Ц.Оюунбаатар: Надад Монгол төрд зүтгэхээс өөр ашиг сонирхол байхгүй

Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатартай ярилцлаа.

-Монгол Улсын Шадар сайд боллоо. Шадар сайд болчихоод байж байхад юу бодогдож байх юм?

-Миний хувьд төрийн албанд алхаж орсноос хойш 40 жил болох гэж байна. Арваннэгдүгээр сард үндсэндээ яг 40 жил болох юм. Би хуулийн сургуульд тухайн үеийн Хууль цаазны дунд сургуульд оюутан байхдаа төрийн албатай амьдралаа холбож байлаа. Тухайн үеийн 60 оюутнаас хоёр оюутныг сонгон авч Мөрдөн байцаах газрын дарга Чулуунбат гуай тушаал гарган дагалдан мөрдөн байцаагч болгосон. Хүн амины” Готов гэж алдартай мөрдөн байцаагч байсан.

Улсын хэмжээнд гарсан хүн амины бүхий л хэрэг дээр ажилладаг байсан тэр хүнийг хоёр жил дагалдан мөрдөн байцаагч хийсэн. Тэгж л хуулийн байгууллага, мөрдөн байцаагчийн “амт”-нд орж, ажлын дөртэй болсон. Би багадаа сахилгагүй хүүхэд байсан тул үе үе цагдаагийн хаалга татчихна. Тийм болохоор цагдаа нарт дургүй талдаа. Гэсэн ч Готов гэж тэр агуу хүнийг дагаж төрийн албанд орж, хуулийн чиглэлээр ажиллаж эхэлсэн. Түүнээс хойш 40 жилийн дараа Монгол Улсын Шадар сайд гэдэг өндөр хариуцлагатай, өргөн их үүрэгтэй, ажилтай албыг авч байна.

Би чуулганы хуралдаан дээр “Баярлаж талархаад байх юм алга. Надад асар их хариуцлага, үүрэг, ачааллыг ирүүллээ. Монголын төр гэдэг өнөөгийн Ерөнхий сайдын төр биш. Чингэс хаан, Хүннүгийн үеэс уламжилж ирсэн төрдөө зүтгэх гэдэг тэр том боломжийг олгосонд талархаж байгаа. Надаас шалтгаалах бүхий л нөөц боломжоо ашиглан Монголынхоо төрд хоёргүй сэтгэлээр зүтгэнэ” гэж хариуцлагатайгаар УИХ-ын чуулган дээр амласан.

Энэ 40 жилийн хугацаанд би дунд нь суралцсан ч гэсэн төрийн ажлаас нэг ч удаа завсардаагүй. Удирдлагын академид 10 гаруй жил багшилсан. Багшлахынхаа хажуугаар тодорхой хэмжээнд өмгөөллийн ажил хийж байлаа.

Гэхдээ жилийн 600-800 цагийн хичээлээ ороод л явсан. Би өөрийгөө төрийн хар хүн гэж боддог. Ямар нэгэн эргэлзээ тээнэгэлзэлгүй, нүүр бардам монгол төрийнхөө төлөө зүтгэнэ. Төрийн албан хаагчийн хувьд ёс зүйн болон ямар нэгэн алдаа гаргахгүй. Өөрөө өөрийгөө хянана. Хэрэв алдаа гардаг юм бол хариуцлагаа хүлээе. Хэн нэгний хэлснээр ноцтой асуудал гардаг юм бол хууль хяналтын байгууллагад нь өөрийгөө шалгуулна гэсэн байр суурь минь хэвээрээ байгаа.

-АТГ-т хүртэл өөрөө өөрийгөө шалгуулаад байсан байх аа?

-Би гурван удаа АТГ-аар өөрийгөө шалгуулж байсан.

-Ажлаа хаанаас эхлэх бодолтой байгаа вэ?

-Улс орны эдийн засаг хүнд, төсвийн орлого бүрдэхгүй, цалин, тэтгэвэр нэмэгдэхгүй байна. Энэ мэдээж гадаад, дотоод хоёр хүчин зүйлээс хамаарч байгаа. Манай экспортын гол бүтээгдэхүүн болох уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээл дээр уначихсан. Мөн энэ онд ган гачигаас болж ургац хураалт тааруу, олон нийтийн болон миний өөрийн байнга шүүмжилдаг сахилга хариуцлага суларчихсан.

Эдгээр нь Монголын нийгэм, эдийн засагт сөрөг нөлөөлж байна. Татварын өршөөл, Эдийн засгийн ил тодын хууль батална гээд хоёр жил ярьсан. Аж ахуй нэгжүүд ч татвараа төлөх нь эрс буурсан. Өвс ногоо гангаас болж тааруу ургасан тул хадлан тэжээл авах боломж муу байна. Цас их орж байдал хүндрэх магадлалтай байгаа.

Тиймээс энэ өвөл болон ирэх хаварт онцгой бэлдэх шаардлагатай. Гал, усны аюулаас эхлээд сахилга хариуцлагын бүхий л асуудал Монгол Улсын Шадар сайд түүний ажлын албанд шууд харьяалагддаг. Тухайлбал, Онцгой байдлын газар, МХЕГ зэрэг бусад агентлагууд монгол төрийн өдөр тутмын үйл ажиллагаанд оролцдог тул Монгол Улсын Шадар сайдын хувьд менежментийн шинэчлэл, удирдлагын түвшинд томоохон өөрчлөлт хийх зорилт тавьж байгаа. Монгол Улсын Ерөнхий сайдтай сайтар ярилцлан сахилга хариуцлагыг Шадар сайдын хувиар хариуцан ажиллах болно.

Ардчилал гэдэг анархи байхын нэр биш. Бид дураараа авирлах, хариуцлагагүй байдлаас салах ёстой. Өнөөдөр (өчигдөр) Ерөнхийлөгч сахилга хариуцлагын талаар хүндэтгэлийн чуулган дээр үг хэлсэн.

Төрийн тэргүүний үгийг бүрэн дэмжиж байгаа. 1990 он хүртэл Монгол Улс сахилга хариуцлагатай байсан. Тухайн үед авлига гэдэг зүйл байсангүй. Хангамжаас машины сэлбэг хэрэгсэл авахын тулд нэгдлийн дарга нар нэг хонь, 40 литр айрагтай ирдэг байсан.

Түүнээс өөр авлига гэдэг зүйл байсангүй. Гэтэл өнөөдөр ямар түвшинд хүрсэн байгааг надаар хэлүүлэлтгүй бүгд мэдэж байгаа. Сахилга хариуцлагагүйн зуд манай бүхий л салбарт нүүрлэсэн. Тиймээс энэ тал дээр бодлого боловсруулан асуудлуудыг Засгийн газрын хуралдаанаар оруулж, зарим нэг хууль тогтоомжуудыг УИХ-аар хэлэлцүүлж батлуулъя гэсэн бодолтой байгаа. Төрийн албан хаагч нар бүх шатандаа ам ажлын нэгдлийг хангах ёстой гэсэн зарчим баримтлан ажиллана. Төрөөс хүлээсэн үүргээ биелүүлээгүй хүмүүс хуулийн хариуцлага хүлээнэ. Эхлээд сануулаад, цалингийн хувь хэмжээгээр торгоод албан ажлаас чөлөөлнө. Ямар нэгэн намын, албан тушаалтны хамгаалалтанд явж ирсэн асуудлыг бүрэн зогсооно.

-Та өмнө нь сайдын хэмжээнд ажиллаж байгаагүй. Тийм болохоор асуудал тулгарах байх?

-Би Гүйцэтгэх засаглалын хүрээнд сайдын албан тушаал хашаагүй нь үнэн. Харин агентлагийн даргаар ажиллаж байсан. Тухайн үедээ хамгийн их шүүмжлэгдэж байсан Татвар, Гаалийн байгууллагуудын авлига, хүнд суртлыг хоёр жил найман сарын хугацаанд үндсэндээ байхгүй болсон. Өнөөдөр нийгэм, эдийн засаг ийм хүнд байгаа нөхцөлд Монголын төрд бүрэн хэмжээгээр өөрчлөлт хийнэ гэж амалж чадахгүй. Гэхдээ үүний төлөө шаардлагатай бүхий л арга хэмжээг авна. Аливаа хүнийг гэмт хэрэгт холбогдуулан, шоронд хорьж тэр нь голдуу улс төрийн зорилготой байдлыг таслан зогсооход анхаарна.

Шадар сайдын хувьд Онцгой байдлын комиссыг даргалдаг. Тэр утгаараа өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй агентлагийн дарга, төрийн сайд хэн ч байсан хариуцлага хүлээнэ. Тэр хүмүүс нь шат шатандаа аймаг, сумдын засаг дарга нартаа хариуцлага хүлээлгэнэ. Ийм л системээр бид явна.

-Таны хувьд жил хүрэхгүй хугацаанд Шадар сайдын албыг хашна. Энэ богино хугацаанд гарт баригдаж, үнэнд үзэгдэх яг ямар ажил хийх юм бэ. Сахилга хариуцлагын хувьд анхаарал хандуулаад явах л байх. Таны яриаг сонсоод байхад нэлээд хүмүүсийг ажлаас халах тухай л яриад байх шиг санагдлаа?

-Миний ажил үүрэг сахилга хариуцлага, болзошгүй аюул ослоос эхлээд асуудлууд хамаарч байгаа. Сахилга хариуцлагын асуудлыг улс орны хэмжээнд бүхэлд нь эхлүүлнэ. Яахав ээ, бодит үр дүн найман сарын хугацаанд гарахгүй байж магадгүй. Гэхдээ бодит үр дүн гаргахын төлөө ажиллах ёстой. Үүнийг эхлүүлнэ гэдэг амжилтын 50 хувь гэж бизнесийн онолд байдаг даа.

Гэхдээ толгой дараалан хүмүүст арга хэмжээ аваад ажлаас нь халж солино гэж байгаа юм биш. Хариуцлага байх ёстой гэдгийг санах хэрэгтэй. Энэ хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан Төрийн албаны тухай хуулийг батлан гаргах ёстой. Хэрэглэгчийн эрхийг хамгаалсан хууль тогтоомжийг батлах ёстой. Хүний эрх, хэрэглэгчийн эрхийг хамгаалах ажлын урьдчилан маш сайн хийх шаардлагатай. Хэрэглэгчийн улсын үзлэгийг ирэх онд Улаанбаатар хот зарим аймгуудад шат дараатай хийнэ. ТББ, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтрах ёстой.

Манай салбарын хувьд гэнэтийн аюул осол, гал түймэр, үер усны осол өндөр байгаа. Зөвхөн энэ онд гэхэд 289 удаагийн түймэр гарсан. Энэ нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд гарсан түймрээс өндөр байна л даа. Ган гачигтай байсан нь гал түмэр гарахад нөлөөлсөн ч энэ бүхэн нь хүмүүсийн хариуцлагагүй байдалтай холбоотой. Тиймээс бид урьдчилан сэргийлэхэд үлэмж их зардал гарган ажиллана. Бид нийслэл, аймаг, дүүргийн хэмжээнд галын аюулаас урьдчилан сэргийлэх ажлыг хийнэ. Нэг бүрчилсэн болон нийтийн урьдчилан сэргийлэхбайдлаар явуулна. Ингэхийн тулд Монголын телевиз, сонин, радио тодорхой үүрэгтэй ажиллана.

-МҮОНРТВ-ээс бусад хэвлэл мэдээллийн байгууллагууд бүгд хувийн хэвшилд хамаардаг. Жишээ нь сонин гэхэд сэрэмжлүүлэг гаргахдаа өөрсдийн зардлаар хэвлүүлдэг. Ноднин таныг үнэ төлбөргүй хэвлэлийнхнээр мэдээ, мэдээллээ гаргуулах санаачилга оруулж ирлээ гээд асуудал боссон доо...

-Бид боломжоороо урамшуулал олгох ажлыг зохион байгуулна. Төрийн тодорхой үүрэг хүлээж байгаа хүний хувьд урамшуулал байх ёстой. Санхүүгийн асуудалд нь дэмжлэг үзүүлнэ. Мөн бид болзол зарлана. Энэ жил гэхэд Богд ууланд 3-4 түймэр гарлаа. Тиймээс айл бүрт санамж гардуулна. Шаардлагатай бол Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар “Таныг гал түймэр, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх талаар зөвлөж байна” гэдэг санамж, уриалгыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүргэнэ. Хэвлэлийнхнийг өргөн хүрээнд хамруулан ажиллуулна. Сургалт, семинарийг зохион байгуулна. Мөн телевиз, сонингуудын дунд болзолт уралдаан зарлана. Ийм байдлаар бүх нийтийн ажил болгох хэрэгтэй байна.

Бид сая гаруй хүнийг ундаалдаг Туул голын бохирдлыг бууруулах талаар ажиллана. Туул голын дагуу томоохон шалгалтуудыг оруулна. Тэнд хог хаяж, бохирдуулж байгаа нь шууд Онцгой байдал, Мэргэжлийн хяналтын харьяаных биш боловч цэвэр, аюулгүй байх нь Улаанбаатар хотын болон Туул голын голдирлыг дагасан бүх хүмүүсийн асуудал болчихоод байна. Урьдчилан сэргийлэх тал дээр бид ихээхэн хүч зарцуулъя гэж бодож байгаа.

Саяхан Эрдэнэт рүү явж байхад Төв аймгийн Баянчандмань суманд нэг сайхан айлын байшин шатаж байна лээ. Суманд гал унтраах ямар ч хэрэгсэл алга. Хуучин албан байгууллага болгон гал унтраах хэрэгсэл болох элс, цохиур, хүрз, жоотуутай байсан. Энэ бүхнийг бид бололцоо нөхцлийнхөө хүрээнд хийх ёстой. Өндөр байшин шатвал яах вэ, газар хөдөлвөл яах вэ гээд энэ бүхэн дээр бид сургалт хийнэ. Тэгэхийн тулд урьдчилан сэргийлэх тал дээр хөрөнгө гарганаа. Монгол Улсын ирэх оны төсөвт үер усны аюул, гал түймрийг унтраах зардлаас урьдчилан сэргийлэхэд бид илүүтэй анхаарна. Энэ нь менежментийн том өөрчлөлт болно. Ган боллоо гэхэд бороо оруулах сумгүй байж болохгүй. Үүнийг бид эртнээс бэлдэнэ. Хугацаа богино, хийх ажил их байна. Бидэнд зав чөлөө, амралт үлдээгүй.

-Өнөөгийн улс төрийн нөхцөл байдалд Шадар сайдын хувьд ямар оролцоотой байх юм?

-Олон намын гишүүнчлэлтэй бие биенээ үгүйсгэн дайсагнасан нөхцөлөөс бид гарах ёстой. Өнөөдөр (өчигдөр) Ерөнхийлөгчийн хэлсэн үгэнд нэгэн цагт өөрийнх нь хэлж байсан улс төрийн намыг байнгын хатуу гишүүнчлэлээс салгах тухай асуудлыг хөндсөнгүй. Авлига, хээл хахуулийн эх үүсвэр, төрийн албаны тогтворгүй байдлын эх үүсвэр шалтгаан үүнд байгаа. Одоо бол манай улсад баруун, зүүний ялгаа байхгүй болсон. АН, МАН болон бусад намуудад алинд нь алга боллоо. Үнэхээр Монгол Улсыг хөгжүүлье гэж бодож байгаа бол дугуй ширээний ард суух ёстой. Энэ бүхэн миний шууд функцэд орохгүй ч гэсэн Стратегийн хөгжлийн бодлогыг боловсруулах нь тулгамдсан асуудал болчихлоо. 2016, 2020 оноос үл хамаарч хөгжлийн бодлогоо бид гаргах ёстой.

-Өршөөл үзүүлэх тухай хуульд Ерөнхийлөгчийн зүгээс тавьсан хоригийг Их хурал хэлэлцэнэ. Ерөнхийдөө намын бүлгүүд хүлээж авна гэсэн байр сууриа илэрхийлсэн. Таныг Өршөөл үзүүлэх тухай хуулийг Их хурлаар батлуулсны шанд Шадар сайд болсон гэх яриа бий. Үүнд тайлбар өгөөч?

-1983 онд хүний эрх, иргэний эрх хоёрыг харьцуулан курсын ажил бичиж байсан. Үүнээс хойш хүний эрхийн талаар ажиллаж байгаа. Улс төрийн намын хуваагдал, улс төрийн намуудын дарга нарын хоорондын зөрчил туйлдаа хүрч нэгнийгээ үгүйсгэн хууль хяналтын байгууллагыг ашиглан хүнийг хэлмэгдүүлж байна. Өмнө нь ч гэсэн ийм зүйл байсан. Үүнийг залруулах чиглэлээр бид Өршөөлийн хууль гаргая гэж үзсэн. 2013 онд миний бие 23 гишүүний хамтаар өргөн барьсан. Ерөнхийлөгч тодорхой зүйл заалтууд дээр хориг тавилаа. Хувь хүнийхээ үүднээс хүний эрхийн тал дээр анхаарч цаазаар авах ялыг халах талаар 10 гаруй жил дуу хоолойгоо өргөсөн.

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч гарч ирснээр цаазаар авах ялыг халсан. Цаазаар авах ял байлаа гээд хүн амины хэрэг багасдаггүй. Харин ч зарим талаар нэмэгддэг. Манай Үндсэн хууль хүнлэг энэрэнгүй нийгэм байгуулахад чиглэгдсэн. Тиймээс Өршөөлийн хууль гарах зайлшгүй гарах шаардлагатай байсан. 1500 хүний шоронд 40 тэрбум төгрөг зарж буй нь 40 сургууль, 40 цэцэрлэг барих мөнгө. Энэ мөнгөний гуравны нэгийг урьдчилан сэргийлэхэд зарцуулъя, гэмт хэрэг үйлдэхээс сэргийлсэн бодлого ерөөсөө алга.

Би Өршөөл үзүүлэх тухай хуулийг тасалгааны цонхоор харж хийгээгүй. Монголын долоон шоронгоор явж байж хийсэн. Хуулийн сургууль төгсөөд нэг хэрэг мөрдөж үзээгүй, нэг хэрэг шүүж үзээгүй, хорих, мөрдөн ямар байдгийг мэдэхгүй зарим хүмүүс хууль хийж завхралыг бий болгож байна.

8000 хоригдол шоронд байна. Тэр нь дандаа залуучууд, хөдөлмөр хийх насны хүмүүс байна. Энэ бүхэндээ бид өөрчлөлт хийх ёстой. Өөрчлөлт хийхдээ тодорхой зүйл заалтуудыг улс төрийн нэг хүчин, эсвэл нэг улс төрч нөгөө өрсөлдөж байгаа үзэл бодлын зөрүүтэй нөхцөлд нөгөөхийнхөө эсрэг хэрэглэж байгааг зогсооё гэж энэ хуулийг хийсэн. Тэгэхээр энэ хуулийг Н.Энхбаяр даргатай хольж хутган нийгэмд цацлаа. Зургаан жилийн өмнө төрийн албаа өгчихсөн хүнд энэ хууль ямар хамаатай юм бэ. Харин ч өнөөгийн ажиллаж байгаа, дараа нь ажиллах хүмүүст хамаатай. Зургаан жилийн өмнөх зүйлд Эрүүгийн хэрэг үүсгээд аль хүртэл явах юм. Энэ бол зүгээр л хоосон хийрхэл. Би Монголын төрд 40 жил зүтгэж байж Шадар сайд боллоо. Түүнээс хэн нэг нь намайг батлах болов уу, яах бол гэж хүмүүсийн ханцуй татаж гүйгээгүй. Би багш байхдаа өмгөөлөл, төлөөллийн ажил хийж байсан. Өнөөдөр би өмгөөллийн ажил хийгээгүй ч хүний эрхийн хуульчийн хувьд Н.Энхбаяр даргыг өмөөрч байгаа минь үнэн. Өнөөдөр төр засгийн өндөр алба хашиж байгаа зарим хүмүүсийг нам харгалзахгүй АН, МАН-аас ч өмгөөлж явлаа. Хэн нэгнээс хэзээ нэгэн цагт би шагналаар юм авч байгаагүй. Хэн нэгэн хүнтэй харьцуулах юм бол ямар нэгэн шагналын журмаар очоогүй гэдгийг би нүүр бардам хэлчихье.

-Өршөөлийн хуулийн хоригийг хүлээгээд авчихвал шоронд байгаа хүмүүс гарахгүй гэх юм. Тэгэхээр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж таарах байх даа?

-Би ажлаа хиймээр байна. Өршөөл, хоригоос холдмоор байна. Их хурал хоригийг хүлээж авах талдаа байгаа. Хээл хахууль, авлигын хэрэгт холбоотой гээд байгаа 40 хүн бий. Тэд нярав, нягтлан голдуу хүмүүс байна.

Би долоон шоронгоор явж байж хийсэн болохоор бодит үндэслэлтэй хууль. Хэн нэгэн хүн шиг тасалгааны цонхоор харж байгаад уг хуулийг хийгээгүй гэдгээ дахин хэлье. Хууль харж хуулаагүй, улс төрийн зорилгоор хийгээгүй юм. 40 хүрэхгүй нярав, нягтлантай холбоотой асуудлаар улс төрийн пи ар хийж хашхирч байгаа байхгүй юу. Хоригийг хүлээж аваад уг хуульд нэмэлт, өөрчлөлт хийхгүй бол энэ хүмүүс шоронгоос гарахгүй. Энэ хууль үндсэндээ байхгүй болчихно гэсэн үг.

Э.ЭНХБОЛД

СЭТГЭГДЭЛ БИЧИХ