2014 оны МОНГОЛ


Монгол түмний түүхийн нэгэн он улирч, бас нэгэн шинэ оныг удахгүй угтан авах гэж байна. Сайнтай муутай, оноотой алдаатай 2013 он баринтаглагдаж, түүх болон үлдэнэ. Алаг цоохор ямар өнгөтэй байсан нь одоо бол чухал биш ээ. Яагаад гэвэл бидний л туулсан зам. Тэндээс хэрэггүйг нь баллуурдаж, хэрэгтэйг нь сугалаад авчих боломж байхгүй. 2013 он 2013 ондоо л багтана, хальж гарах, ухарч гээгдэх арга үгүй.
Ерөөс алдсанаасаа оносон нь арай ахиу байж, хөгжил дэвшил тийш бид алхам алхмаар дөтөлсөн гэдэгт эргэлзэхгүй байна. Харин угтан золгох 2014 он ямархуу байх бол? Ирж буй цагийг ямагт сайнаар төсөөлдөг, сайхнаар, гэрэл гэгээ, цэвэр ариухнаар угтахыг хичээдэг нь монгол түмний ёс. Амны бэлгэ, ашдын ерөөл гэж бас бий. Гэхдээ Монголын маань улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын дэвсгэр өнгө ямар байхыг бяцхан таамаглах гээд үзье.
Дорно дахины тооллоор бол 2014 он морин жил. Монгол зурхайд морин жилийг тэмцэл бужигнаан ихтэй, ихэс дээдэст амаргүй хэмээн айлджээ. Хэрвээ тийм бол УИХ, Засгийн газар маань пижигнээнтэй байж магадгүй юм. УИХ дахь олонх, цөөнхийн сөргөлдөөн нэлээд даамжирч мэднэ. Хэрэгтэй тустай, бурууг тэгшлэх маргаан мэтгэлцээн байвал ч бас болж л байна. Улс төрийн ашиг хонжоо хайсан, болж буйг буцаах, явж байгааг унагах гэсэн ойрхон зуурын нүүдэл байвал урагшлах замд тээг л болохоос өөр юмгүй. Засгийн газрыг унагах, огцруулах тухай яриа бараг байгуулагдсан цагаас нь л дагасан. Атгаг санааны хүсэл байж мэдэх юм. МАН эхлээд Ерөнхий сайд Н.Алтанхуягийг, саяхан хоёр сайдыг нь огцруулах гэж оролдсон. Энэ бол сөрөг хүчний богино нүүдэл. Засгийн эрх баригчид засаг төрөө бужигнуулахгүй байя гэж тохирвол, тохирсноосоо буцахгүй бол Засгийн газар огцрох боломж үндсэндээ үгүй. Гэхдээ Засгаараа оролдох сонирхол АН-ын өөрийнх нь дотор байж байхыг үгүйсгэх аргагүй. Хэрвээ довтолгоо эндээс эхэлбэл галын шугамд байдал ноцтойгоор эргэх нигуур бий. Гэхдээ жирийн иргэдийн хүсэл сонирхол, гадаад нөхцөл байдал Монголд засаг төр тогтвортой байхад л чиглэдэг гэдгийг тодотгох нь зөв биз ээ.
Төрийг төвшитгөх буюу бараг хүн бүхний амнаас унах болсон “ухаалаг төр”-тэй болох зорилт ажил хэрэг болох уу, амлалт төдий үлдэх үү гэдэг нь энэ онд шийдэгдэнэ. Ухаалаг төртэй болохыг дээр доргүй л зөв гэлцэж байна. Ярих нэг хэрэг. Алхам л чухал. 2014 онд энэ чиглэлээр нэг биш нэлээд хэдэн алхам хийж чадвал монголчууд бултаараа хожно. Төсвийн алдагдлыг багасгах гол зорилт эндээс бага биш хамаарна гэдэг нь ойлгомжтой. Иргэдээсээ хулгайлдаг, ардаа дарамталдаг төр биш, баялгаа улсдаа, монголчууддаа хүртээдэг, иргэндээ үйлчилдэг төртэй болох зорилт хэрэгжих, эсэхээс Монголын ирээдүй хамаарах учраас 2014 он тийш монгол түмэн итгэлийн харц илгээх нь зүйн хэрэг болой. Монголын эдийн засаг хамгийн өндөр өсөлттэй байсан 2011 онд 17.3 хувьд хүрч, дэлхийд тэргүүлж байв. Харин 2013 онд 11.3 хувь орчим байх нь. Уршгаа тооцоогүй бодлого, сэтгэлийн хөөрлөөр баталсан хуулийн улмаас гадаадын хөрөнгө оруулалт дүрвэж, эх орончийн дүрд тоглосон популистуудын “ачаар” Оюутолгой, Тавантолгойн төсөл царцаж, нүүрс тэргүүлсэн уул уурхайн эрдэс баялгийн дэлхийн зах зээлийн үнэ ханш унаж, 2012 оны сонгуулийг угтсан мөнгөн халамж, тэтгэлэг түгээлт хоолой горойлгосноор улс орны эдийн засгийн байдал алхам алхмаар уруудаж эхэлснийг нуугаад яахав. Гэхдээ 2014 онд энэ жилийнхээс дөрөв орчим хувиар өсөж, 15 гаруй хувьтай болно гэсэн өөдрөг төсөөлөл бий.
Харин Монголын санхүү, эдийн засгийн бодлогыг барьж буй яам, түүний сайд нэлээд гутранги бодолтой байгаагаа илэн далангүй хэлж байгаа. Засгийн газар өмнө нь гадаадын хөрөнгийн зах дээрээс босгосон 1.5 сая дээрээ нэмж, Японы зах зээлд “Самурай” бонд шидэн, 290 сая орчим ам доллар өндийлгөхгүй бол эдийн засаг маань алхах биш, хэвтэнэ гэсэн агуулгатай зүйлийг тэр ярьсан. Мэдээж хэрэг төсвөө тэлэх бодлого хэрэгжүүлэх нь өнөөдөр ус агаар мэт хэрэгтэй байгаа. Харамсалтай нь “Чингис”, “Самурай” бондоос босгосон хөрөнгө буюу нэг ёсны бусдаас зээлсэн өр маань дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ тал хувийг давчих гээд сандаргаж буй. Төлж дийлэхгүй өртэй болчих вий гэсэн айдас дээдэст ч, доодост ч бий. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдээсэй, уул уурхайн бүтээгдэх үүний маань дэлхийн зах зээлийн ханш өсөөсэй, тогтвортой байгаасай, экспортын дүн нэмэгдээсэй, үйлдвэрлэлийн хэмжээ ахиасай гэсэн хүлээлт биднийх. Хэрвээ өөдрөг төсөөлөл маань биелбэл ард түмний амьжиргаа алзахгүй. Санаснаас өөр замаар явчихвал байдал эвгүйднэ.
Монголын шилдэг эдийн засагчдын энд тэндхийн хэвлэлд өгсөн ярилцлага, зурсан зурлагыг харвал ард түмний амьжиргаа өнөөгийнхөөс нэг их дээрдэхгүй, бараа бүтээгдэхүүний үнэ ч буурахгүй бололтой. Килограмм мах, гурил, будааны үнэ ямар байх, өрхийн орлого нэмэгдэх, эсэхээр л ард иргэд амьжиргаагаа цэгнэдэг. Иргэдийн амьжиргаа дээшлэхгүй бол эдийн засгийн өсөлт гэсэн хэдэн хуурай тоо хэнд, юуны хамаа. Өсөлтийн үр дүн айл өрхийн хаалгаар, ард иргэдийн хэтэвчинд орсон цагт л бодит өсөлт болно. Харамсалтай нь тийм дүр зураг нэг их тод томруун харагдаж өгөхгүй байгааг хэлэхээс өөр арга алга. Зам, барилга, тээврийн салбарт ахиц ололт гарцаагүй. Яагаад гэвэл барилгын үйлдвэрлэлийн бизнес Монголд хамгийн амжилттай явж байгаа. Засгийн газрын орон сууцны хөнгөлөлттэй зээлийн бодлогод тээг саад нэг их тохиолдохгүй болов уу.

2013 онд засмал замаар нийслэлтэйгээ бүрэн холбогдсон гухван аймгийнхны баяр хөөр, талархал таашаалыг бусад аймгийнхан ч амсахыг хүсэж байгаа. Нэлээд хэдэн жилийн өмнө эхэлсэн, энэ Засгийн газрын гол хөзрөө болгоод байгаа аймгуудыг бүгдийг нь Улаанбаатартай засмал замаар холбох төлөвлөгөө нэгэнт гараанаас гарсан. Энэ зорилт бариа хүрэхээс нааш зогсохгүй гэдэгт итгэлтэй байна. Тав дахь цахилгаан станц барих, төмөр зам тавих, иргэний нисэхийг өөрчлөн хөгжүүлэх гэх мэт том төслүүд урагшлах эсэх нь хөрөнгө чинээ хэр байхаас л хамаарна. Ямар ч байсан өнөөдрийн зогсож байгаа байрнаасаа хөдлөх биз ээ. Боловсрол, эрүүл мэнд, хүний хөгжлийг тэтгэх чиглэлээр огцом тэсрэлт болно гэж “буудаж” боломг үй байна. Яагаад гэвэл энэ чиглэлээрх бодлого, үйл ажиллагаа дутуу дундуур хэвээр, найдвар итгэл бага байсаа.
Шинжлэх ухаан, урлаг, спортоор монголчууд дэлхийн энтэй болсон, сүүлийн жилүүдэд. Монгол хэмээх нэрийг дэлхийн чихэнд дуурсгасан амжилтын буухиа 2014 онд үргэлжилнэ гэдэгт огтхон ч эргэлзэхг үй байна. Яагаад гэвэл монгол хүний чадавхи, чансаа, нөөц боломж байгаагийнхаа тал хувьд ч хүрээгүй. Нөгөө талаар дэгжин дэвших, бадран дүрэлзэх прогресс нь арифметикийнхаар биш, геометрийнхээр өсөж байгааг эс анзаарвал алдас болно. Байгаль, цаг агаарын хувьд дэлхий дэлэгнэсэн их хур шимийг хүлээх хэрэггүй хэмээн зурхайд өгүүлжээ. Гэхдээ ган гачиг, улс орныг хамарсан гамшиг сүйтгэл нэг их тохиолдохгүй юм байх. Хуурайшилт цөлжилтийн хурд саарах төлөв ажиглагдаж, хур тунадасны хэмжээ бага боловч нэмэгдэж буй эерэг хандлагыг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд сүүлийн жил үүдэд гарсан ахиц дэвшилтэй хамтатган тооцох юм бол 2014 онд шуудайлж нуруулдах ногоо, тарианы хэмжээ нэмэгдэнэ, буянт мал сүргийн маань тоо толгой бум түмээр үржин өснө гэсэн өөдрөг төлөв бууж байгаа юм.
2014 онд Монголд улс төрийн сонгууль хэмээх нөхрөө дайсанд хувиргадаг тэмцэл, улсаа лангуун дээр тавьдаг наймаалцал болохгүй нь олзуурхмаар. Харин цас мөсний олимп хоёрдугаар сарын шинэдээр энүүхэн хойд хөршид эхэлнэ. Хөлбөмбөг хэмээх алаг дэлхийг хуйлруулдаг гайхамшигт спортын дэлхийн тэргүүн багийг шалгаруулах тэмцээн хаа холын Өмнөд Америкт, Бразилд болно. Аль аль төрөл нь биднээс жаахан хол болохоор аварга төрнө, медаль хүлээнэ гэж худлаа хэлээд яахав. Гэхдээ Цагаан сараа марттал Цагаан олимп үзнэ гэсэн хүлээлт монголчуудад байгаа. Зургадугаар сард Улаанбаатар, улс даяараа хөлб өмбөгөөр амьсгална. Уушийн газрууд уухайд дарагдаж, улаан ногоон футболктой залуус бооцоо тавьж өрсөлдөнө. Тэгж байтал монгол наадам залгана. Айл хотлоороо аз жаргалд умбан цэнгэдэг энэ гурван өдөр шиг монгол түмэн маань он жил бүр ололт амжилтаар дүүрэн, баяр хөөрөөр бялхам байх болтугай. Тэрний эхлэл нь 2014 дүгээр он байгаасай хэмээн хүснэ.
С.БАТ www.mongolnews.mn
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ