Хуулийн төслүүдийг өргөн барив

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2015.11.27/ Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Д.Дорлигжав Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн барив.
Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд Гаалийн Ерөнхий газар болон Татварын Ерөнхий газрын үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулахаар тусгасантай холбогдуулж Үндэсний орлогын газрын эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг шинээр боловсруулж өргөн барьсан. Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооноос гаргасан саналын дагуу хуулийн төслийн нэрийгГааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай гэж нэрлэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулж, хуулийн төслийг одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Гаалийн тухай хууль болон Татварын ерөнхий хуулийн хүрээнд удирдлагын заалтыг нэгтгэн хуулийн төслийн дахин боловсруулж, хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзжээ. Хуулийн төсөл 5 бүлэг, 15 зүйлээс бүрдэх бөгөөд Гаалийн тухай хууль болон Татварын ерөнхий хуулийн дагуу зохицуулагдаж байгаа удирдлагын заалтыг нэгтгэн зохицуулахаар боловсруулжээ.
Хуулийн төсөл батлагдсанаар гааль, татварын албаны удирдлагыг нэгтгэн зохион байгуулах замаар гааль, татварын албаны захиргааны зардлыг тодорхой хувиар хэмнэх боломжтой бөгөөд тус тусын мэдээллийн баазыг нэгтгэн, татварын хяналт, шалгалт, хураалтын үйл ажиллагааг хялбаршуулах ач холбогдолтой болохыг Улсын Их Хурлын даргад танилцууллаа.
Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл 2 зүйлтэй. Импортын болон дотоодын үйлдвэрийн архи, дарсанд ногдуулдаг онцгой албан татварын хувь хэмжээг ялгаваргүй тогтоохоор уг хуулийн төслийг боловсруулжээ. Хуульд энэхүү өөрчлөлтийг оруулснаар Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээр бүрэн хэрэгжих боломж бүрдэн, Дэлхийн худалдааны байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх ач холбогдолтой. Түүнчлэн архи, дарсанд ногдуулдаг гаалийн албан татварын хувь хэмжээг Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрт заасан, зөвшөөрөгдсөн хувь хэмжээгээр нэмэгдүүлэх замаар дотоодын үйлдвэрлэлээ хамгаална хэмээн тооцоолжээ.
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мөн өргөн барилаа.Монгол Улсад урт хугацааны тогтвортой санхүүгийн эх үүсвэрийг бүрэлдүүлэх замаар банкны салбарыг хөрөнгөжүүлэх, улмаар эдийн засаг дахь санхүүжилтийн орчинг бүрдүүлэх нь банкны салбарын өмнө тулгамдаж буй гол сорилтууд болоод байгаа аж. 2012 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн дагуу мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.16-д “мөнгөн хадгаламжийн нийт хэмжээ нь 100 сая төгрөгөөс дээш нэг жил ба түүнээс бага хугацаатай болон хугацаагүй хадгаламжийн хүүгийн орлогоос бусад Монгол Улсын иргэний мөнгөн хадгаламжийн хүүгийн орлогыг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд чөлөөлнө” гэж заасан. Энэ хуулийн хэрэгжилттэй холбогдуулан тус хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.4-т заасан хүүгийн орлогод2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс албан татвар ногдуулж эхлэх юм байна.
Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авах систем дэлхийн өндөр орлоготой ихэнх улсад хэрэгждэг. Харин манай улсын хувьд эдийн засгийн өсөлт саарсан, хадгаламжийн хэмжээ бага байгаа, иргэдийн орлого зарлагын харьцаа сайнгүй энэ цаг үед хэрэгжүүлж эхлэх нь иргэд, харилцагчид санхүүгийн хүндрэл бий болгох, банкин дахь эх үүсвэрээ буцаан татах гэх мэт сөрөг үр дагаварыг үүсгэж болзошгүй байх тул хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулах хугацааг дахин сунгах саналыг Монголын банкны холбооноос гаргасан байна. Тус саналын дагуу Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсон болохоо Улсын Их Хурлын даргад танилцуулав.
Түүнчлэн Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай болон бусад хуулийн төслийг өргөн барилаа. 2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр батлагдсан Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх болсонтой холбогдуулан энэ хууль батлагдахаас өмнө мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг 2 ба 5 жилээр авсан мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг хугацаагүй олгох харилцааг зохицуулах шаардлага үүсч, энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулжээ. Хуулийн төсөл батлагдсанаар мэргэшсэн нягтлан бодогчдод хуулийн шаардлага нэг ижил мөрдөгдөх боломж бүрдэх аж.
2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр батлагдсан Аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх болсонтой холбогдуулан энэ хууль батлагдахаас өмнө аудитын тусгай зөвшөөрөл авсан аудитын 120 орчим компаниудын тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг шинэ хуульд нийцүүлэх шаардлага үүссэн байна. Аудитын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 19.3-д заасны дагуу аудитын хуулийн этгээдийн үүсгэн байгуулагчид тавигдах шаардлага өөрчлөгдсөн тул энэ хууль батлагдахаас өмнө аудитын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай авсан аудитын компаниуд болон 2016 оноос эхлэн шинээр тусгай зөвшөөрөл авах, зөвшөөрлийг сунгах компаниудад тавигдах дүрмийн нөхцөл, шаардлагыг нэг ижил болгох зорилгоор энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулсан болохоо Хууль зүйн сайд Улсын Их Хурлын даргад танилцууллаа.
2015 оны 6 дугаар сарын 19-ний өдөр батлагдсан Аудитын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 4.2-д Төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн өмчийн оролцоотой компанид аудит хийхдээ Компанийн тухай хуулийн 76.1.10-д заасныг мөрдөхөөр буюу төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн өмчийн оролцоотой компаниудын төлөөлөн удирдах зөвлөл нь аудитын байгууллагыг сонгохоор заасан. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгж нь Компанийн тухай хуулийн дагуу төрийн өмчит хувьцаат компани (ТӨХК), Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн дагуу төрийн өмчит үйлдвэрийн газар (ТӨҮГ) гэсэн 2 хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна. Харин Төрийн аудитын тухай хуулийн 4.1, 15.1.2, 15.2.2, 15.3-д төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд Үндэсний аудитын байгууллага аудит хийхээр заасан нь Компанийн тухай хууль, Аудитын тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн дээрх заалттай зөрчилдөх нөхцөл үүсээд байна. Иймд хуулиудын зөрчлийг арилгах үүднээс энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулсан болно.
Төрийн аудитын тухай хуульд дээр дурдсан өөрчлөлт орсноор төрийн өмчит, тэдгээрийн оролцоотой компаниудын аудитын байгууллагыг сонгох үйл ажиллагаа компанийн засаглалтай нийцэх төдийгүй тэдгээрт үзүүлэх аудитын үйлчилгээний хараат бус байдал сайжрах болно. Уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдон Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах юм байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ