Дорноговьчууд Хөвсгөлийн АН-ын уриалгыг дэмжиж байна

Хөвсгөл аймгийн Ардчилсан намын уриалгыг дэмжихээ илэрхийлсээр байна

Хөвсгөл аймгийн Ардчилсан нам “Ардчилсан намаа ардчилсан замаар шинэчилье” гэсэн уриалга гаргаад байгаа билээ. Тэд уриалгадаа “Ардчилсан нам фракцгүй, нэгдмэл нийтлэг эрх ашигтай, байнга сэлбэгдэж, шинэчлэгдэж байдаг, тасралтгүй, гацаагүй үйл ажиллагаатай, хариуцлагатай улс төрийн хүчин байх”“Ардчилсан намын үйл хэрэг дарга хүний үзэмжээр бус, дүрэм журмаар зохицуулагддаг байх”, “Намын дээд шатны удирдах байгууллагын гишүүн нь фракцын төлөөлөл бус, хувийн ашиг сонирхолоор сонгогдсон хэсэг хүний гар хөл биш, харин намын анхан шатны нэгж болсон сум, хорооны намын төлөөлөл байх” зэрэг агуулгыг тусгасан.

Тэдний уриалгыг Булган аймгийн Ардчилсан нам дэмжихээ илэрхийлсэн бол Дорноговь аймгийн Ардчилсан нам ч дэмжихээ албан ёсоор илэрхийллээ. Дорноговь аймгийн Ардчилсан намын гаргасан уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна.

Хөвсгөл аймгийн Ардчилсан намын уриалгыг дэмжиж байна

Дэлхийн дахинаа Ардчилсан Монгол улс хэмээн дуудуулах тайван хувьсгалыг түүчээлэн засаглалын шинэ хэлбэрийг улс орныхоо хөрсөнд буулган хөгжүүлэхэд Ардчилсан нам түүхэн үүрэг гүйцэтгэж өдгөө ард иргэд маань эрх чөлөөтэй, улс орон маань олон талаараа дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхаж байна. Хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх хүсэл тэмүүллийг бий болгож Үндсэн хуулиараа тунхаглаж, хүн бүр тэгш эрхтэй байхын утга учрыг таниулж, хүний эрх, эрх чөлөөний үнэ цэнийгмэдрүүлсэн нь Ардчилсан намын олон мянган гишүүд дэмжигчдийн нөр их хөдөлмөр, сэтгэл зүтгэл, анхдагчдын маань зориглон хөдөлсөн чин зүрх, алсын хараа байсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

Бид тавьсан зорилго, олсон амжилт, алс ирээдүйнхээ сайн сайхны төлөө үргэлж шинэ сэргэг байж, алдаа оноогоо дэнслэн бодлого зорилтоо нийгмийн чиг хандлага, олон нийтийн хүсэл эрмэлзлэлд тулгуурлан өөрчлөгдөж, чиглүүлэнхөгжүүлж байх учиртай билээ.

Өнгөрсөн УИХ-ын болон Орон нутгийн сонгуульд ард иргэдийнхээ итгэл, дэмжлэгийг хүлээж чадахгүй ялагдсанд Ардчилсан нам, Ардчилсан намын гишүүд бид дүгнэлт хийх ёстой.

Бид түүхэн үүргээ гүйцэтгэсэн намын үндсэн дүрмээ шинэчилж, үзэл баримтлал, бодлого зорилго, арга барилаа өөрчлөхгүйгээр том зорилгодоо хүрч чадахгүйг бидний туулсан зам, “тулалдсан” сонгууль харууллаа.

Тиймээс бодлогын төвшинд өөрчлөлт, шинэчлэл хийхийг нийгэм шаардаж байна. Бидэнд цаашид хүлээх цаг хугацаа, шалтаг шалтгаан байхгүй тул Дорноговь аймгийн Ардчилсан намын гишүүд бид Хөвсгөл аймгийн Ардчилсан намаас гаргасан “Ардчилсан намаа ардчилсан замаар шинэчилье” уриалгыг дэмжиж шинэчлэлд идэвхийлэн оролцож, хамтарч ажиллахаа үүгээр илэрхийлж байна.

ДОРНОГОВЬ АЙМГИЙН АРДЧИЛСАН НАМ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ