Намуунаа удмыг тань залгах хүүг төрүүлсэн

2010 оны 2-р сарын 10-ны өдөр. Энэ өдөр бид “25 дугаар суваг” телевизийн гүйцэтгэх захирал, монголын сэтгүүл зүйн томоохон төлөөлөгч, нэрт сэтгүүлч А.Авирмэд ахыгаа алдаж, мөнх бусын хорвоо хичнээн хатуу вэ гэдгийг мэдэрсэн юм. Цаг хугацаа улиран одсоор. Тэр бидэн дээр дахин хэзээ ч ирэхгүй. Гэвч одоо ч “амьд” юм шиг санагдана. Санах тоолонгоор харамсах сэтгэл төрнө. Бид түүний үргэлжлэл билээ...

Энэ өдөр би нэгэн эрхэм хүмүүний тухай дурсах гэж байна. Сэтгүүлч болсоор олон л зүйлийн талаар бичиж байсан боловч өнөөдрийнх шиг бичихэд үг хүртэл багадам тийм хүндтэй хүн гэж байдаг юм байна. Дэндүү сайхан даа манай Авираа ах. Сайхан гэдэг үгийн ард их олон сайхан нь багтана. Бид захирлаа гэж дуудаж сурсангүй. Авираа ахаа л гэнэ. 25-аар овоглож, яг л төрсөн ах дүү мэт ижилдэн дасаж, олон он жилийг ардаа орхиж дээ.

Өглөө бүр инээмсэглэсээр угтах тэр л дотно дулаахан дүр нь тодоос тод. Одоо ч биднийг үүрд орхин одсон гэхэд итгэж өгдөггүй юм. Гадаадын аль нэг улс руу хэдэн жилийнтомилолт аваад явчихсан, нэг л өдөр инээсээр орж ирэх юм шиг санадаг. Орж ирэхдээ болоогүй ээ биднийгээ цаашлуулсаар, нэр хоч өгч шоолсоор орж ирнэ. Их шооч, хошин шогийн өндөр мэдрэмжтэй хүн байж билээ.Баяр наадам, ажил амралт, ер хаана ч олон хүнээр хүрээлүүлчихсэн, хэзээний л алиа хошин зүйл ярьж хөгжөөж зогсох. Бүр өөрийнхөө хэлсэн хөгжилтэй үгэндээ итгэлтэй нь аргагүй чангаас чанга хөхөрч бусдыг шоолохыг харах бидэнд ч зугаатай. Хэрэв хэн нэгнийг шоолж байвал бид ч бас нэмэр хачир болж шооч үг чулуудахаа мартахгүй. Барагтай бол уурлахгүй. Уурлавал харин ч нэг сүртэй. Хэн ч эмээж айхаар тийм хатуу чанга үгсийг нүүрэн дээр нь түс хийтэл хэлэх нь аймаар. Ийм үед нь хэн ч үг сөрж зүрхлэхгүй. Галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй үеийн залуус олныг хэлэх үү. Нийлж дарвина. Ажил таслана, архи дарс ууна, ажилдаа факт гаргана, ер нь юм юм л болно. Тэр бүхэн хэзээний л Авираа ахын чихэнд хүрэх нь гарцаагүй. Тийм нөхдийг өрөөндөө дуудаад “За хөө яасан гэнээ, барагтайхан байгаарай...” гээд эхлэх нь цаанаа л сүрдэм. Жинтэй цөөн үгээр тархи толгойд нь суутал, дахиж алдаа гаргаж зүрхлэхгүй болтол хэлнэ.

Үргэлжлэлийг эндээс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ