“Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн даргаар У.Бямбасүрэнг томилжээ

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас дөнгөж сая “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийг баталгаажуулсан талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Өмнө нь мэдээлсэнчлэн "Эрдэнэт" үйлдвэрийн шинэ хувьцаа эзэмшигч буюу "Mongolian Copper Corporation"-ийн талаас ТУЗ-ийн гишүүнээр Да.Ганболд, О.Орхон, М.Мөнхбаатар нарыг томилжээ. Засгийн газрын буюу нийт хувьцааны 51 хувийг эзэмшигч талын У.Бямбасүрэн, Г.Нандинжаргал, Д.Дэмбэрэл, Н.Доржсэмбэд нарын дөрвөн хүн төлөөлж байгаа юм. Ингэснээр "Эрдэнэт Үйлдвэр" ХХК-ийн ТУЗ долоон гишүүний бүрэлдэхүүнтэй болж байна.
Мэдээллийн үеэр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор: -49 хувийгэзэмшигч талаас ТУЗ-ийн гишүүдийг 9 болгох санал тавьсан ч долоо дээр тогтлоо. Одоо ТУЗ бүрэлдсэн. Мөн нөгөө талаас гүйцэтгэх удирдлага болон ТУЗ-ийн даргыг хоёр жилээр ээлжлэн тавих санал тавьсан. Засгийн газраас зүгээс энэ хоёр удирдлагыг төрөөс томилох байр суурьтай байгаа. Одоогоор засгийн газраас “Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ-ийн даргад У.Бямбасүрэнг томилох чиглэл ирсэн. Ерөнхий жишиг нь ийм юм. Үндсэндээ бид компанийн тухай хуулийн дагуу 49 хувийг эзэмшигч талтай сүүлийн нэг сарын хугацаанд 10 гаруй удаа хэлцэл хийгээд байна. Хэлцлүүд ихэвчлэн албан бичгийн хүрээнд явагдсан” гэсэн мэдээлэл өглөө.
Мөн тэрээр ““Эрдэнэт” үйлдвэрийн ТУЗ бүрдсэнээр гүйцэтгэх удирдлага томилогдох боломж үүсэж байна. Гүйцэтгэх удирдлагыг компанийн тухай хуулийн дагуу ТУЗ-ийн гишүүдийн 66.6 хувиас дээш саналаар батламжилдаг. Энэ тохиолдолд 49 хувийг эзэмшигч талын санал заавал орно. Гүйцэтгэх удирдлагыг төрөөс дөрвөн жилийн хугацаатайгаар томилоод явах шийдэлд хүрсэн байгаа” гэж тодотголоо.
Тус газраас өгч буй мэдээллээр бол хуульзүйн байнгын хороонын дэргэд байгуулагдах ажлын хэсэг “Эрдэнэт” үйлдвэрийн өнгөрсөн дөрвөн жилийн үйл ажиллагааг нь шалгах аж. Харин Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар тодорхой хяналтуудаа тавиад явах юм байна.
-ЗГХЭГ-ЫН ДЭД ДАРГА У.БЯМБАСҮРЭН ГЭЖ ХЭН БЭ-
ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн нь Хүмүүнлэгийн ухааны их сургууль, Итали Улсын Бокконийн их сургуулийг тус тус төгсчээ. Тэрээр БНСУ, Их Британид менежментийн чиглэлээр, Малайз Улсад даатгал, Тайванд хөгжлийн бодлогын чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн. Багш мэргэжилтэй, бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй аж.
-1994-1997 онд “Монгол даатгал” ТӨУҮГ мэргэжилтэн, менежер,
-1999-2004 онд “Монгол даатгал” ХХК-д ерөнхий менежер,
-2004-2007 онд Хүнс, хөдөө аж ахуйн яаманд сайдын зөвлөх,
-2007-2010 онд Монголын ардчилсан социалист Залуучуудын холбоонд ерөнхий нарийн бичгийн дарга,
-2010-2012 онд Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга,
-2012-2015 онд “Миг даатгал” компанид зөвлөх, ТУЗ-ын даргаар ажиллаж байсан.
-2015 оноос МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр ажиллаж байсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ