Ч.Улаан, Н.Батбаяр нар аудитын шалгалтад бүдэрчээ

Үндэсний аудитын газраас Шинэчлэлийн Засгийн газрын сайд нарын төсвийн 2012 оны санхүүгийн нэгдсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд санхүүгийн аудит хийж дуусчээ. Аудит хийх үеэр эрхэм сайд нарын олонх нь "но"-той гарсан бөгөөд Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад бүгдэд нь менежментийн захидал хаяглаж, санхүүгийн дотоод хяналт сул байгаа мөн түүнээс үүсэх эрсдэл, хяналтыг сайжруулах талаар албан зөвлөмжийг хүргүүлсэн байна. Иймээс энэ тухай мэдээллийг уншигчдадаа цувралаар хүргэхээр бэлтгэлээ. Эхний удаад бид сүүлийн үед сайдынхаа зөөлөн суудлаас салж мэдэхээр байдалд орж нойргүй нэлээд хоногийг үдсэн Сангийн сайд Ч.Улаан болон онгод тэнгэртэйгээ харилцахаас өөрийг хийхээ больсон гэх хатуухан шүүмжлэлд өртөөд буй Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарын төрийн мөнгийг хэрхэн зарцуулсанд хийсэн аудитын шалгалтын дүнг тоймлон хүргэж байна.
Ч.УЛААН ТӨСВӨӨ ХЭТРҮҮЛЖ, НОТЛОХ БАРИМТГҮЙГЭЭР 5.4 САЯ АМ.ДОЛЛАРТАЙ ТЭНЦЭХ БОНДЫН ЭХ ҮҮСВЭРИЙГ ХҮҮГИЙН ЗАРДЛААР БҮРТГЭЖЭЭ
Үндэсний аудитын газраас хийсэн шалгалтаар Сангийн сайд Ч.Улаан 2012 оны төсвийн гүйцэтгэлээ 15,045.9 сая төгрөгөөр хэтрүүлсэн байжээ. Тодруулбал, гадаад зээлийн ашиглалтын төлөвлөлтөөс шалтгаалан төсвийн гүйцэтгэлийн нэгтгэсэн тайлангаар батлагдсан төсвийг Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах төсөл-Н 37.357.9 сая төгрөг, Ипотекийн зах зээлийг хөгжүүлэх төсөл 5.048.2 сая төгрөг, Тогтвортой амьжиргаа-II төсөл 913.9 сая төгрөг, Олон салбарын техник туслалцааны төсөл 814.0 сая төгрөгөөр тус тус хэтрүүлсэн байжээ. Түүнчлэн ямар ч нотлох баримтгүйгээр 5.376.858.0 ам.доллартай тэнцэх бондын эх үүсвэрийг хүүгийн зардлаар бүртгэсэн нь тодорхой болжээ. Албаныхны өгсөн мэдээллээр Монголбанкин дахь Засгийн газрын бондын харилцах дансанд 2012 оны арванхоёрдугаар сарын 5-ны өдөр олон улсын зах зээлд арилжсан бондын эх үусвэрээс 1.494.623.142.0 ам.долларын орлого орж, 5.376.858.0 ам.долларын эх үүсвэрийг гэрээний дагуу суутгасан байна.
Гэтэл Засгийн газрын 2012 оны арванхоёрдугаар сарын 28-ны 213 дугаар тогтоол, Сангийн сайдын мөн өдрийн 297 дугаар тушаалаар Засгийн газрын үнэт цаасыг олон улсад сурталчлах, худалдан борлуулахтай холбогдон гарсан зардал 5.376.858.0 ам.доллартай тэнцэх эх үүсвэрийг Засгийн газрын үнэт цаасны хүүгийн зардлаас нөхөн санхүүжүүлэхээр шийдвэрлэснийг нотлох баримтгүйгээр 7.483.510.964.40 төгрөгийг хүүгийн зардлаар бүртгэсэн байжээ. Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн долдугаар зүйлийн 7.7-д "Анхан шатны баримтгүй ажил гүйлгээг бүртгэл, тайланд тусгахыг хориглоно гэж заасныг зөрчиж байна. Иймээс Ерөнхий аудитор Засгийн газрын үнэт цаасыг олон улсад сурталчлах, худалдан борлуулахтай холбогдон гарсан зардлын зарцуулагдаагүй хөрөнгийн үлдэгдэл 379.305.420 ам.долларыг Монголбанкны өнөөдрийн ханшаар тооцон 543.8 сая төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэх төлбөрийн акт тогтоож, 6.939.7 сая төгрөгийн нотлох баримтыг бүрдүүлэх албан шаардлагыг хүргүүлжээ. Түүнчлэн Сангийн сайдтай холбоотой бас нэг таагүй баримт тус яамны төсвийн авлага өмнөх оноос 2.3 дахин, өр төлбөр 8.7 дахин өссөн гэх мэдээлэл. Тодруулбал, Сангийн сайдын төсвийн 2012 оны санхүүгийн нэгтгэсэн тайлангаар сайдын багцад хэрэгжиж буй гадаад төслүүдийн зээлийн ашиглалттай холбоотойгоор төсвийн авлага өмнөх оноос 2.3 дахин буюу 71.1 тэрбум төгрөгөөр, өр төлбөр 8.7 дахин буюу 11.2 тэрбум төгрөгөөр өссөн байсан ажээ.
Н.БАТБАЯР САЙД БОЛОН ТҮҮНИЙ АЛБАТУУД АЖЛАА МЭДЭГГҮЙ ЮҮ, ЭСВЭЛ...
Аудитынхны хийсэн анхан шатны баримт материал шалгалтаар Эдийн засгийн хөгжлийн яам бас л хангалтгүй дүн авсан байна. Тодруулбал, тус яамны салбар нэгжүүдэд анхан шатны баримт, материалын бүрдүүлэлт хангалтгүй, тайлант онд худалдан авсан, зарцуулсан бараа материалыг тайланд тусгалгүйгээр шууд зардалд бичсэн зэрэг зөрчил илэрчээ. Мөн 2012 онд эрдэм шинжилгээ, судалгааны ажилд зориулан 1.276.2 сая төгрөгийн төсөв батлагдсанаас 669.7 сая төгрөгийг зарцуулж, хуулийн дагуу хураангуй жагсаалт үүсгээгүй, гүйцэтгэгч нь гэрээ байгуулсан ажлыг гүйцэтгээгүйгээс дахин гүйцэтгэгч сонгон шапгаруулж, гэрээ байгуулах боломжгүй болсон гэх шалтгаанаар төлөвлөсөн 14 судалгааны ажил хийгээгүй зэргээс болж 606.5 сая төгрөг зарцуулагдаагүй үлдсэн байжээ.
Түүнчлэн Алтанбулагийн эдийн засгийн чөлөөт бүсийн ажлын алба 2012 онд гадаад томилолтын 15,612,9 сая төгрөгийн зардлыг холбогдох анхан шатны баримт материал бүрдүүлж тооцоог нь бодолгүй зардалд хаасан, “Цагааннуур” эдийн засгийн чөлөөт бүсийн ажлын алба шатахууны зардлын анхан шатны баримт, материал, бүрдүүлээгүй, 538,6 мянган төгрөгийн гадаад томилолтын зардлыг баримт материалгүй олгосон, Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүсийн ажлын алба ажиллагсдадаа 1.7 сая төгрөгийн урамшууллыг зохих тушаал шийдвэр, үр дүнг дүгнэсэн үзүүлэлтгүйгээр олгосон, байгууллагын оффисын ашиглалтын гэрээг давхардуулан хийснээс цэвэр, бохир ус ашигласны төлбөр 396.4 мянган төгрөгийг илүү шилжүүлсэн гээд олон зөрчил илэрсэн юм байна.
Үүнээс гадна тус яаманд санхүүгийн дотоод хяналт хийхэд Эдийн засгийн хөгжлийн яам санхүүгийн үйл ажиллагаандаа Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Төсөвт байгууллагад мөрдөх Нягтлан бодох бүртгэлийн бодлого, заавар, журам, дотоод хяналтын хараат бус байх зарчмыг баримталж ажилласан гэдэг хэдий ч салбарын болон байгууллагын онцлогт тохирсон нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулан баталж, мөрдөж ажиллаагүй, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 17.1-д "Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүрэг, хариуцлагыг аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага хүлээнэ", 17.4-д Төрийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж, төсвийн ерөнхийлөн захирагчийн ерөнхий нягтлан бодогч нь мэргэшсэн нягтлан бодогч байна" гэсэн заалтын дагуу тайлант онд Төсвийн ерөнхийлөн захирагчийн ерөнхий нягтлан бодогчийг томилж ажиллуулаагүй, 2012 оны жилийн эцсийн санхүүгийн нэгтгэсэн тайланг хугацаа хожимдуулж ирүүлсэн, Чөлөөт бүсийн зөвлөлийн захирагчийн ажлын албаны тайланг нэгтгээгүй байсан гэхчилэн олон зөрчил илэрсэн тухай мэдээллийг өгч байна. Хамгийн ноцтой нь Үндэсний аудитын газраас яамдад хийсэн шалгалтаар илэрсэн зөрчлийн дийлэнх нь тухайн байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд дээд түвшний удирдлагаас тавих хяналт сул байгаатай холбоотой гэдгийг онцолж буй юм.
Үргэлжлэл бий...
Л.ОЮУНГЭРЭЛ

3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ