"Өршөөлийн тухай хууль" удаашралтай байгааг ойлгохгүй байна


Өнгөрсөн онд УИХ-ын нэр бүхий гишүүд Өршөөлийн тухай хуулийг УИХ-ын даргад өргөн барьсан. Гэвч жил гаруй хугацаа өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл УИХ-ын чуулганаар хэлэлцэгдээгүй байгаа юм. Ингээд энэ талаар Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнэжамьянтай ярилцлаа.
-Өнгөрсөн онд санаачилсан Өршөөлийн тухай хууль ямар шатандаа явна вэ?
-УИХ-ын нэр бүхий гишүүд Өршөөлийн тухай хуулийг санаачлан УИХ-ын даргад өргөн барьсан. Ерөнхийдөө УИХ-ын чуулганаар хэлэлцээд гишүүд дэмжих эсэхээ шийдчихэд болох асуудал. Хууль зүйн яам, ШШГЕГ, ЦЕГ зэрэг холбогдох байгууллага Өршөөлийн тухай хуультай холбоотой саналаа Засгийн газарт хүргүүлсэн байгаа.
-Тэгээд яагаад ийм удаашралтай байна вэ?
-Удаашралтай байгааг нь ойлгохгүй байна. Зарим хүмүүсийн тайлбарлаж байгаагаар шинэ гарах гэж байгаа эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга буюу гэмт хэргийн хуулийг хүлээж байгаа гэсэн тайлбар байна. Одоогийн хэрэгжиж байгаа хууль бол хар хууль. Ялын бодлого нь хэтэрхий хатуужсан. Хэрэг хийсэн ч хэрэгтэйгээ дүйцэх ял авч байвал энэ нь шударга ёс. Тэгэхгүй бол 50, 100 мянган төгрөг хулгайлсан. Тэр нь давтан гэх нэртэйгээр үндсэндээ 10 жилийн ял авч байна. Давтан гэмт хэрэг хийсэн гэдгээр хүмүүсийг хүндрүүлж үздэг. Энэ мэтчилэн хоригдож буй 7000 гаруй хүн төрийн хуулинд гомдоод явж байна. Хийсэн хэрэгт нь ял нь тэнцээгүй байна гэж үзэх хүмүүс олон байна. Хоёрдугаарт, санаатай болон санамсаргүй, болгоомжгүй байдлаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн хүн байна. Энэ хүмүүст төр өөрийнхөө хайр энэрлийг харуулж өршөөдөг жишиг бий л дээ. Үүнийг манай нам болон бусад намууд ч гэсэн сонгуульд оролцохдоо ярьж байсан. Тодруулбал, Эрүүгийн хуулийн ял хатуу байна. Монгол улс хэтэрхий шоронжоод байна. Залуучууд шоронд ороод байна. Үүнийг өөрчлөе, гэхдээ өөрчлөх ажлыг заавал УИХ-ын гишүүдийн цаг зав ажлын шаардлагыг хүлээж, шинэ хууль гарахыг хүлээлгүй хурдан шийдчихмээр байгаа юм.
-Өршөөлийн тухай хууль батлагдсанаар гарах сөрөг үр дагаврыг тооцоолсон байх?
-Тодорхой хэмжээнд буруу үр дагавар гарна. Угаасаа юмыг 100 хувь шийдэж чадахгүй. Хамгийн гол нь үр дагаврыг бага л гаргах ёстой. Миний бодлоор өдийд буюу хавар гарчихвал боломжийн гэж үзэж байгаа. Яагаад гэхээр хавар яг ид ажил эхэлдэг. Энэ үед ажиллах хүч хамгийн их хэрэгтэй байдаг. Энэ үеэр гаргачихвал төрөөс ажлын байр шийдэх талаар нэг их толгой өвдөхгүйгээр шийдэх жишээтэй. Эрсдлийг буруулах талаар бодох хэрэгтэй. Түүнээс эрсдэлтэй юм чинь гээд зөв зүйлийг хойшлуулаад байж болохгүй.
-Ямар хүмүүс Өршөөлийн тухай хуульд хамрагдах юм бэ?
-Ямар хүмүүс хамрагдаад ямар нь хамрагдахгүй юм гэдгийг хуульдаа угаасаа тусгасан байна лээ. Онц ноцтой гэмт хэрэг үйлдсэн, давтан хэрэг үйлдсэн хүмүүст өршөөл үзүүлэхгүй. Бага ялтай, анх удаа гэмт хэрэг үйлдсэн хүн л хамрагдана. Өршөөлийн хууль нь сайнтай муутай, догшин зэрлэг бүх хүмүүсийг гаргана гэсэн үг биш. Үүнийг бас зөвөөр ойлгох хэрэгтэй.
-Одоогоор хэчнээн ялтан хамрагдахаар байна?
-Тоо байнга өөрчлөгдөж байна. Зарим нь суллагдаж байхад зарим нь шинээр ял авч ирж байна. Тэгэхээр яг тоо хэлэх боломжгүй. Ер нь 50 хувийг суллачих болов уу гэсэн багцаатай байна. Гэхдээ энэ агуулгаараа батлагдвал шүү дээ. Өөрөөр хэлбэл, УИХ-ын чуулганаар хэлэлцээд эхлэхээр ямар зүйл анги, ямар хүмүүсийг нь өршөөлийн хуульд хамруулах уу үгүй юу гэдгийг УИХ-ын гишүүдийн саналаар батлагдана. Батлагдсаны дараа тоо гаргана.
-Ер нь барагцаалбал, энэ хууль хэзээ батлагдахаар байна?
-УИХ-ын дарга, даргын зөвлөл шийднэ. Өөрөөр хэлбэл, хэлэлцэх асуудлынхаа жагсаалт хэдэд оруулаад хэзээ батлах гэдгийг. Түүнээс Засгийн газарт саналаа өгсөн. УИХ-ын даргын зөвлөл л шийднэ.
Б.Чимэг
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ