Ч.Сайханбилэг цаг үеийн асуудлаар гишүүдийн асуултад хариулт өгөв

Улсын Их Хурлын 2015 оны намрын ээлжит чуулганы өчигдрийн /2015.11.20.Баасан гараг/ үдээс хойших нэгдсэн хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг цаг үеийн асуудлаар гишүүдийн асуултад хариулт өгөв.
Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа асуултдаа, 2016 оны төсөв нэлээд хэмнэлттэй батлагдсан. Энэ хэмнэлтийг хаанаас хийх вэ гэдэгт бүгд анхаарал хандуулж байна. Мэдээж хүмүүсийн цалин болоод үйл ажиллагааны зардал биш. Харин хэт их тансаглаж байгаа, хэт нүсэр офиссын барилгаас хэмнэлтийг хийх нь зөв зүйтэй гэж үзэж байгаа. Эдийн засаг сайн байхад 2012 оноос өмнө их хэмжээний барилга байгууламж, офиссын барилгуудыг барьсан. Хөдөө орон нутагт ч мөн ялгаагүй офиссын барилга барьсан. Эргээд үүнийхээ урсгал зардлыг дийлэхгүй хэмжээнд очиж байна. Иймд 2016 онд энэ хэмнэлтээс эхлэх нь зүйтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн С.Оюун агаарын бохирдлыг бууруулах асуудлыг хөндөв.
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хариултдаа, энэ асуудлаар С.Одонтуяа гишүүн Засгийн газарт асуулга ирүүлсэн. Энэ жилийн төсөв батлахтай холбогдуулаад тодорхой хэмжээний байгууллагууд, тодорхой хэмжээний офиссын барилгуудыг зохицуулах боломж гарч ирж байгаа. Арав гаруй байгууллагын санал орж ирээд тав, зургаа нь шийдэгдсэн. Агаарын бохирдлыг бууруулах сангийн үйл ажиллагаа зөвхөн ганцаараа төсвийн хэмнэлтийн бодлогын хүрээнд орж шийдэгдээгүй. Бусад яаман дээр байсан маш олон Үндэсний хороо, ажлын хэсэг, ажлын албад яамдынхаа дотоод бололцоонд түшиглэж явья гэдэг үндсэн дээр адилхан зохицуулагдсан. Энэ оны төсөвт хуулийн үйлчлэлийн дагуу орж ирж байгаа энэ асуудлуудад 5 орчим тэрбум төгрөг тусгагдсан. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны хурал хуралдах ёстой хугацаандаа хуралдаж асуудлуудаа ярьж байна. Агаарын бохирдлыг бууруулах хамгийн зөв зайлшгүй хийх алхам бол нэгдүгээрт, хийн хэрэглээнд шилжих, хоёрдугаарт, орон сууцжуулах асуудал. Энэ хоёр асуудал нэг өдөр, нэг жилийн дотор хэрэгжиж амжихгүй тул завсрын бодлого хэрэгжүүлэх ёстой. Урд жилүүдэд гэрийн дулаалга, зуух тараах, Улаанбаатар хотын хамгийн эрсдэлтэй цэгүүдэд агаарын бохирдлыг шинжлэх ухааны үндэстэй бүртгэдэг, мэдээллээ авдаг станцуудаа байршуулах зэрэг энэ бүх ажлуудыг хийж ирсэн. Энэ жил хийн үйлдвэрийн асуудал үргэлжилнэ. Хоёр том үйлдвэрийн төсөл явж байгаа. Мөн туршилтын журмаар хийгдэж байгаа жижиг оврын үйлдвэрүүд бий. Нүүрснээс хий боловсруулах асуудал технологийн хувьд тодорхой хэмжээний шийдэл шаардаж байгаа. Байгалийн хийн асуудлын хувьд Таван толгойн нүүрсний бассейн дээр олдсон. Гэхдээ Улаанбаатар хот руу хүргэх эдийн засгийн тооцоо, үндэслэлийг нь боловсруулах чиглэл дээр үргэлжлүүлэн ажиллах шаардлагатай гэлээ.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Ерөнхий сайд гишүүдийн асуултад хариулт өгсний дараа чуулганы нэгдсэн хуралдаан үдээс өмнө хэлэлцэж байсан асуудлаа үргэлжлүүлж Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.14-ний өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нар танилцуулав.
Монгол Улсад өнөөгийн байдлаар улсын 400 гаруй, хувийн хэвшлийн 1500 орчим эмнэлэг хүн амд эмнэлгийн тусламж, үйлчилгээг хүргэж байгаа бөгөөд манай улс эмнэлгийн тоо, орны хувьд дэлхийд өндөр нягтаршилтай орнуудын тоонд багтдаг. Өнөөгийн үйлчилж байгаа эрх зүйн хүрээнд төрийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагын бие даасан байдал хязгаарлагдмал, хэт төвлөрсөн загвар хэвээр хадгалагдсаар байна. Ялангуяа удирдлагын түвшинд санхүүгийн болон хүний нөөцийн менежмент хийх боломж муу байгаа нь байгууллагыг хөгжүүлэх, тусламж үйлчилгээний чанарыг сайжруулахад сөргөөр нөлөөлөхийн зэрэгцээ удирдах ажилтнуудыг хариуцлагаас зайлсхийх байдлыг үүсгэж байна. Эрүүл мэндийн тухай хуулийн 2011 онд батлагдсан шинэчилсэн найруулгаар төв эмнэлэг, төрөлжсөн мэргэжлийн төвүүд удирдах зөвлөлтэй байхаар заасан хэдий ч өнөөдрийн байдлаар хэрэгжихгүй байна. Иймд дээрх тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, үйл ажиллагааг боловсронгуй болгох зохицуулалтын асуудлыг энэхүү хуулийн төсөлд тодорхой зааж оруулсан гэдгийг танилцуулгад дурдлаа.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Д.Сарангэрэл, С.Бямбацогт, Ё.Отгонбаяр, Д.Тэрбишдагва, Л.Энх-Амгалан асуулт асууж хариулт авав. Мөн хуулийн төслийг дэмжиж буйгаа илэрхийлж Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр, Д.Тэрбишдагва, Л.Энх-Амгалан нар үг хэлсэн бол дэмжих боломжгүй гэсэн байр суурьнаас Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Ч.Хүрэлбаатар нар үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалан, зайлшгүй ард түмний өмнө тулгамдаж байгаа асуудлаа цаг алдалгүй шийдэх нь чухал. Эрүүл мэндийн салбарын ажилтнууд хонон өнжин ажилладаг, авдаг цалин нь маш бага. Энэ хэрээр их хүнд салбар болсон. Иймд энэ хуулийг баталснаар тулгамдаж байгаа асуудлыг шийдье гэж байгааг онцлов. Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжих нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 95.7 хувийн саналаар дэмжлээ. Ингэснээр хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлэв.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төслийг хэлэлцэхээр болов
Мөн чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /Засгийн газар 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн/ хэлэлцэх эсэхийг шийдвэрлэлээ. Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа нар танилцуулав.
2006 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 61 дүгээр чуулганаар Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц, түүний нэмэлт протоколыг баталсан бөгөөд уг протоколд Монгол улс нэгдэн орсныг Улсын Их Хурал 2008 онд соёрхон баталсан. Монгол Улс НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө болон Засгийн газрын 2013 оны 281 дүгээр тогтоолоор баталсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-нд хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр тус тус заасан. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн хамгааллын тухай хуулиар хөгжлийн бэрхшээлтэй хүн төрийн тусламж, дэмжлэг болон эмнэлэг, нийгмийн халамжийн үйлчилгээг хүртэх харилцааг голчлон зохицуулж байгааг өөрчилж, хүнийг хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалан аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхалд өртөхөөс хамгаалах, хориглох, нийгмийн харилцаанд бусдын адил тэгш эрхтэй оролцох боломжийг хангах зохицуулалтыг уг хуулийн төсөлд тусгахдаа НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийн хүний эрхэд чиглэсэн зохицуулалтыг үндэс суурь болгосон гэдгийгсалбарын сайд танилцуулгадаа дурдлаа.
Хууль санаачлагчийн илтгэл болон байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, С.Бямбацогт, Б.Бат-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар, Л.Энх-Амгалан, Д.Сарангэрэл, Д.Тэрбишдагва, Н.Энхболд нар асуулт асууж хариулт авав. Мөн хуулийн төслүүдийг дэмжиж буйгаа илэрхийлж Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Р.Гончигдорж нар үг хэллээ.
Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, хууль батлагдсанаар асран хамгаалагчийн нийгмийн хамгааллын асуудал ямар байдлаар зохицуулагдах болон стандарт тогтоосон эсэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд эрүүл саруул иргэдтэй ижил түвшинд байх бололцоог хэр тусгасан талаар тодотгосон юм.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ гишүүний асуултад өгсөн хариултдаа, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн хамгааллын тухай хуулиар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг асарсан, хамгаалсан, халамжилсан асран хамгаалагчийн хувьд төрөөс ямар үйлчилгээ, дэмжлэг үзүүлэх асуудал зохицуулагддаг байсан. Мөн энэ хууль батлагдсанаар холбогдох хуулиуд дээр нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг судалж шийдвэрлэнэ. Жишээ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн дэд бүтцийг яаж бий болгох, боловсрол, соёл, зам, тээвэр, орон сууц гээд маш олон асуудалд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль батлагдсантай холбоотойгоор нэмэлт өөрчлөлт оруулах, ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн нийгмийн тэгш үйлчилгээ үзүүлэх нөхцлийг хангасан хуулийн заалтуудыг нэмж оруулах асуудал дээр ажиллах юм. Хамгийн гол нь эхлээд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн суурь хуулийг батлаад дараа нь үүн дээрээ тулгуурлаад холбогдох нэлээд олон хуулиудыг өөрчлөх шаардлага байгаа. Энэ чиглэлээр ажиллана гэв.
Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт асуултдаа, энэ хууль батлагдсанаар хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүрт үр өгөөж нь наалдах ёстой. Энэ талаар тодорхой ямар зохицуулалт байна вэ. Хөгжлийн бэрхшээлтэй 110 гаруй мянган иргэдийн 34 мянга нь хүүхэд байгаа гэж байна. Монгол Улсын хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан цэцэрлэг 3, сургууль 5, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв нэг байдаг. Гэтэл цэцэрлэгт нь үндсэндээ 200 орчим хүүхэд явдаг юм уу үгүй юу мэдэхгүй, сургуульд нь зөвхөн хэл, ярианы бэрхшээлтэй 200 гаруй хүүхэд явдаг юм билээ гээд, 34 мянган хүүхдийг сургууль, цэцэрлэгт хэрхэн хамруулах зохицуулалтыгтусгасан эсэх асуудлыг хөндсөн юм.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн төсөлд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст нэн тэргүүнд тулгамдаж байгаа асуудал буюу нийтийн тээвэр, зам, орон сууц, олон нийтийн барилга байгууламж нь хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй, тэдний хэрэгцээ, шаардлагыг хангахгүй байгаа асуудлыг зохицуулах зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй хүний ажиллаж, амьдрах орчин, нөхцлийг сайжруулах арга хэмжээг хуулийн төсөлд тусгасан.
Өмнө нь цөөн тооны сургууль, цэцэрлэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэрэгцээ шаардлагыг хангах асуудлыг авч үздэг байсан бол одоо 30 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд чиглэсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн “Хөгжлийн үндэсний төв”-ийг 60 гаруй орчим тэрбум төгрөгөөр барьж байгуулах ажил удахгүй эхэлнэ гэлээ. Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг 93.3 хувийн саналаар дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд шилжүүлснээр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөв хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ