“Залуучуудын хөгжил” сэдвээр эрдэм шинжилгээний бага хурал болж байна

Өнөөдөр “Залуучуудын хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурал Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яаманд болж байна. ХНХЯ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлаг болон олон улсын байгууллагууд хамтран зохион байгуулж буй арга хэмжээг нээж ХНХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, “Шинэ Засгийн газар байгуулагдсанаар манай яам залуучуудын асуудалд ихээхэн анхаарал хандуулж ажиллаж байна. Ер нь асуудлыг залуучуудын оролцоо, үзэл бодолд тулгуурлан шийдвэрлэж байх байр сууринаас асуудалд хандаж байгаа. Түүний нэг илэрхийлэл нь өнөөдрийн бага хурал юм. Монгол Улсад сая гаруй залуус байгаа нь хөдөлмөрийн насны иргэдийн 50 гаруй хувь мөртлөө хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн 50 хувьд хүрч байна уу гэдэг нь эргэлзээтэй. Өр зээл ихтэй улс орнуудад нэг нийтлэг зүйл байгаа нь “lost generation” буюу алдагдсан үеийнхэн гэдэг ойлголт гарсан. Тухайн улсууд өр зээлээ дийлэхээ болиод ирэхээр хэмнэлтийн горимд шилждэг, улмаар ажилчдын цомхотголыг залуучуудаас эхлэх хандлага бий болдог. Гэтэл залуу хүн ажил эрхлэхгүй 10 жил орчим болоход хувь хүний амьдралд маш хүндээр тусдаг гэх дүгнэлтүүд бий. Тэгэхээр өнөөдрийн хурлаар залуучуудын олон талт асуудалд гарц шийдэл хөндөж ярина гэж найдаж байгаа. Та бүхний саналыг Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төсөлд тусгах зэргээр хамтарч ажиллана аа” гэсэн юм.

Эрдэм шинжилгээний бага хурал нь үндсэн 6 сэдвээр зохион байгуулагдаж байгаа. Залуучуудын хүний эрх, залуучуудын эрүүл мэнд, залуучуудын боловсрол, залуучуудын орон сууц, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, залуучуудын оролцоо сэдвийн хүрээнд илтгэгчид судалгаагаа хийжээ. Илтгэгчдийн бүтээлд үнэлгээ өгөх шүүгчээр МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор профессор С.Болд-Эрдэнэ, доктор профессор М.Зулькафил, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн мэргэжилтэн доктор Отгонжаргал, ХНХ-ын Судалгааны институтын эрдэм шинжилгээний ажилтан Гансүх, МЗХ-ны залуусын хөгжлийн “Полиси” төвийн тэргүүн н.Эрдэнэгэрэл нар ажиллаж байна.

Хуралд 70 гаруй илтгэгч эрдэм шинжилгээний бүтээлээ ирүүлснээс шалгарсан судалгаануудын илтгэл яг одоо явагдаж буй юм. Тухайлбал, “Залуусын дундах хүчирхийллээс хүний эрхийн зөрчил үүсч байгаа нь нийгмийн асуудал болох нь” сэдвээр Ш.Гэгээн-Оргил, “Орон нутаг дахь өсвөр насныхны мансууруулах бодисын хэрэглээний асуудал” сэдвээр Б.Отгонцэцэг, З.Цэнгэлмаа нар, “Мэргэжил сонголт залуусын боловсролын түвшинд нөлөөлөх нь “ сэдвээр Э.Цогзолмаа, “Харааны бэрхшээлтэй залуучуудын боловсролд тулгамдаж буй асуудлууд” сэдвээр Ч.Даариймаа, “Залуучууд анхдагч хэрэгцээгээ хангах нөхцөл боломж хийгээд хууль тогтоомжид тусгагдсан байдал” сэдвээр Б.Мөнхзаяа, “Орон нутаг дахь залуучуудын хөдөлмөр эрхлэлт ба эрүүл мэндийн асуудал” сэдвээр Б.Отгонцэцэг, Б.Цэндхорлоо, Г.Нямдаваа нар, “Дээд боловсролтой залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдлыг судалсан нь” сэдвээр Б.Хулан, Д.Анхбаяр, С.Гансүх нар, “Яслийн үйл ажиллагаа залуу эмэгтэйчүүдийн ажил эрхлэлтэнд сөргөөр нөлөөлж буй тухай болон яслийн шаардлага” сэдвээр Г.Анударь, Э.Ариунзул нар, “Хүн ам зүйн өөрчлөлт ба хөдөлмөр эрхлэлт” сэдвээр С.Дашзэвэг, Б.Наранжаргал нар, “Залуучуудын улс өтрийн соёлын төлөвшил” сэдвээр А.Хишигдаваа, “Залуучуудын улс төрийн оролцоо, оролцооны тухай онолын судалгааны ажил” сэдвээр М.Хулан тус тус оюутан залуус, багш судлаач, мэргэжилтнүүд судалгаагаа танилцуулна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ