Өвөлжилт болон агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр мэдээлэл сонсов

2015-2016 оны өвөлжилтийн нөхцөл байдал, Намрын ургац хураалтын дүнгийн талаарх мэдээлэл сонслоо

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдааны эхэнд 2015-2016 оны өвөлжилтийн нөхцөл байдлын талаар болон намрын ургац хураалтын дүнгийн талаар Монгол Улсын Шадар сайд болон Хүнс, хөдөө аж ахуйн сайдын мэдээлэл сонсов.

Мал аж ахуйн салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэл 16 аймагт 90-ээс доош хувьтай байгаагийн дотор Дорноговь аймагт 74.9, Баянхонгорт 78.7, Дундговьд 81.3, Хөвсгөлд 81.7, Увсад 82.1, Говь-Сүмбэрт 82.3, Төв аймагт 82.5 хувийн биелэлттэй, нийт аймгийн 80 шахам хувь нь бэлтгэлээ дутуу хангасан дүнтэй байна. Түүнчлэн 9, 10 дугаар сард нийт нутгаар их хэмжээний хур тунадас, нойтон цас орсон нь ургац хураалтын явцыг саатуулж, ургацын хаягдлыг нэмэгдүүлснээс урьдчилсан балансаар тогтоогдсон ургац 30 орчим хувиар буурах нөхцөл байдал үүссэн. Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн урьдчилсан мэдээгээр 2015-2016 онд өвөлжилт, хаваржилт хүндэрч болзошгүй 15 аймаг, 37 сум байгааг анхааралдаа авч, эрүүл мэндийн үйличлгээний тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэн ажиллаж байна. Энэ жилийн өвөлжилт, хаваржилтын төлөв байдалд эрсдэлийн үнэлгээ хийсэн НҮБ-ын ХХААБ-ын шинжээчид хагас боловсруулсан махан бүтээгдэхүүнийг Монгол Улсаас хүмүүнлэгийн тусламжаар гадаад улс руу экспортлох боломжийн талаар хэлэлцсэн бөгөөд эцсийн шийдвэрийг хүлээж байна. Бэлчээрийн даац, багтаамж олон аймаг сумд хэтэрсэнтэй холбогдуулан өвөлжих малын тоог цөөлөх, мах бэлтгэлийг нэмэгдүүлэх шаардлага гарч байна. Дотоодын хэрэгцээнд махны нөөц бүрдүүлэх болон мах экспортлоход зээлийн дэмжлэг үзүүлэх сонгон шалгаруулалтыг 2 удаа зарлаж, дотоодын махны нөөц бүрдүүлэхэд зээлийн дэмжлэг авах хүсэлт ирүүлсэн 63 аж ахуйн нэгжээс 26 аж ахуйн нэгжийг тус тус сонгон шалгаруулж, хөнгөлөлттэй зээлийн дэмжлэг үзүүлэхээр бэлтгэж байна. ӨМӨЗО-д оронд болсон үзэсгэлэнгийн үеэр Монголын махны холбоо, Өвөр монголын махны төрлийн ажил үйлс, эрхлэгчдийн холбооны хооронд 2016-2018 онд 6.0 тэрбум юанийн өртөг бүхий 150.0 мянган тн үхэр, хонины мах нийлүүлэх санамж бичиг байгууллаа. ОХУ манай улсаас үхэр, хонь, ямааны махыг Чита, Амур, Алтай, Хабаровск, Приморын хязгаар, Өвөр байгаль, Еврейн Автономит тойрогт авахаар тохиролцсон. 8 үйлдвэрийг БНВьетнам улсад махны экспорт хийх эрх олгохоор урьдчилан сонгоод байна гэлээ.

Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар, аймаг орон нутаг Улсын Онцгой Комисст өвөлжилтийн бэлтгэл хангасан талаарх мэдээллээ ирүүлдэг болсон. Өвөлжилтийн бэлтгэл ажил улсын хэмжээнд 85.9 хувьтай хангагдсан. Гэвч энэ өвөл хатуухан болж өнгөрөх төлөв рүү орсон байна. Нөхцөл байдал үнэхээр хүнд байгаа. Одоогоор Увс, Булган аймгийн ихэнх нутаг, Төв аймгийн баруун хэсэг, Дархан-Уул, Сэлэнгийн өмнөд хэсэг, Завхан, Говь-Алтайд өвөлжилт хүндэрч эхэлсэн байна. Бодит байдалд үнэлэлт дүгнэлт өгч бололцоотой бүх боломжоороо ажиллаж байна. Өвөлжилтийн дүн мэдээг 10 хоног тутам авч байна. Орон нутагт газар дээр нь очиж ажиллаж байгаа гэлээ.

Түүнчлэн Онцгой байдлын хувьд зунаас эхлэн өвс, тэжээлийн бэлтгэл хангахад анхаарлаа хандуулж, өвөлжилт хүндэрч болзошгүй гэсэн аймгууд руу нөөцийг хүргүүлсэн. Гэсэн хэдий ч зарим аймгууд өвөлжилтийн бэлтгэлээ дутуу хангасан нь эргээд хүндрэл үүсгэж болзошгүй байгаа.

Өвөлжилтийн бэлтгэлээ бүрэн дүүрэн хангаж чадаагүй нь нэгд ган болсон нь нөлөөлсөн бол хоёр дахь шалтгаан нь махны үнэ урьд хожид байгаагүйгээр унасан нь малчдын хувьд мөнгөний хомсдолд орж, өвс тэжээлээ худалдан авах боломжгүйд хүргэсэн гэв.

Мэдээлэлтэй холбогдуулж гишүүд асуулт асуух үеэрээ махны экспортыг нэмэгдүүлэхэд Засгийн газар хэрхэн ажиллаж байгааг тодруулсан юм.

Улсын Их Хурлын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа өгсөн тайлбартаа, Монголоос анх удаа түүхий мах экспортод гаргах гэж байна. Нэг жилийн дотор 20-иод удаа яриа, хэлэлцээ хийж байж энэ асуудлыг шийдэх гэж байна. Махны экспортыг нэмэгдүүлэхийн тулд Засгийн газар 100 тэрбум төгрөгийн хөрөнгийг Хөгжлийн банкнаас гаргахаар шийдвэрлэсэн. Гэхдээ Улсын Их Хурлаар энэ асуудал орж ирж байж эцэслэгдэн шийдвэрлэгдэнэ гэв.

Байнгын хорооны хуралдаанаар 2015-2016 оны өвөлжилтийн нөхцөл байдлын талаар болон намрын ургац хураалтын дүнгийн талаарх мэдээлэл сонссонтой холбогдуулан Байнгын хорооны хуралдааны тэмдэглэлээр Засгийн газарт таван чиглэлээр үүрэг өгөх нь зүйтэй гэж үзлээ.

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгын газрын хийсэн ажлын тайлан, төлөвлөгөөний талаарх мэдээлэл сонсов

Мөн хуралдаанаар 2012-2015 оны Улаанбаатар хотын агаарын чанарын үзүүлэлт, 2015 онд агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр Засгийн газрын хийсэн ажлын тайлан, 2016 онд хийх ажлын төлөвлөгөөний талаар холбогдох байгууллагын мэдээллийг сонслоо.

Улсын Их Хурлын гишүүн, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Н.Батцэрэг, агаарын бохирдлын хэмжээг өмнөх оныхтой харьцуулахад буурсан үзүүлэлттэй гарсан. Агаарын бохирдлыг бууруулахад нэгдүгээрт, хийн түлшний хэрэгцээг нэмэгдүүлэх, хоёрдугаарт, орон сууцжуулах бодлогыг эрчимжүүлэх хэрэгтэй. Засгийн газрын хуралдаанаар эхний ээлжинд гэр хорооллын шөнийн хэрэглээний цахилгааны тарифыг 50 хувь бууруулах шийдвэр гаргалаа. Энэ шийдвэр өчигдөр буюу 12 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Түүнчлэн уламжлалт сайжруулсан түлшийг дөрвөн аж ахуйн нэгж хийхээр төлөвлөөд байна. Энэ түлшийг хамгийн их утаа хуримтлагдсан газар тараана. Агаарын бохирдлыг бууруулахаар төсөвт суусан 5 тэрбум төгрөгийн хүрээнд болон хуучин хийж хэрэгжүүлж байсан ажлуудаа үргэлжлүүлнэ. Зөвхөн Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулах бус аймаг, орон нутагт мөн энэ асуудал хүндрэлтэй болсон. Юуны түрүүнд агаарын бохирдол ихтэй байгаа 5 аймгийн асуудлыг шийдэхээр төлөвлөж байна гэлээ.

Гишүүдийн зүгээс орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр агаарын бохирдлын бууралтыг хэмжиж, судалж байна гэж сурталчилж байгаа ч үр дүнд хүрэхгүй байна. Хэт хортой хэмжээ буурсан гэж байгаа ч энэ асуудлыг онцгойлон анхаарах ёстой.

Агаарын бохирдлын асуудлыг өнгөц ойлгож болохгүй. Агаарын бохирдлыг бууруулах гол зорилт бол хийн түлшний хэрэгцээг нэмэгдүүлэх асуудал. Мөн нийтийн тээврийн хэрэгслээс ялгарч байгаа утааг бууруулах болон нам даралтын зуухыг хотынхоо төв болоод газар сайгүй барьж байгаад анхаарал хандуулах хэрэгтэй. Улаанбаатар хотын хүн амын тал хувь нь гэр хороололд амьдарч байна. Энэ асуудлыг огт орхигдуулж болохгүй гэдгийг хэллээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ