Ц.Мөнхсоёл: Энхмэнд бид хоёр одоо хар цагаан дуугүй явдаг

Нийтийн дууны ертөнцөд өөрийн өнгө аялгууг бүрдүүлж, олны хайртай дуучин болсон СТА С.Мөнхсоёлыг та бүхэн уран бүтээлээр нь мэдэхээс өөрөөр хувийн амьдрал, цаашлаад сэтгэлдээ нандигнасан зүйл, бардам зангийнх нь талаар тэр бүр мэдэхгүй биз ээ.
Би өөрөө залуу хүн болоод ч тэр үү хайрын тухай, аав, ээжийн тухай олон сайхан уран бүтээлийг нь сонгон сонсдог ч хурц шийдэмгий аальтай, алаг нүдэн бүсгүйг өнөөдөр ярилцсан шигээ төсөөлөөгүй явжээ.
Ингээд уншигч таныг СТА С.Мөнхсоёлтой дотнохон ярилцлагаараа уулзуулъя.
Ойрын үед нам гүмхэн байлаа. Шинэ жил гээд урилга ихтэй байна уу. Сүүлийн үеийн уран бүтээлээсээ бидэнд дуулгаач.
-Намайг ярилцлагад урьсанд юуны өмнө талархал илэхрийлье. Тэгэхээр арван сайхан дуутай цомог бэлэн болсон. Арван дуун дотор сонсогчдын хамгийн дуртай “Хонгорхон охин үр минь”, “Нууцхан чамдаа”, “Миний наран”, “Чимээн чи юмуу” зэрэг уран бүтээл орсон.
Энэ сайхан энэ онд багтааж гаргана. Дуунд дуртай ард түмэндээ баяртай мэдээ дуулгахад тоглолтын гол цөм болсон “Арга билэг” нэртэй гуравдахь бие даасан цомог маань ардын дуу болоод 1960-1970 онд хүмүүст хүрчихсэн ятгын аялгуунаас бүрдсэн сайхан бүтээл болсон.
Ойрын үед энэ хоёр цомгийн ажил гээд маш завгүй байлаа. Хүмүүс уран бүтээлчдийг телевизээр гарахгүй л бол таг чиг, сураггүй боллоо гэж ойлгодог. Гэтэл бид илүү сайн уран бүтээлийг ард түмэндээ хүргэх гээд завгүй ажилладаг хүмүүс шүү дээ.
-Та дуучин алдраараа олонд танигдсан ч хуульч мэргэжилтэй хүн. Энэ талаараа ярихгүй юу?
-Хүмүүс зүгээр нэг хоббигоороо дуулаад байгаа хуульч мэргэжилтэй бүсгүй олны танил болчихлоо гэж ярьдаг. Би СУИС-ийг 2003 онд МУГЖ, дэд профессор Найдалмаа, СТА Тулгабатын Энхтуул гээд хоёр сайхан багшийнхаа удирдлага дор дуурийн дуулаачаар, бүр тодотговол гоцлон дуулаач гэх мундаг мэргэжлээр төгссөн.
Энэ мэргэжил маань миний бахархар. Тэгэхээр би мэргэжлийн дуучин хүн. Хуульчийн тухайд 2002-2006 онд “Улаанбаатар Эрдэм Судлал” дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн. Хуульч болсныхоо дараа “Цагаан” хууль зүйн товчоонд нэг хэсэг ажилласан. Энэ газрыг эгч маань байгуулсан. Одоогоор манай эгч өмгөөллийн ажлыг хийж байгаа учир би ерөнхийдөө уран бүтээлийнхээ ажилд шургуу ороод байгаа.
-Хүмүүс таныг их нууцлагдмал гэдэг. Та хувийн амьдралаа тэр бүр олонд дэлгээд байдаггүй?
-Гадуур миний амьдралын талаар андуу, зөрүү олон зүйл яригддаг. Хүний амьдрал өөрөө баялаг. Тийм учраас би энэ талаар нэг ярья гэж бодож байсан.
Надад өөрийн минь талаар янз бүрийн л яриа дуулддаг юм. Мөнхсоёл тэнд ч нэг дуучинтай холбогдож, энд ч нэг яруу найрагчтай явж байна гэх мэтчилэн янз бүрээр бичдэг. Залуу сайхан насандаа нэгэн рүүгээ инээмсэглэж харсан болгоныг хайр дурлал гэж ойлгоод, бүр цаашлаад ор хөнжлийн ажлаар дэгсдүүлэх нь бий.
Оюутан байхдаа ийм зүйл сонсоод гомдож, уйлдаг байлаа. Сүүлдээ тоохоо больсон. Тэгээд энэ удаад нэг зориглоод яръя гэж бодсон юм.
Хүний амьдрал байнга дардан замаар урагшлахгүй. Алдаа, оноо аль аль нь л байдаг. Үүнтэй адил миний амьдралд ч болохгүй, бүтэхгүй зүйл байсан. Би хоёр хөөрхөн хүүхэдтэй. Тэднийгээ өсгөөд, өнөөдөр жаргалта сайхан амьдарч байна.
Охин, хүү хоёртой. Охин маань том 15 настай, хүү маань зургаан настай. Мэдээж цэл залуу насны бүсгүй хүнд харилцаа итгэлцэл байсан. Гэхдээ тэрийг задруулах биш залуу хүн юм чинь сэтгэлээ уудалмаар санагддаг. Би бараг 10 жил шаналж явсан. Одоо бол ээж, хоёр хүүхдийн хамтаар маш сайхан жаргалтай амьдарч байна.
-Таныг яруу найрагч Баянмөнхтэй үерхэж байсан гэж ярьцгаадаг. Нууц биш бол энэ талаар ярьж болох уу?
-Анх СГЗ Сэр-Од багштайгаа уран бүтээлийн гараагаа эхэлж байлаа. Мэдээж уран бүтээлч хүнд анхны гараа гэдэг маш чухал. “Аавдаа очмоор болох юм аа” дуугаар анх танилцаж холбогдож байсан.
Би яруу найрагч Баянмөнхийг мэргэжлийн уран бүтээлчийнх нь хувьд үнэхээр чадалтай гэж хүндэлдэг байсан. Залуу хүмүүс хамт удаан байхаар нэг нэгэндээ дасна. Нэг л мэдэхнээ бие биедээ ээнэгшсэн байсан.
Энэ хугацаанд надад нэг тиймөөрийгөө үнэлэх бүсгүй хүний бардам зан байсан. Мэдээж бидний хайр дурлал, сайхан бүхэн үргэлжилсэн боловч бүтэмжтэй байгаагүй.
Урьд нь би энэ тухай ярьж, худал цуурхалд ганц удаа няцаалт өгөөгүй. Энхмэнд хар багын найз минь. Бид Увс аймгийн Хөгжимт драмын театрын дагалдан дууулаачаар Гансүх багшийн шавь болж байлаа.
Тэгээд Улаанбаатар хотод орж ирээд би хуулийн сургуулийн оюутан болж, дараа нь СУИС-д ороход Энхмэнд хоёрдугаар курсын оюутан байсан. Би нэгдүгээр курст элсэж орж байлаа. Ингээд бид сайхан үерхэж байсан.
Анх би Энхмэндийг Баянмөнхтэй танилцуулж өгч байлаа. Сүүлд бодох нь ээ, би хүмүүст буруу ойлголт өгсөн юм шиг санагддаг. Намайг дуугүй, чимээгүй байх тусам хүмүүс бурууг надад өгөөд явж.
Яг юу ч гэмээр юм. Ямар ч байсан сайн найзынхаа хайртай залууг булаагаад аваад суучихдаг тохиолдол байдаг юм байна. Гэхдээ яг булаалгасан гэхээр хаашаа юм. Гэхдээ тийм л нэг юм болчихсон.
-Танд эвгүй байж магадгүй. Гэхдээ Энхмэнд гэдэг хүн та хоёрыг салгачихав уу. Эсвэл өөр шалтгаан байв уу?
-Тэгэхээр олон жил өнгөрчээ. Одоо тэд сайхан гэр бүл болцгоосон. Гэхдээ яая гэх вэ. Үнэн юм үнэнээрээ л сайхан байдаг. УИХ-ын гишүүн агсан Наранцацралт гуайн сонгуулийн сурталчилгаанд долоо хоног намайг авч явья гээд Баянмөнх гуйсан ч би өөр ажилтай байсан учраас явж чадаагүй.
Тэгээд надаас “Энхмэнд гэж ямар дуучин байна аа” гэж асуухаар нь “Өө, миний найз, миний найз шиг сайхан хүн байхгүй. Чи манай найзыг дэмжээд аваад яв. Би хуулийнхаа ажлыг амжуулах учир амжихгүй нь ээ” гээд тэд хамт явсан.
Дундговь руу 14 хоног хамт яваад ирэхэд Баянаа бид хоёр клипний зургийн ажилтай байсан. “Анд” энтертайнментаар “Ээжийгээ санахуй” гээд сайхан дууны зурганд явсан.
Гэтэл ирээд явах хугацаанд миний утсаар дамжуулж Энхмэндтэй ярьдаг болсон байсан. Энхмэнд миний утсаар Баянмөнхтэй ярьдаг байсан. тухайн үед би юу ч анзаараагүй.
Тухайн үед Эрдэнтунгалагийн төрсөн өдөр болж, бид очсон. Тэгсэн чинь Эрдэнэтунгалагийн төрсөн өдөр дээр Баянмөнх, Энхмэнд хоёр тэврэлдээд сууж байсан. Би ороод тухайн үед хар, цагаан дуугүй гарч байлаа. Би уурлаа ч үгүй, инээгээ ч үгүй. Яагаа ч үгүй, хундага тулгаад л гараад явсан.
Тэр цаг мөчөөс хойш бол Энхмэнд над руу нэг тийм өөртөө итгэлгүй байдлаар хардаг болсон. Над руу “Энэ яах бол” гэсэн харцаар харж байдаг. Цаашаа эргээд миний улыг шагайж байгаа нь ч надад мэдэгддэг.
-Хүн бүхэнд хэзээ ч мартагддаггүй нандин хайр гэж байдаг. Гэхдээ та одоо Баянмөнхтэй хамт амьдарсан бол жаргах байсан болов уу гэж боддог уу?
-Эргээд бодохоор надад тийм сайхан хайр сэтгэл байсан гэж бодогддоггүй юм. Хэрвээ би тэр хүнд тийм л их хайртай байсан юм бол тэр хоёрыг анх харчихаад ямар ч үйлдэл хийхгүй байна гэж байх уу.
Мэдээж надад хэцүү санагдаж байсан ч би Баянмөнх гэдэг хүнийг бусдаас үхэн хатан харамлахаар хайртай байсан гэдэгтээ эргэлздэг. Магадгүй бид хоёр удаан хамт байсан учраас зүгээр л ээнэгшиж дассан байх.
-Энхмэнд та хоёр багын найзууд гэсэн. Одоо ямар харилцаатай вэ?
-Одоо тийм харьцаа байхгүй. Хар цагаан дуугүй л өнгөрдөг. Гэхдээ би гэм хийгээгүй. Тэгэхээр тэр хүний өмнө гудайх ёсгүй. Гол нь тэр хүн намайг энд тэнд муулсан нь надад сонсогддог. Ийм зан гаргаад байгаад нь инээд хүрдэг.
-Гэхдээ л сайн найзууд байсны хувьд та хоёр нэгэнтээ үг сольсон л байлгүй дээ?
-Үгүй ээ. Харин ч эсрэгээрээ надтай тааралдахаараа үг дуугарах нь бүү хэл хараагүй юм шиг л өнгөрдөг. Эсвэл хардаж сэрдсэн байдал гаргах нь бий. Уг нь нэгэнт өнгөрсөн явдлыг сөхөж, биенээ үзэн ядалгүй мэнд устай явъя гэж боддог юм. Учир нь миний эргэн тойронд хамт олон, олон сайхан уран бүтээлч байгаа. Тэд бүгд л үүнийг мэддэг. Тэглээ гээд асуудал үүсгэж, хэн хэнийг нь турхирдаггүй.
Урлагийн гал тогоо халуун шүү дээ. Дээгий, Оюумаач, Эрка гурав надад хэлж л байсан. “Чи яаж ингэж тайван байж чадаж байна аа Соёлоо. Баянмөнх ийм хүн байсан юмуу” гээд л хэлж байсан. Би ер нь бодоод байсан харьцангуй тайван хүн юм. Уг нь би гэмтэн биш шүү дээ. Хүн гэдэг талаас харвал Энхмэнд буруутай ч намайг буруутан шиг хардаг нь надад таалагддаггүй.
Хайртай хүнээ сайн найздаа алдчихаад нэг ч үг дуугаралгүй гарч явсан тэр л хэвээрээ илүү дутууг ярилгүй өнөөдрийг хүрсэн. Тийм ч учраас би тэр хүний өмнө бардам байдаг.
-Гомдол төрдөггүй гэж үү. Монголчууд дуугүй нэгнээ сул дорой гэдэг шүү дээ?
-Би сул дорой биш ээ. Бусдыг өршөөж, уучилж чаддаг, бүсгүй хүний энэрэнгүй сэтгэл надад бий. Хааяа боддог юм, би тэр хүнийг сэтгэлд нь хүртэл хайрлаж чадаагүй. Нөгөө хүн нь түүнийг надаас илүү хайрлаж чадсан байж болно. Бас нэгэн цагт жаргал, зовлонгоо хуваалцаж байсан хүн маань учраас сайн сайхан амьдраасай гэж боддог.
-Тэр үед та 20 гаруйхан настай байсан. Тэр хорин настай үеийн гал халуун дурлал, 30 настай намба суусан хайр дурлал ямар ялгаатай вэ?
-Мэдээж асар том ялгаатай. Тэр үед бол ёстой жинхэнэ дэнсэлдэг байж. Тэглээ гээд эр хүний хойноос уйлж гүйхээргүй бардам ч байсан. Мэдээж эвгүй явдал учраас надад ямар байсныг хүмүүс ойлгоно. “Одоо би яана аа, Баянмөнх Энхмэндтэй суучихлаа. Одоо яах вэ” гэж учиргүй гомдоллож, шаналаагүй. Тэгсэн хэрнээ л сэтгэлд нэг юм бугшаад байдаг.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ