Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт сануулга өгөв үү

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2014 оны арваннэгдүгээр сарын 5-нд УИХ-ын чуулганаар Шинэчлэлийн Засгийн газрыг огцруулсан. УИХ-д гэхээсээ илүү АН-ын дотор өрнөсөн сөргөлдөөн түүгээр эхэлсэн бөгөөд өнөөг хүртэл үргэлжилж буйг гэрчлэх үйл явдал “Чингис” хаан олон улсын нисэх буудалд боллоо.

Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулсан өдрөөс яг хоёр жилийн дараа буюу энэ сарын 5-нд түүний гэргий Э.Сэлэнгэ Германыг зорихоор Москва, Берлиний чиглэлийн онгоцонд суусан байна. Гэвч хөөрөхөд бэлэн болсон онгоцыг хууль, хяналтынхан саатуулсан талаар эх сурвалж мэдээлэв.

Учир нь Э.Сэлэнгэд прокурорын байгууллагаас хилийн хориг тавьсан байжээ. Өнгөрсөн хугацаанд Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ойр тойрныхныг хууль хяналтын байгууллагаас шалгасан байдаг. Улмаар Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг улс төрийн мэдэгдэл хийхдээ нэр бүхий эрхмийн нэрийг дурдаж, эсэргүүцлээ илэрхийлсэн удаатай. Магадгүй, өөрийнх нь тэргүүлсэн Засгийн газрыг огцруулсан энэ өдөр эхнэрийг нь саатуулсан нь түүнд өгч байгаа өөр нэг сануулга байж мэдэх юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ