Сангийн сайд Б.Чойжилсүрэн хууль, тогтоолын төслүүд өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдод өнөөдөр /2016.09.30/ Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухайхуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хууль, УИХ-ын тогтоолын төслийг Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Чойжилсүрэн өргөн мэдүүлэв.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл нь хоёр зүйлтэй бөгөөд батлагдсанаар Монгол Улсын ирэх оны төсвийн тухай хуулийн төсөл, холбогдох тооцоо, судалгааны үндсэн суурь үзүүлэлт болох юм.
Монгол Улсын 2017 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг Төсвийн тухай хуулийн 5 дугаар зүйлд заасан төсвийн зарчмуудыг мөрдлөг болгон боловсруулсан байна. Гадаад эдийн засгийн таагүй нөхцөл байдал, дотоод эдийн засгийн хүндрэл ньэдийн засгийн идэвхжилийг сулруулж, төсвийн орлогыг их хэмжээгээр бууруулах нөлөөллийг үзүүлж байгаа аж. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ойрын жилүүдэд төдийлөн өсөхөөргүй байдал ажиглагдаж байгаагаас богино болон дунд хугацаанд төсвийнорлого огцом нэмэгдэхээргүй байгааг танилцуулгад дурдсан байна. Сүүлийн жилүүдэд нэмэгдүүлсэн зарлага санхүүжилтийг богино хугацаанд бууруулж, зохицуулалт хийх боломж хязгаарлагдмал байгаатай холбогдуулан зарлагын шинэчлэлийг үе шаттайгаар хэрэгжүүлэх шаардлага үүсчээ.
Эдийн засгийн энэхүү хүндрэлээс шалтгаалан Төсвийн тогтвортой байдлын тухай хуулиар тогтоосон төсвийн тусгай шаардлагуудын хүрэх хугацааг дахин сунгаж, шилжилтийн зохицуулалтыг дахин томьёолох шаардлагын үүднээс Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 6.1.2-т заасан нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн алдагдлыг 2016онд 18.5 хувиас, 2017 онд 9.9 хувиас, 2018 онд 7.5 хувиас, 2019 онд 5.5 хувиас, 2020 оноос алдагдалгүй байхаар хуульчилсан юм. Дээрх зарчмуудыг тусган тооцоход Монгол Улсын 2017 оны нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 5,974.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 22.8 хувь, нэгдсэн төсвийн нийт зарлага 8,564.0 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 32.7 хувь, нэгдсэн төсвийн нийт алдагдал 2,589.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 9.9 хувь болохоор байгаа талаар төслийн танилцуулгад дурджээ.
Монгол Улсын 2017 оны төсвийн тухайн хуулийн төслийг дагалдуулан 15 хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын 2 төслийг өргөн мэдүүлэв.
Мөн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ.
Өнгөрсөн жилүүдэд манай улсын эдийн засгийн өсөлт удааширч, ажилгүйдлийн түвшин нэмэгдэх хандлагатай байна. Энэ нөхцөл байдалд бизнесийг дэмжих, ажлын байр шинээр бий болгох, хөрөнгө оруулалтыг татах илүү таатай эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй нийт аж ахуйн нэгжүүдийн дийлэнх хувь нь жижиг, дунд бизнес эрхлэж буй аж ахуйн нэгж байна. Иймээс нэр бүхий салбарт жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, тэдний татварын ачааллыг багасгаж, хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх, бизнесийн үйл ажиллагаагаа тэлэх боломжийг олгосноор эдийн засгийн өсөлтийг хурдасгах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой гэж үзэж, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан болохыг Улсын Их Хурлын даргад танилцуулсан юм.
Жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, хүнсний үйлдвэрлэл, хувцас болон нэхмэлийн үйлдвэрлэл, барилгын материалын үйлдвэрлэл болон газар тарилан, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа албан татвар төлөгчийн үндсэн үйл ажиллагааны орлогод 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэлх хугацаанд 1 хувиар орлогын албан татвар ногдуулахаар буюу ногдуулсан татварыг 90 хувиар хөнгөлөхөөр хуулийн төсөлд тусгасан байна. Жижиг дунд буюу жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй аж ахуйн нэгжид 1 хувиар албан татвар ногдуулах зохицуулалт хийснээр аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа задлах, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийх замаар энэхүү хөнгөлөлтөд өргөнөөр хамрагдах, улмаар төсвийн орлогын эх үүсвэрт сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл үүсэх юм байна. Иймээс албан татвар төлөгчийн тайлант жилийн албан татвар ногдох орлогыг тодорхойлохдоо тухайн албан татвар төлөгч болон түүнтэй харилцан хамаарал бүхий этгээдийн албан татвар ногдох орлогын нийлбэр дүнгээр тодорхойлохоор хуулийн төсөлд тусгажээ.
Хуулийн төсөл батлагдсанаар жижиг, дунд бизнес эрхлэгч аж ахуйн нэгжийн татварын дарамт буурч, ажлын байр, хөдөлмөр эрхлэлт нэмэгдэх, шинээр бизнес эрхлэх явдлыг нэмэгдүүлж, хөрөнгө оруулалт нэмэж татах нөхцөл бүрдэнэ хэмээн үзжээ. Түүнчлэн Арбитрын тухай хуулийн төслийг өнөөдөр /2016.09.30/ Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Д.Чойжилсүрэн өргөн мэдүүлэв. Арбитрын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийг Монгол орны онцлог, НҮБ-ын Загвар хуульд нийцүүлэн, бусад улсын шилдэг туршлагыг судалсны үндсэн дээр боловсруулсан бөгөөд шинэлэг зохицуулалтуудыг тусгажээ. Тухайлбал, Арбитрын ажиллагааны харьяалалыг арбитрын хуралдаан болох газар гэсэн утгаар 2003 оны хуульд тусгагдсаныг өөрчилсөн байна. Түүнчлэн загвар хуульд шинээр тусгасан арбитрын бүрэлдэхүүн шийдвэрийнхээ биелэлтийг баталгаажуулах арга хэмжээгавч болох нарийвчилсан зохицуулалтад нийцүүлэн “Арбитраас гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ, урьдчилсан тогтоол” гэсэн бүлгийг шинээр боловсруулан тусгажээ. Үүний зэрэгцээ арбитр, шүүхээс маргааны аль нэг талаас гаргуулсан хэрэгжих боломжтой үүрэг, амлалт, үүргийн гүйцэтгэлийг хангах тодорхой арга хэмжээг ойлгох санхүүгийн баталгааны талаар, зардал хохирол гаргуулахтай холбоотой шинэ зохицуулалт болон цахим хэлбэрээр хийх хэлэлцээр, дампуурлын талаарх зохицуулалтыг хуулийн төсөлд тусгасан байна. Эдгээр шинэлэг зохицуулалтаас гадна хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн Загвар хуульд нийцэхгүй байгаа зарим зохицуулалтыг шинэчлэн найруулсан бөгөөд дэвшилтэт зохицуулалтыг хадгалсан болохыг хуулийн төслийн танилцуулгад дурджээ. Арбитрын тухай хуулийн төслийг НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын Олон улсын худалдааны арбитрын тухай Загвар хуульд нийцэж байгаа эсэх талаар НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын саналыг авсан бөгөөд уг төсөл Загвар хуульд нийцэж байгаа талаар урьдчилсан санал дүгнэлт ирүүлсэн байна. Уг төслийг боловсруулах ажлын хэсгийг Улсын Дээд шүүх, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, МХАҮТ-ын дэргэдэх Монголын олон улсын ба үндсэний арбитр, бусад хуульч, эрдэмтэн, арбитрч нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулан ажилласан бөгөөд төслийг боловсруулах явцад хэлэлцүүлэг, олон улсын бага хурал удаа дараа зохион байгуулж, холбогдохбайгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн саналыг авч төсөлд тусгасан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
3,470.29
СЭТГЭГДЭЛ БИЧИХ