Монгол төр ахмадууддаа санаа тавих хэрэгтэй

Хамтын тэтгэврийн даатгалын тухай хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий гишүүд боловсруулсан. Энэхүү хуулийн төслийг санаачилсан,УИХ-ын гишүүн, Ж.Батзандантай хамтын тэтгэврийн тухай болон ахмадуудын тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой асуудлаар ярилцлаа.
- “Хамтын тэтгэвэр” хэмээх шинэ тогтолцоог нэвтрүүлэхийг УИХ-ын нэр бүхий 7 гишүүн санаачилсан. Тэдний нэг нь та. Энэ хууль нийгэмд хэрэгжих шаардлагатай эсэх талаар ярилцлагаа эхэлье.
- “Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөл”-ийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, Д.Арвин, Д.Ганхуяг, Г.Баярсайхан, Л.Эрдэнэчимэг нарын хамт санаачилж өргөн барьсан. Энэ хуулийн төслийн гол үзэл санаа нь олон жил хамт амьдарсан гэр бүлийн нэг нь нас барсан тохиолдолд гэр бүлийн гишүүнд нь тэтгэврийнх нь тодорхой хувь хэмжээг олгоход чиглэж байгаа. Иргэн Дорж, Долгор хоёр 30 жил хамт амьдарч, улсад 20 гаруй жил ажиллаж, нийгмийн даатгалаа төлсөн. Өнгөрсөн жил хоёулаа өндөр настны тэтгэвэрт гарсан. Харин Дорж тэтгэвэр тогтоолгосноос зургаан сарын дараа өвчний улмаас нас барсан гэж бодъё. Энэ тохиолдолд Хамтын тэтгэврийн тухай хуулиар Долгор нөхрийнхөө тогтоолгосон тэтгэврийн тодорхой хувьтай тэнцэх тэтгэврийн мөнгийг өөрийн амьдрах хугацаанд авах боломжийг хуульчилж байгаа юм. Өөрөөр хэлбэл, Долгор өөрийн тэтгэврээс гадна өөрийнхөө тогтоолгосон тэтгэврийн тодорхой хувьтай тэнцэх мөнгийг сар бүр авах бололцоотой болж байна гэсэн үг. Тодорхой хувь гэдэг маань тухайн “бурхан болооч”-ийн тэтгэврийн 50, 70, 100 хувьтай тэнцэх мөнгийг сар бүр өөрийн тэтгэвэртэй хамт авах юм. Нөгөөтэйгүүр, одоо тэтгэвэр авч байгаа хүн нас бараагүй бол тэтгэврээ үргэлжлүүлээд авч л байх байсан. Ирээдүйд авах тэтгэврийн даатгалын шимтгэлээ насан туршдаа төлж байсан учраас энэ хүнд оногдох ёстой мөнгө. Тиймээс өөрийнхөө авч чадаагүй мөнгийг гэр бүлдээ өвлүүлэх шаардлагатай.
- Нас барсан гэр бүлийнхээ хүний тэтгэврийн 50, 70, 100 %-ийг авна гэлээ.Хамтын тэтгэврийн хэмжээг яагаад ялгаатай тусгаж өгөв?
- Хамтын тэтгэвэр авах эрх үүсч “Тэтгэврийн хамтын эрхийн гэрчилгээ” олгогдсон иргэнд гэр бүлийн гишүүнийх нь амьд сэрүүн байх үедээ авч байсан тэтгэврийн 50, 70, 100 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэврийг олгоно гэсэн гурван хувилбар гаргасан. Хууль хэлэлцэх явцад хэдэн хувь гэдгийг шийднэ. Нийгмийн даатгалын Тэтгэврийн санд хүндрэл үүсэхгүй гэж үзвэл шууд 100 хувиар тогтоох юм. Харин бага зэрэг хүндрэлтэй цаг үед 50-70 хувиар олгох жишээтэй. Одоогийн нөхцөл байдлыг харахад хууль энэ ондоо багтан батлагдаж чадвал 100 хувиар олгох боломжтой. Нийгмийн даатгалын сангийн эх үүсвэр, энэ онд авах тэтгэвэр тэтгэмжийн тооцоог одоо байгаа тоогоор хийж байна.
- Гэр бүл болсноос хойш 10 ба түүнээс дээш жил хамт амьдарсан эхнэр эсвэл нөхөрт хамтын тэтгэврийн тухай хууль үйлчилнэ гэсэн. Хуулийн хамрах хүрээний талаар тодруулахгүй юу? Мөн ямар тохиолдолд хууль үйлчлэхгүй вэ?
- Хууль хэрэгжсэнээр тэтгэврийн насны хэчнээн иргэнд энэ хууль үйлчлэх вэ гэдэг талаар бид судалгаа хийлээ. Одоогийн судалгаагаар өнөөдөр 312 мянган иргэн тэтгэвэр авч байгаа. Үүнээс 220 мянга нь бүрэн тэтгэвэрт хамрагдаж байна. Бидний хийсэн судалгаагаар Хамтын тэтгэврийн хууль батлагдвал болзлыг хангаж байгаа 76 мянга орчим иргэн байгаа гэсэн тооцоо гарсан. Энэ хуулийн төсөлд зааснаар эхнэр нөхөр хоёр улсад тэтгэврийн даатгалаа 20-иос доошгүй жил төлсөн, гэрлэлтээ батлуулсан, гэр бүл болоод 10 ба түүнээс жил хамт амьдарсан байх шаардлагатай. Харин өндөр настны тэтгэвэр тогтоолгохоосоо өмнө хамгийн багадаа 10 жил нэг гэрт амьдрахдаа гэр бүлээ баталгаажуулаагүй бол, дахин гэр бүл болж амьдарсан иргэд болон 20 ба түүнээс дээш насны зөрүүтэй гэр бүлд хууль үйлчлэхгүй. Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш бидний бодоогүй олон тохиолдол, хэргүүд гарах болсон. Жишээ нь, тухайн өндөр настныг төөрөгдүүлж гэр бүл болж, удахгүй нас барахаар тэтгэврийг нь авахаар шунахай зан гаргах нэгэн байхыг үгүйсгэхгүй. Хэрэв ийм тохиолдол гарвал тэр хүн 30-40 жил тэтгэвэр аваад явна гэсэн үг. Гэтэл амьдралынх нь жинхэнэ хань ижил байж чадах уу гэвэл үгүй. Гэх мэт зүйлс байгаа учир энэ заалтыг оруулж өгсөн. Мөн гэрлэлтээ батлуулсан ч хамт амьдардаггүй хүмүүст энэ хууль үйлчлэхгүй.
- Гэр бүл салчихаад буцаад нийлсэн бол энэ хуульд хамрагдах боломжтой юу?
- Тухайн гэр бүлийг салсан, эргэж нийлсэн гэдгийг бүртгэлийн газар, харъяа газрын хорооны тодорхойлолт судалгааг үндэслэнэ. Салаад эргэж нийлсэн бол 10-аас доошгүй жил хамт амьдарсан бол хамтын тэтгэвэрт хамрагдаж болно.
- 20 жил шимтгэл төлсөн, 10 жил хамт амьдарсан бол хамтын тэтгэвэр авч болох нь. Харин малчид, хувиараа ажил хийдэг хүмүүс яах вэ?
- Энэ хуулийн төслийг хоёр жил ярьж сая л боловсруулж дууслаа. Энэ бол давхар тэтгэврийг зохицуулсан хууль болохоос нийгмийн халамж биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Хань ижил нь шимтгэл төлж, хуримтлал үүсгэн тэтгэврийн болзол хангачихаад нас барсан бол үлдэж буй нь тэтгэврийг нь үргэлжлүүлэн авах тогтолцоо юм.
- Тэгвэл хууль батлагдах хугацаанд нас барчихсан ахмадын тэтгэврийг гэр бүлийн хүн нь авч болох уу?
- Энэ хууль батлагдахаар хэрэгжүүлэх журмын тухай хуулийг гаргана. Журмын тухай хуулиар хэдэн оноос тооцохыг зохицуулна. Тодорхой он зааж, түүнээс хойш тэдэн оноос хойшхи гэх мэтээр тусгаж өгч болно. Тэгэхгүй бол үүнийг ярьж, хэлэлцэж байхад өөд болчихсон хүмүүсийн ар гэрийнхэнд хохиролтой.
- Чили улсад тэтгэврийн хуримтлагдсан нийт мөнгөө төлөвлөгөөтэйгөөр хасалт хийж авч, тэтгэвэр авагч нас барвал хуримтлалын дансанд нь үлдсэн хэсгийг нь өвлүүлэх журамтай байх юм. Тэгэхээр хуримтлалын дансанд үлдсэн тэтгэврээ үр хүүхэддээ өвлүүлэх гэсэн заалт таны санаачилсан хуульд тусгагдсан уу?
- Тийм заалт байхгүй. Ахмад настнуудын тэтгэврийг үр хүүхдэд нь өвлүүлэх юм бол халамжийн тогтолцоонд шилжинэ. Тийм учраас ажил хийх чадвартай үр хүүхэд ажлаа л хийх ёстой. Амьдралыг харж байхад ээж, аавынхаа тэтгэврээр амьдарч байгаа иргэд цөөнгүй бий. Гэтэл тэд ид хөдөлмөрийн насандаа ажиллаж, хөдөлмөрлөж гэр бүлээ тэжээх ёстой. Ер нь хамтын тэтгэвэр авах харилцаа үүсэхгүй хэсэгт үр хүүхдээс гадна улсад ажил хөдөлмөр эрхлээгүй нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй иргэн энэ хуульд хамрагдахгүй гэж ойлгох хэрэгтэй. Энэ хуульд зөвхөн гэр бүлийнх нь хүнд өгөхөөр заасан байгаа.
-Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлогыг баталсан. Энэ бодлогын тухайд?
Орчин үеийн тэтгэврийн шинэтгэлийн бодлого 1999 онд хийгдсэн. Үүнээс хойш 16 жилийн дараа буюу 2015 онд Монгол төр тэтгэврийн бодлогоо эргэн харсан нь том дэвшил болсон гэж би ойлгож байгаа. Хүн бүр төрдөг, хүн бүр хөгширдөг, бас хүн бүхэн тэтгэвэрт гардаг учраас Монголын төр үе үе тэтгэврийн шинэчлэлийн бодлогыг хийж байх ёстой. Ахмадуудынхаа амьжиргааны асуудлыг бодохгүй бол, тэдэнд санаа тавихгүй бол бид цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж чадахгүй.Энэхүү бодлого гарснаар олон давхаргат тэтгэврийн тогтолцоо бий болж байна. Ардчиллын нэг үндсэн зарчим бол ард иргэдэд альтернатив буюу сонголтыг олгох байдаг. Олон давхаргат тэтгэврийн тогтолцоо бий болсноор тэтгэвэрт гарах гэж буй ард иргэддээ альтернатив тогтолцоог бий болгож өгч байшаа юм. Та уламжлалт буюу нэрийн дансны тогтолцоогоороо явж болно, эсвэл суурь тогтолцоонд орж болно, мөн хувийн тэтгэврийн даатгалын тогтолцоог ашиглаж болно гэсэн сонголтыг өгч байна. Өөрөөр хэлбэл ахмадуудад 3 төрлийн тэтгэврийн альтернативыг санал болгож байгаа нь том дэвшил юм. Хувийн тэтгэврийн даатгалын тогтолцоо бий болсноор шимтгэл тооцох цалингийн дээд хэмжээг хязгаарладаг байдал үгүй болно. Өөрөөр хэлбэл 1,920,000 төгрөгөөс дээш цалин авч буй хүмүүс хувийн тэтгэврийн даатгалын тогтолцоонд шилжих боломж бүрдэнэ.
-Одоогоос яг 1 жил гаруйн өмнө та ерөнхий сайд асан Н.Алтанхуягт тэтгэвэр, тэтгэмж нэмэх асуудлаар шаардлага хүргүүлж байсан юм байна?
- 10 дугаар сарын 3-нд шиг санагдаж байна. “Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх шаардлага тавих тухай” албан тоотыг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг тхүргүүлж байлаа. Үндэсний статистикийн хорооны мэдээгээр инфляцын түвшин 13.7 хувьд хүрч, 2013 онтой харьцуулахад өргөн хэрэглээний бараа, үйлчилгээний үнийн индекс улсын хэмжээнд 40 гаруй хувиар өссөн байсан. Мөн валютын ханш огцом өсөж, төгрөгийн худалдан авах чадвар суларч, бизнесийн орчин муудаж, иргэдийн амжиргаа хүндэрч ялангуяа ахмад буурлуудын авдаг тэтгэвэр тэтгэмж амжиргааны наад захын хэрэгцээг хангахад хүрэлцэхгүй байгаа тул 2015 оны төсөвт шаардлагатай хөрөнгийг суулгаж тэтгэврийн доод хэмжээг 300,000 мянган төгрөгт хүргэх, тэтгэвэр тэтгэмжийн дундаж хэмжээг 30 хувиар нэмэгдүүлэх, 1995 оноос өмнө тэтгэвэрт гарсан хүмүүсийн тэтгэврийн зөрүүг нэн яаралтай арилгахыг шаардаж байсан.
-Ярилцсанд баярлалаа. Танд амжилт хүсье.
Ярилцсан М.Сонор
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ