Ж.Батзандан: УИХ-ын даргын зөв гэж үзэж байна

УИХ-ын хаврын чуулган өнөөдөр нээлтээ хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас дараах тодруулгыг авлаа.

-УИХ-ын дарга Тавантолгойн асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх ёстой гээд Ерөнхий сайдад албан тоот хүргүүлсэн. Үүнд ямар байр суурьтай байна вэ?

-Тавантолгой, Оюутолгойн төсөл Монголын ард түмэнд ашигтайгаар явах ёстой. Түүнээс гаднынханы эрх ашигт нийцэж, монголчуудын нийтлэг эрх ашгийг хохироосон төсөл байж болохгүй гэж харж байна.

-Тавантолгойн төслийг баталсан сайд нарыг огцруулах тухай УИХ-ын дарга хэллээ. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?

-Тавантолгой, Оюутолгойн асуудал Монголын иргэдэд ашигтайгаар эргэх ёстой. Гаднынхны эрх ашгийг 100 хувь хангасан, монголчуудын нийтлэг эрх ашгийг хохироосон төсөл байж болохгүй. УИХ-ын бүрэн эрх, үндсэн эрхэд хамаарах асуудлуудыг УИХ-аас асуудалгүйгээр шийднэ гэж “муйгадлан” зүтгэж буй сайд нар тэрхүү гэрээнд гарын үсэг зурж, үндэсний эрх ашгийг хохироосон, хууль зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцно гэж УИХ-ын дарга хэллээ. Үүнийг би зөв гэж бодож байна.

Стратегийн ордуудын ашиглалт, олборлолт, эзэмшлийн асуудал дээр УИХ шийдвэрээ гаргана гэж хуульд тодорхой заасан байгаа. Тэгэхээр УИХ-ын эрхэд хамаарч байгаа асуудлыг Засгийн газар шийдэж болохгүй. УИХ-ын 76 гишүүн бол Монголын ард түмнийг төлөөлж байгаа. Энэ асуудлыг УИХ-ыг тойруулах замаар хэлэлцвэл хууль зөрчсөн үйлдэл болно.

-Засгийн газар Тавантолгойн гэрээний асуудлаар бие даан шийдвэр гаргах эрхзүйн боломж байгаа юм биш үү?
-Боломжгүй.

-УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцдог болох тухай хуулийн төслийг оруулах гэж байгаа тухай дуулсан. Энэ төсөлд ямар заалтууд орсон бэ?
-Хариуцлагын тогтолцоог чамбайруулах чиглэлд гурван хуулийн төсөл энэ удаагийн чуулганаар хэлэлцэгдэнэ. Нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Сонгогдсон болон томилогдсон албан тушаалтнуудад хариуцлага тооцох тухай хуулийн төсөл гэж нэлээд чамбай төсөл орж ирсэн.

Энэ хуулийн төсөлд төрийн албан тушаалтнуудын ёсзүйн хариуцлага, улс төрийн хариуцлагатай холбоотой заалтууд орж ирсэн. УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах хүртэл зохицуулалт энэ хуульд тодорхой тусгагдсан. Хоёрдугаарт, Өргөдлийн байнгын хорооны гишүүд бид ярилцаж байгаад УИХ-ын гишүүдийн үндэслэлгүйгээр хуралдаанаа тасалдгийг зогсоох, бусдын кнопыг илт хууль бусаар дардаг байдлыг зогсоох, согтуу хөлчүүгээр хуралдаанд орох зэрэг зөрчлийг төгсгөл болгоё гэсэн үүднээс хоёр хуулийн төслийг өргөн барьсан.

Нэг нь, Төрийн ордны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж байгаа. Хоёр дахь нь, УИХ-ын дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа. Өөрөөр хэлбэл, илт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуралдааныг олон цагаар тасалсан тохиолдолд торгууль, шийтгэл оногдуулах, зөрчил гэж үздэг болох гэх мэт заалтууд оруулж байгаа.

-Бусдын кнопыг дарсан тохиолдолд ямар хариуцлага хүлээлгэх вэ?
-Энэ талаар нөгөө талд судлаачдын дунд маргаан өрнөж байгаа. Ер нь бусдын кнопыг дарна, кнопоо бусдад шилжүүлэхийг эрх мэдлээ хэтрүүлэн хэрэглэж байна гэж үзнэ. Энэ бол гэмт хэргийн шинжтэй асуудал. Энэ талаар нэлээд нухацтай ярина. Хуулийн төслүүдийн заримыг өргөн барина. Зарим нь хэлэлцүүлгийн шатандаа яваа. Юутай ч хаврын чуулганаар хариуцлагын хуулиуд батлагдан гарна гэж найдаж байна.

-Сонгуулийн хуулийн Ажлын хэсгийн явц ямар шатандаа байна вэ?
-Сонгуулийн нэгдсэн хуулийн Ажлын хэсгийн ахлагчаар Р.Бурмаа гишүүн ажиллаж байсан. Тэрбээр сайд болсонтой холбогдуулж, УИХ-ын даргын захирамжинд өөрчлөлт орж, намайг Ажлын хэсгийн ахлагчаар томилсон. Сонгуулийн хууль улстөрийн бүх намуудын зөвшилцөл дээр тулгуурлан гарах ёстой. Одоогийн байдлаар намууд хэд хэдэн асуудал дээр ойлголцсон. Орон нутгийн, УИХ-ын, Ерөнхийлөгчийн гэх мэт олон сонгууль явуулдгийг больё гэж байгаа. Дөрвөн жилийн хугацаанд дахин болон нөхөн сонгуультай нийлээд бараг 40 гаруй сонгууль хийж байна. Бүх шатны сонгуулийг нэг өдөр хийдэг болъё гэж анхаарал тавин ажиллаж байгаа.

-Намууд сонгуулийн тогтолцоон дээр байр сууриа нэгтгэж чадсан уу?
-Ойлголцож чадаагүй нэг л асуудал байгаа нь тогтолцоо. Тэгэхээр УИХ-д суудалтай болон суудалгүй намууд хэзээ зөвшилцөлд хүрнэ тэр үед энэ хууль хэлэлцэгдэнэ.

-Сонгуулийн тухай хуульд сонгуулиас зургаан сарын өмнө өөрчлөлт орох ёстой?
-Ер нь энэ хаврын чуулганаар Сонгуулийн хуульд өөрчлөлт орохгүй бол хуучин хуулиараа 2016 оны сонгууль явах байх.

-Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хаврын чуулганаар хэлэлцэхээр төлөвлөж байна. Үндэсний баялаг бүтээгчдээ дэмжихэд та ямар санал оруулах вэ?

-Эдийн засаг хүнд байна уу, өсөлттэй байна уу гэдгээс үл хамаарч баялаг бүтээгчдээ бид ямагт дэмждэг байх ёстой. Монголын зах зээл өөрөө нээлттэй чөлөөт өрсөлдөөнд тулгуурласан байх ёстой. Баялаг бүтээгчдээ дэмжих олон арга байгаа. Өөрөөр хэлбэл, монголын зах зээл илүү чөлөөтэй, илүү шударга өрсөлдөөнийг хангасан зах зээлийн тогтлолцоог бүрдүүлж чадах юм бол манай баялаг бүтээгчид, үйлдвэрлэл эрхлэгчид аяндаа босоод ирэх боломж байгаа. Үүнд төрийн оролцоог аль болох багасгах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, бид баялаг бүтээгчдэд ажиллах бүрэн бололцоог олгосон хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өгөх зайлшгүй шаардлагатай байгаа. Тухайлбал, татварын таатай орчин, бүтээгдэхүүнээ дэлхийн зах дээлд гаргах экспортыг дэмжсэн бодлогыг төрөөс явуулж өгөх ёстой. Энэ чиглэлийн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх хууль удахгүй батлагдана гэдгийг хэлье. Гэхдээ өмнөх Засгийн газраас энэ төрлийн олон бодого явуулж байсан ч нүдээ олоогүй зүйл олон байсан. Тиймээс эдгээрийг бүхэлд нь өөрчлөх шаардлагатай.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ