Ч.Пүрэвдаваа: Голландчуудтай хийсэн бидний зодоон арван минут үргэлжилсэн

Монголын үндэсний бөмбөгтэй хоккейн ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Пүрэвдаваатай ярилцлаа.
- Ирэх амралтын өдөр шайбтай хоккейн УАШТ Эрдэнэт хотноо болно. Энэ талаар яриагаа эхэлье?
- Энэ тэмцээн 2000 оноос эхэлж лигийн хэлбэрт шилжсэн. Энэ жилийн хувьд зургаан баг оролцоно. Тэднээс хоёр тойргийн нийлбэр дүнгээр эхний дөрвөн баг 13-16-ны хооронд Эрдэнэтэд болох шигшээ тоглолтод шалгараад байна. Нэг хоёрдугаар тойргийн нийлбэр дүнгээр “Хангарьд” клуб нэгээр гарч дөрвөөр гарсан “Шарын гол”-той хоёр хожилтой тоглоно. Харин хоёроор гарсан “Отгон-Од”, “Хасын хүлгүүд” баг“Багануур”-тай таарсан. Энэ хоёр багийн түрүүлж хоёр хожсон нь алт, мөнгөн медальт хүртэх болно.
- Тамирчдын бэлтгэл сургуулилалт хэр хангагдсан бэ?
- Сайн байгаа. Яагаад гэвэл эхний тойргийн тоглолт Эрдэнэтэд болсон бол хоёр дахь нь Дархан-Уул аймагт болсон болохоор тэд маш их өрсөлдөөнтэй, нягт тоглож байгаа. Бэлтгэлээ ч сайн хийсэн байгаа харагдсан. Эрдэнэтийн багийн хувьд ОХУ-аас хоёр тамирчин авч ирж тоглуулж байгаа.
- Өмнөх тойргуудаас харахад аль баг нь дээгүүр тоглох магадлалтай байна вэ?
- Эхний хоёр тойргийн нийлбэр дүнгээс харьцуулахад “Эрдэнэт”, “Отгон-Од” баг үлдэх болов уу. Гэхдээ үүгээр урьдчилж тодорхойлох арга үгүй. “Багануур”, “Шарын гол” ч сайн байгаа. Тиймээс яаж ч өөрчлөгдөж мэднэ. Хамгийн гол нь баг болгон түрүүлэхийн төлөө тоглоно шүү дээ.
- Саяхан бөмбөгтэй хоккейн ДАШТ ОХУ-ын Эрхүү хотод болсон. Тэр тэмцээний талаар сонирхуулаач?
- Энэ тэмцээн 34 дэх удаагаа зохион байгуулагдлаа. Манай тамирчид гурван жилийн өмнө л оролцсон. Өнгөрсөн жил шинэ бүтэцтэй болж хурлаа хийснээр энэ жилээс олон улсын чанартай тэмцээнд оролцох төлөвлөгөө гаргасан. Энэ удаагийн тэмцээнд бид “Ойрхон болж байгаа юм чинь өөрсдөө зардалаа олоод ч хамаагүй оролцъё” гэсэн үүднээс яваад ирлээ. Бидэнд ОХУ-ын засаг захиргаа маш их тусласан.
- Байр, хоол зэргээр үү?
- Тийм. Үүнээс ч илүү хувцас хэрэглэлээр хангасан. Түүнчлэн арванхоёрдугаар сард арав хоногийн хугацаанд өөрийн талбайдаа бэлтгэл хийлгэсэн. Учир нь бидэнд дэлхийн хэмжээний талбай байхгүй. Улсдаа сонирхогчдын хоккейн талбайд л алдаг оног бэлтгэл хийдэг байсан. Бид ДАШТ-нд дөрвөн хоногийн өмнө очиж бас дахин хяналтын бэлтгэл хийсэн. Тэр бүхэн бидэнд өдий зэрэгтэй тоглох хөшүүрэг болсон. Түүнчлэн ОХУ-ын иргэн Выборов Евгений Петрович зөвлөх дасгалжуулагчаар ажилласан.
-Өндөр хөгжилтэй орны туршлагатай тамирчидтай тоглоход хэцүү байсан уу?
-Маш хэцүү байсан. Учир нь бөмбөгтэй хоккей нь шайбтайгаасаа тэс өөр. Модных нь хэмжээ хүртэл өөр байдаг. Манайхан бөмбөгтэй хоккейн төрлөөр сүүлийн гурван жил тоглоогүй болохоор их төсөөрсөн байна билээ. Хувцас хэрэглэл ч гэж юм байхгүй. Байсан хэд нь өмнөх жилүүдэд тараад дууссан. Орос ах нар биднийг хувцасгүй гэсэн чинь маш гоё өнгөлөг хоёр ээлжийн хувцас хийж өгсөн. Та нар харсан байх улаан, цагаан өнгийн хувцас. Түүнчлэн тус улсад суугаа Ерөнхий консул Б.Болд гуай бидний сэтгэл санааг сайхан дэмжсэн. Тэр биднийг ирснийг дуулаад өөрөө сурагласаар байгаад уулзсан. Бид анх удаа энэ хүнтэй уулзсан болохоор их гайхсан шүү. Түүнийг ирнэ гэж огт төсөөлөө ч үгүй байсан. Гэтэл тэр “Та нарыг ирсэн гэж сонсоод ирлээ. Туслалцаа дэмжлэг хэрэгтэй бол санаа зоволтгүй хэлээрэй” гээд хэсэг ярилцаж байгаад явсан. Манай баг германчуудтай тоглоод дууссаны дараа нэлээн хэдэн цохиур хугарсан. Тэгсэн Б.Болд гуай 10 мод авч өгсөн. Тоглолт бүрт ч байж дэмжиж байсан. Энэ дашрамд бүх тамирчдынхаа өмнөөс эрхэм танд талархаснаа танай сониноор дамжуулж хэлье. Миний чадах юм энэ л юм чинь өөр яах бэ дээ. Мод хугарсан гээд зогсч байвал зохион байгуулагчид нь биднийг бараг хасах байх. Өмнө нь тийм тохиолдол гарч байсан шүү дээ. Модгүй бол талбайд гарч болохгүй юм чинь. Аз болж энэ хүн тусласан. Шинийн хоёронд бид Б.Болд гуайтай золгож консулийн газар шинэлсэн.
-Тэмцээнд явахаасаа өмнө тамирчидаа та бүхэн ямар шалгуураар сонгосон юм бэ. Олон багийн гишүүнээс бүрэлдсэн байсан...
- Яг сонгох үед хүндрэлтэй байсан л даа. Эцэст нь 2007 онд ДАШТ-д тоглож байсан багаа бүрдүүлсэн. Зарим нь таван жил хэртэй тоглосон туршлагтай тамирчин байсан. Ер нь энэ багийн цөмийг “Отгон-Од” баг бүрдүүлсэн. Түүнчлэн “Хасын хүлгүүд”, “Багануур”, “Шарын гол” багийн тамирчдаас оролцуулсан. Багийн хувьд ингэж сайхан бүрэлдлээ гэж бодоод санаа амартал нэг хүндрэлтэй зүйл тохиолдсон.
- Юу?
-Үндсэн хаалгач Мөнх-Од маань лиг эхлэхээс өмнө бэлтгэл хийж байгаад бэртэл аваад тоглолтод оролцох боломжгүй болсон. Тиймээс бид хоёрдугаар хаалгачаа гаргахаас аргагүй болсон. Энэ хаалгач маань туршлага арай бага л даа. Гэхдээ хоосон хаалгатай тоглосон бол бид бүгдэд нь ч хожигдох байсан ч юм билүү хэн мэдлээ.
- Гурван жил тоглоогүй хэрнээ өдий зэрэгтэй тоглосон нь тамирчдын мэдрэмж, сайн байсных болов уу?
- Тэд сайн байснаас гадна Выборов Евгений Петрович зөвлөхөөр эргэж ажилласанд байгаа юм. Тэр өмнө нь манай улсын тамирчдад зөвлөгчөөр ажилладаг байсан. Тэгээд ч бид нэг хүн шиг байж чадсандаа л сайн тоглолт үзүүллээ.
- Багаа бүрдүүлээд та нар хамтарсан бэлтгэл хэр хийсэн бэ?
- Дөнгөж бүрдүүлээд л лигт оролцсон. Лиг дууссаны дараа ОХУ-д 10 өдөр бэлтгэл хийсэн. Тэр л бидний хувьд үндсэн бэлтгэлжилт болсон. Манайхан ер нь дайчин чанартай шүү дээ. Жаахан дэмжээд өгвөл манай хоккейчид сайхан амжилт үзүүлнэ. Японы баг сүүлийн гуван жил ДАШТ оролцсон. Тус улсад бид очсон юм. Тэгсэн бэлтгэлийн талбай, өмсгөл, хэрэглэл гээд өөлөх юмгүй юм билээ. Гэтэл манайхан ямар ч хэрэглэлгүй хэрнээ энд бэлтгэл хийсэн болоод хувцас ч үгүй оччихоод өөр улсаар хувцасаа бэлдүүлээд л тоглолоо шүү дээ.
- Та нар ямар зорилго тавьж эх орноосоо мордсон бэ?
- Есөн баг тоглоход зургадугаар байрт орсон. Эхний тоглолтоо Японы багтай тоглож хожигдсон. Бараг бие халаалтгүй тоглосон болохоор тоглолтынхоо удирдлагыг алдаад байсан л даа. Тэр тоглолтын дараа бид хуралдаж алдаагаа ярилцсан. Тэгсний дараа нэгээр гарч Унгартай таарсан. Хоёроор гарсан бол Голландтай таарах байсан.
- Шүүгчид хэр шударга ажилласан бэ?
- Унгартай тоглоход Финландын шүүгч манай багийн Баярсайханыг отон тоглолт хийсэн гээд хассан. Уг нь ямар ч алдаа гараагүй байсан л даа. Оросын сонинд хүртэл “Монголын баг шүүгчийн буруугаас болж хожигдлоо“ гэж гарсан байсан. Бид шүүгчдийн буруу гэж гүйгээд ч нэмэргүй юм чинь тэгээд л өнгөрсөн. Харин маргааш нь Голландын багтай бүх анхаарлаа төвлөрүүлж тоглосон. Эндээс бид гарахдаа “Сомалиг ямар ч байсан хожих байх. Хамгийн сүүлд л орохгүй шүү” гэсэн чинь дасгалжуулагч маань “Юу ярьж байгаа юм. Хэсгээсээ лав гарна шүү” гэсэн. Гэвч бид нэг л итгэлгүй байсан л даа. Харин Японы багийг бараг хожиж байгаад 3:2-ийн харьцаагаар хожигдохдоо улам сайн тогловол боломж бидэнд байгаа юм байна гэж бодсон. Тэгээд Самалин, Украин, Германыбагийг буулган авснаар “шархаа нөхсөн”.
- Сомалийн багт ам гарч бүр 12:1-ээр хожсон. Тэд “юм” болсонгүй юу?
- Манайхан нэг ч оноо өгөлгүй хожих боломж байсан л даа. Гэвч дасгалжуулагч нь “Манай багт нэг оноо өгчих” гээд гуйсан юм. Тэгэхээр нь угаасаа хожих юм чинь гээд ямар ч хаалт хийлгүй кордиороор гүйлгэсээр байгаад нэг оноо өгсөн. Зүгээр л харж зогсч байгаад өгсөн гэсэн үг шүү дээ. Учир нь тэднийхэн бүрэн хэмжээний баримтад кино хийхээр ирээд байсан юм билээ. Камертай баахан хүн тамирчдаа хоолонд орж байгаагаас нь эхлээд унтах хүртэл нь зургийг нь авч байсан. Тиймээс тэд нэг оноо авч байгаагаа тэр хальсандаа оруулах гэж манай багаас гуйж байгаа нь тэр л дээ.
- Монголчууд зодоон үүсгэсэн гэх шуугиан дэлхийд тарлаа. Яг юу болсон юм бэ?
- Голландын багтай тоглох үед гарсан юм. Үзэгчид ч гэрчилнэ. Мөн бичлэгт ч байгаа. Тоо 2:2 харьцаатай байхад тоглолтын үеэр манай тамирчин Алтангэрэлийн гэдэс рүү өрсөлдөгч багийн тамирчин цохьчихсон юм. Үүнийг нь шүүгч хараад Голландын тамирчинд торгууль өгөх гэтэл яах ийхийн зуургүй Алтангэрэл маань залуу хүн болоод ч тэр үү биеэ барьж чадалгүй цохиод авсан. Хэрвээ тэр зүгээр өнгөрүүлсэн бол айл хөөгдөөд манайд ашигтай байх байсан. Гэхдээ л тоглолт юм чинь тэмцээнд оролцож байгаа хүмүүс улайрчихсан байдаг хойно тийм зүйл болсон. Тэгээд л манайх тэдний баг хоёр тал болоод л нүдэлдчихсэн. Зодоон бараг 10 минут үргэлжилсэн. Зодооны дараа баг тус бүр гурван тамирчин хөөгдсөнөөр тоглолтыг зургаа зургаан тамирчинтайгаар төгсгөсөн. Тэмцээний дараа бид Алтангэрэлд сануулга өгсөн.
- Манай хоккейчид дэлхийн хэмжээний багтай тэнцүү тоглоход хэр ойрхон байна вэ?
- Ер нь дэлхий дахинаа хоёр л хэсэгт багаа хуваадаг шүү дээ. “А” хэсэгт нь ах нараас эхлээд багууд ар араасаа хөвөрнө. Харин “В” хэсэгт нь манайх багтдаг. Дээрээс гайгүй харж үзвэл манайхан сайхан амжилт үзүүлэхэд ойрхон байна. Гэтэл тэд зөвхөн олимпийн топ таван төрлөө л анхаараад байх юм. Багийн спорт гэдэг чинь хүмүүсийг хооронд нь нөхөрлүүлж чаддагаараа онцлог.
- Гэхдээ манайхан “Багийн спортоос илүү ганцаарчилсан төрөлд илүү амжилт үзүүлнэ” гэж ярьдаг. Үүнд та ямар бодолтой явдаг вэ?
- Ганцаарчилсан төрөл мэдээж амар шүү дээ. Эдийн засгийн хувьд ч хэмнэлттэй байдаг. Харин багийн спорт хэдүүлээ билээ, хэдэн төгрөгийн үнэтэй хэрэглэл ашигладаг вэ гээд асуудал их. Хоккейчдын хувьд хүн тус бүр 500-600 ам,долларын хувцас хэрэглэл шаардлагатай.
- Энэ сарын 5-нд ахмадын хоккейн УАШТ болсон гэсэн. Аль баг түрүүлэв?
- Эрдэнэтэд болсон. Энэ жилийн тэмцээнд Улаан-Үдээс нэг баг урилгаар оролцсон. Үүнтэй нийлээд найман баг хоёр хэсэгт тоглож Сэлэнгэ аймгийн баг анх удаа түрүүлсэн.
- Шайбтай хоккейн дараа ямар тэмцээн уралдаан та нарыг хүлээж байгаа вэ?
- Абу-Дабид нэг тэмцээн байгаа. Түүнд оролцоно. Түүнчлэн бөмбөгтэй хоккейн УАШТ-ийг зохион байгуулж шалгарсан багаас тамирчид сонгож ирэх жилийн ДАШТ-д бэлтгэнэ. Улсаас өвлийн спортын тамирчиддаа зориулж нэг сайхан заал барих сураг олон жил гарлаа. Энэ жил улам тод сонсогдоно. Тиймээс горьдоод л сууна. Тэр заал баригдчихвал зөвхөн хоккей биш уран гулгалт, шорттрейк зэрэг төрлөөр хичээллэдэг тамирчдад ч тустай болно.
- Яг одоо “Сочи-2014” өвлийн олимп болж байна. Та хоккейг алгасахгүй үзэж байгаа биз дээ?
- Тэгэлгүй яах вэ. Олимп гэдэг чинь эв нэгдлийн баяр шүү дээ. Байнга үзэж байгаа. Би ах нараа (ОХУ) дэмждэг. Тэд Ванкуверын олимпод оролцохдоо Канадын багт хамаагүй наана хожигдсон. Нутагтаа аваргалаасай гэж бодож байна. Ер нь энэ спортын төрлийг манайд ах нар л үүсгэсэн шүү дээ.
У.Баярсайхан
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ