Уурхайн гүнд нурангид дарагдсан 3 иргэнийг аварчээ


Налайх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нүүрсний уурхайн гүнд нурангид дарагдаж, амь эрсдэх аюулаас гурван иргэнийг Уул уурхайн аврах ангийн алба хаагчид аварчээ. Ослын дуудлага сарын 07-ны өдрийн 09 цаг 43 минутанд тус ангийн 7023105 дугаарын утсанд ирсэн байна. Тодруулбал, "Гуравдугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 57 дугаар уклоны газар хувиараа нүүрс олборлож байсан иргэн Э-н уурхайн амны тунель тасарч 3 хүн дарагдчихлаа" гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу дэслэгч Г.Цэрэндэндэв даргатай I бүлгийн аврах бүлэг нь ослын газарт 10 цаг 02 минутад хайгуул хийхэд уурхайн 20 метрийн гүнд нуралт үүсч хоёр бэхэлгээний нуруу тасарч, нурлын цаана гурван иргэн дарагдсан байдалтай байсан аж. Ингээд Аврах тусгай салбарын дарга, ахлах дэслэгч Н.Бямбасүрэнгээр удирдуулан дэслэгч Г.Цэрэндэндэв даргатай I бүлэг, дэслэгч Д.Баяржаргал даргатай IV бүлэг шуурхай арга хэмжээ авч ажиллан, уурхайн нурлыг сэтэлж трубагаар агааржуулалт хийн бэхэлгээ тавьжээ. Аврагчид 15 метр/куб нурсан шороог 20 метрийн гүнээс дээш ковшоор зөөвөрлөж, 3 цаг 30 минутын турш ажиллан нурангид дарагдсан иргэн Э, /38 настай эр/ Б /37 настай эр/ иргэн Б, /32 настай эр/ нарыг эсэн мэнд авран эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, эмнэлгийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Ослын дуудлагаар нийт хоёр бүлгийн 20 албан хаагч, 4 автомашин, аврах ажиллагааны тоног төхөөрөмжийн тусламжтай аврах ажиллагааг явуулжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ