Хүүхдүүд 5 тэрбумтайгаа үлдлээ

2.4 их наядын алдагдалтай төсөв батлагдлаа.
Товч тоон хэлээр бол 2017 оны төсвийн жилд төвлөрүүлэх төсвийн тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 4,378,889.9 сая төгрөгөөр, улсын төсвөөс 2017 оны төсвийн жилд зарцуулах төсвийн зарлагын /тэнцвэржүүлсэн орлогод нийцүүлсэн/ хэмжээг 6,759,169.6 сая төгрөгөөр тус тус батлав.
Хэрүүл мэтгэлцээн багатай, сахилга баттай хэлэлцэн баталсан 2017 оны төсвийн бусдаас ялгарах нэг онцлог бол ам.долларыг тухайн өдрийн ханшаар бодон тооцсон явдал байв. Үүгээр харах юм бол өчигдөр ам.долларын төгрөгтэй тэнцэх ханш Монголбанкны харьцаагаар бол 2520 төгрөг байлаа.
Хүүхэд харах үйлчилгээг түр зогсоохоор шийдсэн байсан төр энэ байр сууринаасаа татгалзаж төсөвт 5 тэрбум төгрөг суулгалаа. Мөн насны хишиг хүртэх насны босгыг намсгаж 65 наснаас эхлүүллээ. Энэ мөнгө мөн төсөвт суусан гэж байна.
Өндөр настан тэтгэврийн настайчуудаа хямралын золионд туг тахилгүй авч үлдсэнийг гишүүн бүр онцлон цохон тэмдэглэж байна. Дээрх хүүхэд хөгшдийн талаарх хоёр нэмэлтээс бусад байдлаар төсөв Засгийн газрын боловсруулан оруулж ирснээр батлагджээ.
Гэхдээ урьдын адил орлогын талаа хөөсрүүлэн “найдсан” байдлаар ханддаг зангаа энэ төсөв дээр тавьсангүй. “Стэнд бай” хөтөлбөрийг хэрэгжүүлж, гадаадаас бага хүүтэй, урт хугацаатай зээл авч, дотооддоо стратегийн ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулж, экспортоо нэмэгдүүлнэ гэж тооцсон нь бодит байдал дээр хэр буухыг ёстой төсөөлөх төдий л байна. Стэнбай- д өгөх мөнгийг ч авна. Хятадаас өгөх 4 тэрбумыг ч авна л гэж буй бололтой.
Ирэх жилийн төсөвт өөрсдөөсөө эхлүүлсэн хэмнэлт хийх зорилгодоо хэр хүрсэн бэ гэвэл тийм хангаллтай бус. Гадаад томилолт зугаалгын зардал танагдаагүй гэж болохоор.
МАН-ын сонгуульд олон санал авч баруун зүүнээрээ өгөх шахуу амлаж байсан цалин тэтгэвэр нэмэх тухай бол “уучлаарай“ болсон бололтой. Энэ талаар хэлэлцүүлгийн явцад гишүүд ч бараг дуугарсангүй. Дахин засгийн газраа байдалд оруулахаа больё гэж хатуу ярьж хайрцагласан бололтой.
Хувьчлалаас 120 тэрбумыг төсөвт төвлөрүүлнэ гэж тооцсон.
Гэвч цаана нь жилдээ 60 тэрбум оруулж байх газрууд хавчуулагдаад нэг удаагийн үнээр бөөнөөрөө хувьд гараад байх нь тийм сайн зүйл биш гэдгийг Монголоо боддог цөөнгүй түшээд хэлж байсан ч хувьчлалын давалгаа ирэх жил эхлээд төлөвлөснөөр нь дуусах нь тодорхой боллоо.
Зээлийн төлбөр нь 6.6 их наядаар хэмжигдсэн, 2.5 их наядын алдагдалтай төсөвт гэртээ ганцаараа хүүхдүүд хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах боломжоо 50 хувь хадгалж таван тэрбум төгрөг нь төсөвт үлдлээ. Энэ нь гайхуулаад рекламдаад байх зүйл биш гэдгийг улс төрчдөд хэлмээр. Офшорт байгаа тэрбумтнуудын мөнгөний нэг хувь хүрэхгүй мөнгө шүү дээ. Цаана нь хүүхдийн 20 мянгаараа олон айл өрхүүд тасарсан бүстэйгээ эрх баригчдыг эдийн засгаа сэргээхийг дахин гурван жил хүлээхээр болчихоод байгаа.
Б.ИХЭР
СЭТГЭГДЭЛ БИЧИХ