Хүүхдийн зураг ашиглан худал мэдээлэл цацсан хэрэгт эрүү үүсгэжээ

“Нялх хүүхдийг ганц шил архиар зарна” гэх мэдээлэл өчигдөр олон нийтийн мэдээллийн сүлжээнд цацагдсан билээ.

Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр цагдаагийн алба хаагчид болон зураг дээрх хүүхдийн гэр бүлийнхэн хэвлэлийн хурал хийж, дээрх мэдээллийг няцаав.

Энэ үеэр хүүхдийн гэр бүлийнхэн "Хүүхдийн маань зургийг зөвшөөрөлгүйгээр цацаж, худал мэдээлэл тараалаа. Тиймээс уг зургийг олон нийтийн мэдээллийн сүлжээнд нийтэлсэн иргэнийг шалгуулах хүсэлтээ харъяа цагдаагийн байгууллагад гаргасан" гэдгээ мэдэгдлээ.

Одоогоор тус хэргийг ЦЕГ-ын харьяа Цахим гэмт хэрэгтэй тэмцэх тасаг шалгаж байгаа бөгөөд хүүхдийн зураг ашиглан худал мэдээлэл цацсан энэ хэрэгт СХД-ийн цагдаагийн хэлтсээс эрүүгийн хуулийн тусгай ангийн 111-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

Дашрамд дурдахад, зураг дээрх эрэгтэй 70 орчим настай бөгөөд зээ охиноо дэлгүүрийн үүдэнд салхилуулж байсныг нь ийнхүү гэрэл зурагт буулган цахим ертөнцөд худал мэдээлэл цацсан байна.

Харин зураг дээрх хүүхдээ тэврээд явж буй 70 гаруй настай иргэн н.Доржсүрэн мэдээлэл хийх үеэрээ “Өчигдөр гадаа дулаахан байхаар нь хүүхдээ салхилуулахаар түр гарсан. Тэгтэл зургийг маань авч олон нийтийн сүлжээнд нийтэлсэн байна. Надтай ирж юм ярьсан хүн байхгүй. Тийм байж архиар хүүхэд зарах гэж байна гэсэн мэдээлэл гарсан тухай надад танил маань хэлсэн. Тиймээс цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Зураг авч байгааг би ер мэдээгүй. Би ер нь хүүхдээ байнга ингэж сугавчилж авч явдаг. Энэ мэдээлэл надад маш хүнд туссан” хэмээсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ