Гадаадад Монголын 56 иргэн нас барж, 169 иргэн ял эдэлж байна

Хилийн чанадад түр болон удаан хугацаагаар ажиллаж, амьдарч буй иргэд, мөн хувийн болон албан хэргээр зорчсон монгол иргэд гэмт хэрэг, зөрчилд холбогдох, аваар осолд өртөх, эд хөрөнгө, эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал гарсаар байна. Энэ талаар ГХЯ-ны Консулын газраас мэдээлэл өглөө.

Тухайлбал, энэ оны эхний 11-р сарын 11-ний өдрийн байдлаар хилийн чанадад 56 иргэн нас барсан харамсалтай тохиолдол бүртгэгджээ. Тиймээс тэдгээрийн төрөл төрөгсдөд мэдэгдэх, тэдэнд тухайн улсын виз авахад туслах, шарил, чандрыг эх оронд нь авчруулах арга замын талаар зөвлөгөө мэдээлэл өгч, бүх талаар тусалж дэмжиж байгаа аж. 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс 11 дүгээр сарын 11-ний байдлаар хилийн чанадад манай улсын 294 иргэн гэмт хэрэгт холбогдож, 15 улсад нийт 169 Монгол иргэн ял эдэлж байна. Өмнө оны 11 сарын байдлаар хилийн чанадад 193 хүн гэмт хэрэгт холбогдон 13 улсад 107 монгол иргэн ял эдэлж байжээ.

Швейцарь, Австри, Канад, ХБНГУ, Япон, БНЧУ, ИБУИНВУ-д ял эдэлж байгаа иргэдэд холбогдох хэргийн талаар тухайн улсын хуулиар хувь хүний мэдээллийг өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр өгөхгүй гэсэн үндэслэлээр ЭСЯ-дад тодорхой мэдээлэл өгдөггүй гэнэ.

Харин Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын 45 иргэн гэмт хэрэгт холбогдон шалгагдсаны дотор БНХАУ-ын 23 иргэн, БНСУ-ын 5, ОХУ-ын 6, АНУ-ын 5, Япон, Вьетнам, Унгар, ХБНГУ, Израйль, Нигери улсын тус бүр 1 иргэн байна.

Түүнчлэн өнөөдрийн байдлаар гадаадын 11 иргэн баривчлах, цагдан хорих байранд хоригдож байгаа бол 7 улсын 22 иргэн ял эдэлж байна.

2015 оны арваннэгдүгээр сарын байдлаар хилийн чанадад 107 монгол иргэн ял эдэлж байна. Элгээр иргэд 13 улсад ял эдэлж байгаа аж. Харин 193 хүн хилийн чанадад гэмт хэрэгт холбогдон саатуулагджээ.

Ю.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ