Ален Арман: “Бага хаадын өвчин”-өөс салах хэрэгтэй байна

Өнгөрсөн оноос телевизээр хэн юу үзэж байгаа тухай харьцангуй найдвартай судалгааг олон улсад хэрэглэгддэг харьцангуй дэвшилт аргаар судалж мэдээлдэг болсноор Монголчууд бид Солонгос кинонд нэвт шувт орсон болохыг баттай мэдэж авсан билээ. Энэ талаар ч эрдэмтэн судлаачид бухимдлаа илэрхийлж “Кугурёо улсын түүхийг нэвт мэддэг мөртлөө Монгол гэхээр Чингис хаанаасаа цаашаа явдаггүй залуучуудтай боллоо” гэлцэж байсан ч энэ талаар дорвитой арга хэмжээ авч хэрэгжүүлсэн хүн цөөн.
Харин Хонгилын үзүүрт гэрэл асна гэгчээр, олон нийтэд байтугай судлаачдын хувьд ч тодорхойгүй байдаг Монголын түүхийн нэгэн зангилаа үеийн тухай “Бага хаадын үе” олон ангит кино МҮОНТ–ээр 2014 оны 1-р сарын 27-ны өдрөөс эхлэн гарч эхэллээ. Ном зохиол хэлбэрээр биш, одоогийн бидний хамгийн их таашаадаг олон ангит кино хэлбэрээр хүрч байгаагаараа энэ нь ихээхэн ач холбогдолтой юм. Тиймээс амар хялбар зүйл гэж хэзээ ч байдаггүй ч тэр дотроо хамгийн хэцүү, тодорхойгүй үеийг сонгон авч, уран бүтээлчийн хувьд маш шинэлэг, шийдмэг алхам хийсэн, “Бага хаадын үе” олон ангит киноны зохиолч, Ерөнхий продюсер Ален Арманыг уншигч та бүхэнтэйгээ уулзуулж байгаадаа таатай байна.
Манай урилгыг хүлээн авч бидэнтэй уулзаж буйд баярлалаа. Таны хамгийн сүүлд олны хүртээл болоод байгаа “Бага хаадын үе” үзэгч олны анхаарлыг ихэд татаж байна. Энэ киноны зохиолыг та долоон жил бичсэн гэж хэвлэлүүд шуугисан энэ үнэн үү? Яриагаа эндээс эхлэвэл сонирхолтой байх болов уу? Ийм урт хугацаа зарцуулсаны учир юу вэ?
Долоон жил. Мэдээж хүмүүс энэ урт хугацааг сонсоод гайхах нь аргагүй. Хэр хөдөлмөр зарцуулснаа гавъяа байгуулсан мэт яриад яах вэ. Ямар ч байсан гарт баригдах, нүдэнд харагдах талаасаа 360 гаруй хуудас (А4 цаасаар тооцоход) зохиол. Би утга зохиолын дотоод мөн чанар, агуулгыг биш, гаднахь хавтас, хуудасных нь тоог эрхэмлэдэг хүмүүст хандаж ингэж хэлж байгаа юм. (Инээв) Хорин хоёр хааны түүхийг уран сайхны аргаар харуулсан зохиол л доо. Тэгээд өнгөрсөн жил би Багштайгаа уулзаж, энэ зохиолоороо кино хийвэл яах болгэтэл “3өв хийх хэрэгтэй, Монголчуудад маань эв нэгдэл юу, юунаас илүү эрхэм. Бид тамын тогооноос гарахад, энэ кино чинь дуслын төдий ч атугай нэмэр болох учиртай” гэж ихэд урам өгч дэмжсэнээр, киногоо бүтээхээр зориг шулуудсандаа.
Таны багш түүхч хүн үү?
Тэр түүхч биш, харин түүхийг бүтээдэг хүн л дээ (Инээв). Энд би нэг зүйл тодруулмаар байгаа юм. Түүхэн сэдэвтэй уран сайхны олон ангит кино гэж. Тэрнээс ягштал түүхийн баримтанд тулгуурлах аргагүй. Учир нь манай энэ үеийн хорин хоёр хаадын түүх нь үндсэндээ байхгүйтэй адил. Тийм ч учраас энэ үеийг Монголын түүхийн “Цагаан толбо” гэж нэрлэдэг.
Яагаад ингэж нэрлэдэг юм бол? “Цагаан” гэдэг нь ямар учиртай байх вэ?
Энэ “цагаан толбо” гэдэг нэрийн хувьд, ямар ч эх сурвалж, баримт бараг үлдээгүй болохоор л тэгж нэрлэдэг юм билээ. “Хар толбо” гэвэл баримтууд нь үлдсэн түүхийг хэлдэг. “Хар толбо”-ны наад захын жишээ гэвэл 1937 оныг нэрлэж болох юм. 20500 хүн цаазалсан, хичнээн мянган хүн хэлмэгдсэн гэх мэт бүр нарийн биш ч гэсэн тодорхой баримт, эх сурвалж нь байх жишээний. Би энэхүү зохиолыг бичихдээ маш олон хүнтэй уулзаж, уран сайхны ч, том том түүхчдийнхээ ч олон ном бүтээл уншиж судалсан. Өвөр Монголын түүхчдийнхийг ч мөн адил. Бүгд л энэ үед “Монголын түүхийн цагаан толбо” гэдэг нэр томъёог ашигладаг юм билээ. Ер нь түрүүн өөрийн чинь асуусан долоон жилийн учир нь энэ л дээ. Олон хүнтэй уулзаж, олон эх сурвалж судалж, маш их мэдээлэл аваад, түүнийгээ дотор нь боловсруулж бас хүн үзэхээр, хүнд таалагдахаар кино хийхийн тулд л тэр хугацааг зарцуулсан гэсэн үг. Тэгээд ч манай түүхийн зөвлөхүүд болох ШУА-ийн Түүхийн хүрээлэнгийн түүхч доктор С.Цолмон эгч, “Төрт ёс-Хаадын сан”-гийн тэргүүн Д. Гүн-Үйлс нар, ямар ч байсан энэ үеийг зөв, буруу ч атугай залуус, хойчдоо хүргэх их ажил хийсэн байна хэмээн үнэлсэнд сэтгэл овоо тэнүүн яваа шүү. Бас “Бараг Чингис хааны дэргэд байсан шахуу нөхдүүд чам руу маш их шүүмжлэл шиднэ. Бүү тоо. Учир нь чи хэний ч хийгээгүйг хийж чадсан шүү” гэж урам хайрласанд талархаад баршгүй. Нээрэн ч манай багшийн хэлдгээр аль юм болгон айж, алгын чинээ болж явах вэ дээ. Шүүмжлэх нэг нь шүүмжилнэ л биз. Харин хий дэмий сайтаар муулах биш хийж бүтээх ажилд тэр илүүдээ гараад байгаа, хэрүүл уруулд үрэх цагаа зарцуулаасай гэж хүсье дээ (Инээв).
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ