Намрын чуулган үр дүнгээ өгсөн үү

УИХ-ын намрын чуулган Цагаан сарын өмнө завсарласан. Ажлын 86 хоног үргэлжилсэн энэ удаагийн чуулганаар нийт 148 хууль, тогтоол баталсан байна. Энэ нь нийт хэлэлцэх ёстой асуудлын 40 хувьд хүрч байгаа аж.
Энэ удаагийн намрын чуулганаар хэлэлцсэн хамгийн чухал асуудал бол 2014 төсвийг баталсан явдал байлаа. Ерөнхий сайдын зүгээс “авлигажсан” гэх тодотгол өгсөн 139.1 тэрбум төгрөгийн 243 төсөл, арга хэмжээний энэ онд санхүүжүүлэх 106.3 тэрбум төгрөгийн төсвийг УИХ анх удаа царцаасан. Бас 243 барилгын төсөвт өртөг нэмэгдсэн шалтгаан болон бусад бүрхэг байсан шалтгааныг тодруулахаар аудит хийлгэсэн нь онцлог байлаа.
Дараагийн нэг чухал асуудал бол Хөрөнгө оруулалтын болон Хөрөнгө оруулалтын сангийн, Алтны худалдаанд ил тод байдлыг хангах тухай хуулийн төсөл. Учир нь өнгөрсөн намар хуралдсан ээлжит бус чуулганаар хэлэлцэх байсан ч намрын чуулган руу шилжсэн юм. Намрын чуулганы явцад хамгийн их хардлага, маргаан дагуулсан асуудал нь алт байв. Олборлосон алтаа Монголбанкинд тушаасан нөхцөлд роялтийг 2.5 хувь болгож бууруулахаар уг төсөлд тусгасан. Ийм аргаар эх орондоо алтны болон валютын нөөцөө нэмэгдүүлж, төгрөгийн ханшийг тогтворжуулах боломжтой хэмээн Засгийн газар үзсэн байна. Хуулийн зохицуулалт бүх компанид үйлчилнэ. Тиймээс Оюутолгойд ногдох роялти ч ялгаагүй 2.5 хувь болж буурах байв. Үүнийг сөрөг хүчин эсэргүүцэж, “Оюутолгойн лообий” хэмээн хардсан. Ирц бүрдээгүйгээс ч болсон уу, сөрөг хүчний шүүмжлэл хүчтэй байв уу Алтны худалдаанд ил тод байдлыг хангах тухай хуулийн төсөл чуулган дээр “унасан”. Гэхдээ олонх зорилгоосоо буцсангүй. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл боловсруулж, үүндээ дээрх зохицуулалтаа тусгаад батлуулж чадав. Мөн Эрдэс баялгийн салбарт төрөөс баримтлах бодлого, шүүх, цагдаагийн байгууллагад хийх шинэчлэлийг дэмжсэн хэд хэдэн хуулийн төслийг энэ чуулган гараас гаргажээ.
Улстөрчдийг талцуулсан хуулийн нэг нь УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах заалт. Хуралдаандаа цагтаа ирдэггүй, ирц хүрээгүйгээс хэлэлцэх асуудал хойшлогддог үзэгдэл парламентад уламжлал болон тогтсон. Тиймээс ч “цахим” спикер гишүүдийг цагаа барьдаг болгохын тулд “хуруу”-гаар ирц бүрдүүлэхээр 29 саяын автомат тоног төхөөрөмжийг ч бэлэн болгосон байлаа. Харин хуруугаараа ирцээ бүртгүүлэх нь УИХ-ын гишүүний нэр хүндэд ичгэвтэр төдийгүй бүрэн эрхэд халдсан асуудал. Нөгөөтэйгүүр хуруугаар санал өгөх нь будилаан үүсгэх бас нэг хэлбэр хэмээн эрхэм гишүүд өөрсдийгөө тас өмөөрч МАН, АН-ын бүлгийн дарга нарыг санаачилсан төслөө татаж авахыг шаардсанаар дуусгавар болсон билээ. Парламент дахь үзэгдэл үүгээр дуусгавар болсонгүй. Намрын чуулганы хугацаанд МАН, МАХН-МҮАН-ын хамтарсан “Шударга ёс” бүлгийн зүгээс өргөн барьсан хуулийн төслүүд хэлэлцэгдсэнгүй гэсэн гомдолд спикер дарагдсан. Тэрбээр хууль санаачлагчид Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ дагуу олон хууль боловсруулж өргөн барьж байна. Энэ нь сайшаалтай хэдий ч нийгмийн бодит хэрэгцээ шаардлагыг зөв тодорхойлж, үндэслэл бүхий судалгаа, тооцоо сайтай хуулийг чанартай боловсруулан өргөн мэдүүлэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Зарим хуулийн төсөлд их наяд төгрөг зарцуулагдахаар боловсруулагдсан байна. Гэтэл улсын төсөв маань тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгааг анхаарах хэрэгтэй гэсэн тайлбарыг өгсөн.
УИХ-ын дарга З.Энхболд Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр лүү” санаачилгыг дэмжиж “Үндэсний хөгжлийн стратеги” сэдэвт уулзалтыг Хэнтий, Дархан аймагт зохион байгуулснаа дурдлаа. Төрийн тэргүүний “давхар дээл”-ийг дан болгох Засгийн газар, УИХ-ын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг эрх баригчид хойшлуулсаар намрын чуулганаар хэлэлцэж амжаагүй гэдгээ харин хэлсэнгүй. Ерөнхийлөгчийн санаачилгыг дэмжиж “Хөгжлийн бодлого төлөвлөлтийг боловсронгуй болгох” УИХ-ын тогтоолын төслийг байнгын хороод хэлэлцэж байгааг онцлов. Төрийн тэргүүний санаачилгыг үнэхээр дэмжиж байвал өргөн барьсан хуулийн төслийг нь батлахад л хангалттай биш гэж үү. Гэтэл энэ хуулийн төслийг хэлэлцэх болохоор эрх баригчид саад болдог нь нууц биш. Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн сарын 23-ны нэгдсэн чуулганаар уг хуулийн төслийг хэлэлцэх үеэр АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат ажлын тав хоногийн завсарлага авсан. Үүнээс харахад Засгийн газрын сайдууд давхар дээлээ тайлах дургүй байгаа нь илт байлаа.
Угтаа бол намын чуулган хоёрдугаар сард завсарлах төлөвтэй байсан. Гэсэн хэдий ч ээлжит бус чуулган зарлан хуралдуулахтай холбогдуулан ийнхүү завсарлалаа. Ээлжит бус чуулганаар энэ оны төсвийг тодотгоно. 2014 оны төсвийг батлахдаа санхүүжилтийг нь царцаасан 234 объектод Үндэсний аудитын газраас дүгнэлт хийгээд дууссан. Үүнийг Бүлэг, Байнгын хороодоор хэлэлцээд чуулган дээр “шүүнэ”. Будлиангүй барилгын санхүүжилтийг төсвийн тодотголоор суулгах учиртай. Дээрээс нь хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг баталж чадаагүй завсарласан.
Б.Тэмүүлэн
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ