Б.Туул: Сургуулийн хашаанд барилга барих зөвшөөрөл огт харуулаагүй

-БАРИЛГА БАРИХ ГЭЭД 2-3 МЕТРИЙН ГҮН БАЙШИНГИЙН
СУУРИЙН НҮХ УХЧИХСАН БАЙСАН-

Энэ долоо хоногийн даваа гариг буюу 11 дүгээр сарын 7-ны өдөр Нийслэлийн засаг дарга С.Батболд сургуулийн цэцэрлэгийн хашаанд барилга бариулахгүй, тус бүсэд барилга барих зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжүүдийн гэрчилгээнд судалгаа хийнэ хэмээн мэдэгдсэн. Тус мэдэгдлээс хойш хоёр хоногийн дараа улсдаа ганцхан байдаг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай сургууль болох Сүхбаатар дүүргийн 29-р дунд сургуулийн хашаанд барилга барихаар хашаа татаж, барилгын ажил эхлүүлсэн байна. Иймд багш ажилчид, сурагчдын эцэг эхчүүд сургуулийн хашаанд барилга барихыг эсэргүүцэн шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Энэ талаар тус сургуулийн Түүх, нийгмийнтанхимын заах аргач багш Б.Туултай ярилцлаа.

-Сургуулийн хашаанд барилга барих асуудал анх хэзээнээс яригдаж эхэлсэн юм бэ?

-Манай сургууль улсдаа ганцхан байдаг "Сонсголгүй, хэл ярианы бэрхшээлтэй хүүхдүүд" суралцдаг сургууль. Гэтэл сургуулийн эзэмшлийн хашаанд Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн барилга барих нэрийдлээр барилгын ажил эхлүүлсэн. Анх манай сургуулийн захирал багш Б.Батсайхан 2005 онд сургуулийн хашаанд барилга барих зөвшөөрөл өгсөн байдаг. Энэ зөвшөөрлийг өгснөөс бүтэн жилийн хугацаанд төрийн байгууллагуудаар дамжиж явсаар төрийн үйлчилгээний төвийн барилга баригдахаар болсон гэсэн. Барилгын зөвшөөрөл өгснөөс хойш манай сургуулийн багш ажилчдын хэн нь ч энэ тухай мэдээгүй байсан.

-Барилгын ажлыг ямар үндэслэлээр эсэргүүцэж байгаа юм бэ?

-Хэрэв сургуулийн хашаанд төрийн үйлчилгээний байгууллага баригдвал барилгын ажил явагдахаас эхлээд ашиглалтад орж, олны хөлд дарагдана. Эндээс хүүхдийн эрх зөрчигдөж эхэлнэ шүү дээ. Яагаад гэхээр, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд онцгой асрамж анхаарал хэрэгтэй байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцах орчин нь нэг хүүхдэд ногдох талбайн хэмжээ нь энгийн хүүхдүүдээс нэг дахин илүү байдаг. Тиймээс хүүхдүүдийн биеийн байдлыг дэмжих байдлаар хангах хэрэгтэй гэж үзэж байна. Хууль зөрчсөн барилгын асуудал ганцхан Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29-р сургуулийн хүүхдүүд биш, урд талд байгаа Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116-р сургуулийн сурагчид, мөн дотуур байранд байдаг орон нутгаас ирж суралцаж байгаа хүүхдүүдийн эрх ашигт халдаж байгаа хэрэг.

-Барилгын компанийнхан барилга барих зөвшөөрлийг та бүхэнд үзүүлсэн үү?

-Барилга эхлэх болон дуусах ямар нэг зөвшөөрөл харуулсан зүйл байхгүй. Зөвшөөрөл байгаа гэсэн хэдий ч бидэнд үзүүлж харуулсан зүйл одоогоор алга байна.

-Өнөөдрийн байдлаар барилгын ажил зогссон байна. Албан ёсны ямар нэг шийдвэр гарсан уу?

-Одоогоор барилгын ажил түр зогссон байгаа. Багш ажилчид ээлжлэн жижүүрлэж байна. Барилгын компанийнхан сурагчид улирлын амралттай, багш нар сургалт семинарт явсан хойгуур ирсэн. Гурав дахь өдрийн оройны есөн цагт бүр харанхуй болчихсон байхад барилга барина гэж ирээд хашаа хатгачихсан. Тэр өдөр нь манай сургуулийн багш ажилчид тэднийг эсэргүүцээд дийлээгүй. Харин маргаашаас нь 29-р сургуулийн үе үеийн төгсөгчид бидэнтэй дуу хоолойгоо нэгтгэснээр барилгын ажлыг хүчээр шахуу зогсоогоод байна.

-Барилгын хашааг мөн нураасан байна?

-Тийм ээ. Хашаа хатгаад, барилга барих гээд 2-3 метрийн гүн байшингийн суурины нүх ухчихсан байсныг өчигдөр манай төгсөгчид нийлж тэгшлээд хашааг нь нураасан.

-Хамгийн анх барилга барих зөвшөөрөл өгсөн захирал багш ямар зориулалтаар барилга барихгэж байгаа талаар мэдэж байсан болов уу? Энэ талаарзахирал тань та бүхэнд ямар нэг тайлбар хийсэн үү?

-Эргэлзээтэй тайлбар хийж байгаа. Анх зөвшөөрөл өгөхдөө халамжийн байгууллагатай хамтарч сурагчийн дотуур байрны барилга барих гэж байсан гэх зүйл ярьсан. Сүүлд 2010 оны үед талбайн хойд хэсэгт багш ажилчдын орон сууц барих тухай яригдаж байсан гэсэн. Гэхдээ ямар нэг барилгын зөвшөөрөл өгсөн гэдгийг бидний хэн ч мэдээгүй байсан. Энэ талаар өөрөөс нь лавлавал ямар нэг тайлбар өгөх байх. Бидний таамаглаж байгаагаар цаанаасаа хэн нэг албан тушаалтны нөлөөнд ч орсныг үгүйсгэхгүй. Хамгийн чухал нь төр нь хамгийн ихээр анхаарах ёстой нийгмийн нэг бүлгийн ганцхан байгаа зүйлийг хулгайлж байгаад харамсаж байна.

-Цаашид та бүхэн ямар арга хэмжээ авахаар төлөвлөж байна вэ?

-Бид ямартай ч сургуулийн хашаанд төрийн үйлчилгээний байгууллага бариулахгүй. Би өөрөө энэ сургуулийн төгсөгч. Сонсголын бэрхшээлтэй. Миний амьдралын бүх зүйл энэ сургуулиас эхлэлтэй. Тиймээс би сургуулийнхаа төлөө ажиллана. Төрж өссөн сургуульдаа ямар нэг байдлаар хар толбо үлдээхийг хүсэхгүй байна. Надтай адилхан сонсголын бэрхшээлтэй 11 багш тэмцэж байна. Багш нар болон сурагчдын эцэг эх, үе үеийн төгсөгчид маань хамтраад өчигдөр /11-р сарын 11/ Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байгаа. Тиймээс сургуулийн хашаанд барилга барих шийдвэрийг эргэн харах байх гэж найдаж байна.

-Өнөөдрийн байдлаар сургуульд хэдэн хүүхэд суралцаж байна вэ?

-Нийтдээ 300 гаруй сонсголын бэрхшээлтэй хүүхэд манай сургуульд сурдаг.

-Сургуулийн талбайг ямар зориулалтаар ашигладаг юм бэ?

-Дулааны улиралд хүүхдүүдийг чийрэгжүүлэх биеийн тамирын хичээл, спорт уралдаан тэмцээн зохиох зэргээр ашигладаг. Мөн сургуулийн дотуур байранд хөдөө орон нутгаас ирж суралцаж байгаа 160 гаруй хүүхэд амьдардаг. Энэ хүүхдүүд маань хичээлээс гадуур чөлөөт цагаараа хүлэмжинд ногоо тарьдаг. Хавар ногоогоо тарьж, намар хураах гэх мэт хүүхдүүдийг амьдрах арга ухаанд суралцуулах үйл ажиллагаа явагддаг. Гэтэл барилгын ажил эхлүүлж бидний хүлэмжийг мөн нураачихсан байдалтай байна.

Харин тус сургуулийн хашаанд барилга барих зөвшөөрлийг хэзээ өгсөн талаар Нийслэлийн НЕТГ-ын дарга, Улаанбаатар хотын ерөнхий архитектор Д.Анараас тодруулбал “Сүхбаатар дүүргийн 29-р сургуулийн хашаанд барилга барих шийдвэрийг өнгөрөгч 2015 онд Сүхбаатар дүүргийн тамгын газраас өгсөн. Дээрх хүсэлтийн дагуу барилгын зөвшөөрөл манай дээрээс батлагдаад явсан байгаа. Энэхүү шийдвэрийг холбогдох хүмүүс нь эргэж харах байх” гэх тайлбар өгсөн юм.

Б.ЦОГ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ