А.Гансүхийн зөвлөхийг саатуулж, Хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлэх шийдвэр гарсан долоо хоног

Энэ долоо хоногт болсон үйл явдлыг тоймилж байна.

"Эрдэнэт" үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүдийг томилжээ

Энэ оны зургадугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 100 хувь Монголын мэдэлд шилжсэн Эрдэнэт үйлдвэрийн Шинэ ТУЗ нь нийтдээ долоон гишүүнээс бүрдэх бөгөөд тэдний дөрөв нь үйлдвэрийн 51 хувийг эзэмшиж байгаа Засгийн газрын төлөөлөл, гурав нь 49 хувийг оросуудаас худалдаж авсан “Монгол зэс” / Mongolian Copper Corporation/ компанийн төлөөлөл байх шийдвэр гарсан байна.

Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-д Төрийг төлөөлөх гишүүдээр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У. Бямбасүрэн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамын Төрийн нарийн бичгийн дарга Г. Нандинжаргал, Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн газрын дарга Б.Доржсэмбэд, Төрийн бодлого зохицуулалтын газрын орон тооны бус зөвлөх Д. Дэмбэрэл нарыг томилжээ. Харин цөөнхийн хувьцаа эзэмшигч буюу “Монгол зэс” /Mongolian Copper Corporation/ талаас ТУЗ-д төлөөлөх гишүүдээр Да.Ганболд, О.Орхон, М. Мөнхбаатар нарыг тус тус дөрвөн жилийн хугацаатайгаар томилжээ. Харин ТУЗ-ийг ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн удирдахаар болсон байна.

АН-ын ҮЗХ энэ сарын 16-нд хуралдана

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл энэ долоо хоногт хуралдаж, Үндэсний зөвлөлдөх хороог энэ сарын 16-нд хуралдуулахаар шийдсэн юм. Ардчилсан нам 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа ҮЗХ-оогоо хуралдуулсан бөгөөд үргэлжүүлэн хуралдаж чадаагүй байгаа.

Хэд, хэдэн удаа ҮЗХ-ны хурлын тов зарлагдсан ч тодорхой шалтгаануудын улмаас хойшилсон. Хамгийн сүүлд орон нутгийн сонгуулийн дараа хуралдуулахаар шийдвэр гарсан байсан юм. Тиймээс энэ удаагийн хурлаар орон нутгийн сонгуулийн дүн болон ирэх сард хуралдах ИХ хурлын бэлтгэл ажил, намын дүрмийн шинэчлэлийн асуудлыг хэлэлцэхээр болжээ.

Ахмадууд жилд 2 удаа тэтгэмж авна

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр өнгөрсөн баасан гаригт мэдээлэл хийлээ. Тэрбээр "Засгийн газраас “Насны хишиг”-ийг олгоход төсвийн төсөлд 21 тэрбум төгрөг төсөвлөсөн. Энэхүү хишигт 121 мянга, 905 ахмад хамрагдах юм. Ингэхдээ 65-69 насныханд жилд хоёр удаа 50 мянган төгрөг, 70-79 настанд жилд хоёр удаа 80 мянган төгрөг, 80-89 насныханд жилд хоёр удаа 150 мянган төгрөг, 90 ба түүнээс дээш өндөр настнуудад жилд хоёр удаа 250 мянган төгрөг олгохоор ярилцаж байна" гэсэн юм. Насны хишиг-ийн насыг УИХ-аар баталсан.

Хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлэхээр болов

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаас иргэдийн амьдралд нэн хэрэгтэй нэгэн шийдвэр нь Хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлэхийг зөвшөөрсөн явдал байв. Тодруулбал, нэгдсэн чуулганы хуралдаанаар 2017 оны төсвийг хэлэлцсэн юм. Ингэхдээ Хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлэхийг дэмжиж, 5.8 тэрбум төгрөг төсөвлөсөн Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэв. Улмаар гишүүд байр сууриа илэрхийлэн, Хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлэхийг дэмжин баталсан юм. Ингэснээр одоогийн байгаа төсөвт нь 5.8 тэрбум төгрөг нэмж төсөвлөн Хүүхэд харах үйлчилгээг үргэлжлүүлэхээр болов. Ингээд МАН-ын бүлэг болон байнгын хорооны зүгээс дэмжигдээд байсан уг хөтөлбөр УИХ дээр ч гэсэн мөн адил дэмжигдлээ.

Жилийн жилд цэцэрлэг, сургуулийн хүрэлцээ муугаас болж 10 мянга гаруй хүүхэд гэртээ "цоожтой" хаалганы цаана үлддэг юм. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын ирээдүй болсон 10 мянга гаруй бяцхан үрс сургуулийн өмнөх насны хамгийн чухал боловсрол болох цэцэрлэгийн боловсролыг хүртэж чадалгүй үлддэг гэсэн үг юм. Улмаар тухайн хүүхдүүдийг сургуульд ороход нь цэцэрлэгээр хүмүүжээгүй хэмээн шалтаглаж хүндрэл үүсгэх тохиолдол ч элбэг.

Энэ хөтөлбөрийг үргэлжлүүлснээр 688 хүүхэд харах төвд 10 мянга гаруй хүүхэд хамрагдаж, 1024 тогтмол ажлын байр бий болох боломжтой юм.

А.Гансүхийн зөвлөх Ж.Бямбацогтыг баривчилжээ

Зам тээврийн сайд асан А.Гансүхийн зөвлөх Ж.Бямбацогт болон тус яаманд хэлтсийн даргаар ажиллаж байсан хүмүүсийг саатуулжээ.

Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Б.Батзаяа нарын хүмүүсийг өнгөрсөн жилээс эхлэн шинэ төмөр зам төслийн хэргээр шалгаж байгаа билээ. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар тус яаманд ажиллаж байсан зарим албан тушаалтныг хуулийнхан баривчилсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ