Жагаа шиг Трамп уу, Трамп шиг Жагаа юуюу

Дэлхий даяар анхаарал тавин хүлээж байсан томоохон асуудал өчигдөр эцэслэгдэж, АНУ-ын сонгуульд Дональд Трамп сонгогчдын 48,06 хувийн санал, сонгогчдын коллегийн 277 саналаар ялалтын болзлыг хангаж, тус улсын 45 дахь ерөнхийлөгчөөр сонгогдсон билээ. Ийнхүү найман жил төр барьсан АН нь БНН-д байраа тавьж өгөхөөр болов.Уг нь Америкийн судлаачдын дунд Хиллари Клинтоны ялах магадлал 65-66 хувь, Доналд Трампынх 34-35 хувь гэсэн таамаглал зонхилж байсан юм. Доналд Трампын хувьд сонгуулийн өмнөх кампанит ажлын үеэр олон асуудал, сөрөг байдлуудтай тулгарч байсан нь ийм таамаглалд хүргэж байсан биз. Түүний эрс шийдэмгий, шулуухан хэлэх мэдэгдлүүд нь үүнтэй холбоотой гэж болно. Яг тийм байр байдал, үзэл бодол нь манай хэн нэгнийг санагдуулаагүй гэж үү?
Тэдэнд ижил, төстэй зүйл нэгээр тогтохгүй харагддаг. Тухайлбал, нэр нэгтийн чих нэг гэдэг шиг тэд Бүгд Найрамдахчуудын буюу БНН-ын дарга. Сануулахад, БНН-ын дарга Б.Жаргалсайхан ч бас Ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан.
1989 оны эхээр АНУ-ын эдийн засагт хямрал нүүрлэж, үл хөдлөх хөрөнгийн үнэ унаж байхад Трамп л ганцаараа зэх зээлийн хуулийг сөрж, үнээ нэмж байсан гэдэг. Тэвчээртэй хүлээсний эцэст үл хөдлөх хөрөнгийн үнэ тэнгэрт хадаж, Трамп хэмээх шинэ, хүчтэй брэнд бий болсон түүхтэй. Түүний хувьд 1962 онд оюутан байхаасаа эхлэн үл хөдлөх хөрөнгө зарж эхэлсэн бөгөөд 25 настайдаа буюу 1971 онд анхны ашиг болох нэг сая ам.доллароо олж байжээ.
Тэгвэл Б.Жаргалсайханы "Буян" компанийн vндэс суурь 1987 онд тавигдаж байв. Тэрээр “Буян” хэмээх нэртэй нөхөрлөл байгуулж оёдол, худалдаа эрхлэн бизнесийн гараагаа "албан ёсоор" эхэлсэн. Мөн л 30 хүрээгүй залуу саятан болж, түүнийг монголын анхны саятан гэж ч тодорхойлох болсон.
Тэд одоо хоёул тэрбумтан бизнесмэнүүд. Ялангуяа тэд зан байдлын хувьд тун ойролцоо. Хатуу үгтэй, шулуухан шүүмжлэлтэй, болохгүй, чадахгүйгээ ил тод илчилчихдэг, түүнээсээ болж элдэв шүүмжлэл, асуудалд ордог. Хамгийн их төсөөтэй нь тэдний эрс шулуухан мэдэгдлүүд. Тэр нь зарим сонгогчдыг нүүр буруулахад хүргэх гэмтэй. Мэдэгдлүүдийг нь нуршин оруулахыг илүүц гэж үзлээ. Та бүхэн цаг тухай бүрт нь мэдээлэл авч, үнэлэлт дүгнэлтээ хэдийнэ өгсөн нь мэдээж.
Д.Трамп бол Нью-Йорк хотын уугуул иргэн. Тэрээр 1987 оноос эхлэн Бүгд Найрамдах намд зүтгэж байгаа юм. Буянгийн Жагаа нийслэлийн уугуул. Трампыг намд элсэж байх үед компанийнхаа суурийг тавьж, улмаар америкийн эдийн засаг хямарсан 1989 онд монголд ардчилсан хөдөлгөөн өрнөж, ГАЗ-24 суудлын тэрэгтэй Жагаа хувьсгалчдын "танкчин" нь байжээ. Ардчиллын анхны 13-ын үйл хэрэгт тухайн үед санхүүгийн хувьд хэнээс ч хараат байхаа больчихсон 30 настай эрийн тусламж чухал байсан гэдэг.
Эцэст нь, Трампын намын үзэл баримтлал тийм ч сайн сайхан биш гэж хэлэх хүн цөөнгүй байдаг. Харин Монголын БНН-ын үзэл баримтлалд хүн дургүйлэх зүйл л лав үгүй юм билээ. Тэгэхээр Б.Жаргалсайханы нам онцгойлох зүйл үгүй, нийтлэг үзлийг баримтлаад байна уу гэдгээ ухан харахад гэмгүй ч юм шиг.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн эргүүлгээс бидэнд сургамж болох зүйл олон байсан нь лавтай. Гэнэтийн үйл явдлаар ч дүүрэн болж өнгөрлөө. Гагцхүү Трампын сонгуулийн кампанит ажил хийгээд сонгуулийн ид өрнөл хэрхэн явагдсаныг зарим нэг хүмүүс тусган авч туршлагаа болгох буй за.
Д.Билгүүн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ