Хүйтний эрч Сибирээр дамжин айсуй

“Жийп машин биш, пүүз гутал биш, асаагуур гал биш” гэсэн үгийг эмгэнэлт явдлын дараа хүн бүр мэдэх болсон. Хэлснээ хэрэгжүүлдэггүй нь бидний бас нэг дутагдал. Ийм явдал бүү давтагдаасай. Учир нь энэ өвөл харьцангуй хүйтрэх төлөвтэй байгаа. Энэ талаар дэлхий даяар анхааруулж байна.

Манай улсад цаг агаарын хүндрэлтэй нөхцөл байдлын улмаас автозам, даваа цасанд хаагдах, хальтиргаа гулгаа үүсэх, үзэгдэх орчин хязгаарлагдах зэрэг хүндрэл гарсан тул Улаанбаатар хотоос гарах бүх чиглэлийн хот хоорондын болон олон улсын автозамын хөдөлгөөнийг энэ сарын 13-ны өдрийн 13:00 цагаас 14-ний өдрийн 10:00 цаг хүртэл хугацаагаар хязгаарласан. Гэтэл энэ хугацаанд автомашинтайгаа цасанд суусан цөөнгүй тохиолдол гарлаа. 70 гаруй иргэний амь насыг онцгой байдлын алба хаагчид авран хамгаалсан тухай өчигдөр бид мэдээлсэн билээ.

Ус цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшиний мэдээлж буйгаар энэ сарын 16-наас хойд туйлын хүйтэн агаар Сибирийн хойд хэсгээс Монголын баруун хойд хэсэг рүү орж ирснээр Сибирийн их даралтын орон хүчтэй эрчимжин, 17-25-ныг хүртэлх хугацаанд манай орны нутаг дээр байрлах юм байна. Энэ нь сүүлийн 10 гаруй жилд 11 дүгээр сард ажиглагдаагүй онцгой хүйтрэлт болох төлөвтэй аж.

Тиймээс энэ сарын 16-нд баруун аймгуудын нутгаар, 17-18-нд ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурч, зам даваа хаагдах аюултай тул хээр, хөдөө аль болох зорчихгүй байхыг анхааруулж байгаа юм. Мөн энэ сарын 17-нд нутгийн хойд хэсэг цаашдаа нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, шөнөдөө Увс нуур, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгороор 42-47 хэм хүйтэн, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 30-40 хэм хүрч хүйтрэн малын бэлчээрлэлт, авто болон төмөр замын тээвэр, эрчим хүч, дулааны хангамжид хүндрэл учруулах цаг агаарын онцгой нөхцөл бүрдэж байгааг албаныхан хэлж байна.

Энэ жил ойрын 100 жилд тохиогоогүй хүйтэн өвөл болох тухай дэлхий дахинаа ч мэдээлж байгаа юм. Тухайлбал, Германы цаг уурч Доминик Юнг 2017 оны 1-2 дугаар сард маш хүйтэн байхыг онцлоод урт өвөл болно гэжээ. Хятадын цаг уурчид 2017 оны өвлийг 2012 оноос хойш тус улсад тохиолдох хамгийн хүйтэн өвөл болно гэж таамаглаж байгаа юм. Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслээр ирэх өвөл нэлээд хүйтэн байна хэмээн анхааруулжээ. ОХУ-­ын цаг уурын газрын дарга “Баруун Европын нутагт ирэх оны нэг, хоёрдугаар сард ойрын 100 жилд болоогүй хүйтрэл болно” гэж мэдэгдсэн. Манай цаг уурчдын мэдээгээр мөн харьцангуй хүйтэн өвөл болж, өвөл нэг сараар урт болно гэж байгаа. Эдгээр мэдээллээс үзэхэд Ла ниньягийн үзэгдэл хаа сайгүй нэлээд ажиглагдах бололтой.

Эль Ниньо ба Ла Нинья нь Номхон далайн эквадорын хэсэгт ажиглагддаг байгалийн эсрэг, тэсрэг vзэгдэл. Эль Ниньо нь дэлхийг дулаацуулдаг бол Ла Нинья нь нь эсрэгээрээ улам хөргөдөг. Тэгвэл Ла ниньягийн нөлөөллөөр хүйтний эрч тархаж, Монголд Сибирээр дамжин ирнэ гэж цаг уурчид онцолж байна. "Ла нинья" үзэгдэл нь далайн гадаргуу дахь усны температур халуун бүс орчмын Номхон далайн гадаргуугийн уснаас 0.5-аар бүлээн болох хэвийн бус үзэгдлийг хэлдэг бөгөөд энэ үзэгдэл зуны турш ажиглагдаж, намар, өвөл үргэлжлэх магадлал нь 75 хувь байгаа аж.

Ийнхүү бичин жилийн өвөл зудтай, зутруу болж магадгүй байна. Анхааруулга, сэрэмжлүүлгийг цаг тухай бүрт нь өгдөг ч иргэд замд гарч эрүүл мэнд, эд хөрөнгөө эрсдэлд оруулах явдал гарсаар байгааг эхэнд дурдсан жишээнээс харж болно. Өнөө өглөө гэхэд Цэнгэл нууранд таван тонны багтаамжтай шатахуун тээвэрлэх зориулалттай автомашин осолдсон тухай Онцгой байдлын газарт дуудлага ирснийг Улсын онцгой комиссын хуралдааны үеэр мэдээлэв. Урьдчилсан дүгнэлтээр нуурын гүн дөрвөн метр, машины хамар хэсэг цухуйсан байдалтай байсан аж. Машин нуурын усанд унах үедээ шатахуун тээвэрлэж яваагүй юм байна. Хэдий цас, шуургатай байгаа ч гол, нуур бүрэн хөлдөөгүй байгаа энэ үед жолооч нарыг болгоомжтой зорчихыг анхааруулж байна. Цаг агаарын хүндрэлтэй үед улсын чанартай авто зам, даваан дээр ажиллах шуурхай ажлын хэсгийг энэ сарын 1-нээс 19 цэгт гарган ажиллуулж буй бөгөөд ирэх сарын 1-нээс 28 цэгт ажиллах ажээ.

Их хүйтэн болох энэ өвлийг бүх нийтээр хохирол, хорогдол, элдэв осол, эрсдэл багатайгаар мэнд давахын тулд холбогдох албанаас өгч буй заавар, зөвлөмж, сэрэмжлүүлгийг цаг тухайд нь биелүүлэх нь иргэн бүрийн үүрэг гэж ухамсарлавал зохино.

ЗАЖИГАЛКЫГ ГАЛД БҮҮ ТООЦООРОЙ, ЖИЙПИЙГ МАШИНД БҮҮ ТООЦООРОЙ гэж Сүхбаатар аймагт анд явсан дөрвөн залуу хээр осгож нас барахдаа бичсэн байдаг.

М.Хатанаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ