Дахиад л Голомт банк гадаадын хэвлэлээр шуугиулаад эхлэв

Бидний мэдээгүй нууцыг гадаадын хэвлэлүүд дэлгэж, үнэн нүүр царайг нь илчлэх явдал гарсаар байх боллоо. Монголд ураны хаягдал булшлах нууц гэрээ хийгдэж байгааг Японы хэвлэл олон нийтэд анх цацаж байв. Тэгсний хүчинд далдхийгдэж байсан ажиллагаа илчлэгдэж, монголчууд газар нутгийнхаа хөрсөн дор “дэлбэрэх бөмбөг″ булшлахгүй хэмээн шуугиж, шүүмжилж, эрх мэдэлтнүүдийн хүч суларсан гэдэг ч үнэний ортой. Эрхэм сайд нь хүртэл Америк рүү нисээд, Монголыг богино хугацаанд хөгжүүлэх, асар их мөнгө олох боломжтой хувилбар хэмээн зүтгүүлж байсан гэх.
Мөн УИХ-ын гишүүн С.Баярцогтын нууц дансыг гадаадын эрэн сурвалжлах сэтгүүлчид илчилж,нотлох баримттай нь булзах аргагүйгээр гаргаж тавьсан шүү дээ. Энэ мэтчилэн гадаадын хэвлэлд Монголчуудын чихийг дэлдийлгэж, нүдийг бүлтийлгэсэн мэдээлэл тасрахгүй хөвөрсөөр байх бололтой. Хэдхэн хоногийн өмнө сайн сайхныг санхүүжүүлнэ уриатай “Голомт” банкны булхайг дэлхийд алдартай Блүмберг баримтаар дэлгэж гаргасан юм. Үүний өмнөхөн ч гэсэн“Ройтерс” агентлаг мэдээлж байсан удаатай.
Голомт банкныхан хэт нэг талыг барьсан мэдээлэл хэмээн мэлзэж байгаа ч дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн байгууллагууд дуу дуугаа авалцсан мэт нэр хүндээ бодолгүй ор үндэслэлгүй гүтгэнэ гэж үгүй. Блүмберг Голомт банк зөрүүтэй мэдээлэл өгч гадаадын хөрөнгө оруулагч нарыг хэрхэн хуурч мэхлэж байсан, “Иточу” групптэй хийсэн “но”-той асуудал болон Лондонгий арбитрын шүүх, Монгол Улсын шүүхэд “Голомт” банкнаас авлагатай хөрөнгө оруулагч нар хэдий хэмжээний мөнгийг нэхэмжилж байгаа зэргийг дэлгэсэн билээ. “Блүмберг” -ийн мэдээлж байгаагаас дурдвал өнөөдрийн байдлаар “Голомт” банк хөрөнгө оруулагчиддаа 90,000,000 ам.долларын өглөгтэй байгаа бөгөөд үүнийгээ өгч чадахгүй шүүхийн байгууллагуудад хандаад байгаа гэх. Үүнээс дурдвал Кредит Свисс-22 сая ам.доллар, ADIC (Абу Дабигийн хөрөнгө оруулалтын зөвлөл) – 36,2 сая ам.доллар, “Itochu” – 43 сая ам.долларын авлагатай. Харин “Swiss-Mo”, “Trafigura” зэрэг “Голомт” банкны хувьцаа эзэмшигчид авлагатайгаа мэдээлсэн ч тодорхой тоо дурдаагүй байна.
Үүнээс гадна тус банк 2007 оны наймдугаар сараас 2008 оны тавдугаар сарын хооронд хийгдсэн мөнгөн гуйвуулгын “SWIFT” гүйлгээний түүх болох 6,800 file устгагдсан байхыг илрүүлсэн гээд байгаа. Эдгээр гүйлгээ нь Япон руу хийгдсэн байх бөгөөд бичилтүүд бүгд устсан төдийгүй эдгээрийг хийсэн хүмүүс нь одоог хүртэл “Голомт” банкинд ажлаа хийж байгаа тухай “PricewaterhouseCooper LLP” хэмээх аудитын компанийн дүгнэлтэд дурдагдсаныг тэд дэлгэсэн билээ.
Мөн “Голомт” банкны захирлаар ажиллаж байсан Жон Фининганы гаргах гэж байсан мэдээллүүдийг Монгол банкны захирал Н.Золжаргал хэрхэн яаж ятгаж байж зогсоосон гэх таагүй мэдээлэл хөвөрч байгаа юм.
Өнгөрсөн баасан гаригт дахиад л Голомт банктай холбоотой мэдээлэлийг өмнөд хөршийн томоохон хэвлэлийн байгууллага нийтэлжээ. Хятадын Шинхуа агентлаг болон www.shanghaidaily.com сайтад Монголын банкир батлагдаагүй, нэг талыг баримталсан мэдээлэл цацлаа гэж барууны хэвлэлийг буруутгажээ гэсэн мэдээлэл цацаад байна. Голомт банкны гүйцэтгэх захирал Г.Ганболд ийм мэдээлэл нийтлэгдсэнд гайхаж байгаагаа илэрхийлснийг дурджээ.
Ройтерс болон Блүмбергийн мэдээнд Голомт банк зээлийн гэрээг зөрчиж мөн Абу Даби хөрөнгө оруулалтын консулын эзэмшдэг Станхоп инвестмэнт компани, Кредит Свисс-д хүндрэл учруулж, маргаж байгаа гэжээ. Голомт банк болон Абу Даби Инвестмент Консулын эзэмшдэг Станхоп инвестмент компанийн хооронд байгуулсан хоёрдогч өглөгийн зээлийн гэрээг хэрэгжүүлэхэд асуудал үүсээд байна.
Мэдээнд мөн 2012 онд Японы Иточу корпораци 43 сая долларын зээлээ төлөөгүйн улмаас Голомт банкийг шүүхэд өгсөн хэмээжээ.
Энэ мэтчилэн Монголын банкны талаарх таагүй мэдээлэл тасралтгүй гарсаар байх нь манай улсын хувьд сөрөг тал ихтэй. Хууль эрх зүйн орчин нь тогтворгүй нь дээр банк нь хүртэл найдваргүй гэсэн “шошготой″ болчихвол хөрөнгө оруулагчид үргэж, мөнгөө бариад ирэх байтугай зүглэхээ болих вий.
Голомт банкны гүйцэтгэх захирал “Гадаадын хөрөнгө оруулагчид монголд хэрвээ илүү их ашиг олохыг хүсэж байгаа бол түүнтэй дүйцэхүйц эрсдэлийг ч хүлээх хэрэгтэй, мөн нэмж хэлэхэд зээлийн гэрээний талаар хэт товойлгон маргалдах нь буруу. Манай банкны нийт активын ердөө нэг хувьд ч хүрэхгүй зээлийн гэрээний маргаан шүү дээ” хэмээх тайлбарлаж байгаа ч нэг л муу нэр зүүвэл хусаад ч үл арилна, хөрөнгө оруулагчдад сайхан зүйл амлаад итгэхээ болино шүү дээ.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ