О.Алтангэрэл: Асуудлыг мэддэггүй, ойлгодоггүй хүмүүс шорон ярилаа гэж шүүмжилдэг

Хууль зүйн яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Алтангэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Цагдаагийнхны дунд “Нэгдүгээр сарын 1-нээс бүх зүйл өөрчлөгдөнө” гэсэн хүлээлт байсан. Шинэ он гараад удаагүй байна. Бүтцийн ямар өөрчлөлт хийсэн бэ?
-Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс Цагдаагийн албаны тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Хуулийг дагаж мөрдөх журмын хууль дагаад батлагддаг. Энэ хуулийн дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүний бүтэц, чиг үүрэг нь өөрчлөгдсөн учраас Засгийн газраас тогтоол гаргаж, цагдаагийн байгууллагын бүтцийг батлах эрхийг Хууль зүйн сайдад олгосон. Энэ ажлын хүрээнд шинэ бүтцээ бүрдүүлж, ажиллаж эхэллээ. Шинэ хууль мөрдөгдөхөөр цагдаагийн ажилтны цалин буурна, цолны мөнгө олгохгүй гэх мэтчилэн яриа гарсан. Цагдаагийн алба хаагчдын цалин, хангамжийг дордуулахгүй гэдгийг хуульд заагаад өгсөн болохоор өөрчлөгдөх ёсгүй. Бид удирдлагаа цөөлж, иргэдэд үйлчлэх, тэдний эрх ашгийг хамгаалах ажилд түлхүү оролцдог алба хаагчдын тоог нэмсэн пирамид хэлбэрийн бүтэцтэй байхыг зорьж байна. Бүтцийн өөрчлөлт хийж дууссаны дараа цагдаагийн байгууллага албан ёсоор мэдээлэл хийнэ.
-Замын цагдаагийн газрыг татан буулгана, Мөрдөн байцаах газрыг бие даалгаж, босоо удирдлагатай болгоно гэх яриа бий. Энэ хоёр байгууллагыг хэрхэн өөрчлөх вэ?
-Бүтэц, чиг үүргийн талаар хийж буй ажлын хүрээнд хүмүүсийн анхаарлыг татаж, амнаас ам дамжин ярьж буй зүйл нь тухайн газрын дарга нь хэн болох бол гэсэн яриа байдаг. Тухайн байгууллага ямар ажил хийх нь чухал болохоос хэн дарга болох нь сонин биш. Замын цагдаагийн газар чиг үүргийнхээ дагуу ажлаа хийсээр л байгаа. Цагдаагийн ерөнхий газарт асуудал хариуцсан нэгжтэй байх юм. Нийслэлийн замын цагдаагийн газрын ажил хэвийн үргэлжилж байгааг хүмүүс мэднэ.
-Цагдаагийн ажилтнуудын энэ сарын цалингаас цолны мөнгийг хассан сурагтай. Цагдаагийн үндсэн ажилд оролцдогг үй, санх үү, ар талын албаныхан, дуучид, тамирчдын цолны мөнгийг хассан юм уу?
-Ажлаа хийж буй цагдаагийн ажилтнуудын цалин буурч, цолны мөнгөө аваагүй байх учиргүй. Хэрвээ ийм гомдол байгаа бол бид шалгах үүрэгтэй. Цаашдаа цагдаагийн байгууллагад захиргааны ажил хийж буй хүмүүс цолгүй болсон тохиолдолд энэ мөнгө олгогдохгүй. Албан тасалгаанд ажлаа хийж буй хүн, цаг агаарын хүнд хэцүү нөхцөлд, эсвэл амь нас, эрүүл мэндийн аюултай нөхцөлд ажиллаж буй цагдаагийн ажилтны хангамж, цалин өөр байх ёстой. Зөвхөн цагдаагийн бус хууль сахиулж буй бүх салбарынханд энэ зарчим үйлчлэх болно.
-Тахрын алба байгуулагдаад удаагүй байна. Энэ байгууллагын ажил, чиг үүрэг өнөөдөр цаг үеэ олж буй ч нэршилд нь хүмүүс дасаж өгөхгүй байх шиг?
-Шинээр байгуулагдсан энэ агентлаг шүүхэд сэжигтнийг хуяглан хүргэх, албадан ирүүлэх, шүүх ажиллагаанд саад учруулсан гэмт хэрэгтнийг мөрдөх гэх мэт олон чухал ажлыг гүйцэтгэх чиг үүрэгтэй. Өмнө нь гэрч, хохирогчийг хамгаалдаг тогтолцоо цагдаагийн чиг үүрэгт байсан ч үр дүн муутайг хүмүүс мэднэ. Тэдгээр хүнийг хамгаалах асар том үүргийг энэ алба хүлээж буй. Түүхийн явцад алсарсан энэ нэр хууль сахиулах ажилд гар бие оролцдог хүмүүст содон, сонин биш л дээ. Олон нийт “Тунгалаг тамир” киноны Тахар Бадарчийн дүрээр төсөөлөөд, янз бүрээр ярьж, бичиж байгаа байх. Нийгэмд гүйцэтгэж буй үүрэг, үйл ажиллагааг нь мэдрээд ирэхээр энэ ойлголт өөрчлөгдөнө. Хүний төлөө чиглэсэн энэ алба шүүх, шүүгчдийг бас хамгаалах юм. Тэргүүн тахар, дэд тахар гэх албан тушаалтан бий.
-Монгол Улсын хэмжээнд хэдэн хорих анги байна вэ. Газар зүйн байршлаас хараад байхад бараг аймаг бүр шоронтой, хот тойрсон олон хорих анги байдаг бололтой?
-Улсын хэмжээнд нийт 25 хорих анги бий. Гяндан, онцгой хорих анги тус бүр нэг, үлдсэн нь чанга болон жирийн дэглэмтэй. Манай улс 7000 орчим ялтантай. Дэглэмээсээ хамаараад зарим нэг хорих ангийн ачаалал нэмэгдэж, бэрхшээлтэй асуудал үүссэн. Өмнө нь Өрөөшлийн хууль гаргаад хорих байгууллагын ачааллыг бууруулдаг байсан нь эрүүгийн эрх зүйн нэг гаж тогтолцоо юм. Та зөв анзаарчээ, хорих ангиуд тархаж байрласныг.
-Үе үеийн Хууль зүйн сайд шоронгийн нөхцөл байдлыг сайжруулах талаар ярьдаг ч эмнэлэг, сургуульг үй байж шорон барих нь гэсэн маш том шүүмжлэлтэй нүүр тулдаг байсан. Баянзүрх дүүрэгт барьж буй нэгдсэн шорон хэзээ ашиглалтад орох вэ?
-Шоронгийн тухай ярихаар “Улсын төсвөөс мөнгө үрэх гэлээ. Цэцэрлэг, сургууль бариагүй байж шорон ярилаа” гэх хүмүүс цөөнгүй байдаг. Зарим нэг УИХ-ын гишүүн ч байр сууриа илэрхийлэх болсон. Асуудлын мөн чанар, нөхц өл байдлыг мэдэхгүй хүмүүс ийм зүйл яриад байгаа. Олон улсын хүний эрхийн конвенцид нэгдсэн улс ямар шоронтой байх ёстойг хариуцсан яам, мэргэжилтнүүд нь ярихгүй бол хэн ярих юм бэ. Нэгдсэн хорих ангитай болсноор олон давуу тал бий. Тухайлбал, нийслэлийг тойрсон хорих ангиудыг дулаанаар хангах, хоол, хүнс, хуяглан хүргэх зардлаа тооцоод үзэхээр их мөнгө зарцуулдаг. Нэгтгэчихээр энэ мэт зардал багасч, улсын төсвөөс нэг жилд 2.6 тэрбум төгрөг хэмнэх юм. Чанга дэглэмтэй хорих ангид ял эдэлж буй хүмүүс гадагшаа гарч ажил хийх боломжгүй учир хашаандаа хоригдоод л байж байдаг. Өөрөөр хэлбэл, улс эдгээр хүнийг тэжээж байна гэсэн үг.
Нэгдсэн хорих ангитай болсноор энэ хүмүүс ажил хийж, улсаас тэдэнд зарцуулж буй мөнгийг өөрсдөөр нь ажил хийлгэж олох боломж бүрдэнэ. Ялтан цалингаараа хохирсон иргэдийн хохирлыг барагдуулах юм. Түүнээс гадна ажил хийснээр нийгмийн даатгал төлөх боломжтой. Ял эдэлж буй хүмүүсийн дунд анхаарал болгоомжгүйгээсээ гэмт хэрэгт холбогдсон хүн олон бий. Тэднийг нийгмээс бүрмөсөн тусгаарлах нь эргээд иргэндээ төдийгүй тэдний гэр бүлд дарамт болдог. Ялтнаас гадна тэнд ажиллаж буй хянагч, хуягуудын тухай ярихгүй байж болохгүй. Төв суурин газраас 150 км зайтай уулын мухарт ажиллаж буй хүний нийгэм, гэр бүл яаж хохирч буй талаар ярих ёстой. Тэдний эхнэр нь хамт байя гэхээр бас л шоронд ажиллах болдог. Хүүхдүүдээ төв суурин бараадуулж, ах дүүс, найз нөхдийндөө байлгахаас өөр аргагүй байдалд хүрдэг. Өөрөө сурч мэдэх, соён гэрээрэх талаар ярихын ч хэрэггүй тийм орчин нөхцөлд тэд ажиллаж байна. Заримынх нь хүүхдүүд шоронгийн хашаанд өсөж байх жишээтэй. Баянз үрх дүүрэгт нэгдсэн хорих анги байгуулж буйг сонссон ажилтнууд “Нэгдсэн шорон хэзээ дуусах гэж байна” гэж байнга асуудаг болсон.
-Хэдэн хорих ангийн, ямар дэглэмтэй ялтнууд нэгдсэн хорих ангид шилжин ирэх вэ?
-Улаанбаатарыг тойрсон 10 хорих ангийг төвлөрүүлэх юм. Ямар дэглэмтэй ангийг нэгтгэх талаар бид ярилцаж байгаа. Гэмт хэргийн тухай хуулийг өргөн барьчихсан байгаа. Энэ хуулийг дагаад Эрүүгийн ял эдлүүлэх болон нийгэмшүүлэх тухай хууль гарна. Бид аль болох хорихоос өөр төрлийн ялыг түлхүү хэрэглэх бодлого барьж байна. Үүнээс улбаалж нээлттэй болон хаалттай дэглэмтэй болно.
-Нэгдсэн шоронд хэд хэдэн үйлдвэр байх бололтой. Ямар ажил хийлгэх юм бэ. Түүнээс гадна хуучин хорих ангиудыг ямар зориулалтаар ашиглах вэ?
-Нэгдсэн хорих ангид барилгын материалын болон оёдлын чиглэлийн үйлдвэр байгуулна. Германы хоригдлууд хуулийн байгууллагынхны дүрэмт хувцсыг оёдог юм билээ. Манайх яагаад ийм байж болохгүй гэж. Шинэ хорих ангид ажилтнууд болон ялтнуудад зориулсан спорт цогцолбор, хорих ангийн захиргаа, ялтны байр, эмнэлэг байна. Ялтан өвдлөө гэхэд хаа холоос Зайсан дахь эмнэлэгт авчирдаг. Хэдий ялтан ч хүний эрхийг хамгаалах ёстой шүү дээ. Нэгдсэн хорих ангитай болчихвол энэ мэт олон асуудал цэгцэрнэ. Хуучин хорих ангийг хууль сахиулах бусад байгууллагынхан ашиглах боломжтой.
-Нээлттэй, хаалттай дэглэм ямар байхыг сонирхох хүн олон байна. Онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн хүмүүс хаалттай дэглэмтэй хорих ангид, харин бусад нь нээлттэй дэглэмтэй хорих ангид ялаа эдэлнэ гэсэн үг үү?
-Эрүүгийн ял эдлүүлэх ажиллагааны тухай хуулийг боловсруулж байна. Онц, чанга дэглэмийг хаалттай дэглэмтэй дүйцүүлж ойлгох боломжгүй. Хаалттай дотроо ямар дэглэмтэй байх нь өмнө өгүүлсэн хуулиар тодорхой болно. Нээлттэй дэглэмд ял эдэлж буй хүн гэрээний дагуу гадуур ажил хийж, зарим тохиолдолд гэртээ очих боломж олгохоор хуулиа боловсруулж байна. Нээлттэй дэглэмд ял эдэлж буй хүн журмаа зөрчвөл шийтгэл нь чанга байх гээд олон зүйл, заалт бий.
-Монгол Улс гурван шоронтой байхаар төлөвлөж буй гэсэн. Хорих ангиудыг нэгтгэхдээ хүүхдийн хорих ангийг хаана байршуулах талаар ярилцсан уу?
-Цаашид нэгдсэн гурван хорих ангитай байх төлөвлөгөөтэй байгаа. Монгол Улсад хүүхдийн хорих анги гэж байхгүй болно. Харин хаалттай, тусгай сургууль байгуулах юм.
Х.ОЮУНСҮРЭН
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ