Эрчүүдийг үргүйдэлд хүргэдэг энгийн шалтгаанууд
Үргүйдэл нь зөвхөн эмэгтэйчүүдийн асуудал байхаа больжээ. Өмнө нь эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээсээ илүү ген дамжуулах чадвартай байжээ. Харин сүүлийн 50 жилд эр бэлгийн эсийн тоо тавь дахин буурсан гэсэн судалгаа гарчээ. Төмсөг нь өдөрт 100 сая эр бэлгийн эс боловсруулах чадвартай байдаг бөгөөд 20 сая эр бэлгийн эс жирэмслүүлэх боломжтой байдаг гэнэ.
Сүүлийн үед эрчүүдэд тохиолдох болсон үргүйдэлд маш олон шалтгаан байдаг бөгөөд эдгээрээс сэргийлэх арга замуудыг хүргэж байна.
- Биологийн цагаа тохируулах
Эрчүүдэд ч бас биологийн цаг байдаг. Эмэгтэйчүүд 35 наснаас дээш жирэмслэх магадлал буурч эхэлдэг бол эрчүүдийнх нь 40 наснаас хойш үр тогтоох чадвар нь буурдаг байна. Судалгаагаар 40-өөс дээш насны эрчүүдийн эр бэлгийн эсэнд өөрчлөлт ордог бөгөөд ийм эр бэлгийн эсийн хүүхдүүд дауны хам шинж, шизофрени болон Аутизм спектр эмгэг зэрэг генетикийн холбоотой өвчлөлд өртөх магадлал өндөр байдаг аж.Тиймээс 35 наснаас өмнө гэр бүлийн амьдралаа төлөвлөж, үр удмаа үлдээхэд анхаараарай.
- Хэт бариу дотуур өмд бүү өмс
2012 онд Шеффилдийн их сургууль болон Манчестерийн их сургууль хамтран 2500 эрэгтэй хүнийг хамруулсан судалгааны дүнгээр хэт бариу дотуур өмд нь эр бэлгийн эсэд сөрөг нөлөөтэй болохыг тогтоожээ. Төмсөг нь 35 хэмийн дулаанд агаарын солилцоо сайтай орчинд хэвийн үйл ажиллагаа явуулдаг. Хэт бариу дотуур хувцас нь агаарын солилцоог хязгаарлахаас гадна төмсөгний гадаргад хэт ойрхон байснаар хөдөлгөөнийг хязгаарлаж, халууцуулдаг байна.
Тиймээс сул чөлөөтэй загвартай, цэвэр даавуун материалтай дотуур өмд сонгож байх хэрэгтэй аж. Танд бариу дотуур хувцаснаас үүдэж ямар нэгэн асуудал үүсээд байсан бол дээрх зөвлөгөөг 3 сар дагахад хэвийн байдалдаа орох болно.
- Дааврын эмчилгээг үргүйдүүлдэг.
Түрүү булчирхайн хорт хавдар тусч эмчилгээ хийлгэж эдгэсэн байлаа ч үр тогтоох чадвар нь 70 хувь буурдаг байна. Учир нь хорт хавдрын эмчилгээ нь үрийн шингэний чанарыг эрс муутгадаг байна. Тиймээс та хүүхэдтэй болж амжаагүй үедээ энэ төрлийн эмчилгээ хийлгэхээс өмнө үрийн шингэнээ хадгалуулах боломжтой гэж эмч мэргэжилтнүүд зөвлөдөг аж.
- Чихрийн шижингээс сэргийлээрэй
Чихрийн шижин өвчин нь эрчүүдийн бэлгийн чадавхийг маш ихээр бууруулж улмаар үргүйдэлд хүргэдэг байна. Тиймээс танд бэлгийн сулралын шинж тэмдэг анзаарагдвал эмчид заавал үзүүлж шалтгааныг нь тогтоолгож байх хэрэгтэй . Чихрийн шижин өвчин нь амьдарлын буруу хэвшил, зохисгүй хооллолттой холбоотой учир дасгал хөдөлгөөн хийж , эрүүл хүнс хэрэглэж байгаарай.
- Эмийн нөлөө
Эрчүүдийн үр тогтоох чадварт эмийн нөлөө шууд болон шууд бусаар нөлөөлөх тохиолдол их байдаг. Эритромицин зэрэг антибиотикын төрлийн эмнүүд нь төмсөгний эд эсэд хортой гэнэ. Тиймээс заавал эмчийн зөвлөгөөгөөр эмээ сонгон хэрэглэж байх ёстой .
- Үрийн сувгийн бөглөрөл
Энэ нь үргүйдлийн механик саатал юм. Эрчүүд спортоор хичээллэж байхдаа төмсөг болон цавиндаа гэмтэл авснаас болж үүсдэг хүндрэл юм. Мөн хламиди, заг хүйтэн зэрэг өвчин үрийн сувагт бөглөрөл үүсгэдэг байна. Тиймээс спортоор хичээллэж байхдаа цавьны хамгаалалт өмсч хэвших, бэлгийн замын халдвараас сэргийлэх, туссан байж магадгүй гэж бодож байгаа бол яаралтай эмнэлэгт хандаарай.
- Хэт их дасгал хөдөлгөөн их сөрөг нөлөөтэй
Эрүүл амьдрахын тулд дасгал хөдөлгөөн зайлшгүй хэрэгтэй ч хэтрүүлэх нь үрийн шингэний чадварт муугаар нөлөөлдөг байна. Хэт их дасгал хийсний улмаас цусан хангамж түргэсдэг. Ялангуяа дугуй унах, морь унах зэрэг нь аюултай гэнэ. Дасгал хөдөлгөөний улмаас бэлэг эрхтэнд ирсэн цусан хангамжийг дарснаар судасны хананд шохойжилт үүсдэг байна. Тиймээс дугайн суудал, болон эмээлээ зөөлөн материалаар хийх, дасгалын цагыг зөв зохицуулах хэрэгтэй юм.
- Стресс
Хүүхэдтэй болохгүй байх хамгийн энгийн шалтгаан бол бэлгийн харилцаанд орохгүй байх шүү дээ. Урт хугацааны стресс нь бэлгийн дур хүслийг маш ихээр бууруулдаг байна. Стрессийн улмаас кортизол хэмээх даавар ялгардаг бөгөөд энэ нь эр бэлгийн эсэд муугаар нөлөөлдөг байна. Тиймээс стрессээс өөрийгөө хамгаалах ёстой бөгөөд хүүхэдтэй болохгүй байгаа асуудлаа ч нэг их битгий бод. Энэ нь эргээд таныг стресст оруулан сөргөөр нөлөөлөх тохиолдол цөөнгүй байдаг гэнэ.
- Архины хэт хэрэглээ
Архи бол эр бэлгийн эсийн жинхэнэ алуурчин аж. Архины хэт их хэрэглээ нь эр бэлгийн эсийн тоог бууруулж, хэлбэрт нь өөрчлөлт оруулж, үр тогтоох үйл ажиллагааны үр дүнг бууруулдаг. Тиймээс хүүхэдтэй болохоор төлөвлөж байгаа бол гурван сарын өмнөөс архи огт хэрэглэхгүй байгаарай.
- Цагаан хоололт
Эрдэмтэд санамсаргүйгээр цагаан хоолтон эрэгтэйн үрийн шингэн боловсруулалтанд сөрөг нөлөөтэй болохыг тогтоожээ. Цагаан хоолтон гэр бүлийн хосууд дээр судалгаа явуулахад цагаан хоол нь эр эм бэлгийн эсүүдэд урвуу хамааралтайгаар нөлөөлдөг болох нь тогтоогдсон байна. Тиймээс цагаан хоолтон байлаа ч хамгийн их уургын агууламж сайтайг нь сонгож байгаарай.
- Гар утсаа өмднийхөө халаасанд бүү хий
Та гар утсаа өмднийхээ халаасанд хийж явдаг үргүйдлийн шалтгаан болох магадлалтай гэнэ. Гар утаснаас ялгарах цахилгаан соронзон долгион нь эр бэлгийн эсийн ДНК-д өөрчлөлт оруулдагаас гадна чадавхыг сулруулдаг байна. Тиймээс та гар утсаа өмднийхөө халаасанд бус цүнх болон бусад зориулалтын газар хийж хэвшээрэй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ