Цагаан нөмрөгт судлаачийн сүнс

Улаанбаатарын төвийн нэгэн эмнэлгийн судалгааны лабораторид хэдэн жилийн өмнө болсон нэгэн сонин явдлыг эмч нарын сонирхуулснаар хүргэж байна. Уг нь анагаах ухааны хувьд ор байдаггүй гэх үзэгдэл учраас тэр бүр ярьдаггүй байжээ. Гэхдээ л нэгэнт амьдралд тохиосон зүйл тул яахин үгүйсгэх билээ. Мөн л элдэв арга чарга хайлгаж байж учрыг нь олсон гэх. Талийгаачийн буюу сүнсний эзнийг Б гэе. Ерээд оны эхээр АУИС-ийн эмчилгээний ангийг төгссөн нэгэн бөгөөд нэгэн өвөрмөц эсийн талаар судалгаа хийн цол хамгаалахаар зэхэж байсан гэдэг юм. Судалгаа, шинжилгээгээ сүүлийн үед ёстой солиорсон гэхээр хийдэг байжээ. Өдөр, шөнийн алинд нь ч лабораторидоо сууж бараг нойр, хоолгүй ажиллаж байсан юм байх. Ер нь түүний үхлийн шалтгааныг бараг “хэтийдсэн нөр их хөдөлмөр” гэхэд хилсдэхгүй хэмээн түүнийг таньдаг, мэддэг хүмүүс ярьсан юм. Гэнэт бие нь муудаж, ядаргаанд орсоноор онош нь тогтоогдохгүй эмгэгт ороогдон “Зүрх судас, амьсгалын замын цочмог дутагдал” гэх ерөнхий оноштойгоор хорвоог орхижээ. Төвийн бүх эмнэлэгт шинжлүүлж, эмчлүүлээд тусыг эс олсон гэх. Эмнэлэгт эмчлүүлж байгаа мөртлөө лабораторидоо шөнийг хугасладаг байсан гээд бод доо. Найз нөхөд нь уг нь зөвлөдөг байжээ. “Чи эмч хүн өөрөө сайн мэдэж байгаа ш дээ. Эрүүл байж сая бүхнийг хийнэ биш үү? Чи эхлээд эмчлүүлэхээ чухалчил. Сэдэв хуучирна гэх биш. Тэгээд ч чиний судалж байгаа эсийн сэдэв дэлхийд ч ховорт тооцогдох тул тэр болгоны санаанд орохгүй. Хамт байдаг бид л мэдэхгүй байхад хаа байсан холын хүмүүс яаж мэддэг юм. Тэгэхээр биеэ бод” гэдэг байжээ.

Хариуд нь Б судлаач “Би ойлгож байна аа. Гэхдээ маш чухал сэдэв олсон болохоор яаравчлахгүй бол болохгүй нь ээ. Израилийн эрдэмтэд тун төстэй санаа дэвшүүлсэн байна лээ. Тэдэнтэй уралдаж байна даа. Тэднээс хоцрох вий гэхээр ёстой яс хавталзах юм. Хэрэв тэгэхэд хүрвэл амьд явахын ч хэрэг алга. Ганцхан юман дээр л гацчихаад байна. Нэг урвалж бодис олдохгүй юм. Гаднаас авах гэхээр маш үнэтэй юм. Миний шинжилгээнд хэрэглэгдэх хэмжээний бодис 100 мянган ам.доллар болно. Түүнийг надад хэн өгөх билээ. Би орлуулагч хэрэглээд байгаа болохоор олигтой болохгүйгээс гадна цаг их алдаж байна. “Хөтөлбөр”-өөр хэрэгждэг болохоор олдохгүйн зовлон байхгүй. Харин бие гүйцдэг болов уу, яах бол гэж бодогдох юм. Ямар ч үнээр хамаагүй амжуулах хэрэгтэй байна” гэх зэргээр ярьдаг байжээ. Тэр судалгааныхаа ажилд туслах, лаборант авдаггүй төрөлхийн гэмээр хартай эр байжээ. Англи хэлтэй болгоноос хол байхыг ихэд хичээдэг нь ажиглагдсан байна. Судалгааны материалаа кирил, английн алинаар нь ч бичдэггүй зөвхөн тэмдэгтүүд ашигладаг өөрийн гэх өвөрмөц бичигтэй байсан гэнэ. Овоо муу гар байсан байгаа биз. Тэр тэмдэгтээрээ хачин хурдан бичих бөгөөд компьютер, бичгийн бусад хэрэгслээс нь сэжигтэй ганц өгүүлбэр ч олдоогүй гэдэг юм. Мэддэг нөхдийнх нь яриагаар бол тэр өнөө ид яригдаж буй “үүдэл эс”-ээр нэг санаа олсоноо нухаж байсан болов уу гэдэг ажээ. Үүдэл эсээс өөр тэгтэл нууцлаад байх юм бараг үгүй. Эсийн асуудал үндсэндээ шийдэгдсэн гэж анагаах ухаан ч үздэг болжээ. Түүнийг нас барснаас хойш эмнэлгийнхний сонирхдог зүйл бол “Тэр юу хийгээд байв?” гэх асуулт ажгуу. Албан өрөөг нь суллаж, бичиг баримтыг нь яаж ч ухаад юу ч олоогүй гэдэг юм.

Хамгийн харамсалтай нь, түүний судалгаа тэр чигтээ нууцаа хадгалан үлдсэнд байгаа хэрэг. Хэрэв үнэхээр хүн төрөлхтөнд хэрэгтэй нээлт байгаад ийнхүү “мөнхөд булшлагдсан” бол тун харамсалтай л даа. Зарим хүний хэт амин хувиа хичээсэн, туйлын бэртэгчин зангаас болоод энэ мэт зүйл олон гардаг байж мэдэх билээ. Тийм аваас үнэхээр харамсалтай нь гарцаагүй бөлгөө. Хүн төрөлхтөнд байтугай хэнд ч хэрэггүй зүйл байсан бол ёстой яая гэхэв. Зарим нь түүнийг ердөө л шизотой нэгэн байсан гэх бүлгээ. Тэгсхийгээд түүний талаар мартагдсан нь нэг ёсондоо хорвоогийн жам билээ. Тэгж байтал харин гэнэт шуугиан дэгдэх нь тэр. Эмнэлгийн сахиул залуу нэгэн шөнө ээлжиндээ хонож байгаад эмнэлгээ тойрч л дээ. Сайндаа ч биш хэвтэж буй өвчтөнүүд гадуур ганц хоёроороо “салхилдаг” тул бүгдийг оруулж амраахаар явсан нь тэр аж. Гэтэл эмнэлгийн нэгдүгээр давхарын булангийн өрөө буюу Б эмчийн судалгааны лаборатори бүдэгхэн гэрэлтэй харагджээ. Санаанд ч оролгүй дөхөж очоод шагайж орхижээ. Ёстой нүдэндээ итгээгүйгээр барахгүй золтой л ухаан алдчихсангүй. Б эмч цагаан халаадтайгаа дуран авайгаа хараад юм тэмдэглээд сууж байжээ. Хэсэг ухаан самууран байснаа өрөө рүүгээ оджээ. Диван дээрээ суугаад халуун цай уугаад тайвшрах гэсэн авч чадсангүй. Сайхь явдал бодогдоод болдоггүй гэнэ. Өрөө нь бүдэг гэрэлтэй байсан. Бичил дуран нь орчин үеийн эд гэсэн. Тэр нь маш хурц гэрэлтэй байж таарах нь л дээ. За, тэр ч яахав. Ингэхэд Б эмч нас бараа биз дээ. Эмнэлгээрээ л эмгэнэн байж гаргасан даг. Би хий юм харсан болж таарах нь уу гэх зэрэг олон асуулт толгойд нь эргэлдээд болсонгүй. За, байз түүнийг сайн таних хэн байдаг билээ. Аа, тийм. Чих, хамар, хоолойн тасгийн сувилагч Алтаа сайн таних учиртай. Алтаад харуулъя гэж шийдээд тасагт нь очжээ. Оройн ээлжинд гарахаар ирсэнийг нь мэдэх тул эргэлзэх явдал байсангүй.

Яваад хүрчээ. Алтаа инээд наадам болсоор угтсан байна. Саяхан болсон явдлыг ярьтал итгэсэнгүй гэнэ. Мэдээж л дээ. Нас бараад удаагүй хүн юу боллоо гэж өрөөндөө сууж байх билээ. Гэхдээ л сахиул эрийн шударга, шуурхай гуйлтыг тэвчиж чадсангүй дагаад гарчээ. Дөхөөд очтол үнэхээр цонх нь бүдэг гэрэлтэй байх юм гэнэ. Орных нь ажилтан л ажлаа хийж байгаа биз гэж бодоод юу ч ярьсангүй. Юутай ч харъя гэж шийджээ. Ингээд цонхоор нь шагайгаад орилчихжээ. Тэр даруй гэрэл ч унтарсан байна. Алтаагийн хамаг бие салганан чичирч байлаа. Түүнийг хөтөлсөөр сахиул эр буцжээ. Түүний диван дээр лагхийтэл суусан Алтаа сувилагч ээрч, мууран байж арай ядан ийн хэлжээ. “Мөн. Тэр мөн байна” гээд уруул нь өмөлзсөн байна. Мөн л халуун цай оочин байж түр тайвширчээ. Ингээд “Ёстой хачин юм. Халаад нь ч мөн байна. Буруу хараад бөгтийгөөд суучихаж. Дандаа тэгж суудаг байсан юм. Тэр жил эмнэлгийн ажилтнуудын баяраар нэгэн цэнгээнт нэвтрүүлэгт байгууллагаа төлөөлж оролцоход нэг багт орсоноос хойш дотно болсон. Их зожиг хүн шиг мөртлөө маш алиа хошин нөхөр байж билээ. Намайг яваад ороход яг ингээд сууж байдаг байсан даа. Дайлдаг юм нь ганцхан хар кофе байж билээ. Өөр юм бараг уудаггүй байсан байх шүү. Нээрээ нэг удаагийн нийллэг дээр их амархан согтчихсон юм. Тэгээд нэг сонин юм ярингаа алдсанаа больчихсон. “Эмч нь их чухал юм хийж байгаа. Ард нь гарчих заяа байна уу, үгүй юу мэдэхгүй юм даа. Болох биз дээ” гэсэн юм.

“Тэр чухал юм чинь юу юм бэ?” гэсэн боловч хариу хэлээгүй. Тэр тухайгаа ёстой ам нээдэггүй юм билээ. “За, би ажилдаа очихоос доо” гээд яваад өгчээ. Ингээд маргаашаас нь бөөн шуугиан дэгдэхгүй юу. Адилхан залуу улс болохоор Алтаа, сахиул эр хоёр бусдад ам алдчихаж л дээ. “Б эмч амьд гэнэ. Үгүй ээ, бүр өрөөндөө ажлаа хийгээд сууж байсныг нь хоёр ч хүн харжээ. Чих, хамар, хоолойн Алтаа, сахиул Баяр хоёр бүр хоёулаа харсан байгаа юм даа” гэх зэргээр ярьцгаажээ. Тэр байтугай “Б эмч судалгаагаа үргэлжлүүлдэг гэнэ. Тэр буг болоод буцаж ирсэн бололтой. Аргагүй дээ. Ажлынхаа ард гарч байж салах ёстой хүн байгаа юм. Сүнс нь хүртэл яаж амрах вэ, тийм хүний чинь. Тун шунаг судалдаг хүн яаж энэ хорвоогоос бүрэн яваад өгөхөв дээ. Сүнс, сүлд нь амрахгүй ш дээ” гэх зэргээр бүр улаан цагаан ярьцгаах болжээ. Энэ яриа эмнэлгээр нэг тарахын зэрэгцээ удирдлагуудын сонорт хүрэлгүй яах билээ. Төдөлгүй бүр хурал хийжээ. Хурлаар орох хоёр хүн тодорхой шүү дээ. Цуу үг тараасан сахилгагүй хоёрыг зад хэлэлцэнэ биз дээ. Эмнэлгийн бүх удирдлага ирийлдэн суугаад жинхэнэ шүүх хурал гэмээр юм болжээ. Тал талаас асуугаад л толгойг нь авах нь холгүй юм бололгүй яахав. Үхсэн хүн амьд байна гэж та хоёрын санаанд яаж оров оо. Ядахдаа эмнэлгийн сувилагч хүн байна даа Алтаа, чи. Чи ийм юм яриад явахаар бусад нь яах болж байна. Моргт бишгүйдээ л ороо биз дээ. Үхсэн хүн босоод суучихсан байсантай таарч байсан уу, тэгээд гэж ирээд л загнаж, зандарч гарчээ. Толгой түрүүгүй загнуулсан хоёр арайхийж нэг юм сарын цалингийнхаа 20 хувиар торгуулаад өнгөрцгөөжээ. Дахин тийм дэл сул яриа гаргахгүй байхыг хатуу анхааруулсан байна. Тэгээд нэг юм түр зуур намджээ. Нэг орой мэс заслын эмч Ганболд нэлээд халамцуу сахиул Баярын ээлжинд таараад тоглоом, шоглоом хийжээ.

Тэгэнгүүт нь түүнийг дагуулаад очсон байна. Шөнийн 00 цагийн алдад тул тэнд хэн байх билээ. Ганболд эмч цонхоор нь хараад хөшиж орхижээ. Цонхонд баахан наалдаж байснаа буухдаа амандаа “Бурхан минь” хэмээн хэлсэн гэдэг. Буцаж явахдаа “Сонин юм даа. Гарцаагүй мөн шүү” гэхээс өөрийг хэлсэнгүй. Тэр тухай хэнд ч хэлж болохгүйг Баярт даалгажээ. Гэхдээ найз эмч нартаа хэлэлгүй яахав. Хэлэхээр барахгүй бүр үзүүлжээ. Түүнээс хойш тэр тухай яриа дахин гарсан бөгөөд тэгэхдээ эмнэлгийн нэлээд хариуцлагатай хүмүүсийн чихээр дамжиж, нүдэнд нь үзэгджээ. Болсон юмыг яалтай. Ингээд эмнэлгийн нэгэн ахмад эмч, доктор өвгөн найз зурхайчдаа болсон явдлыг ярьж хэрхэхийг лавлажээ. Шарсан мах анддаггүй шар зурхайч төлөгдөөд “Ажилдаа их шунаж, хоргодсон хүний сүнс эргэлдээд байгаа юм байна. Ажлынхаа бараг оргилд гарч ирээд гүйцээж чадалгүй оджээ. Тэрийгээ гүйцээхээр сэтгэл, сүнс нь хоргодоод байна л даа. Чухал нь ч чухал ажил юм. Гэхдээ манайд биш гадаадад их үнэлэгдэхээр байж. Ойрдоо тэр ажлыг хийх хүн байхгүй. Тэр тэгсхийгээд өнгөрөх биз. Сүнсийг нь үдэх хэрэгтэй байна” гээд өвгөн доктортой нэгэн шөнө ирж өрөөнд нь орж номын хүчээр хөөн явуулжээ. Түүнээс хойш эмнэлгийнхэн ёстой жинхэнэ тайвширсан бөгөөд харин нүдээр үзсэн цөөнгүй эмч “Сүнс байх нь ч байдаг юм билээ. Харин гэм хоргүй санагдсан шүү. Тэр ажлаа л нухаад байхаас биш бусдыг анзаардаггүй юм байна лээ” гэж одоо ч ярьдаг бөлгөө. Ер нь иймэрхүү зүйлс энд тэнд бишгүй л байх агаад монголчууд тэгсхийгээд аргалчихдаг болохоор тэгтэл их дуулиан тарихгүй юм даа. Аймшгийн кинонд гардаг шиг бүхэл гэр бүлийг хөнөөдөг сүнс энэ тэр байдаг эсэх нь тодорхойгүй ч бас ч гэж үгүйсгэх аргагүй болов уу даа. Энэ бол тун саяхны хэрэг бөлгөө.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ