Дөрөвхөн сарын дотор Дэлхийн аварга болжээ


Цээж бодолтын Дэлхийн аварга Т.Мягмарсүрэнтэй ярилцлаа.
- Дэлхийн аварга болсонд тань баяр хүргэе. Өөрийгөө товч танилцуулахгүй юу?
- Би Төв аймгийн Цээл суманд төрсөн. Яармагийн 34-р сургуулийг төгссөн юм. Одоогоор ШУТИС-ийн Холбоо, мэдээллийн сургуулийн 4-р курсыг дүүргээд байгаа.
- Ой тогтоолтын шинэ аргачлалыг гаргахаар ажиллаж байгаа гэсэн. Энэ талаараа сонирхуулж ярихгүй юу?
- Тийм ээ. Ой тогтоолтод суралцах хялбар аргуудыг яаж амархан сурах талаар, тогтоож, цээжилж болохыг хэлээд байгаа юм. Тухайлбал, жолооны дүрмийг хэрхэн богино хугацаанд цээжлэх үү, ноот, хувийн мэдээлэл зэргийг хялбар аргаар яаж цээжлэх үү гэх аргачлалуудыг зохиож гаргахаар ажиллаж байна. Олон улсын стандартад ой тогтоолтыг тоон мэдээлэл, үгийг ийм аргаар цээжилдэг гэх ерөнхий суурь аргачлал байдаг. Түүн дээрээ тулгуурлаад яаж хялбар аргаар цээжилж болох вэ гэдгийг гаргах гээд дээрхи уураг тархийг хөгжүүлэх программыг зохиож байгаа юм. Богино хугацаанд амжуулаад гаргачих гээд л үзэж сууна даа.
- Манайд энэ төрлийн спорт яг хэдэн оноос эхэлж хөгжсөн юм бол? Цаашид хөгжих боломж бий юу?
- Монголчуудын хувьд ой тогтоолт дээгүүр ордог. Оюуны спорт манайд хэдэн онд хөгжсөн вэ гэхээр хамгийн анх 2008 онд монгол хүн ой тогтоолтын тэмцээнд оролцсон. Энэ спорт 1991 оноос хойш спортын статустайгаар одоог хүртэл зохион байгуулагдаж, 2008 онд Х.Хатанбаатар хамгийн анх олон улсын тэмцээнд оролцож байсан. Тэр цагаас хойш эрчимтэй хөгжиж эхэлсэн. Монголын Оюун ухааны академийн тэргүүн Х.Хатанбаатар багш оруулж ирээд дэлгэрүүлсэн дээ. Богино хугацаанд л монголчууд улс, тивийн хэмжээнд амжилт гаргасан. Оюуны спортыг дотор нь цээж бодолт, ой тогтоолт гэж хоёр хуваадаг. Ой тогтоолт нь дотроо арван төрөлтэй зохиогддог бол цээж бодолт нь зургаан төрөлтэй. Миний хувьд цээж бодолтоор түлхүү хичээллэж Дэлхийн аварга болсон доо. Ой тогтоолтоор Монголоос амжилт гаргасан хүмүүс олон байгаа. Хоёр ч залуу маань ой тогтоолтын төрлөөр Олон улсын хэмжээний мастер цолны болзол хангасан.
- Хамгийн дээд цол нь юу вэ? Шагналын хувьд хэр өндөр байдаг вэ?
- Дэлхийн аварга гэж цол байгаа. Хамгийн дээд шагнал гэвэл тухайн тэмцээнийхээ шагналыг л авна. Түрүүлсэн бол арав юм уу хорин мянган ам.доллар авах ч юм уу, тийм байдаг. Мөн статустай зохиогдож байгаа тэмцээнийхээ шагналыг ч авдаг. Дээр нь тэмцээнийг зохион байгуулсан тухайн улс нь шагнана. Герман болоод Английн тамирчидтай ярилцаж байхад тухайн улс нь их дэмждэг гэсэн. Монголд дэмжих юм одоохондоо алга. Гэхдээ энэ спорт их шударга спорт болохоор ямар ч будлиан, маргаан гардаггүй юм. Сэргээш хэрэглэдэггүй. Монголд ийм, тийм спортуудыг дэмжинэ гэсэн хуулийн заалт бий ч Оюуны спортын төрөл ороогүй юм билээ. Цаашдаа бол орох боломж байгааг судалж үзсэн.
- Олимпийн спортын төрлөөр дэлхийн аварга болвол насаараа идэх хоолоо оллоо гэлцдэг. Гэтэл энэ спортын төрлөөр амжилт оллоо гэхэд насаараа идэх хоолоо олох боломж бий юу?
- Нэг талаар дутагдалтай санагдах ч нөгөө талаар давуу талтай шүү. Ер нь олимпийн спортын төрөл биш болохоор насаараа идэх хоолоо олно гэсэн зүйл байхгүй. Гэхдээ оюун ухаанаа хөгжүүлж байгаа хүний хувьд оюуны потенциалаараа хоолоо түвэггүйхэн олж идэх боломж бүрэн бий. Мэдээж, ой тогтоолт, уураг тархиа хөгжүүлсэн болохоор хоосонгүй ээ.
- Таны хувьд энэ спортоор хэзээнээс эхэлж хичээллэж эхэлсэн бэ?
- Миний хувьд анх 2011 оны сүүлчээр Х.Хатанбаатар багш дээр сургалтад сууж, ой тогтоолтын хичээлээр сурч эхэлсэн. Анх 10-хан удаагийн хичээлд суучихаад цаашаа өөрөө хичээн мэрийж сурсаар байгаад тэмцээн уралдаанд явж байсан. Ер нь бол Х.Хатанбаатар багшийнхаа удирдлага дор явж байгаад тусдаа гарч ой тогтоолтын дэвшилтэд аргыг гаргая гэж бодоод өдгөө хүүхдүүдэд хичээл зааж байна.
- “Оюуны оч” төвд багшилдаг гэсэн. Танай төвд ихэвчлэн ямар хүмүүс ханддаг вэ?
- Би төвдөө багшлаад удаагүй байна. Манайд таваас дээш насны хүмүүс ханддаг. Хамгийн өндөр настай сурагч маань 73 настай хүн байсан. Энэ аргачлалуудыг хэн ч сурах бүрэн боломжтой байдгаараа онцлогтой. Залуус маань ч их сонирхож байгаа. Энэ спортын төрлөөр Улсын аварга шалгаруулах тэмцээн зохиогдсон. Олон улсын хэмжээнд ч маш олон тэмцээн болдог. Ихэнх оролцогчид нь оюутан, залуус байдаг юм.
- Дэлхийн аварга болохдоо ямар төрлөөр оролцож амжилт гаргаж байлаа?
- Хамгийн анхны тэмцээн ой тогтоолтын Дэлхийн аваргаар эхэлж байсан. Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн болон ямар нэгэн шалгалт, шүүлэгт орж үзээгүй байж байгаад оролцож байв. Энэ тэмцээнд багаараа гуравдугаар байрт орж байсан. Түүний дараа Туркийн олон улсын нээлттэй тэмцээн болоход оролцсон. Энэ тэмцээнээс монголчууд нийтдээ зургаан медаль буюу хоёр алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медалийг хүртсэн юм. Ой тогтоолт арван төрөлтэй болохоор багаараа арван медаль авах боломж байдаг. Тэрний дараа өнгөрсөн оны аравдугаар сард Германы Гизен хотод цээж бодолтын Дэлхийн аварга гэж хоёр жилд нэг удаа болдог нэлээн том тэмцээн зохиогдсон. Би цээж бодолтын талаар огт ойлголтгүй байж байгаад тэр тэмцээнд оролцож хүчээ үзмээр санагдаад дөрвөн сарын өмнөөс бэлтгэж эхэлсэн юм. Тухайн тэмцээнд ганцхан минутын төрлөөр оролцохоор явж байв. Тэр төрөл маань “Хүн-хуанли” гээд төрөл байсан. Энэ маань гараг олдог төрөл. Энгийнээр тайлбарлахад, та хэдэн оны хэдний өдөр төрсөн бай хамаагүй тухайн өдөр ямар гараг байсан бэ гэдгийг түргэн олох даалгавар юм л даа. Тэгэхээр дотроо маш их хэмжээгээр тооцоолон бодох шаардлагатай. Энэ нь цээж бодолтын хамгийн хүнд төрөлд тооцогддог. Жишээлбэл, 1991 оны наймдугаар сарын 20 гэхэд хоёр дахь өдөр буюу мягмар гараг гэдгийг бодож, тооцоолж гаргаж ирэх төрөл байсан. Энэ төрөлд минутад хэн хэдийг хурдан олсноор, хэн илүү олсноор өрсөлддөг юм. Тэгэхээр нэгхэн минутын төрлөөр хаа хол газар руу тэмцээн уралдаанд явж байсан.
Нэг минутандаа анхаарлаа сарниулалгүй бэлтгэсэн. Яг тэр бэлтгэсэн зүйлээ амжилттай үзүүлж Дэлхийн аварга болсон доо. Тэр тэмцээний шагнал болгож дөрвөн жилд нэг удаа зохиогддог Оюуны олимп буюу цээж бодолтын таван төрөл, ой тогтоолтын таван төрлөөр болдог хамгийн том тэмцээнд оролцох эрхийг олгосон. Замын зардал гээд багагүй зүйлийг шагналд авч байв. Тэгээд хоёр сарын дараа тэр тэмцээнд оролцоод Оюуны олимпийн аварга гэх цолыг хүртсэн. Хамгийн сүүлд гэвэл өнгөрсөн есдүгээр сард Шведийн Гётеборг хотод зохиогдсон олон улсын нээлттэй тэмцээнд би бие дааж нэг залуутайгаа хамт оролцсон. Тэнд дуут цифр төрлөөр дэлхийн шинэ дээд амжилтыг тогтоосон. Миний хувьд цээж бодолтоор илүү их бэлтгэж байсан болохоор ой тогтоолтод төдийлөн ач холбогдол өгч, дэлхийн рекордыг эвдэе гэж бодоогүй. Нэгэнт цээж бодолтоор Монголынхоо нэрийг гаргачихлаа, одоо ой тогтоолтоор нь Монголын нэрийг гаргая тэгвэл ой тогтоолт, цээж бодолтоор Монгол Улс мартагдахгүй болно гэж бодоод ой тогтоолтын нэг төрлөөр хичээллэж эхэлсэн. Тэр төрлөөрөө дэлхийн дээд амжилтыг эвдсэн. Секунд тутамд нэг цифрийг хэлдэг, тэгэхдээ англиар хэлэх ёстой юм. Есөн цифрийг минутад хэн ихийг цээжилж чадсан нь түрүүлдэг онцлогтой. Өмнөх дээд амжилт 318 байсан бол би энэ тэмцээнд уг үзүүлэлтийг 337 болгож шинэ дээд амжилтыг тогтоосон.
- Дөрөвхөн сар хичээллээд Дэлхийн аварга болсон гэж бодохоор таны оюуны чадвар бусдаас илүү байжээ гэж ойлгож болох уу? Ер нь багаасаа л юм цээжилж, тогтоохдоо сайн байсан хэрэг үү?
- Хамгийн чухал зүйл бол аргачлалыг нь маш сайн сурах явдал. Дээр нь маш сайн багшийн хүчинд ийм өндөр амжилтад хүрч чадна. Мөн хувь хүнээс өөрөөс нь маш их хичээл зүтгэл, чармайлт шаардагдана. Би тэмцээний бэлтгэлээ өдөрт доод тал нь таван цаг хийдэг байсан. Тэмцээн болох хугацаа дөхсөн байсан учраас өдөр, шөнөгүй л бэлтгэсэн. Монгол хүн оюуны спортоор хичээллэвэл амжилтад маш хурдан хүрэх боломжтой юм шиг санагдсан. Хүүхэд байхдаа мундаг ой тогтоолттой байгаагүй. Энгийн нэгэн сурагч, оюутан байсан. Өөрийн гэсэн хичээл зүтгэл байсан ч гоц ой тогтоолттой гэж хэлэхгүй ээ. Гэхдээ дүүрэг, нийслэлийн олимпиадад оролцоод алт, мөнгөн медалийг авч байсан.
- Танай төвийн сургалтын төлбөр хэд вэ?
- Манай төлбөр харьцангуй бага шүү. Тэр ч утгаараа хүүхдүүд олноор суралцаж, амжилт гаргаж байгаа гэж ойлгож болно. Барууны орнуудын сургалтын төлбөрийг судлаад үзэхэд доод тал нь 2000-3000 мянган долларын үнэтэй байх жишээтэй. Оюуны зураглалын сургалтын төлбөр дөрөв хоногийнх нь 1500 евро байна гэх мэтчилэн. Манайд бол 10 хоногийн сургалтад 200 мянгаар сурах боломжтой. Одоо ч тэр ханшийг өсгөөгүй байна.
- 10 хоногийн сургалтаар хүн яг ямар хэмжээнд сурах боломжтой вэ? Танайд сурч байгаа хүмүүс сурах арга барилын хувьд хэр сайн бэ?
- Утасны дугаар, текст, тоон мэдээлэл, шүлгийг ингэж цээжилж болох юм байна гэсэн аргуудыг сураад авна. Түүнээс биш цээжлэх хурдыг бол олж авч чадахгүй. Тэрхүү хурдыг олж авахын тулд бүх аргыг мэддэг байх ёстой. Хүн болгонд өөрийн хичээл зүтгэл гэж бий. Янз янзын хүмүүс байгаа. Хүн болгон өөрийн байгаа түвшнээсээ хоёр дахин илүү түвшинд ахидаг гэдгийг би 100 хувь баттай хэлж чадна. Энэ сургалтын төв ой тогтоолт, сэтгэхүй, цээж бодолтыг хөгжүүлдэг сургалтын төв юм. Дунджаар 50-60 хүүхэд хичээллэж байгаа.
- Танай төвтэй хамтарч ажиллая, оюуны спортоор хичээллэе гэсэн санал, хүсэлт хэр олон ирдэг вэ?
- Цагдаа, хүчнийхэн, тамирчдад энэ төрлийн спорт хэрэгтэй бол бидэнд хамтарч ажиллахад татгалзах зүйл огтхон ч үгүй. Тухайн байгууллагын нэг хүнийг сургаад, тэр нь цаашаа бусдадаа зааж багшлах хэмжээнд бол бид сургаж, гаргаж чадна. Надад хамтарч ажиллах нэг санал ирсэн ч одоо яриа төдий явагдаж байна. “Шинэ үе” продакшны захирал, МУГЖ Бооёо ах над руу яриад “Шинэ залуу жүжигчид шүлгээ цээжлэх, дүрийнхээ үгийг цээжлэхдээ жаахан хүндрэлтэй тулгарч байна. Эсвэл шүлгээ цээжилчихээд сэтгэл хөдлөлөө гаргаж, дүрдээ орж чаддаггүй юм аа. Тэгэхээр асуудалгүй цээжлээд дараа нь дүрдээ орохдоо илүү их бэлтгэвэл зүгээр юм байна” гэсэн саналыг гаргаж тавьсан байгаа. Миний хувьд “Шинэ үе” продакшны тоглолт дундуур ой тогтоолтын үзүүлбэр үзүүлэхээр ярьж хөөрсөн зүйл бий. Удахгүй үүнийгээ хэрэгжүүлнэ.
- Залуу хүний ирээдүйн зорилгыг сонирхож үзвэл?
- Миний хувьд ирээдүйн зорилго гэвэл ой тогтоолтын аргачлалыг амьдралтай хослуулж хэрэгжүүлдэг байх талаар бодож эхэлсэн. Манай тагнуулын байгууллагад ой тогтоолтын хичээл гэж ордоггүй шүү дээ. Уг нь тагнуулын академид энэ төрлийн хичээлийг орвол хэрэгтэй болов уу. Мөн 10 жилийн сургалтын хөтөлбөрт оруулах ёстой. Тамирчдад ч хэрэгтэй зүйл. Магадгүй, 10-ын хүрд гээд зогсохгүй 100-гийн хүрд гэж явах ёстой юм. Тиймээс бидэнтэй хамтарч ажиллах талаар зарим нэг байгууллагаас санал ирдэг.
- Цээж бодолтоор аль орны тамирчид илүү амжилт гаргаж байна вэ?
- Миний ажигласнаар Куба, Герман, Хятад, Япон улсын тамирчид илүү амжилттай оролцдог. Манай улсын хувьд оюуны спорт дөнгөж л хөгжиж эхэлж буй спортын шинэ төрөл шүү дээ. Анхныхаа л тэмцээнүүдэд оролцож эхэлж байна. Манай багш Х.Хатанбаатар өмнө нь оролцож байсан л даа. Гэхдээ л багаараа оролцсон гэдэг утгаараа анхны тэмцээн гэж хэлж болох юм.
- Оюун ухаанаа олон цагаар чилээж суухаар их ядардаг байлгүй?
- Хүчний спорт биш болохоор гайгүй мэт санагддаг ч олон цагаар суухаар мэдээж ядралгүй яах вэ. Гэхдээ л цаг заваа маш сайн зохицуулж, ядрахгүйгээр суудаг даа.
- Ярилцсанд баярлалаа. Эх сурвалж www.wikimon.mn
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ