Ардчилсан намыг шинэчлэх уриалгад Дундговийнхон нэгдлээ

Aрдчилсан нам цөөн хэдэн хүний эрх ашигт үйлчилдэг болж, фракц бүлэглэлийн зөрчилдөөний улмаас хүчгүйдэж байна гэж Хөвсгөл аймгийн Ардчилсан намынхан үзэж байгаа. Тиймээс “Ардчилсан намаа ардчилсан зарчмаар шинэчилье” гэсэн уриалга гаргасан билээ. Уриалгадаа Ардчилсан намын үйл хэрэг хэдэн дарга нарын үзэмжээр бус, дүрэм журмаар зохицуулагддаг байх, ҮЗХ-г татан буулгах зэрэг санаачлагыг дэвшүүлжээ. Тэдний гаргасан уриалгыг бусад аймаг, дүүргийн намын хороод дэмжиж, хамтарч ажиллахаа илэрхийлсээр байгаа. Харин энэ удаа Дундговь аймгийн Ардчилсан намынхан дэмжихээ илэрхийллээ. Тэд энэ тухайгаа албан бичгээр мэдэгдсэн байна. Албан бичигт“Ардчилсан намын жирийн гишүүд бид намаа шинэчлэх үйлсэд сэтгэлийн хөдлөл, хоосон цэцэрхлээр бус оюун санаагаа дайчлан эв эеийг сахиж ардчиллын үнэт зүйлст тулгуурлан шинээр сэтгэж, зүтгэх цаг ирлээ. Ардчилсан намыг шинэчлэх үйл явц эгэл жирийн мянга мянган гишүүд бид бүгдийн чинхүү сэтгэл зүтгэлээр хийгдэх нь дамжиггүй. Тиймээс хамтдаа зүтгэхийг Дундговь аймгийн Ардчилсан намаас уриалж байна. Бидний зам амар хялбар биш байж болох ч бид чадна гэдэгт эргэлзэхгүй байна” гэжээ.

М.Мөрөн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ