Саваагүйтсэнээс хүчингийн хэргийн хохирогч болж байна

Цахим ертөнцөд буюу онлайн чат, фэйсбүүкээр дураараа дургиж, саваагүйт­сэнийхээ төлөө өнгөрсөн онд бэлгийн хүчирхийлэлд өртсөн гэх 15 хэрэг цаг­даагийн байгууллагад бүртгэгджээ.

Өөрөөр хэлбэл өнөө цагт хүүхэд залуусын гол хэрэглээ болсон цахим ертөнцөөр аялсан насанд хүрээгүй охид гэмт хэргийн зо­лиос болсоор байгаа нь энэ.

Дээрх хэргийн хо­хи­рог­чид нь ихэвчлэн насанд хү­рээгүй охид байсан нь олны сэтгэлийг чилээж байна.
Түүнчлэн олон нийтийн сүлжээгээр бусдын нэр хүндэд халдах, гутаан до­ромж­лох үзэгдэл сүүлийн үед газар авлаа. Тамхи татаж байгаа залуугийн зургийг нь авчихаад мөнгө нэхсэн, олон нийтийн сүлжээгээр хэн нэгний нүцгэн зургийг тавьж дарамтлах зэрэг олон хэ­рэг гарсаар байна.

Техник технологийн хөгж­­лийг үгүйсгэж болохгүй ч үүнийг буруугаар ашиглах башир аргатнууд их байгааг дээрх хэргүүд харуулж байгаа юм. Улмаар гишгэх газаргүй болж амиа хорлох, амьдралаараа тоглуулж бай­гаа хүн ч нэлээд бай­на.

Үүний тод жишээ нь дунд сургуулийн сурагч Н охин. Тэрбээр хэдхэн хо­­ногийн өмнө гар утсаа хул­гайд алд­жээ. Түүний утсыг нь хулгайлсан этгээд охины утсан дээр байсан угаалгын өрөөндөө цээж нүц­гэн зур­гуудыг цахим ертөнцөд тавьж шуугиан тарьсан. Түү­нээс болж Н охин хичээл сур­гуульдаа очих байтугай сэтгэлзүйн дарамтад орсон байна.

Ё.Лхагвасүрэн: Охины эрүүл мэнд, амь нас нь аюулгүй гэх баталгаа байхгүй

Ингээд энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ямар хариуцлага хүлээлгэдэг талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс дараах зүйлийг тодрууллаа.

-Хэд хоногийн өмнө дунд сургуулийн сурагч гар утсаа хулгайд алдсанаас болж түүний тухай цахим ертөнцөд шуугиан дэгдсэн. Ингэхэд олон ний­тийн сүл­жээ ашиглан бус­дын нэр хүндэд халдаж, гүт­гэн до­ромжилсон гэмт этгээдэд хуулийн ямар ха­риуц­лага хүлээлгэдэг юм бэ?

-Аливаа хуулийн этгээд олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл ашиглан бусдын нэр хүндийг гутаасан нийтлэл, материал, зураг цацсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хү­лээнэ. Дээрх охины хувьд эд материал болон сэтгэл санааны хохирол амссан.

Мөн эрүүл мэнд, амь насанд нь аюулгүй гэх баталгаа байхгүй. Тий­мээс цагдаагийн бай­гуул­­лагаас хуулийн да­гуу шаард­лагатай арга хэм­жээ авах болно. Гэхдээ ту­хайн хохирогч хуулийн байгуул­лагад өргөдөл гарган хандах хэрэгтэй.

-Яг ямар хариуцлага хү­лээлгэнэ гэж. Тухайлбал охины зургийг олон нийтэд түгээсэн этгээдэд ямар ха­риуцлага тооцох вэ?
-Охины зургийг цахим ертөнцөд байршуулсан эт­гээдэд Эрүүгийн тухай хуулийн 136.1-д зааснаар хуулиар хамгаалагдсан хувь хүний нууцыг мэдсэн этгээд задруулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэхүйц хэмжээний төг­рөгөөр торгох, эсвэл 1-3 сар баривчлах зүйл ангиар хэрэг үүсгэнэ.

-Нүцгэн зураг нь олон нийтэд цацагдсанаас болж охины сэтгэл санаа хүнд байгаа. Нөгөө­тэй­гүүр шил­­жил­­­тийн насны охид сэтгэ­­лийн хямралаасаа гарч чадал­гүй явсаар амиа хор­лох тохиолдол гардаг шүү дээ?
-Хувь хүний нууцыг олон нийтэд тараасны улмаас бусдад хүнд хор уршиг учирсан бол ял нь хүндэрнэ. Эрүүгийн хуулийн 136.2-т зааснаар дээд тал нь таван жил хүртэлх хуга­цаагаар хорих эрх зүйн бүрэн үндэслэлтэй. Харин гэмт этгээд хийсэн үйлдлээ хүлээж өөрөө цагдаагийн бай­гууллагад хандвал ялаас чөлөөлнө.

-Гэмт этгээд хэргээ өөрөө хүлээвэл хариуцлага тооцохгүй гэсэн үг үү?
-Тийм ээ. Хөнгөн болон хөнгөвтөр хэрэг үйлдсэн этгээд хэргээ өөрөө хүлээвэл ялаас чөлөөлөх хүртэлх арга хэмжээ авдаг. Харин хүнд болон онц хүнд гэмт хэрэг хийсэн этгээд хэргээ хүлээж цагдаад хандвал ялыг нь хөнгөлдөг байгаа.

-Иргэд тэр тусмаа за­луусын дунд цахим ер­төн­цөд үйлдэгдсэн гэмт хэрэг илэр­дэггүй гэх ойл­голт байдаг?
-Энэ бол ташаа ойлголт. Ямар ч гэмт хэрэг ул мөрөө үлдээж байдаг. Тэр тусмаа цахим ертөнцөд үйлдэгдсэн гэмт хэрэг бусад хэргийг бодоход амархан илрэх боломжтой.

-Олон нийтийн сүлжээ­гээр биеэ үнэлэх, түүнээсээ болж хохирогч болох тохиол­дол гарч байна. Үүнтэй хэр­хэн тэмцдэг юм бэ?
-Мэдээж цагдаагийн байгууллагаас хяналт тавьж ажилладаг. Зөвхөн гэмт хэргийн шинжтэй үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэдэг. Гэхдээ бидэнд иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхэнд нь халдах эрх байхгүй.


Харин өнгөрсөн онд л гэхэд олон нийтийн сүл­жээгээр танилцаж бэл­гийн хүчирхийлэлд өртсөн 14-15 гэмт хэрэг бүртгэгдсэн. Хохирогчид нь ихэвчлэн насанд хүрээгүй охидууд байсан. Ийм төрлийн гэмт хэрэг үйлдсэн этгээдэд Эрүү­гийн хуулийн 122-т зааснаар дээд тал нь гурван жил хорих ял оноодог.

Энэ бол манай улсад мөрдөгдөж буй хуулийн дагуу хариуцлага тооцох хэлбэр. Гэвч үүний цаана цагдаагийн байгууллагад хандаагүй хэдэн хүн нэр хүнд, амь амьдралаараа хохирчихоод байгааг тоолох боломжгүй.

Тиймээс мэдээллийг бо­­­гино хугацаанд олон ний­тэд тараах боломжтой цахим ертөнцөд мөн л тэр хэм­жээгээр хохирч үлддэг гэдгийг хүүхэд залууст са­нуулж, сэрэмжлүүлэх шаард­лагатай болж байгаа юм. Иймээс эцэг, эх асран хамгаалагчид ч цахим гэмт хэргийн золиос болгохгүйн тулд үр хүүхэддээ тодорхой хэмжээгээр хяналт тавьж байх ёстой.

Зөвхөн хүүхэд залуусаар ч зогсохгүй саяхан ТЕГ-ын Кибер аюулгүй байдлын газраас “Smishing” буюу Смишинг гэмт хэргийн халдлагаас болгоомжлохыг анхааруулж байсан билээ. Энэ нь тухайн хүний ухаалаг гар утас, таблет, компьютерт чиглэх хортой вэб холбоос линкээр дамжин нэвтэрч тухайн иргэний хувийн мэдээл­лийг хулгайлах төрлийн гэмт хэрэг юм.

Нөгөөтэйгүүр хүн тө­­рөлхтний хэрэглээ өдөр ирэх тусам илүү хялбар боловс­ронгуй болж байгаатай хол­­­богдон дээрх төрлийн гэмт хэргийн гаралт улам нэмэгдэх хандлагатай байна. Тухайлбал 2013 онд манай улсын хэд хэдэн иргэн онлайн хэлбэрээр гадаад улстай худалдаа хийхдээ Смишинг болон Пишинг гэмт хэргийн хохирогч болжээ.

Тэд авто машин, ца­хилгаан бараа, гутал хувцас зэргийг худалдан авахдаа үл таних, аль нэг худалдааны болоод төлбөрийн вэб сайтыг дуурайлган хийсэн хуурамч вэб сайтыг ашиглаж өөрс­дийн дасны мэдээллээ гэмт этгээдүүдэд алдсанаар дан­сан дахь мөнгөө мөн адил алд­сан юм. Иймээс ард иргэд өөрсдөө сонор сэрэмжтэй байхыг хууль хяналтын бай­гууллагаас анхааруулсаар байна.

Б.Төрбат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ