“Асгат”-ын хувьцаа эзэмшигчид шүүхэд хандахаар зэхэж байна


Шинэ оны дараахан “Асгат мөнгө” компанийн хувь эзэмшигчдийн төлөөлөл шүүхэд хандах тухай мэдээлэл дуулдаж эхэллээ.
Үүнд Төрийн өмчийн хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Геологи, уул уурхай, Кадастрын алба гээд олон байгууллага дуудагдах бололтой. Хувьцаа эзэмшигчдийг хохиролгүй болгоогүй байж гадны хөрөнгө оруулагчидтай наймаалцсанд эгдүүцсэн тэдний асуудал олон жилийн түүхтэй билээ.
Тус компанийн 49 хувь болох96182 ширхэг хувьцааны 92 хувийг нь 20 орчим иргэн эзэмшдэг аж. Гэтэл тэдний зөвшөөрөлгүйгээр компанийг нь сэм “оршуулаад” Монголросцветмет нэгдэлд шилжүүлчихсэн байдаг. Тэр тусмаа “Асгат” ХК-ийг хуулийн этгээд мөн гэж үздэг хэрнээ Монголросцветмет нэгдэлд шилжүүлэхдээ 100 хувь ашиглах эрхтэй хэмээн бүртгүүлсэн байсныг эсэргүүцдэг билээ.
Энэ удаа ч Монгол, Оросын хамтарсан компани байгуулах хугацаатай давхцуулан шүүхэд хандахаар шийдээд байгаа бололтой.
Дэд бүтцийн асуудлаас болоод ашиглах аргагүй гэгдээд байсан уг ордын зүг саяхнаас хатуу хучилттай автозам тавьж эхэлсэн билээ. Энэ нь хүсвэл болохгүй бүтэхгүй зүйл байдаггүйг харуулсан. Товчхондоо манай улстөрчид Асгатын зүгт зам тавьснаас зарчихсан нь дээр гэж үзэж байсан гэсэн үг.
Үүний дараахан “Монголросцветмет нэгдлийн мэдэлд байгаа гэх Асгатын ордын лицензийг Эрдэнэт үйлдвэрт шилжүүл” гэх болзлыг Оросын талаас тавьсан гэх сураг дуулдаж эхлэв. Ингэхдээ Монголросцветмет нэгдлээс Эрдэнэт үйлдвэрт төлөх ёстой 5.5 тэрбум төгрөгийн өртэй холбоотой гэсэн гаргалгааг хийх гэж оролдсон ч энэ нь итгэл үнэмшил төрүүлж чадаагүйг нуух юун. Харин дундын эзэмшил гэдэг утгаараа Эрдэнэт үйлдвэрийн гол хувьцаа эзэмшигч “Ростехнологи” компанийн захирал С.Чемезовын даалгавар гэдэг нь үнэний хувьтай байж мэднэ. Учир нь 2012 оны есдүгээр сард “Совет”-ын хуралд оролцохдоо л Кремлийн даалгаврыг гүйцэтгэхээр ирсэн нь тодорхой байсан түүнийг Асгатаас ангид авч үзэх аргагүй юм.
Түүнчлэн 2011 оны тавдугаар сард оросууд Асгатын мөнгөний ордыг стратегийн ач холбогдолтой ордуудын жагсаалтаас хасуулах санал тавьсан байдаг. Гэтэл Асгатын орд нь стратегийн ач холбогдолтой таамаг нөөцөөрөө 912 мянган тонн мөнгөнөөс гадна зэс, сурьма, висмут зэрэг газрын ховор элементээр баялаг гэдэг нь тодорхой болчихсон. Одоо дэд бүтцийн хөгжил ирж яваа учраас бүр ч илүү сонирхол татах “халуун цэг”-үүдийн нэг болох нь. Иймд энэ оны арваннэгдүгээр сарын 26-27-нд Москвад хуралдсан Монгол, Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаар Асгатын мөнгөний ордыг түшиглэн Монгол, Оросын хамтарсан шинэ компани байгуулж уг ордыг эдийн засгийн эргэлтэд оролцуулахаар болсон.
Энэ талаарх тохиролцоонд ОХУ-ын Эрчим хүчний дэд сайд нь манай талтай гарын үсэг зураад буцсан юм. Ингэхдээ уг хамтарсан үйлдвэрийн 51 хувийг “Эрдэнэс МГЛ”, 49 хувийг “Ростехнологи” компани эзэмших зураглал гаргасан бөгөөд үйлдвэрээ ирэх оны эхээр албан ёсоор байгуулах болсон аж.
Энэ бүхэн Асгатын мөнгөний ордыг эзэмшигчдийг шүүхэд хандахад хүргээд байгаа бололтой. Хэдийгээр Засгийн газар хоорондын комиссын удаа дараагийн хуралдаанаар ОХУ, БНХАУ-ыг холбосон хийн хоолойг Монголд ашигтай байлгах асуудлыг тавьсан болон хөршүүд ч нааштай хандаж байгаа гэх боловч Асгатын хувьцаа эзэмшигчдийн хувьд улс оронд ашигтай энэ гэрээ хувийн бизнест нь төдийлөн наалдацгүй гэдэгтэй маргашгүй. Учир нь тэд удаан хугацаанд Асгатын хувь заяа хэрхэхийг хүлээсэн, тодорхой хэмжээний хохирол амсах учраас эрх ашгаа хамгаалах, хуулийн байгууллагад хандах эрх нь нээлттэй билээ.
Үнэ цэнтэй уг ордын хувьд улс төрийн хамгийн том намыг, тэр ч байтугай тухайн үеийн Засгийн газрыг хүртэл огцруулахад хүргэж байсан сонирхолтой түүхтэй юм. Эдүгээ Асгатын мөнгөний ордын лиценз Монголросцветмет нэгдэлд бий гэх боловч “Энэ байна” гээд үзүүлж байсан удаагүй. Харин ч сүүлийн үед тус нэгдэлд байхгүй гэх мэдээлэл дуулдах болсон нь анхаарал татаж буй.
Өнөөдөр Асгатын орд үнэхээр Монгол Улсын Төрийн өмчийн хорооны мэдэл бүхий “Асгат” ХК-ийнх уу. Эсвэл АНУ-ын Apex Asia компанийн оролцоотой “Асгат мөнгө” компанийнх уу, ТӨХ-ны мэдлийнх үүгэдгийн эцсийн хариу тодорхойгүй байдаг. Ямартай ч уг ордын нутаг дэвсгэр болох Баян-Өлгий аймгийн удирдлагуудын зүгээс тухайн үед Ерөнхий сайдад хандан захидал хүртэл бичиж байсан гэх ч үр дүнд хүрээгүй бололтой юм. Энэ түүх мөн л ардчилсан Засгийн газрын цаг үед холбоотойгоор бичигдэж үлджээ. Харин “Асгат”-ын маапаан МАН-ынхныг эрх барих үед дахин үргэлжилсэн. Тухайлбал 2007 оны гуравдугаар сард “Асгат” ХК-ийн 49 хувийг эзэмшигчид Баян-Өлгийд хуралдаж өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр “Монголросцветмет”-д уг ордыг бэлэглэсэн эрх баригчдыг буруутгасан юм.
Үүнээс хоёр сарын дараа Төрийн өмчийн хорооноос “Асгат” ХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарласан. Хуралдаанд нийт хувьцаа эзэмшигчдийн 95 хувь нь оролцсон ч эцсийн шийдэлд хүрч чадалгүй мөн л хойшилж байв. Ийнхүү бараг долоо хоног бүр хуралдаж, хойшилж, хурал хаясаар байсан ч үйл явдал сайнаар төгсөөгүй. Хамгийн гол нь “Асгат” компанийнхан 1993 оноос хойш идэвхтэй үйл ажиллагаа явуулаагүй гэдэг шалтгаанаар амаа таглуулаад байдаг. Харин хөрөнгө оруулалтын тухайд “Асгат” ХК анх 9.6 сая төгрөгийн дүрмийн сантай байгуулагдсан. Хувьцаа эзэмшигчид 568 сая төгрөгөөр үнэлсэн байдаг. Мөн Монголросцветмет нэгдлийн зүгээс 870 мянга орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэдэг. Гэвч энэ бол долоон жил орчмын өмнөх дүн мэдээ юм.
Энэ удаад бүр Орос, Монголын хамтарсан компани байгуулахаар болсон, дэд бүтэц нь хөгжиж эхэлж байгаа зэрэг шинэ нөхцөл байдлуудтай хамааралтайгаар “Асгат” ХК-ийнхан ийнхүү “амилж” шүүхэд хандан хохирлоо барагдуулахаар зэхэж байгаа бололтой.
У.Оргилмаа

3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ