Хорин жилийн гурван нүгэл (цуврал 3) Архидсан хорин жил

Архидалт гэдэг бол аливаа хүний сул талын гол нэг шинж. Зах зээлийн харилцаа, тогтолцоонд орсон гэх хориод жилд энэхүү сул тал шиг хүчээ авсан чанар үгүй. Манайхны хөлийг тушиж, толгойг эргүүлсэн, улмаар үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн энэ “халуун ус” хүмүүсийн маань дотор эрхтэн, уураг тархийг хэний ч шахалт дарамтгүйгээр, “сайн дурын уран сайханч” гэмээр хэлбэрээр эзэгнэн доройтуулсан. Хорин жил өнгөрөхөд хүн амын маань 53 хувь нь ийм хөнөөлд автагдаж архидагчид, архи хэрэглэгчид болчихоод байна. Гурван сая хүрэхгүй ам бүлтэй айлын тавь гаруй хувь нь согтуу яваа гэхэд хэн ч сэрдхийн цочмоор билээ. Учир нь гурав хүрэхгүй саяын маань гуравны нэгээс илүү нь хүүхэд, нөгөө нэг хувь нь хөгшид. Тэд архидахад нас хүрээгүй буюу нас хэтэрсэн хэсэг.

Гурван сая хүнтэй гээд ихэсгээд үзэхэд нэг сая хүнийх нь 52-53 хувь нь архины хообийтон юм бол наад зах нь дөрвөн зуу гаруй мянган хүн л энэ шингэн хорноос хол байгаа хэрэг. Ийм болчихсон үндэстэн ховор байтугай бараг байхгүй. (хойт хөршөөс өөр)

Зах зээлийн харилцаа гэх энэ үед хамгийн их хөгжсөн нь манайд архины үйлдвэр юм. Шинэ зууны эхэнд спиртийн үйлдвэр 14, архины үйлдвэр 94 байсан бол хэдхэн жилийн дараа спиртийн үйлдвэр 20 гаруй, архины үйлдвэр 176 болтлоо олширсон. Нэг хүнд (архичинд) 1998 онд 4.7 литр спирт ногдож байсан бол 2000 онд 7.81 литр, 2002 онд 9.3 литр гэхчлэн нэмэгдсээр одоо 10 гаруй литр болоод өгчээ. (бүрэн бус тоогоор). Жил бүр 140-150 мянган хүн архидан согтуурч “эрүүлжүүлэхэд” хүргэгдсээр байна.

Ийм маягаар иргэдээ сүйрүүлдэг төр засагтай, үзүүлбэр маягийн “архины хуультай” байгаад байвал ахиад хорин жил өнгөрөхөд өрнөдийнхний “хар зөгнөлийн” эхний хугацаанд л монголчууд мөхөж мэдэхээр байна.

Нэг. Төр засаг нь архины үйлдвэрүүдийг дэмжиж, нэмэн нэмэн байгуулахыг зөвшөөрдөг учраас, архины үйлдвэрүүдийн олз ашгийн татвараар нь улсын төсвийн цоорхойг нөхдөг, хорин жилд таван хүний нэг нь “дарга” болтол нь нэмсэн, давхардсан, сул орон тоог бөглөн суугаа түшмэдүүдийг цалинжуулдаг учраас шинэ он болгоны босгон дээр архины үйлдвэрүүдийг шагнаж өндөр хэргэмтнүүд нь гардуулдаг болсон учир (жишээ нь “Топ-10” гэдэг шагналыг АПУд арав дахь удаагаа Ерөнхий сайд гардуулсан) манайд архи үйлдвэрлэх газар, үйлдвэрлэгчид “Төрийн титэмтэй”, “Төрийн ивээл” дор байгаа хэрэг. Харин сүүлчийн Ерөнхийл өгч шинэ жилээр архитай биш, сүүтэй хундага өргөж, архины болон архидан согтуурахын эсрэг улбагар ч гэсэн хууль гаргасан нь сайшаалтай зүйл болсон. Гэвч хууль нь гууль, хэрэгжилт нь үзүүлбэр болсоор байна. Тиймээс архины үйлдвэр ажилласаар, архиа үйлдвэрлэсээр, архиа наймаалсаар, архиараа үйлчилгээ хийсээр л байна. Сар бүрийн 1-ний өдөр дэлгүүрүүдэд архи зарахыг хориглосон. Гэтэл архичингууд сар бүрийн 30, 31-ний өдрүүдэд дэлгүүрээс архиа авч базаачихаад дараа сарын 1-ний өдөр нь дэлгүүр орохгүй архидсаар л байна. Архи худалдах хуваарь гэж гаргаад хүнсний дэлгүүрт 08-22 цаг, нийтийн үйлчилгээний зоогийн газарт 12-23 цаг, бааранд 15-24 цаг гэхчлэн бусад цэгүүдэд архи худалдаалахгүй, үйлчлэхг үй гэж хориглосон боловч энэ хуваарь ямар ч нөлөөгүй, хуурамч заалт болон хувирсан. Архи зардаггүй, архиар үйлчилдэггүй гэж хорьсон тэр цаг хугацааны үеэр “Ерөө”, “Хараа” гэхчлэн ёр ёозгүй нэртэй архинуудыг нэг шилийг нь 7000-аас доошгүй төгрөгөөр панз үсэргэдэг болсон. Хуурамч архи гаргаж наймаалсан ч удаа бий. Ер нь “Хараа”, “Ерөө” гэдэг нэр архинд даанч зохихгүй “хараал уу”, “ерөөл үү” гэсэн шиг санагдах атал дээр нь бүр “Чингис хаан” гэж дээдлэн хүндлэх ёстой үндэсний бахархал түүхэн хүнийхээ нэрийг, иргэдийг “хагас солиотой” болгож аягүй бол амь алдахад хүргэдэг архиндаа өгч ихэд дэвэргэх болжээ. Нэр завшигчдын энэ шуналыг төр засаг үл тоомсорлодог бололтой. Төр засгийн өндөр хэмжээний хүлээн авалт, төрийн болон засгийн дээд хэмжээний зочид, өндөр зэрэглэлтэй төр, засгийн хэмжээний зочид буудал, зоогийн газрууд ч гэсэн архидах, архиар дайлах бүрэн эрхтэй байсаар. Архины хэмжээ, хатуулаг, бас дарс, виски, шарзны хундага, өргөн барих тоо ч гэсэн бусад оронд тодорхой ёс зүй, хэм хэмжээтэй байдаг бол манайд бүрэн эрх дурын хэрэг юм. Архи үйлдвэрлэх, архи худалдах, архиар үйлчилгээ хийх, архи импортлох, олон нийтийн газар, гудамж, албан байр, үйлчилгээ, соёлын газар архидах, согтуу ирж очих гэхчлэн иж бүрэн хамааралтай хуулийг төр, засаг шинээр боловсруулан гаргаж, хэрэгжүүлэх албыг архины үйлдвэр, архиар үйлчлэгчид, архины худалдаачдаас авах татвараар санхүүжүүлэх шаардлагатай байна.

Хоёр. Архи үйлдвэржүүлэлтийг хянан үзэж, аймаг орон нутагт байгаа жижиг үйлдвэр үүдийг хаах (Ялангуяа дөчөөд онд Монголд Оросоос нэвтрүүлсэн “водка” технологиор архи үйлдвэрлэхийг хорих нь зөв. Учир нь энэх үү хүйтэн технологи нь хүний биед хортой болохыг хүлээн зөвшөөрч ОХУ-д хэрэглэхээ больж буй), архины томоохон үйлдвэрийг төвл өрүүлэн (архи, спирт) нийслэл болон томоохон хотод байрлуулах, үйлдвэрлэх хэмжээг хатуу хязгаартай болгох, экспортлох хэмжээний стандартад хүргэж ихэнх бүтээгдэхүүнээ гадаадын зах зээлд борлуулах бодлого хэрэгж үүлэх, хувиараа болон хууль бусаар архи үйлдвэрлэгчдэд гэмт хэргийн зэрэглэлтэй зэм хүлээлгэдэг болгох, архиа элдэв аргаар сурталчлахыг зогсоох, ер нь спиртээр явдаг Бразилийн автомашиныг авч Монгол дахь автомашинуудыг аажмаар солих, эсвэл Бразил технологийг авч нэвтрүүлэн спирт үйлдвэрлэх архины хатуулгийг багасгаж, үнийг хямдруулах зэрэг цогцолбор арга хэмжээ авч архи үйлдвэрлэлтэд шинэчлэл хиймээр.

Гурав. Архиар хийх үйлчилгээг эрс өөрчлөх, үүнд худалдаагаар архи борлуулахад хязгаар тогтоох, нэг худалдан авагчид нэг удаа нэг л шил архи худалдах, эсвэл насанд хүрсэн хүн болон өрх тэргүүлэгчид картаар архи худалдах, хүнснийхээс бусад дэлгүүрт архи худалдахгүй байх, бөөн өөр худалдахгүй буюу хязгаар тогтоох, кафе, баар, диско клуб, нийтийн хоолны газар, зочид буудал, зоогийн тусгай газар нэг хүнд ногдох хатуу архийг нэг хундагаас (50 грамм) хэтрүүлэхг үй, харин дарс болон шар айргаар хэмжээ тогтоохг үй үйлчилж байх, эдгээр газруудад согтуу, халамцуу орж ирэх хүмүүст үйлчлэхгуй байх, нисэх болон галт тэрэгний буудал зэрэг их хөлийн газар архиар үйлчлэхгүй байх зэргээр соёлтой, хязгаартай, хэмжээтэй үйлчилгээ буй болгох шаардлагатай байна.

Дөрөв. Архичидтай хийх тэмцлийг ажил хэрэгч хэлбэрт оруулахын тулд “Архи амаар ордог үхэл’’, “Архи алуурчин”, “Архичин 10 насаар эрт амьдралаа төгсгөдөг”, “Архи солиоруулагч”, “Архи гэмт хэрэг өдөөгч”, “Архи хулгайд турхирагч”, “Архи тахир дутуу болгогч” зэрэг сэдвээр бүх хэвлэл мэдээллээр байнгын ухуулга явуулж, архичин бүртэй энэ сэдвээр нүүр тулсан ярилцлага хийдэг болохын хамт архичин болоход түлхдэг нийгмийн шалтгааныг арилгах, үүнд: ажилгүйдэл, ганцаардал, албаны болон хүмүүсийн дарангуйлал, архичдын муу нөлөөнд автах, сэтгэл санаагаар унах, хамт олны болон хань, үр хүүхдийн дэмжлэг дутах, бусдын эрхэнд орох, өвчний шаналгаа гутрал зэрэг эсрэг нөлөөнөөс чөлөөлөх, хүн хүндээ нөхөр байх ёс суртахуун төлөвшүүлэх замаар “архичин” гэдэг муу нэр олж, архинд биеэ мэдүүлэхээс аврах үндэсний хөтөлбөр хэрэгжүүлэх нь чухал.

Тав. Гадаадаас зөөдөг архиар хэлмэгдүүлэхийн эсрэг бодлого хэрэгтэй. 2008 оны баримтаар үзэхэд манай 740 аж ахуйн нэгж гадаадаас 44.8 сая литр архи импортоор оруулж ирсэн нь нэг хүнд жилд 102 литр архи ногдохоор тоо юм. Биднийг архинд живээсэй гэдэг үзэлтэй ч юм уу, Шинжаанд манай улсын баруун хил орчим спиртийн хоёр үйлдвэр томоохон хэмжээтэй байгуулаад, гол бүтээгдэхүүнээ Монголын баруун хилээр Байтаг, Ярантын боомтоор нааш нь байнга нэвтр үүлсээр байгаа (зээлээр хүртэл оруулдаг) билээ. Тэр үйлдвэрийн техникийн бүтээгдэхүүн нь спирт байсан. Гадаад худалдаагаар архи оруулж ирэхдээ авлигалуулах, хуурагдах нь “хуурамч архи” нэвтрэх бас нэг цоорхой юм. Хэдэн жилийн тэртээ Эрдэнэтийнхэн ойгоо тэмдэглэхээр Хятадаас виски олон сая төгрөгийнхийг оруулж ирсэн нь хуурамч байсан тохиолдол ч гарсан. Иймд гадаадаас оруулж ирдэг архины асуудлыг ч хэмжээ, хяналттай, журамтай ойлгох ёстой байна.

Зургаа. Архидалтын хор хөнөөл олон талтай, аюултай хэмжээнд хүрээд байна. Энэ талаар ДЭМБ 2011 онд судалгаа хийгээд Монголын аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээнд архи, архидалт хүрчээ гэж үзэж, яаралтай арга хэмжээг олон улсын жишгээр авахыг зөвлөс өн билээ.

Яаснаас тийм түгшүүртэй байдал буй болов гэвэл:

-Монголд 173.5 сая литр архи, спирт үйлдвэрлэж, 75.5 сая литр архийг гаднаас оруулж ирж иргэддээ уулгадаг.

-Жилд 140-150 мянган хүн эрүүлжигддэг.

-Архидалтын улмаас жилд 1000-1800 хүн нас бардаг.

-Хүн тутамд жилд 28-38 хүртэл литр архи ногдож, 270 хүн тутамд архины нэг дэлгүүр үйлчилдгээс таван иргэн бүрийн нэг нь архинд донтсон.

-Жилд гарч буй үйлдвэрийн аваар ослын 30 хувь нь архидалтаас болдог.

-Жил тутмын нийт гэмт хэргийн 30 хувь нь архичдынх.

-Жилд гарч буй автотехникийн ослын 60-70 хувь нь архидалт, архичдынх.

-Жилд гарч буй хүн амины хэргийн 80 хувь нь архичдынх.

-Гэр бүл салалтын 50 орчим хувь нь архидалтаас үүддэг.

-Архиддаг хүүхнүүдийн үр хүүхэд гажигтай төрдгөөс 2002 онд 386 эмэгтэйн 272 нь үр зулбаж, амьд үлдсэн 114 хүүхдээс 91 нь найман нас хүрээд унаж тусдаг, оюун ухаан, мэдрэл, сэтгэхүйн өвчтэй болсон.

-Архинд шунаж үргэлж уудаг болоод ирэхээр “донтох” өвчин тусдаг бөгөөд 2006 онд донтож өвдөгсөд 13.6 хувь байсан бол дөрөвхөн жилийн дотор 25 хувь болтлоо өссөн байна.

-Архидсаны гайгаар сэтгэцийн өвчин нэмэгдэж, зөвхөн 2011 онд гэхэд л Сэтгэцийн эмгэг судлалын төвд 5123 хүн эмчлүүлсэн бөгөөд цаашид нэмэгдэх хандлагаар явж байна.

-Бас амиа хорлогчдын ч нэлээд нь архинд хөтл өгдсөн байх тул архидалтын хэмжээ өсөхийн хэрээр амиа хорлогчид нэмэгдсээр (2003 онд 208, 2008 онд 340 хүн амиа хорлосон) байна.

-Архидагчдын нас залуужиж, 80 хувь нь 13-30 насныхан болсон төдийгүй 2009 онд жишээ нь 60 гаруй хүүхэд эрүүлжигдсэн. (ахмад архичид, архичин хүн 10 насаар дутуу насалдаг учир тоо нь цөөрсөөр буй)

-Гуанз, кафе, баар мэтээс гадна гэртээ согтуурах нь нэмэгдэж, гэр орноо архидах голомт болгоод зогсоогүй гэрийн эзэн, түүний найз архичдын дарангуйлалд өртөгсдийн 80 хувь эмэгтэйчүүд болоод байна.

Архи гэдэг “амаар ордог үхэл” үндэсний аюулгүй байдлын ил дайсан болж байгааг дээрх баримтууд маш тодорхой харуулж байна. Ийм үзэгдэл зах, зээлийн гэх харилцаанд орсноос хойш жилээс жилд гаарсаар байгаа тул нэг бус удаа нийтлэл, шүүмжлэл бичсэн боловч төр, засгийн эрх мэдэлтнүүдийн чих, нүдний хажуугаар өнгөр өх мэт таг яг байсан тул 2004 онд аргаа баран “А” бөмбөгөнд үндэсний эсэргүүцэл зарлая” гэсэн бяцхан тунхаг гаргаж хэвлүүлсэн билээ. Харин тэр жилээс эхлэн “Архидан согтуурахын эсрэг хууль”, журам гаргаж, зарим үр дүнд хүрсэн ч гэсэн хууль, журмын аль аль нь олон цоорхойтой, хэн нэгний (архины үйлдвэр, худалдаа эрхлэгчдийн) хувийн сонирхолд нийцсэн хандлагатай, бас хэрэгжүүлэх ажил нь ор нэр болсоор арваад жил өнгөрлөө. Тэр тунхаглалаа ахин энэ өгүүлэлд хавсаргав.

Долоо. Архиар баяжих сонирхол их, бас тэр нь явцтай байгаа тул энэхүү хорт зэвсгийг гартаа барин эзэмшигчид зэвсгээ хойш тавих нь бүү хэл улам хурц болгохоор амь тавин тэмцдэгийг өнгөрсөн жилүүд харууллаа. Архиар мөнгө ологчид хэн бэ гэвэл харамсалтай нь төр, засаг өөрөө нэгдүгээр байр эзэлдэг. Архины татвараас улсын төсвийн цоорхойг бөглөдөг. 2012 онд гэхэд улсын төсөв батлахдаа архинаас авах онцгой татварыг 63 тэрбумаар тооцоолсон байх жишээтэй.

Архины үйлдвэр ийм ашигтай гэж үзээд улсын төсөв батлагчид архи үйлдвэрлэхийг дэмжиж, бэлэн мөнгө орох эх булаг гэж үздэгээр барахгүй хууль тогтоогчид, төсөв боловсруулагчид дотор ч архиар ашиг олох хувийн сонирхол, бизнестэй эрх баригчид байгаа нь хүмүүст нууц биш юм. Зөвхөн үйлдвэр ч биш, үйлдвэрлэсэн архийг худалдагч дэлгүүрүүд, түүгээр хүмүүсийн халаасыг хоослогч гуанз, ресторан, кафе, баар, зочид буудлууд бас ашиг олдог, ашгийн татвар төлдөг нь мэдээж юм. Зөвхөн нийслэлийн ганц дүүрэг Баянгол гэхэд л 800 гаруй архи зардаг дэлгүүртэй, ер нь нийслэлд архи худалдан борлуулдаг 3600-гаад аж ахуйн нэгж байдаг ажээ. Эдгээр нь цөмөөрөө архи гэдэг хүний хороор мөнгө хийгчид юм.

“Хүний хор” гэхээр үнэмшихгүй, бас хилэгнэх хүмүүс (архичид) цөөнгүй. Гэтэл 1936-2006 оны хоорондох далаад жилд этилийн спиртийг устай хольж хүйтэн аргаар хийдэг (тэр нь хүнийг дэвэргэж, зүрх цөсийг нь хөдөлгөх нөлөөтэй) “водка” гэж оросуудын нэрлэсэн согтууруулах цэнхэр усыг “орос ах нарыгаа” дуурайн монголчууд залгилахаар барахгүй, тэдний технологиор нийслэл болон аймгийн төв үүдэд архины цех байгуулан ажилласаар байсан түүхэн үнэн байж байна. Тэрхүү “водка” гэдэг согтууруулах (этилийн спирт, ус хоёр) ундааг их удирдагчийнхаа заавраар эрдэмтэд нь боловсруулсан технологиор хийж хоёрдугаар дайны жилүүдэд байлдааны шугам дахь залуу цэргүүдээ ундлан зоригжуулж, “ура” хашгиран босгодог байжээ. Дайн дууссан ч гэсэн “водканд” орсон залуус бүхэл бүтэн үеийнхэн болон үлдэж, олон оны энхийн үе элээхдээ үргэлжлүүлэн хүртсээр бүр заншил болчихсон байсан хэрэг. Хэдхэн жилийн тэртээд өнөөх “водкаг” хүний биед хохиролтой “ундаа” гэдгийг нь эрдэмтэд нотолж Орост “водкаг” (усхан гэсэн утга агуулсан) хориглосон юм. Тэр тухай ОХУ-ын хэвлэлд цөөнгүй нийтлэл гарсан. Манайд ч зарим нь орчуулагдсан юм. (Манай цагаан архийг “Архи” гэдэг үгийг нь шиферлэн “Ах, родная, хорошо идёт!” гэж орос ах нар инээлдэн уудаг байлаа).

Манайхны архины үйлдвэрүүд тэр “водка” технологио орхисон байлгүй дээ. Эс тэгвэл орос ахаасаа сурсан эрдмээ уух хэмжээгээрээ ч, үйлдвэрлэх хэмжээгээрээ ч давж гараад байгаа юм биш биз.

Оросын хүн ам сүүлийн найман жилд 2.3 саяар буюу манай улсын бараг бүх хүн амтай тэнцэх тоогоор хорогдсон мэдээ хэвлэлд гарсан. Хориод мянган тосгон эзгүйрч, орос эрчүүдийн дундаж нас 39 болчихсон байгааг 2010 оны Оросын тоо бүртгэл (хүн амын) харуулсан байна. Архидах насны нэг орос хүн 18 литр архи жилдээ ууж байгаа бол “дүү” Монголд нь нэг хүнд 37.6 литр ногдож байна даа. “Ахаасаа” 50 хувиар илүү нанчид зооглож байгаа хэрэг. “Манай улсын эдийн засгийн доройтол ядуурал, архинаас болж байна” гэж мэдэгдээд Д.Медведев дарга нь үндэсний тусгай комисс байгуулан архи, архидалттай тэмцэж эхэллээ. Үүнийг бол харин дуураймаар юм. Архичин бол өөрөө өөртөө, бас өрөөл бусдыг хөнөөгчид тул хатуу хууль хэрэгтэй.


Лодонгийн ТҮДЭВ www.mongolnews.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ