“Стэнд бай” хөтөлбөрийн талаар хэн юу хэлэв

Манай улс ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах эсэхийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг томилолтоос ирсэний дараа ярилцаж шийдэхээр болсон. Тус сангийн техникийн багийнхан манай улсад долоо хоног ажиллаад буцсан юм. Тэгвэл “Стэнд бай” хөтөлбөрийн талаар зарим гишүүдийн байр суурийг хүргэж байна.
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа
-Миний хувьд Олон улсын валютын санд хамрагдах ёстой гэдэг хатуу байр сууриндаа хэвээр байгаа. Яг үнэндээ бид дээрх зээлд хамрагдах асуудалд хугацаа алдаж байгаа. Өнгөрсөн парламентын үед эдийн засаг хүндэрлээ гэхэд хамрагдаад явсан бол өнөөдөр нөхцөл байдал ийм дээрээ тулахгүй байсан.
УИХ-ын гишүүн Б.Жавхлан
-Хятадын зээл, “Стэнд бай” хөтөлбөрийн алинд нь орох вэ гэж асууж байна. Энэ хоёр зээлийн хувьд агуулгын хувьд өөр байгаа. “Стэнд бай” хөтөлбөрийн хувьд бодлогын үзэлтэй, богино хугацаатай. Бусад арилжааны зээлүүд бол урт хугацаатай байдаг. Миний бодлоор эхний 1-2 жилдээ “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдаад төсвийн сахилга бат, дэгтэй болж аваад дараа нь урт хугацаатай арилжааны шинжтэй зээлд хамрагдах нөхцөлөө сайжруулаад явах нь зөв. Одоо ОУВС бусад орнуудтай хөнгөлөлттэй зээл олгох асуудлаар хэлэлцээрүүд хийж байна. Иймээс хэлэлцээр амжилттай болоосой гэсэн хүлээлттэй байна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр
-Монгол Улс “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах нь зөв гэдэгтэй санал нэг байгаа. Хугацааны хувьд 36 сар гэдэг ч ихэвчлэн 12-24 сарын хугацаанд төлөгдөхөөр заасан байдаг. “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр богино хугацаанд зээл авч байгаа улс орнууд ОУВС-тай тодорхой хүрээнд тохиролцсон асуудлаараа “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулдаг. Энэхүү шаардлагуудыг хөтөлбөр хэрэгжих хугацаанд тухайн улс орон хэрэгжүүлэх ёстой. Тухайлбал төлбөрийн балансын тэнцлийг хангах, ДНБ-нд эзлэх төсвийн алдагдлыг бууруулах, нийгмийн халамжийг танах, мөнгөний хатуу бодлого хэрэгжүүлэх, зээлийн хүү нэмэх гэхчилэн асуудлууд багтдаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ