Нийт нутгийн 30 гаруй хувьд нь өвөлжилт хүндрэхээр байна

Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс ган зуншлага, цас зудтай холбоотой газрын ажиглалтын болон хиймэл дагуулын олон төрлийн мэдээг гаргадаг бөгөөд эдгээрийг нэгтгэн боловсруулж, зудын эрсдэлийн зураг мэдээг гаргажээ.
Зудын эрсдэлийн зургийг боловсруулахдаа өнгөрсөн зуны ган, зуншлага, бэлчээрийн даац, бэлчээрийн ургац, малын тоо, агаарын температур, хур тунадасны хазайц, энэ жилийн цасны бүрхэц, зузаан, нягт болон агаарын температур, хур тунадасны урьдчилсан мэдээ зэрэг олон төрлийн мэдээллийг ашигласан байна.
ЗУДЫН ЭРСДЭЛИЙН ЗУРАГ
2016 оны 11 дүгээр сарын 10-ны байдлаар
11 дүгээр сарын 10-ны байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд цасан бүрхүүл тогтсоноос Завхан, Хөвсгөл, Төв, Хэнтий, Сүхбаатарын ихэнх, Архангай, Өвөрхангай, Булган, Дундговь, Дорноговийн зарим, Баян-Өлгий, Ховд, Өмнөговийн ганц нэг сумдын нутгаар 0-10 см, нягт нь 0,02-0,21 г/см3, Баян-Өлгийн Сагсай, Увсын Сагил, Түргэн, Зүүнхангай, Баруунтуруун, Завханы Баянтэс, Баянхайрхан, Сонгино, Түдэвтэй, Хөвсгөлийн Цагаан-Уул, Цагааннуур, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган, Булганы Тэшиг, Сэлэнгэ, Бугат, Хангал, Орхоны Эрдэнэт, Жаргалант, Сэлэнгийн Түшиг, Орхонтуул, Орхон, Баянгол, Хэнтийн Өмнөдэлгэр, Биндэр, Баян-Адарга, Батноров, Норовлин, ДорнодынЧойбалсан, Баян-Уул, Баяндун, Дашбалбар, Цагаан-Овоо, Хөлөнбуйр, Сэргэлэн, Баянтүмэн сумдад 11-20 см, нягт нь 0,10-0,30 г/см3, Увсын Наранбулаг, Малчин, Цагаанхайрхан, Зүүнхангай, Хөвсгөлийн Ренчинлхүмбэ, Улаан-Уул, Хатгал, Сэлэнгийн Хушаат, Зүүнбүрэн, Ерөө, Хүдэр, Цагааннуур, Дархан-Уулын Шарынгол, Дархан, Хэнтийн Дадалд 21-40 см зузаан, 0,12-0,28 г/см3 нягт цастай байна.
Зудын эрсдэлийн зургаас үзвэл нутгийн 30 гаруй хувьд нь цаашид өвөлжилт хүндрэх эрсдэл ихтэй гарлаа. Үүнээс Увс, Дорнод, Хэнтий, Төв, Дархан-Уул, Сэлэнгийн ихэнх, Завханы хойд, Хөвсгөлийн баруун, Булганы зүүн өмнөд хэсгээр хамгийн их эрсдэлтэй, Баян-Өлгий, Ховд, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын зарим нутгаар мөн эрсдэл ихтэй гарчээ.
Хүйтний улирлын цаг агаарын урьдчилсан төлвөөр эрсдэл ихтэй байгаа газар нутгуудад буюу нутгийн баруун хойд, хойд, төв болон зүүн зүгийн ихэнх нутгаар цас олон жилийн дунджаас ахиу орохоор, агаарын температур дунджаас хүйтэн байхаар байгаа нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж, өвөлжилтөнд таагүй нөлөөлөхөөр байгаа юм.
Цаашид эрсдэл ихтэй байгаа газар нутгийн өвс тэжээлийн хүрэлцээ, хангалтыг сайтар тооцоолох, өвс тэжээл нийлүүлэх, зөөвөрлөх, хуваарилах, хүртээх, отор нүүдэл хийх зэрэг ажлыг эртнээс зохион байгуулах арга хэмжээг одооноос авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ