Хаврын чуулганаас монголчууд юу хүлээх вэ

Өнгөрсөн 26-ны өдөр Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх асуудлуудыг баталлаа. Байнгын хорооны хуралдаанд ирвэл зохих 19 гишүүнээс 11 нь цуглаж хэлэлцэх асуудлын тухай УИХ-ын тогтоолын төслийг баталжээ.

Ирэх даваа гариг буюу дөрөвдүгэр сарын 7-нд эхлэх чуулганаар юу юу хэлэлцэх тухай батласныг уншигч та бүхэндээ хуралдааны протоколоос товчлон хүргэж байна.

Л.Цог: -Энэ Өршөөлийн хуулийн тухай хуулийг оруулах ийм саналыг манай бүлгээс гаргаж байгаа юм. Өргөн барьсан нийгэмд хүлээлт ихтэй Хууль зүйн сайд маань сайн мэдэж байгаа байх.

Тэгэхээр эхэнд нь зоож өгөх хүсэлтийг манай бүлэг тавьж байгаа юм. Бичиг нь арай ирээгүй байна. Үүнийг би уламжилъя гэж бодож байна. Яагаад гэвэл цаанаа... одоо энэ чинь 9000-аад хоригдол байгаа байх тийм ээ. 8000 байна уу. Гурван мянга нь гарна гэсэн ийм тооцоог намар хийсэн байх. Цаана нь эцсийн дүнгээрээ 20 гаруй тэрбум төгрөгийн бас хэмнэлт гарч байгаа юм. Ингээд үзэх юм бол энийг хэлэлцэх нь гарцаагүй мөртөө эхэнд нь зоож явахгүй бол болохгүй байгаа. Цагаа болохоор их төвөгтэй бэлтгэл ажил их хэрэгтэй. Их чамбай ажиллах ёстой ийм учраас түрүүнд нь зоох ийм бололцоо олгож өгөөч гэсэн ийм саналыг нэгдүгээрт хэлье.

М.Батчимэг: - Би бусад гэсэн асуудлын жагсаалтад багтах байх гэхдээ бас байнгын хороон дарга Байнгын хорооны гишүүд хаврын чуулганы хугацаанд бас анхаарч дэмжиж өгөөрэй гэж хэлэх гэсэн юм. Хоёр хууль дээр. Монгол хэлний тухай хуулийг бол Улсын Их Хурлын гишүүн Батхүү гишүүн, Батцэрэг гишүүн, Нямаагийн Энхболд гишүүн бид дөрөв хамтарч боловсруулаад дууссан. Засгийн газарт санал өгөхөөр явуулаад одоо удахгүй хариу ирнэ. Засгийн газар өнөөдөр бараг энэ долоо хоногийн хуралдаанаараа хэлэлцэх болов уу гэж ойлгож байгаа.
Хоёр дахь асуудал бол шууд манай Байнгын хорооны хамаарах асуудал.
Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, энэ хууль бас маш их хүлээлттэй байгаа гарах ёстой хууль. Сонгууль дөхөх тусам энэ өөрөө тухайн хууль батлагдахад төвөгтэй болдог учраас аль болохоор эрт энэ хуулийг явуулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Ерөнхийлөгчтэй зөвшилцсөн Ерөнхийлөгч бол Их Хурлын гишүүд өргөн бариад явчхыг дэмжиж байна. Хамтарч ажиллана гэсэн байр сууриа илэрхийлсэн байгаа.Тэгээд хаврын чуулганы хугацаанд ямар ч байсан хэлэлцэх эсэхийг нь шийдээд явах нь зүйтэй болов уу гэж үзэж байгаа. Энэ дээр бас Байнгын хороо дэмжиж өгөөрэй гэж хүсэж байна.

А.Бакей: -Баярлалаа. Гишүүд саналаа хэлж дууслаа. Өршөөлийн тухай хуулийн хувьд бол мэдээж энийг Их Хурал бол хэлэлцье гэж байгаа шүү дээ.

Тэгэхдээ энэ бол бусад хуультай харьцуулахад өвөрмөц хууль учраас заавал одоо зарлаж байж жагсаалтад оруулж байж хэлэлцэх юм уу, эсвэл тэгээд бусад холбогдох хуульдаа уялдаа холбоотой учраас улс төрийн хүчнүүд хоорондоо зөвшилцөж байж бусад гэдэг асуудлын хүрээнд хаврын чуулганд хэлэлцээд явах боломжтой гэж үзэж байгаа.

Зүгээр хэрвээ та заавал энэ жагсаалтад оруулъя гэж байгаа бол зарчмын зөрүүтэй санал хураалгаж болно.

Л.Цог: -Би сая тайлбар саналаа хэлэх үү. Миний санал биш л дээ манай бүлгийн санал, нэгдүгээрт. Би заавал санал хураалгах бодолтой байна. Яагаад гэвэл энэ асуудал манайх ингээд байх юм. Заавал зарлаж байх юм гээд. Энэ чинь зарладгаа зарлачхаад бүтэн жил шахам болж байна шүү дээ. Өргөн барьсан гэж баахан шуугисан. Энийг орхичих юм бол эргээд ард түмэн чинь бухимдаад элдэв юм бодоод ингээд байна шүү дээ. Хэл ам болохын нэмэр зоочих нь дээр болов уу гэж бодож байна. Тэртээ тэргүй гарах нь гарцаагүй юм чинь.

А.Бакей:Батчимэг гишүүний саналын хувьд бол одоо Монгол хэлний тухай хуулийн төсөл боловсруулагдаад Засгийн газраас санал авах асуудал үлдэж байгаа юм байна. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг бас Улсын Их Хурлын гишүүд санаачлаад үндсэндээ бол бэлэн болж байгаа юм байна. Эдгээр хуулийг бол өргөн баригдсаны дараа тухай бүрд нь жагсаалтын хамгийн төгсгөлийн 24 дүгээр зүйл буюу бусад гэдэг асуудлын хүрээнд тухай бүр бид нар хэлэлцээд хэлэлцэх асуудлыг бол холбогдох Байнгын хороогоор дамжуулаад оруулах боломжтой. Энийг бол протоколд тэмдэглэе. Ингээд гишүүд санал хэлээд дуусаж байна. За Батзандан гишүүн.

Ж.Батзандан: -Санал шүү. Энэ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой асуудал хаана явна вэ. Цог даргаас би лавлаж асуумаар байна. Ер нь энэ Үндсэн хуулийн асуудал их олон жил ярилаа. Манай нам Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна, системийн өөрчлөлт хийнэ гэж. Чуулган бүрээр хойшоо тавьдаг. Өнөөдөр улс орны амьдрал ямар түвшинд хүрчихээд байгааг бид нар мэдэж байгаа. Эдийн засаг үндсэндээ дампуурсан. Төрийн тогтолцоо үр ашиггүй болсон. Гэдгийг хүн бүр харж байна. Монголын нийгэм, эдийн засаг, улс төрийн тогтолцоо үр ашигтай байж чадахгүй болсон нь хүн бүрд ойлгомжтой болчихлоо. Тэгэхээр Төрийн байгуулалтын байнгын хороо нэгийг бодох цаг болсон. Өнөөдөр ийм унхиагүй үлбэгэр, сулбагар байдлаар Монголын төр цаашид явах боломжгүй. Ардчилсан төрийн үндсэн үүрэг бол нийтийн эрх ашгийг хамгаалах явдал, хувь хүний эрх ашгийг хамгаалах явдал. Монголын төр нийтийн эрх ашгийг хамгаалж чадахгүй байгаа. Хувь хүний эрх ашгийг ч хамгаалж чадахгүй байгаа. Одоо Төрийн байгуулалтын байнгын хороо Монголын парламент өөртөө дүгнэлт хийх ёстой. Цаашид энэ маягаар явах юм уу. Томоохон суурь системийн өөрчлөлт уруу орох юм уу гэдгээ одоо нэг бодож үзэх цаг нь болсон байх гэдгээ хэлмээр байна.

А.Бакей: -Цог гишүүн хариу хэлье. Ажлын хэсгийн ахлагч.

Л.Цог: -Манай ажлын хэсгийг одоо хүмүүс их буруу ойлгоод байгаа юм. Гишүүн хүртэл ингэж ойлговол хэцүү шүү дээ. Одоогийн мөрдөж байгаа хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байгаа юм уу, үгүй юу гэдгийг тодорхойлох хэсэг байхгүй юу. Хэрвээ тийм ээ гэвэл дараа ахиж улсын комисс гарч дараагийн шатанд явагдана шүү дээ. Бид жил гаруй ажиллаа. 6 удаа хурал хийлээ. Юуг шийдсэн гэхээр одоогийн Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай гэж тогтсон. Энэ дүгнэлтийг бид нар Төрийн байгуулалтын байнгын хороонд оруулах гээд бэлдсэн байгаа оруулна. Тэрнээс энд оруулах асуудал арай биш байгаа байхгүй юу. Энийг ялгаж үзэх нь зүйтэй болов уу гэж бодож байна. Тэгэхгүй бол нийгэм төөрнө гэж ингэж бодож байна. Энийг хариуцлагатай хэлье гэж бодож байна.

Ж.Батзандан: -Наад хуулиа оруулахгүй бол сонгууль болоод сонгуулиас хойш 2 жил болчихлоо Цог даргаа.

Л.Цог: -Эцсийнхээ дүгнэлтийг хийсэн байгаа. Одоогийн Үндсэн хууль болохгүй байна. Нэмэлт оруулъя гэсэн дүгнэлт гарчихсан байгаа. Харин бид нар албан ёсоор хуралд оруулна. Төрийн байгуулалтын байнгын хороо энийг шийднэ. Хэрвээ тийм ээ гэж үзэх юм бол энэ цаашаа асуудал явж өөр комисс байгуулагдана гэж ингэж ойлгох нь зөв.

Хоёрдугаарт нөгөө давхар, дан дээлийн тухай асуудал чинь энд хамт орж яваа байхгүй юу. Тэгтэл эхний асуудал гарчихсан учраас бид нар ингээд цаашаа явах ч юм уу, үгүй ч юм уу гэсэн ийм эргэлзээ байгаа. Тэгэхдээ ямар ч л байсан ажлын хэсэг бол дүгнэлтээ оруулах нь зүйтэй. Бэлэн болсон байгаа оруулна. Төрийн байгуулалтын байнгын хороогоор орно. Энэ хэлэлцэх эсэх энд орох ёсгүй шүү дээ. Асуудал нь өөр байхгүй юу даа, ялгаатай.

А.Бакей: -Батзандан гишүүний энэ асуудал нь бол уг нь зөв хөндөж байна л даа. Санал нэг байна. Тэгэхээр энэ нэлээд удаан хугацаанд бараг жилийн хугацаанд одоо үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатай эсэх асуудлыг судлах үүрэг бүхий ажлын хэсэг ажиллаж ажиллаад дууссан байгаа. Хаврын чуулган эхлэнгүүтээ Байнгын хорооны хуралдаанаар энэ ажлын хэсгийн дүгнэлтийг сонсоно. Дүгнэлт урьдчилсан байдлаар хэлэхэд бол ямар ч гэсэн Үндсэн хуульд бол томоохон хэмжээний өөрчлөлт оруулах шаардлага байхгүй. Ер нь хэсэгчилсэн өнөөдрийн хөгжилд саад болж байгаа зарим асуудлаар бол өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэсэн дүгнэлт гарсан байна лээ. Тийм учраас бол энэ хүрээндээ бол тэр үедээ бол Байнгын хорооны дүгнэлт гаргаад ингээд өөрчлөлт оруулах шаардлагатай юм байна. Шаардлагатай гэхэд ийм ийм чиглэлээр өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн ийм дүгнэлт гарч байгаа. Энийг дараа нь дахиад ажлын хэсэг байгуулаад хаврын чуулганд энэ ажлыг цаашид үргэлжлүүлнэ гэж ойлгох хэрэгтэй.

М.Батчимэг: -Саяны судалгаагаа та нээлттэй судалгаа юм чинь I Pad дээр тавиулчихвал дараагийн уулзалт хүртэл уншчихвал хэлэлцэхэд дөхөм байх.

А.Бакей: -Тэгье. Ер нь бол тэр судалгааны хэллэгийн хувьд бол оновчгүй нэр томьёо байсан л даа. Тэрийг хэллэгийг нь засаж байгаа. Тэгээд хэллэгийг нь засаад дуусангуутаа нээлттэй байдлаар судалгааны дүнг тавьчихъя.

Ж.Батзандан: -Энэ Байнгын хорооны дарга Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Хаврын чуулганд саналаа хэлэх хэрэгтэй. Ер нь энэ Монголын төрийн тогтолцоо чинь үр ашигтай байж чадаж байгаа юм уу. Ард түмний эрх ашгийг хамгаалж чадаж байгаа юм уу. Та бидний хүссэн зорилго зорилтыг биелүүлж чадаж байгаа юм уу. Энийг та өөрөө байр сууриа илэрхийл.
Парламентаас гаргаж байгаа өчнөөн арван хууль чинь нийгэмд үр дүнгээ өгч чадаж байгаа юм уу. Эдийн засаг ингэтлээ дампуурчихаад байна. Төрийн тогтолцоо авлига хээл хахуулаасаа салж чадахгүй байна. Хэдэн монополь олигархуудад төр нь базуулчихаад байгаа гэдгийг хүн бүр харж байгаа. Хоёр жилийн дотор юу хийсэн бэ гэдгээ Төрийн байгуулалтын байнгын хороон дарга хэлэх хэрэгтэй. Ер нь одоо бид Монголын төрийг ийм маягаар явуулах юм бол наад Монгол Улс өөрөө сүйрнэ. Монгол Улсыг сүйрэл уруу аваачих гэж байгаа юм уу. Монголоо аврах гэж байгаа юм уу гэдгээ одоо хэлэх хэрэгтэй. Хоёр жил харлаа сонгуулиас хойш байдал хүнд байна. Олон түмэнтэй бид уулзаж байна. Өдөр бүр уулзаж байна. Бид бие биедээ худлаа юм ярьж өдөр хоног өнгөрөөх шаардлагагүй. Бид Монголын парламентад худал ярих гэж сайхан үг ярих гэж бие биенээ хуурах гэж ирээгүй шүү. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга энэ дээр анхаарах хэрэгтэй.

А.Бакей: -Ер нь бол Хаврын чуулганы нээлт дээр бол Улсын Их Хурлын дарга үг хэлдэг. Мэдээж Ерөнхийлөгч бас үг хэлэх боломжтой. Эдгээр үгний агуулгад бол саяны энэ саналыг бол тусгах тал дээр бид хичээе. Шаардлагатай гэвэл бид саналаа илэрхийлж болно. За Баасанхүү гишүүн.

О.Баасанхүү: -Баярлалаа. Хаврын чуулганаар хэлэлцэх асуудал гээд яг үнэндээ бол өмнөх унасан шалтгаан нь ганцхан Ардчилсан намын тэр дундаа Засгийн газрын оруулж ирсэн хуулиудыг батална гэсэн маягаар явснаас гишүүдийн эгдүүцлийг хүргэсэн байгаа. Одоо байгаа энэ жагсаалтыг харахад ч гэсэн өмнөхтэй бас л тийм онцгой сайжирсан юм бол харагдахгүй байгаад байгаа юм. Миний хувьд юу хэлэх гээд байгаа юм гэхээр жишээлбэл Их Хурлын нэг тогтоолын төсөл 26 гишүүн өргөн бариад 2 жилийн нүүр үзлээ. Засгийн газрын 122 дугаар тогтоолтой холбоотой Төрийн албан хаагчийн нэгдсэн эмнэлгийн асуудал. Ингээд хэлэлцэж өгдөггүй юмыг одоо ингээд яваад байж болох уу. Энэ одоо яах вэ.

Хоёрдугаарт нь өнөөдөр юу вэ гэх юм бол энэ хууль өргөн барихаар авдаггүй нэг зовлон үүслээ. Энийг одоо Байнгын хороогоор дамжуулаад бас Их Хурлын даргыг ер нь өргөн барьсан бүх хуулийг аваач ээ. Тэгээд Байнгын хороон дээрээ хэлэлцэх үү, хэлэлцэхгүй юу гэдгийг шийдмээр байдаг. Бид нар одоо тэнд нэг Их Хурлын даргыг тавьж байгаа гол шалтгаан нь хуулиа авахуулдаг болгож л одоо байлгаж байгаа гэж ойлгоод байгаа шүү дээ. Тэрнээс биш бүх шат нь дуусчихсан хууль нь дуусчихсан юм байхад ямар шалтгаанаар авахгүй байгаа нь өөрөө ойлгомжгүй байгаа байхгүй юу. Тэрнээс биш нэг хоёр хүний хуулийг бол авчихдаг. Тэгээд миний хууль бол ширээн доороо байж л байдаг. Авахгүй бүлгээс асууя ч гэдэг юм уу. Тэгээд бүлгийн харьяалалтай байна гэдэг чинь бас асуудал байна. Энийг одоо Байнгын хороо нэгэнт энийг хэлэлцэхээр бол бас тодорхой хэлмээр байна. Бүх хуулийг авах ёстой. Хэлэлцэх үү, үгүй юу гэдгийг бол тодорхой Байнгын хороонууд нь л шийдээд явуулмаар байгаа байхгүй юу. Тэгвэл ийм маргаан үүсэхгүй гэж үзээд байгаа байхгүй юу. Тэгэхгүй болохоор одоо арай хийж авсан зүйлээ энэ дотор орвол хэлэлцдэг юм байна.

Энэ дотор орохгүй бол хэлэлцдэггүй юм байна гэдэг ойлголт үүсчих гээд байгаа учраас бүх хуулийг чинь авъя. Хэлэлцэх эсэхийг чинь Байнгын хороо шийдье гэж явбал энэ зөв байна л даа. Баярлалаа.

А.Бакей: -Би уг нь асуулт тасалсан байсан. Хариулт маягаар тайлбар хэлье дээ. Тэр Төрийн тусгай эмнэлэгтэй холбоотой асуудал бол энэ хэлэлцэгдэж эхэлсэн. Энэ бол чиг үүргийн хувьд бол Нийгмийн бодлого, боловсрол, шинжлэх ухааны Байнгын хорооны дүгнэлт гарах ёстой. Мөн одоо хууль зүйн зөрчилтэй гэвэл Хууль зүйн байнгын хорооны дүгнэлт гарах ёстой. Энэ хоёр Байнгын хороон дээр хэлэлцэгдээд тэгээд ороод ирвэл тэгээд цаашаа явна шүү дээ.

О.Баасанхүү: -Тэр Байнгын хороонуудаа шаардах, та тэгэх ёстой гээд хоёр Байнгын хороонд өгсөн бол би гүйх ёстой юм уу, эсвэл Байнгын хороо гүйх ёстой юм уу. Хоёр жил хүлээчихлээ. Нөгөө хоёр нь хуралдах ч юм уу, үгүй ч юм уу ийм байгаад байгаа байхгүй юу. Эцсийн шийдвэр нь тан дээр гарах учраас танаас шаардаад байгаа байхгүй юу. Хэрвээ хэлэлцэхгүй юм бол хэлэлцэхгүй гэж байна гэдэг бичгийг нь аваад шийдмээр байна шүү дээ.

А.Бакей: -Би албан бичиг явуулсан байгаа. Албан бичгийнхээ хариуг нэхье. Тэр бол тийм асуудал байна. Тэртээ тэргүй хэлэлцүүлгийн шатанд байгаа асуудал шүү дээ. Хууль өргөн барихаар авахгүй байна гэсэн ийм асуудал ярьж байна. Угаасаа энэ одоо Улсын Их Хурлын гишүүд бол хууль боловсруулах тэрийгээ өргөн барих батлуулах шатандаа бол ард түмнийг сонгогч олныг төлөөлж ажиллах ёстой мэдээж. Гэхдээ энэ дээр бол өргөн барьж байгаа хуульд тавигдах шаардлага гэж байгаа тэр шаардлагаа бүрэн хангасан дээр нь бол нөгөө төсөв мөнгөтэй холбоотой асуудал дээр бол заавал Засгийн газраас одоо санал авах ёстой. Хуулийнхаа дагуу. Тэр Засгийн газрын санал авчихсан байвал мэдээж авах ёстой. Тэгэхээр энэ асуудал дээр анхааръя. Тэгээд энэ гишүүн бүр өөрийнхөө барьсан хуулийг нь бүгдийг нь энэ жагсаалтад гарна гэвэл хэмжээ хязгааргүй жагсаалт гарна. Энэ бол хэд хэдэн зүйлээр хязгаарлагдана.

Нэгдүгээрт цаг хугацааны хувьд бол нэг чуулган гэдэг чинь 2-3 хан сар байгаа шүү дээ. Энэ хугацаанд бүх жагсаалтыг бол хэлэлцэж батлах бололцоо байхгүй. Нөгөө тал дээр бол нөгөө өргөн баригдсан хуулиуд төсөвтэй холбоотой. Төсөв мөнгөний хувьд бол хязгаарлалт байгаа. Тэр бүрийг хэлэлцээд батлаад байвал нөгөө төсөв мөнгө чинь бас ачаалал даах уу, үгүй юу гэдэг асуудал байгаа. Тэгэхдээ бид одоо таны өргөн баригдсан хууль хэлэлцүүлгийн шатандаа байгаа бол бусад гэдэг асуудлаар тухай бүр шийдээд хэлэлцээд явж болно гэдгийг бол ойлгох хэрэгтэй. Тэгээд энэ зөвхөн ардчилсан намын гишүүдийн санаачилсан хууль ороод бусад намын гишүүдийнх орохгүй байна гэдэгтэй бол санал нийлэхгүй байна. Яагаад гэвэл Ардчилсан намын бүлгээс хаврын чуулганд хэлэлцүүлэхээр нийтдээ 38 хуулийн жагсаалт ирүүлсэн. Эндээс яг өргөн баригдсан нь 7 хон хууль байгаа. Бид зөвхөн өргөн баригдсан хуулийг л авна. 7 хуулиас 3-ыг нь энэ жагсаалтад оруулсан байгаа. МАН-аас бол санал болгосон 26 хуулийн төсөл байгаа. Эндээс яг өргөн баригдсан нь 7 хон хууль байна. 7-оос бид 4-ийг нь оруулсан байна.

Шударга ёс эвслээс 35 хуулийн жагсаалт ирсэн байна. Эндээс яг өргөн баригдсан 4 хөн байна. Тэндээс нэгийг нь авч байгаа гэх мэт. Тийм учраас …, үгүй заавал тэр харьцаа яриад яах гэсэн юм бэ дээ. Монгол Улсын хууль гэдэг чинь бол миний тэрний гэж эзэн байдаггүй юм. Нийт ард түмэнд үйлчилнэ шүү.

О.Баасанхүү: -Тэгээд хамтарсан засаг шүү дээ. Хамтарсан засаг мөртөө манайхыг нэг л хууль авна гэдэг чинь өөрөө хамтраагүй юм шиг харагдаж байгаа байхгүй юу.

А.Бакей: -Бусад гэдэг дээр орно шүү дээ.

О.Баасанхүү:-Үгүй энэ дээр манайхыг заавал оруулах ёстой байхгүй юу.

Ж.Батзандан: -Бакей даргаа наад нэг заваан юмаа болио. Олон жил хуулийн төслүүдийг дарж хэвтдэг наад заваан юмаа боль.

А.Бакей: -Саналыг тасаллаа. Цог гишүүнээс ирсэн зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулъя. Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай тогтоолын төсөлд Өршөөл үзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэх асуудлын дараалалд оруулъя гэсэн санал ирүүлсэн байна. Энэ саналыг дэмжиж байгаа гишүүд гараа өргөнө үү. 11-7 энэ санал дэмжигдлээ.

Одоо санал хураалтын томьёоллыг танилцуулъя. Улсын Их Хурлын 2014 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулах саналыг дэмжиж байгаа гишүүд гараа өргөнө үү. Энэ дээр Батчимэг гишүүн, Алтанхуяг гишүүн, Сайханбилэг гишүүн нар дэмжиж байгаа гэсэн оруулж тооцъё. 11-11 эдгээр санал дэмжигдлээ. Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Байнгын хорооноос дээрх асуудлаар гарах санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд би танилцуулъя. Ингээд хэлэлцэх асуудал дууслаа. Эрхэм гишүүдэд баярлалаа. Гишүүд идэвхтэй байлаа баярлалаа та бүгдэд.

УИХ-ын 2014 оны хаврын ээлжит чуулганаар дараах асуудлыг хэлэлцэхээр тогтоолын төсөлд тусгажээ. Үүнд:

1/“Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Монгол Улсын Засгийн газрын 2013 оны санхүүгийн нэгдсэн тайлан;

2/“Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл;

3/“Эдийн засгийг идэвхжүүлэх зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

4/“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

5/Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2015 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт;

6/“Хөгжлийн банкнаас санхүүжүүлэх төсөл, хөтөлбөрийн жагсаалт батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

7/Газрын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

8/“Ногоон хөгжлийн үзэл баримтлал, дунд хугацааны хөтөлбөр батлах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

9/Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

10/Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн төсөл;

11/Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

12/Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл;

13/Мөрдөх албаны тухай хуулийн төсөл;

14/Эрүүгийн байцаан шийтгэх хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

15/Хууль сахиулагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;

16/Галт зэвсгийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

17/Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;

18/Төрийн аж ахуйн үйл ажиллагааг хязгаарлах тухай хуулийн төсөл;

19/Шилэн дансны тухай хуулийн төсөл;

20/“Авто замын тээврийн салбарт төрөөс баримтлах бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл;

21/Худалдааны тухай хуулийн төсөл;

22/Засгийн газрын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл;

23/Сургуулийн өмнөх боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд;

24/Өршөөл үзүүлэх тухай хуулийн төсөл;

25/Бусад.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ