“Залуучуудын хөгжил” эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өндөрлөлөө

“Залуучуудын хөгжил” сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өнөөдөр амжилттай зохион байгууллаа. Уг бага хурлыг ХНХЯ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүн амын сан, Швейцарийн хөгжлийн агентлаг болон бусад олон улсын байгууллагууд хамтран зохион байгуулсан юм.

Үндсэн зургаан сэдвээр зохион байгуулагдсан эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагаа өнөөдөр өглөө 09.30 цагт эхэлсэн бөгөөд үдээс хойш хүртэл үргэлжил дүнгээ гаргалаа. Залуучуудын хүний эрх, залуучуудын эрүүл мэнд, залуучуудын боловсрол, залуучуудын орон сууц, залуучуудын хөдөлмөр эрхлэлт, залуучуудын оролцоо сэдвийн хүрээнд илтгэгчид судалгаагаа хийж, өөрсдийн судалгааны бүтээлээ ашиглан шүүгчдийн өмнө болон бусад оролцогчдынхоо өмнө илтгэл тавьсан юм.

Илтгэгчдийн бүтээлд үнэлгээ өгөх шүүгчээр МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, доктор профессор С.Болд-Эрдэнэ, доктор профессор М.Зулькафил, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн мэргэжилтэн доктор н.Отгонжаргал, ХНХ-ын Судалгааны институтын эрдэм шинжилгээний ажилтан н.Гансүх, МЗХ-ны залуусын хөгжлийн “Полиси” төвийн тэргүүн н.Эрдэнэгэрэл нар ажиллалаа.

Хуралд 70 гаруй илтгэгч эрдэм шинжилгээний бүтээлээ ирүүлснээс өнөөдрийн эрдэм шинжилгээний хуралд нийт 10 гаруй судалгаануудын бүтээлүүдийн илтгэл тавигдсан юм.

Үүнээс шүүгчдийн саналаар Хүн ам зүйн өөрчлөлт ба хөдөлмөр эрхлэлт” сэдвээр илтгэл тавьсан С.Дашзэвэг тэргүүн байр эзэлсэн бол хоёрдугаар байрын эзнээр “Харааны бэрхшээлтэй залуучуудын боловсролд тулгамдаж буй асуудлууд” сэдвээр илтгэл тавьсан Ч.Даариймаа, гуравдугаар байрын эзнээр “Орон нутаг дахь залуучуудын хөдөлмөр эрхлэлт ба эрүүл мэндийн асуудал” сэдвээр илтгэл тавьсан Б.Отгонцэцэг нар шалгарлаа.

Харин тусгай байрын шагналыг “Дээд боловсролтой залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн өнөөгийн байдлыг судалсан нь” сэдвээр илтгэл тавьсан Б.Хулан, “Залуучуудын улс төрийн оролцоо, оролцооны тухай онолын судалгааны ажил” сэдвээр илтгэл тавьсан М.Хулан нар эзэлсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ