалгалтыг давхардуулна. Дээр нь төрөл бүрийн хураамж бизнес эрхлэгчдээс авдаг. Баялаг бүтээгчдээ, ажлын байр бий болгож байгаа энэ хүмүүсээ дэмжих нь сэтгүүлчдийн үүрэг.

-УИХ-ын үйл ажиллагаанд мэргэжлийнхээ өнцгөөс хандах үе байх юм уу?
-Эхлээд УИХ-ын үйл ажиллагааг сэтгүүлчийн зүгээс харж байлаа. Одоо үгүй ээ. 76 сурагчтай ангийн нэг сурагч нь гэдгээр УИХ-ын үйл ажиллагаандаа хандах болсон.Бас бахархмаар хамт олон л доо. Гишүүн бүр бүхэл бүтэн ертөнц, өөрийн мэддэг чаддаг юмтай. Олон хүн юм болохоор алдах онох юм байлгүй дээ. Гэхдээ улс орны эрх ашигтай холбоотой асуудалд хэн нь ч гэсэн эх орончоор хандаж чаддаг, дуу хоолойгоо нэгтгэдэг, нэг зүг рүү хардаг нь гишүүдээр бахархахын зэрэгцээ парламентын засаглалын үнэ цэнийг мэдрүүлж байдаг.

-Та сэтгүүл зүйн салбараас улс төр рүү алхахдаа ямар бодол, зорилготой орж ирсэн. Бодож санасан нь хэр ажил хэрэг болж байна вэ?
-Итгэл үнэмшлээрээ нэгдсэн журмын нөхөдтэйгээ хамт зорьж тэмүүлж буй үйлст нь нэмэр болж зүтгээд явна гэсэн бодол тээж орж ирсэн дээ. Яахав гурван сонгуульд санасандаа хүрэхүйц оролцож чадсангүй. Ирэх сонгуулиас эхлээд иргэд сонгогчдынхоо итгэлийг урьдын адил хүлээж улс орноо хөгжүүлэх, ард иргэдээ амгалан тайван, элбэг хангалуун амьдралд хүргэх зорилтоо хэрэгжүүлэхийн тулд намын хамт олон үйл ажиллагааныхаа шинэчлэлд идэвхтэй орж, иргэд, сонгогчидтойгоо газар дээр нь очиж нүүр тулан уулзаж, хийж хэрэгжүүлэх ажлаа бодитой төлөвлөж байна. Энэ их үйлс нь үзэл бодол ижил төстэй хүмүүсийн хамтын хөдөлмөрийн үр дүн, хүн бүрийн хичээл зүтгэлийн үр шим байдаг учраас эд эсийнх нь нэгээхэн хэсэг нь болж хичээнгүйлэн ажиллаж байна.

-Эмэгтэй хүний хувьд өөртөө цаг зав гаргах, гэр бүлдээ анхаарал хандуулах боломж гарах юм уу. Уулзалт, хүлээн авалт гээд их л завгүй харагдах юм.

-Хувийн салбарт ажиллаж байсан үетэйгээ харьцуулбал өөртөө цаг зав гаргах тохиолдол улс төрд орсноос хойш эрс багассан. Сэтгүүлчийн цаг наргүй ажилд олон жилээ зориулсан болохоор гэрийнхэн маань ажил төрөлд маань ойлгож сурсан. Гэхдээ гэр орноо анхаардаггүй эмэгтэй хүн байж болохгүй биз дээ. Гэр орноо хоол хүнсээр таслахгүй, хань, үр хүүхдийнхээ хэрэгтэй зүйлийг бүрдүүлэх гээд үүргээ биелүүлдэг ээ.

-Хааяа хэтэрхий албаны байдлаас та залхдаг уу. Төрөл бүрийн арга хэмжээ, уулзалт цуглаан, алга ташилт гээд амьдралаас хөндий ч юм шиг санагдах үе байдаг уу?
-Би өөрөө албархаг талдаа хүн л дээ. Гэхдээ өмнөх шигээ төрөл бүрийн арга хэмжээ, уулзалтад оролцох сонирхол буурсан. Үүнийг сайнгүй зүйл гэж бодож байгаа. Ямар ч уулзалт, арга хэмжээнээс хүн ямар нэгэн мэдээлэл, шинэ зүйл авч гардаг. Ялангуяа УИХ-ын гишүүн хүн олон нийттэй уулзаж учирч, хэлж ярьж байгааг нь сонсох нь ажилд тустай. Харин шинэ жилийн арга хэмжээнүүд арай л илүүц санагдаад байдаг болсон. Шинэ жил гэр бүлийн баяр. Байгууллагууд шинэ жилээр энд тэнд идэж ууж бөөн зардал гаргадгаа зогсоох нь зөв байх. Түүний оронд байгууллага дээрээ жилийн ажлаа дүгнэж хамт олноо тэргүүлсэн хүмүүстээ хүлээн авалтын зардлаа хуваагаад өгчих нь илүү үр дүнтэй санагдана.

-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ. Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ. Ингэхэд та шүлэг бичдэг үү?
-Завтай үедээ ном уншдаг. Түүхэн сэдэвтэй ном зохиол, кино жүжигт дуртай. Энэ удаад “Эдийн засаг энгийнээр” гэдэг ном уншиж байгаа. Чөлөөт цаг гарвал гэрийнхэндээ хамгийн түрүүнд хоол хийж өгдөг. Шүлэг бичилгүй яахав. Сэтгүүлч бүр бяцхан зохиолч байдаг юм. Сэтгэлийн учигт хүрсэн тийм үе, тийм зүйл тохиолдоход санаанд шүлгийн үг өгүүлбэр аяндаа ороод ирдэг. Ээжийгээ бурханы оронд залрахад шүлэг найргийн үг тархинд урсч байсан даа.

-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.

Д.ОЮУНТУНГАЛАГ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ