“Эрдэнэт”-ийн 49 хувийг хувалдаж авахдаа хууль зөрчсөн эсэхийг судлах ажлын хэсэг байгуулав

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Оросын Холбооны Улсын Засгийн газар болон тус улсын "Ростех” корпорацийн "Эрдэнэт үйлдвэр” ХХК болон "Монголросцветмент” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг худалдсан талаархи асуудлаар Засгийн газраас авсан арга хэмжээний тухай болон холбогдох ажлын хэсгийн дүгнэлтийг Хууль зүйн байнгын хороонд танилцуулсан холбоотойгоор уг асуудлаар санал дүгнэлт гаргах Ажлын хэсэг байгуулах асуудлыг хэлэлцэв. Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, Ц.Нямдорж, О.Батнасан, Ж.Батзандан Б.Дэлгэрсайхан нар санал хэлж, байр сууриа илэрхийллээ.

Ажлын хэсэг байгуулах шалтгаан нь Оросын Холбооны Улсын Засгийн газар болон тус улсын "Ростех” корпорацийн "Эрдэнэт үйлдвэр” ХХК болон "Монголросцветмент” ХХК-нд эзэмшиж байсан 49 хувийн энгийн хувьцааг дотоодын аж ахуйн нэгж худалдан авсантай холбоогүй, хамгийн гол нь Монгол Улсын Үндсэн хууль тэргүүтэй хэд хэдэн хуулийг зөрчсөн үйл явцыг нь шалгах нь чухал гэдгийг гишүүд хэлсэн юм. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ш.Раднаасэд, Б.Дэлгэрсайхан нар Хууль зүйн байнгын хорооноос байгуулагдах Ажлын хэсгийн үйл ажиллагааны цар хүрээг тогтооход анхаарах нь чухал гэв. Санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 93.3 хувь нь дэмжин, Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын ишүүн Ш.Раднаасэд, гишүүдэд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Ганболд, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Ц.Нямдорж, Л.Энхболд нарын бүрэлдэхүүнтэйгээр баталлаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ