“Жигмэд, тогмид”-ын хувцсыг монголд үйлдвэрлэх боломжтой байжээ

Цагдаагийн албан хаагчдын шинэ хувцас ярианы сэдвээс гарах болоогүй бололтой. Шүүмжлэл хүчтэй өрнөсний дараа ЦЕГ-аас өчигдөр энэ сэдвээр мэдээлэл хийлээ. Цагдаа нарын хувцсыг шинэчлэх нь зөв зүйтэй хэрэг. Учир нь гадаадын зочид төлөөлөгчдийг угтан авах, жагсаал, цуглааныг ажиглах гээдбүхий л асуудал дээр цагдаагийн алба хаагчид гүйж явдаг. Гэтэл шинэ хувцас нь харин өмнөхөөсөө дээрдсэн зүйлгүй. Цагдаа нарыг улам сүр сүлдгүй харагдуулж байгаа хар бараан өнгө, хачирхалтай бүрх малгайнд нь ямар ч зохидлого алга. Ялангуяа замын голд хөдөлгөөн зохицуулах замын цагдаа хэн бүгдийн нүдэнд шууд тусдаг. Гэсэн ч шинэхэн хувцас өмссөн нэртэй ч өмнөхөөсөө дордож гэх яриа олны ярих сэдвийн нэг болж байна.Ямар сайндаа л өчигдөр өглөө микронд суухад, тэнд сууж явсан зорчигчид замын хажууханд зогсож буй цагдааг хараад “Хар даа ёстой хачин байгаа биз. Энэ малгай арай биш ээ. Жигмэд, Тогмид шиг, аль эсвэл харуул хамгаалалтын ажилтан шиг ямар ч сүр сүлдгүй” зэргээр инээлдэж байхав. Түүнчлэн замын цагдаа нарыг замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нартай нүүр тулж бичиг баримтыг нь үзэх гээд очихоор юу өмсчихсөн юм бэ гээд инээх тохиолдол ч олон гарч байгаа гэнэ. Хариуд нь цагдаа ичингүйрэв бололтой инээгээд хоцрох жишээтэй. Өнгөрсөн онд цагдаагийн албан хаагчдын хувцсыг шинэчлэхээр нийт 5.5 тэрбум төгрөг төсөвлөжээ. Үүний дагуу ЦЕГ-аас эхний ээлжинд дотоодын цэргийн албан хаагчдын дүрэмт хувцсыг худалдан авах ажиллагааны хүрээнд дөрвөн тэрбум төгрөгийн тендерийг 23 аж ахуйн нэгжийн дундзарласан аж. Ингэхдээ өнгөрсөн оны есдүгээр сард дотоодын үйлдвэрүүдэд тендерт оролцох урилгыг хүргүүлж байсан аж. Гэсэн ч тухайн үед улсын томоохон үйлдвэрүүд сурагчдын дүрэмт хувцаснаас шалтгаалж нийлүүлэлтийг энэ оны гуравдугаар сараас хийж эхлэх санал тавьж, тэгсэн нөхцөлд тендерт оролцоно хэмээжээ. Хэдийгээр томоохон үйлдвэрүүд ийм санал тавьсан ч өнгөрсөн онд суулгасан төсөв хураагдах байсан учраас чанартай хувцсыг богино хугацаанд хийлгэх үүднээс гадаадын хэд хэдэн үйлдвэрт шалгаруулалт явуулж, судалгаа хийсний үндсэн дээр Турк улсад үйлдвэрлэхээр болж. Ингээд өдөр тутмын хувцас бүрх малгай, өдөр тутмын хүрэм өмд, богино түрийтэй гутал зэрэг таван төрлийн хувцсыг нийт 8000 гаруй цагдаагийн албан хаагчдад олгохоор бүрэн хэмжээгээр нь хийлгээд байгаа аж. Одоогоор тухайн оны төсвөөс үлдсэн гэх хоёр тэрбум төгрөг байгаа. Үлдсэн хувцсыг үйлдвэрлэхийн тулд дотоодын үйлдвэрүүдийн дунд удахгүй тендер зарлах юм байна. Ингэснээр энэ удаад манай дотоодын үйлдвэрүүд тендерт оролцох боломжтой болж таарах нь. Яах вэ. Нэг талаар дотоодын үйлдвэрүүд нь дэмжээгүй учраас цагдаагийн хувцсыг гадаадад хийлгэхээр болж гэж бодъё. Гэтэл тухайн хувцасны загварыг гаргахдаа Америк улсын жишгээр хийсэн гэдэг. Тэгсэн хэрнээ хаа хамаагүй Туркийг сонгон оёулсан ньхачирхалтай. Үүнд ч албаныхан тодорхой хариулт хэлж чадаагүй. Зүгээр л богино хугацаанд хямд үнээр хийлгэсэн гэдгийг дурьдсан. Манайд цэргийн оёдлын “Бөртэ” хэмээх 93 жилийн түүхтэй томоохон үйлдвэр бий. Тус үйлдвэрийн тухайд нэгдүгээрт, Батлан хамгаалах яамны харьяа. Хоёрдугаарт, Монгол улсаас гадаадын орон руу ажил үүргээ гүйцэтгэхээр явах алба хаагчид, энхийг сахиулагчдын хувцсыг захиалгаар оёдог. Энэ үүргээ ч олон жилийн турш хангалттай биелүүлж яваа улсын ууган үйлвэрүүдийн нэг гэх.“Бөртэ” үйлдвэрийн ерөн­хий захирал Б.Коля “Манайх бол зэвсэгт хүчний байгууллага. Тиймээс уг асуудал бидэнд хамааралгүй. Өөрөөр хэлбэл, цагдаагийн байгууллага Турк улсын үйлдвэрээр хувцсаа хийлгэсэн гэдэг нь бидэнд хамаагүй. Яах вэ, тухайн газар бидэнд асуудал тавьсан тохиолдолд энэ талаар ярьж болох байсан. Гэтэл бидэнтэй хамааралгүй байхад тайлбар хийх утгагүй шүү дээ” гэж байна билээ. Нэг ёсондоо оёдлын үйлдвэрүүд форм хийгээд завгүй байх үед Туркийг биш “Бөртэ” үйлдвэрт хандах боломж байж. Хэдийгээр цагдаа, зэвсэгт хүчин тусдаа байгууллага ч бүгд Ерөнхийлөгчийн зарлигаар үйл ажиллагаа гүйцэтгэдэг. Магадгүй,тухайн үед цагдаагийнхан болоод Хууль зүйн яамнаас тус үйлдвэрт санал тавьсан бол тэр дайны хувцсыг дотооддоо үйлдвэрлэж чадахгүй гэх газаргүй. Манай улсад социализмын үед хүн бүхэн оёдолчин байсан. Энэ үүднээс дотооддоо чанартай үйлдвэрлэлийг бий болгох бүрэн боломжтой. Нөгөөтэйгүүр, дотоо­дын үйлдвэрүүд материалаа Хятадаас оруулж ирдэг зэрэг шүүмжлэл гардаг. Тиймээс орцны хонгилд үйл ажиллагаа явуулж буй ажилгүй байгаа хүмүүсээ тухайн үйлдвэрүүддээ ажиллуулаад томоохон нөөц бололцоо, ажил­лах хүчийг гаргаад энэ дайны үйлдвэрлэлийг бий болгож, гадаад руу хэдэн төгрөгөө урсгах бишдотооддоо үйлдвэрлэх боломж байсан. Манай улс сүүлийн хэдэн жилд үндэсний үйлдвэрлэл тэр дундаа боловруулах салбараа дэм­жин ажилладаг болсон. Ерөн­хийлөгчөөсөө эхлээд үндэсний үйлдвэрээ дэмжих уриалга гаргаж байгаа. Сүүлийн жилүүдэд манай улсын боловсруулахсалбарын үйлдвэрлэл нэлээн өсөлттэй байгаа гэдэг. Үүнтэйгээ холбогдуулан тус салбарын бүтээгдэхүүний борлуулалт, зах зээлийн асуудалд дэмжлэг үзүүлэх нь үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бодлогын чиглэл гэж Засгийн газар аль 2011 оноос л ярьж байсан. Мөн эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг өөрийн хэрэгцээнд худалдан авч үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг нийт ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалж байсан билээ. Энэхүү уриалгынхаа дагуу төрийн болон орон нутгийн өмчийн өмч хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах ажиллагаанд тэргүүн ээлжинд дотоодын үйлдвэрүүдээ хангах бараа бүтээгдэхүүний жагсаалтыг хүртэл гаргаж байсан юм. Үүнд нь, нэн тэргүүнд нөгөө цэрэг, цагдаа, гааль, мэргэжлийн хяналт, нийгмийн даатгалын улсын байцаагч, байгаль хамгаалагчдын хүчний байгууллагын өвөл, зуны дүрэмт хувцас зэрэг багтчихсан байдаг ажээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ