Р.Бурмаа: Чанга дуугарснаас нь, муулж гүтгэснээс нь айж төрийн ажлыг явуулахгүй

УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаатай ярилцлаа?
-Та хөдөө аж ахуйн салбарыг удирдаад багагүй хугацаа өнгөрлөө. Засгийн газрын 100 хоногийн ажлын тайлан ч гарсан. Энэ хооронд газар тариалангийн талбарт юу амжуулж, ямар бодлого гаргав?
-Бидний нэн тэргүүнд анхаарах асуудал бол тариалангийн газрын хөрсний үржил шимийг хамгаалах, улмаар сайжруулж га-гаас авах буудайг нэмэгдүүлэх. Таван жил тутам хөрсний үржил шимийн судалгаа явуулах хуультай. Таван жилийн өмнө хийсэн судалгаагаар нийт тариалангийн талбайн 50 орчим хувь нь хөрсний үржил шимийн доройтолтой гэж гарсан. Энэ жил уг судалгааг Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтарч хийнэ. Хөрсний үржил шимийг дээшлүүлэх асуудлаар хөрөнгө мөнгө шийдүүлэхээр холбогдох байгууллагатай ярилцаж байна. Мөн сүүлийн үеийн дэвшилтэд техник, технологийг газар тариалангийн салбартнэвтрүүлэх үүднээс удаан хугацааны техникийн лизингийн үйлчилгээ эхлүүлэхээр ажиллаж байна. Энэ асуудал шийдвэрлэгдвэл хөрс хамгаалагдана, га-гаас авах ургац нэмэгдэнэ, уринш хийх шаардлаггүй болно. Үүнээс гадна Хөдлөх хөрөнгийг барьцаалан зээл авах хуулийн төсөл УИХ дээр хэлэлцэгдэж байгаа. Батлагдвал эрх зүйн орчин таатай болж тариалан эрхлэгчдэд зээл авахад хялбар болно.Түүнчлэн Хятадын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 125 морины хүчтэй трактор 90 ширхэг, 165 морины хүчтэй трактор 42 ширхэг, комбайн 48 ширхэг удахгүй орж ирнэ. Тариаланчдад хөнгөлттэй нөхцөлөөр, 20-30 хувийн урьдчилгаатай, үлдсэн хувийг таван жилийн хугацаатай зээлээр олгоно. Энэ долоо хоног, ирэх долоо хоногт тариаланчдын зөвөлгөөнийг орон нутагт нь хийнэ. Энэ үеэр л амин зүйл, тулгамдсан асуудал, газар тариалангийн өнөөгийн нөхцөл, цаг агаар, технологийн дэвшил, зах зээлийн зарчимд нийцсэн газар тариалангийн бодлогын талаар ярилцаж салбарынхны саналыг авна. Үүн дээр үндэслээд УИХ-д Хүнс хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлогыг, Засгийн газарт Газар тариалангын тогтвортой хөгжил хөтөлбөрийг энэ хавартаа багтаан оруулж шийдвэрлүүлнэ.
-Хаврын тариалалт эхэллээ. Нөхцөл байдал ямар байна вэ. Тариаланчид өнөө жил тариа тарих эсэхээ мэдэхгүй байна гэцгээж байгаа?
-Өнөө жил улсын хэмжээнд 328.6 мянган га-д тариалалт хийхээс 300 мянган га талбайд үр тариа тариална. Ирэх намартаа 320 мянган тонн улаан буудайг тарилан эрхлэх сан болон гурилын үйлдвэрүүдэд нийлүүлнэ гэсэн тооцоо гарсан. Хаврын тариалалттай холбогдуулан Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас тариаланчдад дэмжлэг үзүүлж ажилдаг. Энэ ажил үргэлжилнэ. Харин дэмжлэг үзүүлэхдээ шалгуур тавихаар болсон. Байгуулсан гэрээнийхээ дагуу зээлийн эргэн төлөлтөө графикийн дагуу хийдэг аж ахуйн нэгжүүдэд урьдчилгаагүй, бага урьдчилгаатай зээл олгох, бусад дэмжлэг үзүүлэх гэх мэтээр ажиллана. Харин зээлээ цаг тухайд нь буцаан төлдөггүй, буудай тарина гэж төрөөс дэмжлэг авчихаад рапс тарьж асуудал үүсгэдэг аж ахуйн нэгжид тодорхой шалгуур тавина.
-Л.Цандэлэг Монгол Улс ирэх намар гурил үйлдвэрлэхгүй гээд мэдэгдчихлээ?
-Өнгөрсөн хугацаанд тариаланч гэх нэг, хоёр хүн маргаан гаргасан. Нэг нь чанаргүй будаа тарьсан, нөгөө нь тарьсан будаагаа зах зээлийн үнээс 250 мянган төгрөгөөр илүү үнэлсэн. Харин жирийн тариаланчдын зүгээс хөрс усаа хамгаална, тосны ургамал тарихгүй, хүнсний улаан буудайгаа тариална гэж байгаа.Дээрхи асуудлаар хэн нь хэн бэ гэдгийг мэдэгдлээ. Жинхэнэ тариаланч бол энэ салбарт зүрх сэтгэлээ өгсөн байдаг юм байна. Гэтэл зарим нэг нь ашиг багатай улаан буудай тарихгүй, хөрсний үржил шимд халтай байсан ч хамаагүй рапс тарина гэх мэтээр сүрдүүлж байна. Урьд найзан дундаа ажилладаг байсныг нь болиулж харилцагчийн түүх, бүтээгдэхүүний чанарт үндэслэж гэрээнд заасан үзүүлэлтүүдийг шаардаад эхлэхээр ХХАА-н яам бус Хууль зүйн яам боллоо гэж яриад эхэлж байна. Үүнийг би сайн гэсэн үнэлгээ гэж харж байгаа. Яагаад гэвэл аль ч яам хуулийн хүрээнд ажиллаж, хуулийн дагуу шаардлага тавих ёстой. Тариалангийн бизнес эрхлэгчдийн хоёр ч холбоо байна. Л.Цандэлэгийн, Ч.Пэрэнлэйн тэргүүлдэг. Тэдэнтэй уулзахад нийт тариаланчдын нийтлэг эрх ашгийг хамгаалсан гэхээсээ илүү өөрсдийн аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хамгаалсан асуудал яриад байгаа нь ч анзаарагдлаа.
-Нөөц үр хангалттай, намар болтол гурилаар дутагдахгүй юу?
-Аж ахуйн нэгж, иргэд 45 мянган тонн үр нөөцөлсөн байгаа. Дээрээс нь Тариалан эрхлэлтийг дэмжих санд 2400 тонн, Онцгой байдлын газарт 4 мянган тонн хадгалагдаж байгаа. Улсын хэмжээнд 48 мянга орчим тонн үрийн буудай шаардлагатай. Шаардлагатай тохиолдолд нэмэлт үрийг импортоор оруулж ирэх бүрэн боломжтой.Гурил, буудайны нөөц аравдугаар сар хүртэл хангалттай.
-Дотооддоо хангалттай буудай тарьчихаад байхад тэдний хөдөлмөрийг үнэгүйдүүлж импортоор буудай авсан нь асуудал үүсгэсэн юм биш үү?
-“Тариаланчдын гар дээр борлогдолгүй үлдсэн буудай байхад импортоор буудай оруулж ирлээ” гэж нэлээд шуугисан. Засгийн газар хүлээцтэй байж, удаан сонсч хоёр ч удаа шалгалт явууллаа. “Шалгалтын дүнг нь нийтлэхгүй байна” гэж намайг бас л шүүмжиллээ. Шалгалтын ажлын хэсэгт тариалан эрхлэгчид болон гурил үйлдвэрлэгчдээс хүмүүс оролцсон. Тодруулбал, Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооноос “Зургаан компанид үлдэгдэл буудай байна” гэсэн. Нийт 30 орчим мянган тонн буудайн үлдэгдэлтэй байгаа юм байна. Гэхдээ энэ нь зарагдаагүй бус зарагдчихсан юм билээ. Өөрөөр хэлбэл зарсан гэж хэлээд тонн тутамдаа 70 мянган төгрөгийн урамшууллаа авчихсан байдаг. Ер нь болцавуулагийнх нь хэмжээг шалгахад хамгийн их хэл ам хийгээд байгаа Л.Цандэлэгийн Ургац хүдэр компанийн буудай л гэхэд дунджаар 18 хувийн цавуулагтай гэж гарсан. Шууд хэлбэл өнгөрсөн намар стандартад тэнцсэн гэж гурилын үйлдвэрүүдтэй гэрээ байгуулж тариалан эрхлэлтийн сангаас урамшууллын мөнгөө авчихсан байдаг. Гэтэл цавуулагийнх нь хэмжээ стандартад хүрэхгүй байгаа.
-Ц.Баатарсайхан, Л.Цандэлэг яам гурвын дунд одоо яг ямар асуудал байгаа юм?
-Яамны зүгээс ямар нэг асуудал байхгүй. Тэдгээр хувь хүмүүс хооронд ямар асуудал байгаа нь яаманд хамааралгүй.
-Гахайн хоолонд өгдөг улаан буудайг импортолсон гэх мэдээлэл бий?
-Мэргэжлийн хяналт, Гаалийнхан үүний хариуг өгөх байх. Манайх зөвшөөрөл өгөхдөө цавуулаг өндөртэй байх нөхцөлөө тавьсан. Хэрвээ тийм асуудал байвал гомдол гаргаж торгууль тавиулахаас эхлээд арга хэмжээ авах олон боломж бий. Одоо тариаланчдаас авсан буудайныхаа мөнгийг өгч чадахгүй байгаа гурилын үйлдвэрүүд бид гурилаа экспортолъё гэж байна. Энэ бол хамгийн их сэтгэл зовоосон асуудал. Одоо 36 тэрбум төгрөгийн ийм өр, авлага байна. Хүн бусдыг өөр шигээ боддог. Тэгж ярьж байгаа хүн өөрөө тийм зүйл хийдэг байсан юм байлгүй дээ.
-Улаанбаатар гурилын ах дүү нартай таныг 10 сая ам.доллар хувааж идсэн гэж бас мэдэгдээд байгаа?
-Чанаржуулах зорилгоор 20 мянган тонн буудай импортлох зөвшөөрөл олгосон. Оросоос Монголд орж ирэх улаан буудайны үнэ өвөл тонн нь 280 ам доллар байсан. 20 мянган тонн ньойролцоогоор 5.6 сая ам доллар болж байгаа. Гүтгэлээ гэхэд тоогоо зөв бодож баймаар юм. Ярьж байгаа зүйлээ ч сайн ойлгохгүй ийм хүн 10 сая ам.доллар хувааж идсэн гэсэн ноцтой гүтгэлгийг хийлээ. Тиймээс миний зүгээс энэ асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулна. Төрөөс хамгийн их дэмжлэг авч байсан, монголын хамгийн том талбайд тариалалт хийдэг компаниудын эзэд л хуучнаа санагалзаад байх шиг байна.
-Хуучнаа санагалзана гэдэг нь юу гэсэн үг вэ?
-Хэн чанга дуугарсан, хэн телевизтэй нь орой бүхэн муулж гүтгэсэн гэдгээс нь айж ажил хэргээ явуулахгүй. Өмнө нь найзын дундаа явж байсан тэр хэлбэрээ үргэлжлүүлэх гэж оролдсон. Тиймдээ ч над дээр ирээд “Намайг газар тариалангийн зөвлөхөө болго. Миний энэ хүнийг Газар тариалангийн газрын даргаа болго. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн чинь 70 хувийг би хувьчилж авна” гэсэн шаардлагыг тавьсан. “Тийм зүйл байхгүй” гэхэд “Тэгвэл чи хараарай” гэсэн. Энэ жагсаал, цуглаан, нийт тариаланчдын нэрийг бариад байгаагийн цаана нь ийм л юм бий. Мөн үндэсний бүтээн байгуулалтын гэрэгэ гэх шагналыг авч байгаа Гачуурт компани бол төрөөс маш их дэмжлэг авсан байдаг. Хамгийн сүүлийн жишээ л гэхэд гурван тэрбум төгрөгийн сайн үүлдэрийн үхэр оруулж ирэхдээ бүх дэмжлэгийг авсан байгаа. Гэхдээ гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй луу унжсаар яваа. Уг нь төрөөс дэмжлэг авч том компани болон үйл ажиллагаагаа өргөжүүлсэн бизнесмэнүүд төлбөрөө цаг хугацаанд нь өгч байвал дараа дараагийн хүмүүст нь боломж олдож үйлдвэрлэгч компани олон төрөх боломжтой. Гэтэл ганцаараа монополь байхыг эрмэлзэж бусдынхаа дэвжихэд нь саад болж яаманд нөлөөлж ажиллана гэвэл болохгүй. Магадгүй бусдыгаа тариа битгий тариасай, ургац бага үнийг нь өсгөж байгаад хонжоо олно гэж бодож байж ч магад.Миний бие хатуу байр суурьтай байгаа учраас гүтгэлэг, дайралтыг хийж байна. Өөрсдийнх нь хүссэнээр байгаагүй учир өөрийнхөө телевизээр орой бүр гүтгэх нь хэрээс хэтэрлээ.
-Харилцагч компанийн түүхийг бичиж эхэлсэн гэсэн. Л.Цандэлэгийн компанийнх ямар байгаа юм бол?
-Шууд хэлэхэд муу. Зээл аваад зээлээ өгөлгүй он дамнуулдаг. Төр зарим авлагаа сая урамшууллын мөнгөнөөс нь суутгуулсан. Тэгэхэд уурлаж, дургүйцэж байна лээ. Тэглээ ч гэсэн одоо 300 орчим сая төгрөгийн өрийн үлдэгдэлтэй байгаа. Уурласан уурлаагүй бид мөнгөө авч дараагийн хүмүүст нь дэмжлэг үзүүлэх ёстой. Эргэлтэд оруулж дараа жилийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд тэднээс дэмжиж өгсөн мөнгийг авахаас өөр ямар ч арга байхгүй. Өмнө нь чийгтэй хөгцөрсөн буудайгаа танил тал, дарга нарын нэр барьж өгөх гэдэг, сүрдүүлдэг, загнадаг гээд энэ хүний талаар олон л мэдээлэл байна. Ер нь ном ёсоороо чанартай буудайгаа нийлүүлээд, гэрээнийхээ заалтын дагуу ажиллаад байвал тухайн компани том, жижиг гэлтгүй улсаас үзүүлэх дэмжлэгт нэг ижил зарчим л үйлчилнэ. Өнгөрсөн долоон жилийн хугацаанд нийт 460 орчим тэрбум төгрөгийн урамшуулал олгосон байдаг.
-Үнийг чөлөөлж, зах зээлийн боломж олго гэж шаардаж байгаа. Үнийг чөлөөлчихөж болдоггүй юм уу?
-Өмнө нь бас л жагсаал цуглаан хийж байгаад нэг тонныг нь 550 мянган төгрөг болгоё гэсэн юм билээ. Үнэ тогтоож өгсөн энэ асуудал дээр Аудитын дүгнэлт гарсан. Үнийг зарлах нь хууль зөрчсөн гэж. Тэгэхээр зах зээлийнхээ зарчмаар үнэ нь чөлөөтэй болно. Ер нь бол буудайны үнэ чөлөөтэй байдаг ба харин Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн авдаг буудайн үнийг салбарын сайд тогтоох журамтай. Энэ жилээс улаан буудайг Хөдөө аж ахуйн биржээр худалдаална. Туршилтын худалдааг хийнэ. Тэр хүн илүү гарсан буудайгаа хаана, хэдэн төгрөгөөр зарах нь хувийн асуудал. Ер нь бол стандартад тэнцсэн буудайг хэн ч л авна.
-Үнэ чөлөөлөхөөр урамшуулал өгөхөө болих уу?
-Бусад улс орон яадаг юм гэдгийг судалж байгаа. ОХУ-д л гэхэд Тариалан эрхлэлтийг дэмжих сан гэж байхад тэр нь улсын нөөцөд тариаланчдынхаа буудайг худалдаж авдаг юм билээ. Гурилын үнэ өслөө гэхэд нөөцөөсөө гаргаж интервенц хийгээд явдаг байх жишээтэй. Тэгээд ч буудайг биржээр худалдаад эхэлбэл манайхаас авна гэж гэрээ хийчихээд авахгүй байна гэж гомдоллохоо больж бүх стандартын шаардлага тавигдаж зах зээлийн горимоороо явна. Ер нь бол урамшууллын асуудал УИХ, Засгийн газрын түвшинд шийдэгдэнэ. Бид зах зээлийн жамаараа явахаар асуудал ямар байх нь вэ гэдгийг судалж байна.
-Таныг мэргэжлийн бус хүн учраас салбарыг унагаж байна гэх шүүмжлэл бий. Энэ тал дээр та ямар тайлбар хийх вэ?
-Би энэ салбарт сонирхлын зөрчилгүй хүн. Нэг га талбай, нэг дэлгүүр ч үгүй. УИХ-ын гишүүн болоод Өргөдлийн байнгын хороог даргалсан. Тэгэхэд хамгийн их өргөдөл малчид, тариаланчдаас ирсэн. Эндээс бэлчээрийн, газар тариалангийн хөрсний ашиглалтын асуудал хүндэрсэн нь харагдсан. Бэлчээрийг БОНХ-ийн яам хамгаална, бүртгэлийг нь БХБ-ын яам хөтөлнө, хяналт нь Шадар сайдын эрхлэх асуудалд хамаарна, манай яам ашиглалтыг нь хариуцаж явна. Газар тариалангийн салбар ч ялгаагүй ийм. Гэхдээ ашиглаж байгаа хүмүүс талбайгаа хайрлаж, хамгаалж, арчлах ёстой. Энэ дагуу ХХААЯ хөдөө аж ахуйнхаа эдэлбэр газрыг анхаарах цаг нь болчихож. Тиймээс хууль эрх зүйн орчинг нь боловсронгуй болгож ангилах ёстой юм байна. Газар тариалан, бэлчээр, уул уурхайн гэх мэтээр. Энэ тохиолдолд гадныхан уул уурхайд хөрөнгө оруулахдаа ч дуртай байх болно. Асуудлыг 2016 оноос өмнө хуульчилахаар ажиллаж байгаа. УИХ-ын гишүүнээр давхар ажиллах гол шалтгаан маань ч энэ болж байна.
Л.Мөнхтөр
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ