Энхбаяр хэлмэгдлээ, одоо би ч хэлмэгдэж байна, АТГ хэрэггүй гэдэг

- Ц.Оюунбаатар: Энхбаяр хэлмэгдлээ, одоо би ч хэлмэгдэж байна, АТГ хэрэггүй гэдэг -

УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатартай ярилцлаа.

- Та бизнес эрхлэгчдийг боомилж, гэмт хэрэгтэн болгох зүйл ангиуд агуулсан байна хэмээн Эрүүгийн хуулийг шүүмжилж байна. Яг ямар зүйл ангиуд байгаа юм бол?

- УИХ-д өргөн мэдүүлсэн шинэ Эрүүгийн хуулийн төсөлд татвар төлөгч аж ахуйн нэгж, хуулийн этгээдэд 48 зүйл заалтаар эрүүгийн хэрэгт татаж торгох, эрх хасах, татан буулгах, ял оногдуулах тэр ч байтугай хуулийн этгээдийн хувьцаа, хөрөнгө орлогыг хураах заалтууд орсон байна. Энэ бол Үндсэн хууль, хүний эрхийн олон улсын болон Монголын хууль тогтоомжийг зөрчиж байгаа асуудал. Эрүүгийн хуулийн энэ төслийн "Эдийн засгийн гэмт хэрэг" нэрээр 15 зүйл заалт, "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны эсрэг гэмт хэрэг" нэрээр гурван зүйл заалт, "Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг" нэрээр найман зүйл заалт, "Соёлын өвийн эсрэг гэмт хэрэг" нэрээр дөрвөн зүйл заалт, "Хөдөлгөөний аюлгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг" нэрээр нэг зүйл заалтаар тус тус аж ахуйн нэгж, ТББ зэрэг хуулийн этгээдүүдийг эрүүгийн хэрэгтэн болгох үүд хаалгыг нээж өгсөн байгаа юм. Энэ бол байж боломгүй алдаа завхрал. Социализмын үед ч ийм хууль байгаагүй.

- Засгийн газар ийм хуулийн төсөл оруулаад ирэхтэй зэрэг бусад гишүүд тань хэрхэн ямар ойлголттой хүлээж авч байх юм?

- УИХ-ын гишүүдийн 99 хувь нь бизнес эрхэлдэг, үгүй бол эхнэр хүүхэд нь бизнес эрхэлдэг. Р.Гончигдорж, Д.Дэмбэрэл болон миний бие гээд цөөн хэдэн гишүүд л бизнес эрхэлдэггүй. Гэтэл бизнес эрхлэгчдийг эрүүгийн элемент болгох хууль орж ирчихээд байхад гишүүд маань учрыг нь ойлгоогүй л явж байх жишээтэй.

Ийм хууль дэлхийд бараг хаана ч байхгүй. Одоо олон улсад терроризмтой холбоотой болон мөнгө угаах, байгаль орчинд хор хөнөөл учруулсан хэргээр л аж ахуйн нэгж компаниудад эрүүгийн хэрэг үүсгэдэг жишигтэй. Гэтэл Монгол улсад энэ хууль батлагдвал 48 зүйл заалтаар компаниудад эрүү үүсгэж шийтгэх болох нь. Шийтгэхдээ татан буулгана, торгоно, хөрөнгө орлогыг нь хурааж авна. Феодалын хөрөнгө хурааж авч байгаа шиг л юм болох нь л дээ.

Ийм хуулийг хийчихээд зүтгүүлж байгаа нь баялаг бүтээгч, бизнес эрхлэгчдийн дургүйцлийг асар ихээр төрүүлж байна.

- Засгийн газраас өргөн барьж байгаа шүү дээ?

Тийм. Ийм хууль өргөн барьж байгаа улстөрийн нам хүчнийг сонгуульд хэн дэмжих вэ?

- Уг нь Ерөнхий сайд баялаг бүтээгчдээ дэмжинэ, татвар төлөгчдөө төрөөс бодлогоор дэмжих ёстой гээд л байгаа даа?

- Ам ажил хоёр зөрж байгаа байхгүй юу даа. Татвар төлөгчдөө дэмжинэ гэж байна, хаа байна тэр дэмжиж байгаа нь. Татвараас зайлсхийсэн, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй гээд 48 зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгээд компаниудыг шийтгэнэ гээд байдаг чинь төрийн дэмжлэг хэрэг үү?

Энэ бол Монгол улсын түүхэнд, хууль эрхзүйд байгаагүй бохир, харгис, бизнесийг хааж боосон, бизнес эрхлэгчдээ хууль хяналтын байгууллагаар далайлгах хууль. Аль нэг нам хүчин төрийн эрхэнд гарахаараа цөөнхөө хэлмэгдүүлдэг өшөө авдаг. 1996 оныг хар, 2000 оныг хар, 2012 оныг хар. Сая бас баахан хүмүүс ажлаас халлаа. Баахан компаниудыг, 11 мянга гаруй шүү, аж ахуйн нэгжүүдийг эрүүгийн хариуцлагад татаж байна. Эзэн биегүй аж ахуйн нэгж гэдэг зүйлийг субьект болгож татан оруулаад эрүүгийн хэрэг үүсгэж байна. Энэ бол үнэхэрээ байж боломгүй зүйл.

- Хуулийг батлуулахгүйн тулд юу хийж байна. Хүмүүс Эрүүгийн хууль дотор ийм зүйл заалтууд байгааг тэр бүр мэдэхгүй байгаа даа?

- Тийм ээ. Нийгэмд болохгүй бүтэхгүй бүхнийг илчилж дуугарах ёстой сэтгүүлчид хүртэл энэ талаар дуугарахгүй байна. Угтаа хэвлэл мэдээллийн байгууллагууд хүртэл тамга тэмдэг, статустай аж ахуйн нэгж гэдэг утгаараа энэ хуулинд хамрагдана. Аж ахуйн нэгжүүд байр сууриа илэрхийлж байна л даа. Ажил олгогч эздийн холбоо, Татвар төлөгчдийн нйигэмлэгүүд томоохон мэдэгдэл гаргаж байна. Бүх гишүүдэд захидал бичиж байна.

- Ингэж суусаар батлагдчихвал..?

- Хэрвээ ингэвэл дараа нь ийм мөнгөн дээр тогтсон ч гэдэг юмуу сонгуулийн үед баахан аж ахуйн нэгжүүд хэлмэгдэх аюултай. АТГ, Цагдаа гэдэг ч юмуу хэдэн зуугаар нь эрүүгийн хэрэг үүсгэж эхэлнэ. Компани буруудвал тухайн компани цаашид бизнес эрхлэх аргагүй болно. Тамга тэмдэгтэй үйл ажиллагаа эрхэлдэг бүх компаниуд шүү. Ийм ноцтой асуудал гарч байхад хүмүүс мэдэхгүй байна. Ялангуяа хэвлэлүүд. Ийм хуулийг гаргуулж болохгүй.

- Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг үйлдвэл шийтгэх нь зөв мэт санагдаж байна?

- Байгаль орчин байж болноо. Монгол Улсын зүрх судас болж байгаа, Улаанбаатар хотын маань чандмань эрдэнэ болж байгаа Туул голыг компаниуд бохирдуулж байгаа явдал бол гэмт хэрэг яах аргагүй мөн. Агаарын бохирдол үүсгэж байгаа гэх мэт, магадгүй шашны байгууллага маягаар орж ирчихээд тэр нэрээр халхавчлан терроризмыг санхүүжүүлэх ч юмуу, мөнгө угаах ч гэдэг юмуу ийм олон улсад жишиг болсон аж ахуйн нэгжүүдийг шийтгэх зүйл заалт бол байж болно.

Эдгээрээс өөр тохиолдолд эрүүгийн хэрэг үүсгэх юм байхгүй. Аж ахуй эрхэлж байгаа хүмүүсээ, компанийг нь эрүүгийн хэрэгт татна гэдэг байж боломгүй. Социализмын үед ч ийм байгаагүй. Энэ бол бизнесийг гишгэх газаргүй болгосон, чөлөөт зах зээлийн өрсөлдөөнийг хаасан ноцтой асуудал. Нэн даруй энэ хуулиа эргүүлэн татах шаардлага тавьж байгаа.

- Би гайхаад байгаа юм. Засгийн газар татвар төлөгчдөө дэмжинэ гээд байгаа мөртлөө ийм хууль гаргаад байгааг. Яг ямар учир шалтгаан ард нь байна гэж та бодож байна?

- Гадаадын хууль зүгээр л орчуулж хуулбарлаж байгаа хэлбэр байхгүй юу. Монголд эдийн засгийн зах зээл бүрэн тогтворжоогүй, тогтоогүй ийм нөхцөлд зөвхөн гадаадын хууль хараад муухан орчуулга хийгээд гаргаж байгаа нь харамсалтай. Энэ хуулийн талаар ганцаараа дуугараад байхаар зарим хүмүүс гайхах байх л даа. Надад бизнес байтугай ганц ТҮЦ ч байхгүй. Монголд ийм хууль гаргаж болохгүй л байхгүй юу. Тэр тусмаа улстөржиж туйлширсан ийм нөхцөлд. 2012 онд яаж туйлшрав, улстөрийнхөө том өрсөлдөгчийг яаж зайлуулав. Өнөөдөр АН-ын удирдлагууд өөрсдөө ийм юманд тулангуутаа Энхбаяр ч хэлмэгдлээ, одоо би ч хэлмэгдэж байна, АТГ хэрэггүй гэдэг.Ингэж болохгүй.

Гэмт хэрэг эрүүгийн хэрэг гэдгээр хоорондын зөрчлөө шийдэж болохгүй. Улс төрийн намын дарга байсан хүн ерөнхий прокурор ч юмуу ерөнхий шүүгч байж болохгүй. Энэ бол бүр аксиом дүрэм. Тэр байтугай улс төрийн намаар явсан бид ч ийм байгууллага руу орох бололцоогүй болж байгаа юм дэлхийн сонгодог жишгээр бол.

- Та энэ талд арай ойр хүн, иймэрхүү татвар гаалийн байгууллагуудын зохицуулалтын талаар хууль өргөн барьж болдоггүй юмуу?

- Одоо энэ их хурал маань голдуу бизнесийн хүмүүс байгаа болохоор хараахан өргөн барихгүй байгаа юм.Иргэд татвараа сайн төлснийхөө төлөө бонус буюу урамшуулал төрөөс эргүүлж авдаг.

Манайд ийм зохицуулалт хийх бүрэн боломжтой, гэхдээ шат дараалалтай хийх хэрэгтэй юм. Сүлжээ дэлгүүрүүд, захууд дээр хийгээд дараа нь жижиг дэлгүүрүүд рүү орно гэх маягаар. Өөрөөр хэлвэл татвар төлдөг дэлгүүр, худалдааны газраар хүн үйлчлүүлэх болно, яагаад гэвэл эргээд урамшууллаа авах учраас.

Татвараа сайн төлдөг, тэр нь эргээд мөнгөн гүйлгээ, худалдаа үйлчилгээнийхээ баримтыг цуглуулаад хяналтын нэгдсэн сүлжээгээр орчихдог. Ийм болчихвол ямар ч хүндрэл байхгүй болно. Татвараас зугтах, зайлсхийх гэдэг бол өдрийн од шиг болно. Хараахан Монголын төр үүнийг хийж чадахгүй байна.

Татварын байгууллагын шинэчлэлийн асуудлыг одоо ярьж байгаа боловч бодит шинэчлэл гарахгүй байна. Татварын байгууллагын шинэчлэлийн бодлого концепц надад бүрэн дүүрэн байгаа. Олон улсын жишиг, ололтой зохицуулалт зэргийг бүрэн судалдсан. Судалгааны ажил хийгээд ном гаргахад ч бэлэн болсон байна. Магадгүй 2016 оны сонгуулийн дараа хуулийн төсөл болгон өргөн барих байх.

- Та татварын байгууллага толгойлж байсан. Сүүлийн үед татварын байгууллагыг их шүүмжлэх боллоо. Компаниудыг дарамтлаж байна, дансыг нь хаах, хүү торгууль алдангиар давхардуулан акт, төлбөр тавих, цагдаа шүүхээр далайлгаж байна, буруутай цөөн хэдэн аж ахуйн нэгжээс болж олон компаниуд хохирч байна гэх зэргээр? Буруугүй нь буруутан болох явдал ихсээд байх шиг?

- Татвар, гаалийн байгууллага бол 90-ээд оноос хойш улстөржсөн. Улс төрийн намуудын бохир үйл ажиллагааны обьект болсон газар л даа. Сонгуулийн санхүүжилтийг нь гаргадаг, элдэв бизнес хийдэг гэх мэтээр. Энэ явдлыг би 2008 онд өөрчлөх гэж оролдсон.

Өөрөөр хэлбэл татварын дарга нарыг улс төрийн намаас тавьж болохгүй, прокурор цагдаад ч гэсэн. Маш муухай үр дагавар гарч байна. Хэрвээ татварын байгууллага бие даасан цэвэр төрийн хяналтын байгууллага байгаад аж ахуйн нэгж компанитай харилцдаг төрийн ганцхан суваг байх ёстой юм.

Аж ахуйн нэгжүүд татвараа өөрөө тодорхойлж, өөрөө тайлагнаж, өөрөө төлдөг ийм системээр явах ёстой юм. Онцгой тохиолдолд татвараас зайлсхийсэн болон энэ төрлийн мэдээлэл ирсэн, урт удаан хугацаанд татварын найдваргүй үйл ажиллагаа явуулж байсан газруудад хяналт шалгалт хийнэ, өөр асуудал байж болохгүй юм байгаан.

Швед, Норвеги, Дани зэрэг Скандинавын хойгийн орнуудад татвар гаалийн байгууллага нь бүхэл бүтэн яам байдаг, тэд зөвхөн төсөв бүрдүүлэх л үүрэгтэй. За сайд нь улс төрийн хүн байгаад албан тушаалнууд нь ямар ч улс төрийн хамааралгүй хүмүүс байх жишээтэй. Ийм байж л зөв гольдролдоо орно. Одоо гэтэл ийм биеэ даасан агентлагууд яваад ямар ч хууль эрхзүйн зохицуулалтыг нь бодлогын түвшинд зохицуулж өгөөгүй болохоор нэмэр алга байна. Гэтэл татварынхан төсвөө бүрдүүлэх нь битгий хэл аж ахуйн нэгжүүдийг хямраадаг дарамталдаг газар гэсэн нэр зүүж явна.

2008 онд дэлхий нийтээрээ хямраад, Монгол Улс ч бас хямарсан. Тэр үед хямралаас болж Монголын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон зам барилгын салбарын компаниуд бүгд таг зогссон. Гэтэл тэр үед л Монгол Улсын төсөв бүрэн биелээд байсан.

Гэтэл одоо дэлхийд ямар ч эдийн засгийн хямрал байхгүй байна. Ганцхан Монгол л хямраад байдаг. Сая Ерөнхий сайдын очиж оролцдог Санкт Петербургийн олон улсын форум дээр ч Монголын эдийн засгийг хямарсанд тооцохгүй гэж үзсэн.

- За тийм байж, өөр ямар хуулиуд дээр сүүлийн үед ажиллаж байна?

- Гэмт хэргийн тухай хууль, гэмт хэргийг хянан шийтгэх хууль эрүүгийн хууль гэж яриад байгаа. Энэ хуулиас гадна хуулийн салбарын арваад хууль орж ирж байгаа. Прокурорын байгууллага, шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, өмгөөллийн байгууллага, нотариат гээд бүх хуулийн хэсгүүд дээр л ажиллаж байна. Бүх хорих ангиудаар явлаа. Өмгөөлөгчидтэй уулзсан, прокурорын байгууллагынхантай сүүлд уулзсан.

Прокурор дээр гол асуудал улс төрөөс хараат бус байх хэрэгтэй. Тэр байтугай улс төрийн оролцоотой сонгогддог ерөнхийлөгчөөс ч хараат бус байх хэрэгтэй л дээ. Бас прокурорын нийгмийн асуудлыг шийдэх хэрэгтэй. Шүүгчид дөрөв, таван сая төгрөгийн цалинтай байхад прокурор найм есөн зуун мянга байх жишээтэй. Сайн прокурорууд нь ажлаа солиод шүүх рүү шүүгч болох гээд явж байна.

Прокурор бол маш хэцүү ажил, ер нь хэрэг мөрддөг цагдаа прокурор хэрэгтний араас олон сар жилээр хөөцөлддөг. Малын хулгайч гэхэд л олон аймаг дамжчихсан, хэдэн арван үйлдэлтэй тэр болгоны араас хөөцөлдөнө, нэг хүн байж болно бүлэг хүн ч байж болно. Ингээд задраад явчихдаг. Хүний амины гэмт хэрэг гэхэд л хэцүү. Ийм хүнд ажлыг хийдэг хүмүүсийн цалин бэлэн хэрэг хянаад шийддэг шүүгч хоёрын цалин тэмээ ямаа шиг зөрүүтэй байж болохгүй. Бүх цагдаа прокурорууд гомдол гаргаж байгаа. Прокурорын байгууллагын нийгмийн асуудлыг анхаарахгүй байж болохгүй.

Хуульзүйн байнгын хороо, УИХ тэднийг үнэхээр дарж байгаа юм. Нөгөө талаар прокурорын байгууллага бол хуулийг чандлан сахих хэрэгтэй. Улстөрийн хэлмэгдүүлэлт үүсгэх хэн нэгэн албан тушаалтны захиалгаар ажиллахгүй байхыг хатуу анхааруулсан л даа.

За өмгөөлөх байгууллага л гэхэд хүний эрхийг хангах байгууллага. Гэтэл шоронд шалгагдаж байгаад амь насаа алдаж байна. Хэрэг тулгаж байна, эрүүдэн шүүх гэдэг юмуу хүнийг хүнд нөхцөл байдалд оруулж байна, ийм ноцтой асуудлууд байгаа учраас ярьж байна.

Бид амьдралаас тасарчихсан, гадаад дотоод явчихсан, бизнес наймаа хийдэг гишүүдэд үүнийг ойлгуулмаар байгаа юм. Маш хүнд хэцүү ажил зүйрлэвэл мэс засалч шиг нарийн мэргэжлийн ажил байдаг. Энэ бүгдийг өнөөдрийн манай эрхэм гишүүдэд ойлгуулах хэрэгтэй байгаа. Бүгдээрээ Цагдаа муу, Прокурор муу, бүгдээрээ АТГ муу гэж ойлголттой байна. Тэр дотор шударгаар ажиллаж байгаа хэдэн арав, зуун ажилтнууд байгаа.

Гэхдээ зарим нэгэн албан тушаалтан, дарга, гүйцэтгэх ажилтан нарын хууль завхруулсан ажиллагаа байдаг. Хүнд дээрэнгүй хандсан, бусдын эрх чөлөө хүний эрхийн асуудалд дээрэнгүй, хайнга хандсан явдал тэр байгууллагуудын нэр хүндийг унагаж байгаа. Хоёр талтай асуудал юм. Тэрнээс АТГ болохгүй байна татан буулгая гэж болохгүй. Эмнести интернэшнл Монголд авлига 120-80 пунктээр буусан гэж байна, энэ бол шал худлаа. Захын хүнээс асуу л даа. 2012 оноос хойш авлига Монголд улам нэмэгдсэн. Гудамжинд байж байгаад пир гээд төрд орсон, бүгд л мөнгө хийх гээд гүйдэг. Татвартай харилцдаг, гаальтай харилцдаг наад захын бүх байгууллагууд ярьж байна шд.

Улаанбаатарын бүх газрыг зүгээр өгөөгүй. Сая сая доллараар зарж байна. Дүүрэг нь тэр, нийслэл ч тэр. Тэрийгээ залруулаад сайхан болгочихсон юм алга. Хүний эрх зөрчөөд байгууллагын газар албадан хурааж аваад л. Хуралдаад л дорж дагва гээд баахан хүний нэрс жагсааж байгаад НИТХ ч юмуу засаг дарга нь захирамж гаргаад өмч хөрөнгийг нь хурааж болохгүй.

Гудамжинд байгаа хүний машиныг шууд ачна. Үндсэн хуулинд хүний хувийн өмч халдашгүй дархан гээд заачихсан байдаг. Тийм л юм бол хуулиа гарга л даа. Тэр замын хөдөлгөөний хуулиа, машин ачих хуулиа гарга л даа. Зах зээлийн эрхзүйт төр гэдэг чинь хуулийн дагуу ажилладаг болохоор л эрхзүйт төр гэж байгаа юм. Нийслэлийн даргын ч юмуу иргэдийн хурлын журмаар ажиллаж байвал энэ чинь өөрөө хууль бус.

- Нийслэл гэснээс Нийслэлийн татвартай болно гэж байна?

- Ерөнхийдөө шүүмжлэлтэй хандаж байгаа. Хоёр талтай юм. Хүн ам их төвлөрсөн, даац хэтэрсэн, дэд бүтэц дулаан цахилгаан хэцүүдсэн нөхцөлд нийслэлдээ онцгой статус тогтоож өгөх нь зөв. Бидний анхны ойлголцол, чиглэл бол хотыг бүсчлээд төвийн зэрэглэлийн бүсэд худалдааны байгууллагууд арай өндөр татвар төлдөг ч гэдэг юмуу ингэж ярьсан л даа. Ингэхээр зах руугаа арай хямд. Америкт бол тийм байгаа шд, Уолмарт гээд бүгд мэддэг. Хүмүүс хотын зах руугаа гарч бараа, юмаа авдаг. Тэр авах бүтээгдэхүүн нь хотын төвийн дэлгүүрт байгаа, хаана ч байгаа, яахав хотын төвийн зэрэглэлийн татвар шингэсэн арай өндөр үнээр авдаг. Тийм тогтолцоотой. Гэтэл ингэж ярьсан мөртлөө одоо болохоор архи, спирт, зочид буудал, дэлгүүр гуанз гээд явчихсан.

Би үүнд оролцоогүй. Өнөөдөр зочид буудалд нь буудаг жуулчид алга. Орой үдшийн цагаар буудлыг түр хэрэглэдэг тийм л юм байгаа болохоос гадаадын жуулчид буугаад байгаа юм алга. Хоолны газар, буудлууд нь хов хоосон л байгаад байна. Ийм үед татварын ачаалал өгч байгаа нь оновчтой шийдвэр биш гэж үзэж байна.

Ярилцаж болно, илүү сайн ярилцаж зөв зүйтэй зүйлийг тусгах хэрэгтэй гэдэг саналыг удаа дараа хэлсэн. Өөрсдөө унасан ч гэсэн дахин дахин зүтгүүлдэг юм моод боллоо л доо. Одоо тэр Гацууртын асуудал байна, УИХ дээр гурав уналаа. Ард түмний төлөөл УИХ нь үгүй ээ гээд байхад дахин дахин чичрээд зүтгээд байдаг нь ардаа байгаа олигархийн сонирхол л юмуу даа.

Н.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ